Kimochi : “Хоосон чанар”-ын онол шинжлэх ухааны аргазүй болох нь

“Хоосон чанар”-ын онол

шинжлэх ухааны аргазүй болох нь

МЭӨ 960-935 оны үед Израиль, Иудейг хаанчилж байсан Соломон хааны “хоосон чанар”-ын үзэл сургаал нь их өвөрмөц юм. Тэрээр Иерусалим дахь Яхве сүмийг бариулснаараа түүхэнд алдартай. Тэрээр “хоосон чанар”-ын тухай үзлээ:

Бүгд хоосон, хоосны хоосон болой”. Наран доор ажиллагч хүмүүний бүх хөдөлмөрийн үр ашиг нь юу вэ? Нэг үеийнхэн явж, нөгөө үеийнхэн ирсээр байвч дэлхий ертөнц л үүрд оршин үлддэг. Түүнчлэн нар мандсаар, жаргасаар, хаанаас манддаг тэр л газар уруугаа яарсаар байх ажээ. Салхи өмнө зүгт үлээж, тэгснээ хойд зүг уруу эргэж, улмаар өөрийн тойргоороо дахин давтан эргэлдэх ажгуу. Бүх гол далайд цутгавч далай нь дүүрдэггүй. Дахин буцаж урсахын тулд хаанаас эхэлсэн тэр газартаа голууд буцаж урссаар байдаг. Хүн үүнийг хэлэхийн аргагүй бүх зүйлс залхмаар юм. Нүд харснаараа ханасангүй, чих сонссоноороо дүүрсэнгүй. Юу байсан, тэр нь байх болно. Юу хийгдэж байсан, тэр мөн л хийгдэх болно. Иймээс наран доор шинэ юм юу ч алга. Хэн нэг нь ямар нэг юмыг “Үүнийг хараач, энэ шинэ зүйл байна”гэж магад. Тэр нь хэдийнээ биднээс өмнө байсан зүйл юм. Өнийн юмс дурсагдахгүй, хожим болох юмс ч ирэх үеийнхний санаанд үл үлдмой” хэмээн тайлбарласан байна.

Соломон хааны дээрх үзэл сургаалд дурдагдаж байгаа “хоосон чанар”-ыг эртний Энэтхэгийн гүн ухаанч, буддын философийн үндсэн 4 үзлийн нэг болох дундад буюу төв үзлийг үндэслэгч Нагаржунай /113он/ тайлбарласан байдаг.

Аливаа юмсын үндэс, “үнэн байгч” чанарыг тэмдэглэхийн тулд Нагаржунай sunyata=хоосон чанар гэдэг категорыг хэрэглэсэн юм. Энэ нь тус сургаалын гол ойлголт бөгөөд Нагаржунай ертөнцийн бүх юмс, үзэгдлийг хоосон чанартай гэж үзээд, ингэхдээ туйлаас байхгүй гээгүй, харин харьцангуй оршин байна гэжээ. Иймд хоосон чанарын сургаал нь нэг талаар мөнхөд баримтлах үзэл, нөгөө талаар үгүйсгэх үзэл аль алиныг няцаасан төв үзэл юм.

Нагаржунай “Мадхъямакакарика” шашдиртаа “Хэн бээр шүтэн барилдаж болсон, түрдэх үгүй, төрөх үгүй, тасархай үгүй, мөнх үгүй, ирэхүй үгүй, одохуй үгүй, ангид утгат бус, нэгэн утгат бус” гэж онцлон тодорхойлжээ. Юмс хоосон чанартай гэдэг нь юм байхгүй хоосон гэсэн үг биш, харин юмс бие даан эгнэгт оршихыг үгүйсгэсэн, юмсыг хоорондын шүтэн барилдлага, харьцангуй чанарт нь авч үзнэ гэсэн үг. Ийнхүү эртний бусад философичдын нэгэн адилаар Нагаржунай оршин буй бүхний үндсийг олохын тулд юмс үзэгдлийг логик сэтгэхүйн хүчээр задлан шинжилсээр яваад “хоосон чанар” гэдэг бүхний эх үндэс болсон зүйлд хүрчээ. Адилтгаваас, Платон эйдос /дүрс, санаа/, Гегель “туйлын санаа”-нд, Маркс “матери”-т хүрч, түүнийгээ бүхний үндэс болсон анхдагч хэмээн үзэж байсантай адил юм.

Соломон хаан, Нагаржунай нараас гадна өрнө, дорнын олон философич хоосон чанарын талаар судалж тайлбарласан байдаг. Тухайлбал:

· Гераклит: Бид нэг л голын усанд ороод байгаа хэрнээ яг тэр усандаа ороогүй байдаг. Оршин байгаагийнхаа зэрэгцээ оршоогүй байдаг. (НТӨ 535-475 он)

· Гераклит: Гал үхэх аваас агаар төрөх болой. Агаар үхэх гэдэг нь ус төрөх болой. Энэчлэн шороо үхэхэд ус төрж, ус үхэхэд агаар төрдөг. Агаарын үхлээс гал амилдаг.

· Эпихарм: Нэгдлээ, бутарлаа. Хаанаас ирсэн, тэр зүгрүүгээ ахиад л явлаа. Шороо газартаа шингэж, амьсгал тэнгэрт ууслаа. Үүнд жигтэй хачин ч юм уу, аймшигтай зүйл юу байна? юу ч алга. (НТӨ 530-440 он)

· Демокрит: Ор байхгүй юмнаас ямар нэгэн үүсэл бий болохгүй, оршин байгаа юмнаас шинэ зүйл төрөн гарах боломжгүй. Тэгэхээр аливаа зүйл үүсч бий болно гэдэг нь урьд нэгэнт байсан юмнаас л хуваагдан тасрах үйл явц өрнөж буй хэрэг.

(НТӨ 460-360 он)

· А.Камю: 20-р зууны Францын философич Альбер Камю 1942 онд “Сизифийн домог” хэмээх бүтээлдээ амьдралын мөн чанарын талаар хөнджээ. Уг домогт ой ухаан, арга залиараа ертөнцөд хосгүй Сизиф баатар гардаг. Нэг удаа бүхний эзэн Зевс, гол мөрний тэнгэр Асопын охин Эгинаг хулгайлан авч нуужээ. Эрэлд хатсан Асоп учирсан зовлонгоо Сизифт ярьсанд Сизиф өөрийн байгуулсан Коринф хотынхонд ус өгөх юм бол охины чинь байгаа газрыг хэлж өгье хэмээн ам алдаж гэнэ. Асоп ч тэр даруй Коринф хотынхныг цэнгэг устай болгожээ. Хариуд нь Сизиф охиныг нь хэн хулгайлсан хийгээд хаана нуусныг нь нэгд нэггүй хэлж өгчээ. Энэ явдалд уурссан Зевс Сизифийг авчруулахаар үхлийн тэнгэр Танатосыг илгээх авч үүнийг урьдчилан мэдсэн Сизиф Танаосыг гинжлэн гүн нүхэнд хаячихжээ. Нэг хэсэг хүн үхэхээ больж, үхэгсдийн хойноос бурханд өргөдөг хойлгын өргөл барьц ч үгүй болсон төдийгүй Зевсийн тогтоосон хууль дүрэм ч мөрдөгдөхөө болив. Хилэнд автсан аянгын хүчит Зевс Танатосыг суллуулахаар дайны тэнгэр Арссыг явуулж суллуулсанд өшөө хорслоо авахыг хүссэн Танатос Сизифийг даруй барьж үхлийн орны хаан Аидад тушаажээ. Амьд сэрүүн байхдаа Сизиф “Намайг үхэхээр ёс иөр болгон оршуулж, бурханд хойлгын өргөл барьц өргөхийн хэрэггүй шүү. Шууд л хотын төв талбайд хаячихаарай” гэж эхнэртээ захисан байсан юмсанж. Эхнэр нь ч түүний гэрээслэлийг ёсоор болгожээ. Үхлийн орны хаан Аида, Персефон хоёр Сизифийн хойлгын өргөлийг удтал хүлээн суух үед Сизиф Аида хаанд дөхөн очиж:

- Үхэгсдийн сүнсний эзэн аугаа их Аида хаантан болгоон соёрхож, намайг ертөнцрүү буцааж хайрла. Би буцаж очоод хойлгын өргөл барьц өргөдөггүй эхнэрээ залхаан цээрлүүлж та бүхэнд арвин их өргөл барьц өгүүлчихээд буцаад хүрээд ирье” хэмээсэнд Аида хаан итгэн түүнийг ертөнцөд буцаажээ. Сизиф болзсон өдрөө үхлийн оронд буцаж очоогүйгээр үл барам сануулж дуудаад ч ирсэнгүй. Харин ч амласнаа таг мартан баян тансаг ордондоо наргиж, зугаа цэнгэл хөөн одсонд уурссан тэнгэрүүд Сизифийг авчруулахаар эрлэгийн элч Гермесийг илгээсэнд Гермес яах ийхийн зуургүй Сизифийг авчрав. Ингээд Сизиф удаа дараа бурхадыг мэхэлсэн хийгээд урьд үйлдсэн гэмийнхээ төлөө шийтгүүлэх болжээ. Сизиф урьд нэг удаа замд явж байсан аянчидруу довтолж, тэднийг том чулуугаар дарж алсан учраас асар том хадыг уулын бэлээс уулын орой дээр өнхөрүүлж гаргах ял хүртжээ. Хэрээс хэтэрсэн тэр том хадыг бэлээс арай ядан түлхсээрэгц цавчим уулын орой дээр гаргахын даваан дээр мөнөөх хад нь гэнэт түүний гараас мултран уруугаа өнхөрсөөр уулын бэлд очдог аж. Сизиф мөнөөх том хадаа дахиад л өөд нь түлхэн өнхрүүлсээр уулын оройд гаргахын алдад өнөөх нь эсрэг талын бэлрүү өнхөрчихдөг байжээ. Дахиад л бэлрүү бууна. Дахиад л өөд нь өнхрүүлнэ. Дахиад л... дахиад л ... гэхчилэн эцэс төгсгөлгүй хөдөлмөрлөх болжээ” хэмээн уг домогт өгүүлдэг. Амьдрал үүнтэй яг адилхан гэж А.Камю үзжээ. А.Камюгийн ойлголтоор “Ертөнц ойлгогдошгүй”, “амьдрал утга учиргүй” бөгөөд “Утга учиргүй бол ертөнцийн тухай бидэнд өгсөн цорын ганц өгөгдөхүүн” хэмээн тайлбарлажээ.

· Ноён хутагт Д. Равжаа “Этгээд бүрийг заагч” шүлэгтээ:

Үрэл гэгч бөөрөнхий

Үйл гэгч хэмжээгүй

Үхэл гэгч магадгүй

Үнэндээ хоосон чанар буй – хэмээн орчлонгийн бодитой бүхэн хоосон

болохыг өгүүлжээ.

“Ертөнц авгайн жам оршив” бүтээлдээ:

Хоосон гэгч ертөнц

Ертөнц гэгч хоосон – хэмээн ертөнц буюу бодит бүхэн хоосон, хоосон бүхэн бодит болохыг өгүүлжээ.

“Ашдын мөр” шүлэгтээ:

Эцэстээ хоосон чанараас биш бүхнийг

Худал хэмээн таниарай! – гэж хоосноос бүтээгүй бүхэн худал болохыг тодорхой харуулжээ.

“Тунгалаг уужим огторгуй” шүлэгтээ:

Тунгалаг уужим огторгуй

Тод наран чанартай

Хоосон чанарын агаар нь

Хотол үзэгдлийн чимэгтэй – гэж хоосон чанар нь орчлон ертөнцийг бүхэлд нь үүсгэн бүтээсэн түгээмэл гайхамшигт чанар болохыг магтан дуулжээ.

“Зүйл зүйлийн үзэгдэл” шүлэгтээ:

Ургах тонилох хоёргүй

Хоосон чанар гайхамшиг – хэмээн өгүүлснээр хоосон чанар нь үүсэх, мөхөх хоёргүй мөнх чанар болохыг өгүүлжээ.

Ийнхүү “Хоосон чанар”-ын үзэл нь өрнө, дорнын философийн гол судлагдахуун болдог төдийгүй шинжлэх ухаантай холбогддог. Тухайлбал, физикийн шинжлэх ухаанд:

Нагаржунайн “хоосон чанар”-ын найман үгүйсгэлд түрдэх-төрөх, мөнх-тасрах гэм мэтчилэн аливаа юмсыг эсрэг тэсрэг талаас нь авч үзсэн байдаг бол энэ бүтэц гэрлийн бөөмийн бүтэц дээр мөн яригддаг гэж ойлгож болно.

Физикийн шинжлэх ухааны квант онолд аливаа эгэл бөөмс нь бөөмлөг болон долгиолог бүтэцтэй гэж үздэг. Бөөмлөг гэдэг нь материаллаг буюу биет бүтэц, долгиолог гэдэг нь долгион буюу биет бус /хоосон/ бүтэц. Иймд матери дотоод гүндээ бодит ба хоосон гэсэн хосолмол бүтэцтэй байдаг гэсэн үг.

Нөгөө талаар, синергетикийн үүднээс бидний бодит гэж нэрлэж буй биет зүйлс нь энергийн нягтарсан хэлбэр, хоосон гэж нэрлэж буй биет зүйлс нь энергийн нягтраагүй хэлбэр юм.

Өөрөөр хэлбэл, орчлон ертөнц бүхэлдээ энергээс бүтдэх бөгөөд бодит, хоосон хоёр нь дан дангаар бус хосолмол байдлаар оршдог. Гэхдээ зүгээр нэг хослохгүй, энерги хадгалагдах хуулиар энергийн нягтарсан болон нягтраагүй хэлбэрийн хооронд шилжих байдлаар хосолж оршдог. Үүнийг квант физикт “тодорхойгүйн зарчим” гэдэг.

Физикийн шинжлэх ухаантай “хоосон чанар” нь ийнхүү холбогдохын зэрэгцээ хэл шинжлэлийн ухаанд ч мөн холбогддог. Монгол хэл шинжлэлд “хоосон чанар”-ын онолыг анх оруулсан эрдэмтэн бол академич Ш.Лувсанвандан юм. Ш.Лувсанвандан монгол хэлний үзэгдлийн мөн чанарыг зөвхөн хэл шинжлэлийн хүрээнд төдийгүй ертөнцийн юм үзэгдлийн оршин тогтнох мөн чанарын хүрээнд үзсэн юм.

Тэрээр хэлний үзэгдлийн мөн чанарын талаар мэдэх нь гүн ухааны асуудалтай нягт холбоотой гэж үзэж байсан бөгөөд монгол хэлийг судлахдаа Нагаржунайн найман үгүйсгэлийг /түрдэх үгүй, төрөх үгүй, тасархай үгүй, мөнх үгүй, ирэхүй үгүй, одохуй үгүй, ангид утгат бус, нэгэн утгат бус/ шалгуур болгожээ. Тэрээр хэлийг: “Олон давхарласан систем буюу системийн систем”, “Хэл бол эвдрэх бүтэх хоёр, салах нийлэх хоёр, эсрэг тэсрэг талын нэгдэл юм”, “Хэл нь чанар, тоо, орон, цагийн дөрвөн харьцаанд байдаг.

Түрдэх үгүй, төрөх үгүй / чанарын харьцаа/
Мөнх үгүй, тасархай үгүй / цагийн харьцаа/
Ирэхүй үгүй, одохуй үгүй / орны харьцаа /
Ангид утгат бус, нэгэн утгат бус / тооны харьцаа/

гэж тодорхойлсон байдаг бөгөөд уг тодорхойлолтод түүний хэл шинжлэл- философи үзэл гүн шингэжээ.

Ш.Лувсанвандан 1950-аад оноос Нагаржунайн филосифийг судалж, өнгө дүр, бэлгэ чанар зэрэг уламжлалт гүн ухааны хэллэгийг ном зохиолдоо хэрэглэх болжээ. Тэрээр 1963 оноос монгол хэлний судлалд дундад үзлийн гол томъёоллыг тусгах асуудлыг боловсруулж судалгаануудаа хэвлүүлэх болжээ. Энэ үед буддын философийн дундад үзлийг эсэргүүцэж: “Буддын гүн ухааны хөгжил уруудах чиглэлтэй явж ирсэн”, “Нагаржунайн гүн ухаан нь баруун европынх юм” гэсэн үзэл онол гарах болжээ.

Ш.Лувсанвандан хэлний үзэгдлийг ертөнцийн юм, үзэгдлийн мөн чанартай мөн чанарын хувьд адил гэж үзээд, Нагаржунайн гүнзгийрүүлэн боловсруулсан харьцангуй ёсны зүрх болсон 8 үгүйсгэлийг /түрдэх үгүй, төрөх үгүй, мөнх үгүй, тасархай үгүй, ирэхүй үгүй, одохуй үгүй, ангид утгат бус, нэгэн утгат бус/ хэрэглэж тайлбарлавал фонем, авиа төдийгүй морфем, үг, үгэлбэр, хэл, түүгээр зогсохгүй байгал нийгмийн бүх юм үзэгдлийг ойлгон тайлбарлаж болно гэж үзээд энэ үзлийнхээ үүднээс тухайн үеийн хэл шинжлэлийн, жич монгол хэл шинжлэлийн маргаантай асуудлуудад хандсан. Ийнхүү монгол хэл шинжлэлийн асуудлыг “хоосон чанар”-ын үүднээс авч үзэхдээ фонем буюу авиалбар дээр голчлон тайлбарлажээ. Жишээ нь:

“Хэлний утга бүхий нэгж болох үг, бүтээврийг бүтээх ба ялгах үүрэгтэй хэлний хамгийн бага нэгжийг фонема буюу авиалбар гэнэ.

Фонемуудын хоорондын хаьцаанд гарч ирсэн янз бүрийн хувирал нь нэг фонемыг олон хувилбартай болгодог. Фонемын хувилбар бол фонемын илрэх арга юм. Фонемын хувилбараас ангид фонем гэж байхгүй. Фонемуудын хоорондын харилцаа нь гадаад орчин нь болдог бол нэг фонемын олон хувилбарын хоорондох харьцаа ньуг фонемын дотоод орчин болдог.

Фонем өөрийн дотоод орчин буюу хувилбаруудынхаа нэгдлийн хувьд ерөнхий, хийсвэр, бүхэл зүйл болдог бол гадаад орчин буюу бусад фонемтой нь хамт авч үзвэл тусгай, бодтой, хэсэг зүйл болно. Энэ мэтээр фонем, фонемын хувилбар аль аль нь дотроо нарийн бүтэцтэй зүйл юм.

Фонемын хувилбар нь авианыхаа хэлбэрээр, мөн байрлалаараа бие биеэ үгүйсгэвч хэлний дохионы тэмдгийн үүрэг гүйцэтгэхдээ бие биеэ нөхөж дохионы нэг тэмдгийн үүрэг гүйцэтгэдэг.

Ш.Лувсанвандан бол төв үзлийн гол цөм болсон хоосон чанар хэмээх ойлголтын утгыг логик загварчлалын аргаар тайлах анхны алхамыг хийж, монголын хэл шинжлэлийг “хоосон чанар”-ын онолын үүднээс тайлбарласан эрдэмтэн юм.

Дүгнэлт

“Хоосон чанар”-ын онол нь эртнээс өрнө, дорнын филосифичдын анхаарлыг татсаар ирсэн чухал асуудлын нэг төдийгүй философийн гол судлагдахуун нь юм. “хоосон чанар”-ын онол нь зөвхөн гүн ухааны асуудлаар хязгаарлагдахгүй, цаашлаад физик, биологи, шашин, сэтгэл судлал, байгал, нийгмийн ухаан зэрэг шинжлэх ухааны олон салбарт хэрэглэгдсээр иржээ. Гэхдээ тухайн шинжлэх ухааны онцлогоос хамааран өөр өөр өнцгөөс тайлбарлагдсан байдаг. Тухайлбал, физикийн шинжлэх ухаанд “хоосон чанар”-ыг гэрлийн бөөмлөг болон долгиолог бүтэцтэй холбон тайлбарладаг бол академич Ш.Лувсанвандан монголын хэл шинжлэлийн ухаанд “хоосон чанар”-ыг фонем, авиа, морфем, үг, үгэлбэртэй холбон тайлбарлажээ.

Үүнээс үзвэл, “хоосон чанар”-ын онол нь шинжлэх ухааны судалгааны гол аргазүй мөн гэсэн дүгнэлтэд хүрч байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)