Kimochi : Ганхмал цамхаг

Ганхмал цамхаг

"Ганхан унаж байгаа ч хэзээ ч газар ойчихгүй." гэж италийн оюутнуудын олон үе дуулан баяссаар ирсэн билээ. Пиза хот дахь Гайхамшгийн талбай дахь алдарт цамхаг найман зуу гаруй жил ганхаж байгаа ч хажуулдан унахгүй өнөөг хүрчээ. Хотын оршин суугчид энэ цамхагийг "удтал хараа булаасан гайхамшиг" гэж бахадна.

Гайхамшгийн талбай дахь уран барилгын цогцолбор нь одоо Доумо (италиар "сум" гэсэн утгыг илэрхийлнэ), Баптистерий ("Загалмайлах ёслолын байшин"), Кампанилла ("Хонхны байр"), Кампо-Санто хэмээх битүү оршуулгын газар гэсэн дөрвөн барилгаас бүрдэнэ. ХП зууны сүүлч-ХШ зууны эхээр Палестиний Голгофа уулнаас хөрс шороо зориуд тээвэрлэн авчирч энэхүү оршуулгын газрыг барьсан ба гот дэгийн нуман хаалганы хавтас дээр нь Там, Аймшгийн шүүхийг сийлсэн байна.

Доумо сүмийг 1063 онд нэрт уран барилгач Бускетто, Райнольдо нарын төслөөр 55 жилийн хугацаанд барьж босгосон бол Загалмайлах ёслолын байшинг 120 жил барьжээ. Ромын дэгээр барьж эхэлсэн дугуй гантиган байшинг гот дэгээр дуусгажээ. Сүмийн дотор байх индрийг Есус Христос бурхны амьдралын гол үйл явдлыг харуулсан товгор дүрсүүд сийлж чимсэн байна.

Уран барилгач Бенанногийн төслөөр барьсан гэгдэх Кампалла ("Хонхны байр") байшин баригдаж дууссан хугацаагаараа дэлхийд дээд амжилт тогтоосон юм. Уг нь бол Гайхамшгийн талбай дахь цогцолборыг Бускетто, Райнольдо хоёр зохиосон, Бонанно захиалагч нь байсан бололтой.

1173 юм уу 1174 онд Бонанногийн удирдлагаар Пиза хотод сүмийн дэргэд ер бусын намтар түүхтэй Хонхны байрыг босгох ажил эхэлжээ. Барилгын ажлыг удирдан хариуцаж байсан даамал нийтдээ 11 метр өндөр нэгдүгээр давхар, баганат хоёр цагирагийг барьсны дараа Хонхны байр нь босоо тэнхлэгээс 4 сантиметр зөрснийг нь мэдмэгц, бүх ажлыг зогсоож ирэх шийтгэлээс эмээж хотоос зугтан алга болжээ. Зөөлөн хөрсийг урьдчилан тооцоолж анхааралдаа аваагүй уран барилгачдад хотын удирдлага дургүйцэж түүнийг хөөн явуулсан гэж түүхчид бас бичдэг юм.

Тэр үйл явдлаас хойш Хонхны байрны барилгын ажил хэд хэдэн удаа сэргэсэн ч тухай бүр ямар нэгэн шалтгаанаар зогсож байлаа. 1233 он гэхэд дөнгөж дөрвөн давхар нь баригдсан байв. Анх барьж эхэлснээс зуу гаруй жилийн дараа Хонхны байрыг үргэлжлүүлэн барих зоригтой уран барилгач сая тодорчээ. Уран барилгач Жованни ди Симони 1275 онд Хонхны байрыг цааш үргэлжлүүлэн барих ажлыг эхлэх үед цамхагийн босоо тэнхлэгийн зөрүү бүр 50 сантиметр болсон байв. Уран барилгач маань цамхагийн налуу байдлыг өвөрмөц онцлог нь болгон хувиргахаар зорьж математикийн маш нарийн тооцоо хийж ажилласнаар цамхагийг таван давхраар нэмж чаджээ.

Босоо тэнхлэгийн зөрүү 92 сантиметр болсон үед 1350 онд уран барилгач Томазо ди Андреа дахин нэг давхар нэмж цамхагийн наймдугаар давхарт Хонхны байр барьж хүрэл хонхнууд байрлуулжээ. Цамхагийг барих ажил ийнхүү 164 жилийн дараа сая нэг дуусчээ. Гэхдээ дөрвөн давхар дутуу, дээвэргүй болжээ. Уран барилгачид нийтдээ 98 метр өндөр, нэгдүгээр давхар нь бусад давхраасаа илүү өндөр, дараагийн арван давхар нь тагттай, 12 дугаар давхарт нь Хонхны байр, дээвэртэй байхаар уг нь төлөвлөсөн ажээ.

Цамхагийг зориуд налуу байхаар төслийг боловсруулсан гэдэг нь олон тооны судалгаа, шинжилгээгээр нотлогдохгүй байна. Цамхагийг нурж унахаас аврах оролдлого мөн олон удаа гарч байжээ. 1936 онд цамхагийн сууринд даралтаар шингэн бетон цутгаж бэхэлжээ. 1961 онд польшийн уран барилгач Р.Цебертовичийн төслөөр хөрсний үйрмэг, доош аажимдаа сууж байгаа үеүүдийг нь цахилгаан даралтын аргаар дагтаршуулах оролдлого хийсэн байна. Гэвч цамхаг урьдын адил жилд 1 миллиметр хэмжээгээр налуу болдог хэвээр байна.

1964 оны 12 дугаар сард Пиза хотын ойролцоо цагт 60 километрийн хурдтай шуурга дэгдэж цамхагийн налуу нь 0,1 миллиметрээр нэмэгдэхэд Италийн олон нийтийн яам цамхаг нурж унаж магадгүй гэж маш их эмээж дэлхийн эрдэмтдэд хандаж цамхагийг налуу, гадаад төрх байдлыг нь өөрчлөхгүй хэвээр нь байлгах болзол бүхий уралдаан зарлажээ.

"Цамхаг нурж ойчсон ч яахав, бид түүний балгасыг хэдэн зуун жил зочид, жуулчдад бахархан үзүүлж байх болно, харин цамхагийг тэгш болгохыг хэрхэвч зөвшөөрөхгүй." гэж Пиза хотын оршин суугчид ярьцгаадаг юм.

Уралдаанд хэдэн зуун төсөл ирсний дотор цамхагийн дэргэд нөгөө тал руу нь налсан цамхаг босгож хооронд нь гүүрээр холбох, цамхагийн дээрээс агаарын бөмбөрцөг уяж тогтоох, цамхаг дотор гаднаас нь хүний нүдэнд харагдахааргүй хэлхээ төмөр зангидах гэх зэрэг олон сонирхолтой санаа сэдэмж байв.

Эрдэмтэд Пиза хотын цамхаг шиг унаж байгаа цамхаг дэлхийд нийтдээ гурван зуу орчим бий гэсэн тооцоо гаргажээ. Үүнд Туркийн Ак-Сарай дахь лалын шашны сүм, Австрийн Сан-Морица дахь унаж байгаа цамхаг, Саудын Араб улсын Жидда хот дахь лалын шашны сүм, Италийн Модена дахь хонхны байр, Шведийн Готланд хот дахь цамхаг, Испанийн Сарагос хот дахь цамхаг, Москва дахь Дөлгөөн Василийн сүм зэрэг олон "налуу" байшин багтаж байна. Гэхдээ тэдгээрийг нурж унахаас нь авран хамгаалах ямар ч аюул огт үгүй билээ.

Итали улсад налуу цамхаг барих явдал нэгэн үе өргөн дэлгэрч байсан удаатай. Тухайлбал өчүүхэн 12 хавтгай дөрвөлжин метр талбайд 98 метр өндөр, босоо тэнхлэгээс 1,2 метр зөрүүтэй налуу Азинелли цамхагийг барьжээ.

"Ганхмал" цамхагийг хамгаалах түүх бүр эртний уламжлалтай ажээ. ХШ зууны үед францийн уран барилгач Виллэр де Онннекур "Хажуулдсан байшинг тулгуур ашиглан тэгшхэн болгож болно." гэж бичиж үлдээсэн байна. 1417-1420 онуудад Узбекийн Самарканд хотод одон оронч математикч Улугбек лалын шашны хоёр сүм байгуулсны нэг нь хорьдугаар зууны эхээр босоо тэнхлэгээсээ хоёр метр гажжээ. Тэр сүмийг 1918 онд төмөр олсоор бэхэлсэн ба 1932онд нутгийн уран барилгач М.Ф.Мауер нэг сүмийг нь сууринаас нь өргөж төмөр жаазанд түр тогтоогоод төмөр бетон суурь цутгаж дараа нь буцаан тавьжээ. Нөгөө сүм нь бас налуу болж босоо тэнхлэгээсээ 1,5 метр гажихад 1965 онд уран барилгач Э.М.Генделийн төслөөр домкрат ашиглан өргөж суусан талыг нь 418 миллиметр өндөрлөжээ.

Пиза хотын сүмийн босоо тэнхлэгийн зөрүү 5 метрээс давж 1965 онд ахмад хонхчин Энго Гиларди сүүлчийн удаа нийт 294 гишгүүрийг гүйцэн алхаж Хонхны байранд орсноос хойш тус хотын ганц ч иргэн цамхаг дотор ороогүй өдийг хүрчээ.

Өнөөдөр уул цамхагийг унаж ойчих тэр "түүхэн" агшнийг хүлээж автомат цэнэглэгч дээр нь тавьсан зуу гаруй кино болон гэрэл зургийн төхөөрөмж өдөржин шөнөжин сахиж байна. Энэ цамхагийг аврах талаар шийдвэрлэг арга хэмжээ авахгүй бол уг цамхаг тавин жилийн хугацаанд тэнцвэрээ алдаж унана гэсэн тооцоо гарсан байна. Их Галилей тухайн цагтаа энэ цамхагийн тагт дээрээс биесийн чөлөөт хөдөлгөөний хуультай холбоотой туршилт хийж байсан ажээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)