Kimochi : Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм
Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 471
            Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.”Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм”-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэхүү үлгэрчилсэн дүрэмд нийцүүлэн сургуулийн дүрмийг шинэчлэн боловсруулж мөрдөн ажиллахыг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болгосугай.
3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ерөнхий боловсролын газар (Д.Эрдэнэчимэг)-т даалгасугай.
                                    САЙД                                             Ё.ОТГОНБАЯР
Улсын бүртгэлд 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3197 дугаарт бүртгэсэн
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн
471 дүгээр тушаалын хавсралт
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Ерөнхий боловсролын сургууль (цаашид “Сургууль” гэх)-ийн үйл ажиллагааны үндсэн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, бүрэн эрх, бусад байгууллага, иргэдтэй харилцах хэм хэмжээг тодорхойлж, сургуулийн үйл ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийг баримтална.
1.2. Сургууль үйл ажиллагаандаа Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.
1.3. Сургуулийн үйл ажиллагааны үндсэн зорилт нь суралцагчдад боловсролын стандартаар тогтоосон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх, тэдний хөгжих, төлөвших үйл явцыг шинжлэх ухааны үндэстэй удирдах, зохион байгуулах, эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа дэмжлэг үзүүлэхэд оршино.
1.4. Сургууль Бага, дунд боловсролын тухай хуулийн 12.2, 12.3 дахь хэсэгт заасан ангилал, хэв шинжтэй байна.
1.5. Сургууль хүүхдийн эрхийг дээдэлсэн, ардчилал, шударга ёс, ил тод байдал, хамтын удирдлагын зарчимд тулгуурлан үйл ажиллагаагаа зохион байгуулна.
1.6. Сургууль өөрийн үйл ажиллагааны онцлогтой уялдуулан энэхүү дүрэмд нийцүүлэн сургуулийн дүрмийг баталж мөрдөх бөгөөд уг дүрэмд байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлс, чиг үүрэг, хэв шинж, удирдлага, зохион байгуулалтын бүтэц, эзэмшүүлэх боловсролын түвшин, сургалтын хэлбэр, суралцагч элсүүлэх, чөлөөлөх, шилжүүлэх нөхцөл, сургалтын үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, нийгмийн баталгаа, санхүүжилт, бусад байгууллага, иргэдтэй харилцах зарчим болон тэдгээрт холбогдох асуудлын хүрээнд сургалтын байгууллагын дагаж мөрдөх хэм хэмжээг тусгана.
1.7. Сургууль нь бие даасан хуулийн этгээд байх бөгөөд зохих журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг хэрэглэх ба өөрийн бэлгэдэлтэй байж болно.
Хоёр. Удирдлага, зохион байгуулалт
2.1. Сургуулийн өөрийн болон мэргэжлийн удирдлагыг Боловсролын тухай хуулийн 34.1, Бага, дунд боловсролын тухай хуулийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу хэрэгжүүлнэ.
2.2.Сургуулийн захиргааны удирдлагыг захирал хэрэгжүүлнэ. Захирал Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нийтлэг эрх, үүрэг болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг удирдлага болгон ажиллана.
2.2.1. Захирал холбогдох хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэрт нийцүүлэн сургуулийн үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журам, зааврыг боловсруулан баталж мөрдүүлнэ.
2.2.2. Захирал албан тушаалын бүрэн эрхийнхээ хүрээнд хамаарах асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргана.
2.2.3. Захирал сургуулийн өөрийн удирдлага, багш нарын зөвлөл, заах аргын нэгдлийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад дэмжлэг үзүүлж, шийдвэр гаргахад тэдний оролцоог хангаж ажиллана.
2.2.4. Захирал албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төр, эдийн засаг, шашны аливаа нөлөөлөлд орохгүй, багш, ажилчид, суралцагчдын эрх ашгийг эрхэмлэн ажиллана.
2.2.5. Захирал авлигын эсрэг хууль тогтоомжийг чанд мөрдөж, албан үүрэгтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилгүй ажиллаж, сургуулийн батлагдсан төсөв, өмч хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулна.
2.3. Захирал бүрэн эрхээ хэрэгжүүлэх, захиргааны шуурхай удирдлагыг хангах, холбогдох асуудлаар шийдвэр гаргахад зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий захирлын дэргэдэх зөвлөлийг байгуулан ажиллуулж болно. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг захирлын тушаалаар батална.
2.4. Захирал сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлага хангасан нэр дэвшигчийг багш нарын зөвлөлд танилцуулж, зөвлөлийн санал хураалтын дүнг харгалзан сургалтын менежерийг томилно.
2.4.1.Сургалтын менежер боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг сургуулийн түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, нэгж хичээлийн чанар, үр өгөөж, стандартын биелэлтэд хяналт тавьж багшид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах замаар сургалтын чанарыг сайжруулах ажлыг хариуцан зохион байгуулах, ажлын байрны тодорхойлолт болон захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ.
2.5. Захирал нь сургуулийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлага хангасан, мэргэжлийн ажилтныг сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилж, ажиллуулна.
2.5.1. Нийгмийн ажилтан нь хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг суралцагч, тэдний гэр бүлд үзүүлэх бөгөөд ажлын байрны тодорхойлолт болон захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ.
2.6 Сургууль боловсролын үйлчилгээг хэвийн, тогтвортой явуулах нөхцөлийг хангасан зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байна. Сургуулийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг сургуулийн зөвлөл тогтооно.
2.7. Сургууль нь сургууль хөгжүүлэх хөтөлбөр, стратеги төлөвлөгөөтэй байна. Сургууль хөгжүүлэх хөтөлбөрт үндэслэн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж мөрдөнө. Хөтөлбөр, төлөвлөгөөнд дараах асуудлыг тусган хэрэгжүүлнэ:
1/ Сургуулийн хөгжлийн бодлого;
2/ Боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт;
3/ Хүний нөөцийн хөгжил;
4/ Боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашиг;
5/ Суралцагчийн хөгжил, төлөвшил, хамгаалал, оролцоо;
6/ Мэдээлэл харилцаа, технологийн хөгжил;
7/ Сургуулийн үйл ажиллагаанд дахь олон нийтийн оролцооны хангалт;
8/Санхүүгийн болон материаллаг нөөц.
2.8. Сургуулийн үйл ажиллагааг багш, ажилтан, суралцагч, эцэг, эх, олон нийтийн оролцоотой төлөвлөж хэрэгжүүлэх, үнэлэх замаар түншлэлийг бэхжүүлнэ.
2.9. Сургуулийн үйл ажиллагаа, сургалтын үйл явц, чанар, үр дүнд өөрийн үнэлгээ өгөх чиг үүрэг бүхий багш, суралцагч, эцэг, эхийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн хяналт-шинжилгээний баг ажиллуулна.
2.10. Сургууль хууль тогтоомж, өөрийн дүрэмд заасны дагуу суралцагчийг элсүүлэх ажлыг ил тод, нээлттэй явуулж, батлагдсан норм, нормативыг баримтлан анги, бүлэг дүүргэлтийг зохион байгуулна.
2.11. Сургууль нь бага, суурь, бүрэн дунд боловсролын үйлчилгээг стандартын шаардлага, эрүүл, аюулгүй байдал хангасан орчин нөхцөлд зохион байгуулах бөгөөд үйл ажиллагаандаа багш, ажилчид, суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад холбогдох дүрэм, журмыг мөрдөнө.
2.12. Сургууль нь холбогдох мэргэжлийн байгууллагаас баталсан онцгой байдлын нөхцөлд ажиллах дэг журам, горимыг үйл ажиллагаандаа мөрдөх бөгөөд хүүхэд хамгааллын тусгайлсан чиглэл баримтлан ажиллана.
2.13. Сургууль хамран сургах тойргийнхоо суурь боловсрол эзэмших насны хүүхдийг сургууль завсардуулахгүй сургах, сургууль завсардсан хүүхдийг сургуульд буцаан суралцуулах ажлыг зохион байгуулна.
 2.14. Байршил, хэв шинж, онцлогоосоо хамаарч сургууль суралцагчдад дотуур байраар үйлчилж болно. Дотуур байрны хүчин чадал хүрэлцэхгүй тохиолдолд амьдралын байдал, гэр бүлийн нөхцөл, өнчин, асран хамгаалах хүнгүй, нийгмийн эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дотуур байранд эхний ээлжинд хамруулах чиглэл баримтална.
2.15. Сургуулийн үйл ажиллагаатай холбоотой хуулиар хориглоогүй аливаа мэдээллээр суралцагч, эцэг, эхийг үнэ төлбөргүй хангах, холбогдох мэдээллийг ил тод байлгах зохион байгуулалтын арга хэмжээ авах, сургуулийн үйл ажиллагаа, сургалтын явц, үр дүнгийн талаар нээлттэй мэдээлэх тогтолцоог бүрдүүлэх замаар үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг ханган ажиллана.
2.16.Багш, суралцагч интернетийн орчинд ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлж, сургуулийн цахим хуудастай байна.
2.16.1.Сургуулийн эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, сургууль хөгжүүлэх хөтөлбөр, сургалтын чанар, хүүхдийн хөгжил, төлөвшил, оролцоог хангах хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн, сургуулийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, заавар, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хичээлийн жилийн бүтэц, сурах бичиг, хэрэглэгдэхүүн, боловсролын баримт бичиг, шалгалтын хуваарь, хичээлээс гадуурх сургалтын ажил, санхүүжилт, төлбөр, хураамж, санал, хүсэлт, өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах утас зэрэг мэдээллийг цахим хуудаст байршуулан эргэх холбоог хангаж ажиллана.
2.16.2. Сургууль дотоод үйл ажиллагаандаа зориулан интранет (дотоод сүлжээ)-тэй байж болно.
2.17. Сургуулийн удирдлагын мэдээллийн системийг бүрдүүлж, мэдээллийн нууцлал, аюулгүй ажиллагааг ханган ажиллана.
2.18. Бага, дунд боловсролын тухай хуулийн 19.7 дахь хэсэгт заасны дагуу сургуульд суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчдын эрх ашгийг хамгаалах, тэдний төлөөллөөс бүрдсэн өөрийн удирдлагын байгууллага ажиллуулж болно. Өөрийн удирдлагын байгууллага нь хичээл, сургалтын үйл ажиллагааг дэмжих, чанарыг сайжруулах, хүүхдийн хөгжил төлөвшил, хамгаалал, оролцооны асуудлаар санал хүсэлтээ сургуулийн удирдлагад гаргаж хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хамтран оролцоно.
2.19. Сургууль үндсэн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэх асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, гадаад орон, олон улсын байгууллага, иргэнтэй хууль тогтоомжийн хүрээнд харилцана.
2.20. Багш, ажилчид, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас сургуулийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, багш, удирдах ажилтны мэргэжлийн чадавхи, ёс зүй, иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолыг зөрчсөн хэмээн үзсэн гомдол, бусад асуудлаар хандсан өргөдөл, санал хүсэлтийг хууль тогтоомжид заасны дагуу хүлээн авч судлан хариу өгнө.
2.21. Сургууль Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн хөдөлмөрийн харилцаа, дотоод үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хөдөлмөрийн дотоод журамтай байх бөгөөд түүнийг хамт олны хурлаар хэлэлцүүлэн баталж мөрдөнө.
2.22. Сургууль албан хэрэг хөтлөлт, архивыг хууль тогтоомжид нийцүүлэн хөтөлнө. Сургуулийн үйл ажиллагаанд холбогдох статистик, бүртгэл мэдээллийг бүрэн хөтөлж, ангийн журнал, суралцагч, төгсөгчдийн сурлагын дүн, боловсролын баримт бичиг олголтын материал болон санхүүгийн тайланг архивт хадгална.
            2.23. Сургууль татан буугдсан тохиолдолд сургуулийн архивыг сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад зохих журмын дагуу хүлээлгэн өгнө.
Гурав. Сургалтын үйл ажиллагаа
3.1.Сургууль сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу суралцагчдад бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулна.
3.2. Сургалтын үйл ажиллагаа нь суралцагчийн эрхийг хүндэтгэсэн, суралцах, хөгжих үйл явцыг дэмжсэн, нас, бие, сэтгэхүйн хөгжлийн онцлогийг харгалзсан, суралцагчдад суралцах боломжийг адил тэгш олгосон байна.
3.3. Сургалтын ажил нь хичээл, хичээлээс гадуурх сургалт, хүүхдийн хөгжил, төлөвшлийг хангах тэдгээртэй холбоотой бусад ажлаас бүрдэнэ. Сургууль хичээлээс гадуурх сургалт, хүмүүжлийн ажлын төлөвлөгөөтэй ажиллана.
3.4. Сургалтын үйл ажиллагаанд хүчин төгөлдөр үйлчилж буй бага, суурь, бүрэн дунд боловсролын стандарт, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын талаар баримтлах бодлого, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хичээлийн жилийн бүтцийг баримтална.
3.5. Бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрт нийцүүлэн өөрийн онцлогийг тусгасан сургуулийн сургалтын хөтөлбөр боловсруулж мөрдөнө.
3.6. Долоо хоногт орох хичээл, тэдгээрийн дэс дарааллыг хичээлийн хуваариар зохицуулах ба сургалтын төлөвлөгөөнд нийцүүлэн хичээлийн хуваарийг зохиож, баталгаажуулан мөрдөнө.
3.7. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон нэг цагийн хичээлийн үргэлжлэх хугацааг сургалтад мөрдөх ба хичээл хоорондын завсарлагааны үргэлжлэх хугацааг 5-20 хүртэл минут байхаар зохион байгуулж болно.
3.8.Суралцагчдад өгөх нэг өдрийн гэрийн даалгаврын хэмжээг сургалтын агуулга, суралцагчийн нас, бие, хөгжлийн онцлог, ачааллыг харгалзан 1 дүгээр ангид 1 хүртэл цаг, 2-3 дугаар ангид 1.5 цаг, 4-5 дугаар ангид 2 цаг, дунд ангид 2.5-3 цаг, ахлах ангид 3.5 цагаас ихгүй байхаар зохион байгуулна.
3.9. Суралцагчийн авьяас, чадварыг хөгжүүлэх, сонирхлыг дэмжих зорилгоор сонгон суралцах хичээл, секц, дугуйлан зохион байгуулж болно. 
3.10.Сургалтын үйл ажиллагаанд мэдээллийн технологи, зайны сургалтын хэлбэрийг нэвтрүүлэх, сургалтын материал, хэрэглэгдэхүүний цахим сан, бусад програм хангамж ашиглах нөхцөлийг бүрдүүлж, тэдгээрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг ханган ажиллана.
3.11. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журамд нийцүүлэн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг сургалтын явцад, анги дэвших, сургууль төгсөхөд нь үнэлж дүгнэх болон сурлагын амжилтын дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх график, төлөвлөгөөтэй байна.
            3.12. Сургалтын ажлын явцад хийгдэх лаборатори, дадлага ажил, семинар, аялал, туршилт, төсөлт ажлыг суралцагчийн эрүүл мэнд, нас, биеийн онцлогт тохируулж, осол аюулгүйн дүрмийг баримтлан сургуулийн захиргаанаас баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.
3.13. Сургуулийн гадаад, дотоод орчин, сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, бодис урвалж, хэрэглэгдэхүүний хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллана.
3.14. Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшсэн төгсөгчдөд боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх/, сурагчийн хувийн хэргийг албан ёсоор хүлээлгэн өгнө.
Дөрөв. Багш, бусад албан хаагч
4.1. Сургуульд Бага, дунд боловсролын тухай хуулийн 12.6 дахь хэсэгт заасан багш болон бусад албан хаагч ажиллана.
 4.1.1. Багш нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг сургуулийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ. Гэрээнд тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хөдөлмөрийн нөхцөл, хөлс, ажлын цаг, гүйцэтгэх үндсэн болон нэмэлт ажил, үйлчилгээ, хариуцах эд хөрөнгө, сахих ёс зүйн хэм хэмжээ, хүлээх хариуцлага зэрэг асуудлыг хууль тогтоомжид зааснаар тодорхой тусгана.
4.1.2. Багш нь Боловсролын тухай хуулийн 44.1, 44.2, Бага, дунд боловсролын тухай хуулийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасан эрх, үүрэг болон багшийн ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөнө.
4.1.3. Багш сургалтын төлөвлөгөөнд заасан хичээл, хичээлээс гадуурх сургалтын ажлын явцад суралцагчдыг хараа хяналтгүй орхихгүй байх нөхцөлийг хангаж ажиллах ба хүүхдийг хүчирхийлэл, хорт зуршил, авто замын болон болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх, нийгмийн сөрөг үзэгдлээс хамгаалах талаар эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллана.
4.1.4. Анги удирдах, кабинет, лаборатори хариуцах, заах аргын нэгдэл, секц, дугуйлан удирдах багшийг захирлын тушаалаар томилж ажиллуулна.
4.2. Сургуулийн хэв шинж, суралцагчийн тооноос хамаарч сургуульд эмч ажиллах ба эмч нь суралцагчдад эрүүл аж төрөх зан үйл төлөвшүүлэх, анги удирдсан багш, эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран суралцагчийн хувийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгуулах, багш, ажилтан, суралцагчдыг үзлэг шинжилгээнд хамруулах, бие бялдрыг чийрэгжүүлэх, сургуулийн орчны эрүүл ахуй, хоол, хүнс, ундны цэвэр усны аюулгүй байдалд хяналт тавих зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
4.2.1.Эмч нь хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн талаар гарсан хууль тогтоомж, хөтөлбөр, норм, норматив, стандарт, удирдамжийг сургуулийн хэмжээнд мөрдүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана.
4.3. Сургуулийн үйлчилгээний ажилчид нь сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх ба захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана. 
Тав. Суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч
5.1. Суралцагч Бага, дунд боловсролын тухай хуулийн 7.2 дахь хэсэгт заасан хугацаанд тухайн түвшний боловсролыг эзэмшинэ.
5.2. Суралцагч нь Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж, сургуулийн дотоод журам, сурагчийн дүрмийг мөрдөнө.
 5.3. Суралцагч бусадтай эелдэг, соёлтой харилцаж, үнэнч шударга, хамтач байдлыг эрхэмлэнэ.
5.4. Суралцагч Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу анги алгасан суралцах хүсэлтийг сургуулийн захиргаанд гаргаж болно.
5.5. Багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоотой сонгосон дүрэмт хувцсыг хичээлд өмсөнө.
5.6. Суралцагч хичээлийн жилийн явцад өөр сургуульд шилжин суралцах тохиолдолд суралцсан хугацааныхаа сурлагын дүн, хөгжил төлөвшлийн тодорхойлолтыг хувийн хэргийн хамт сургуулийн захиргаанаас баталгаажуулан авна.
5.7. Суралцагч сургуулийн үйл ажиллагаанд шууд болон өөрийн удирдлагын байгууллагын төлөөллөөр дамжуулан оролцоно.
5.8.Суралцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авах тохиолдолд хүсэлтээ сургуулийн захиргаанд албан бичгээр гаргана.
5.9.Эцэг, эх, асран хамгаалагч нь Боловсролын тухай хуулийн 46 дугаар зүйл, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйл, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд тус тус заасны дагуу эрх, үүрэгтээ хамаарах асуудлаар сургууль болон сургалтын дотоод үйл ажиллагаанд оролцоно.
Зургаа. Санхүүгийн болон материаллаг нөөц
6.1. Сургууль Боловсролын тухай хуульд заасан эх үүсвэрээс санхүүжих бөгөөд батлагдсан төсөв, сургууль хөгжүүлэх сангийн хөрөнгө, түүний зарцуулалт, ашиглалт, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийн талаар багш, ажилчид, суралцагч, эцэг, эх, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлнэ.
6.2. Сургууль нь хичээлийн танхимаас гадна осол аюулгүйн болон эрүүл ахуйн дүрмийн дагуу тоноглосон хичээлийн төрөлжсөн кабинет, лаборатори, номын сан, уншлагын танхим, багш, хүүхэд хөгжлийн төв, биеийн тамирын зал, талбай, ногоон байгууламж, эмчийн өрөө, цайны газар /хоол, хүнсний үйлчилгээ/, захиргаа, аж ахуйн өрөө, тасалгаатай байна.
6.3. Сургууль нь холбогдох мэргэжлийн байгууллага баталгаажуулсан эдэлбэр газрыг биеийн тамир, хичээл туршлагын болон тоглоомын талбай байгуулах зэрэгт ашиглана.
6.4. Сургуулийн орчин дахь хоол, хүнс, ундны цэвэр ус, бие засах газрын эрүүл ахуй, аюулгүй байдлын баталгааг хангах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт нийцсэн дэд бүтэц, суралцах орчныг бүрдүүлж ажиллана.
Долоо. Сургуулийн үйл ажиллагаанд хориглох зүйл
7.1. Сургууль дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
7.1.1. Төрийн болон орон нутгийн өмчийн сургууль нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 14.1.4-т заасны дагуу хуульд зааснаас бусад тохиолдолд төлбөр, хураамж авах, энэ хуульд заасныг зөрчиж, сургалтын зориулалтын эзэмшил газар, анги, танхим, талбай, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг аливаа хэлбэрээр орлого олох үйл ажиллагаанд ашиглах;
7.1.2.Сургуулийн удирдлага, багш, бусад ажилтан, суралцагч нь өөр хоорондоо сэтгэл санаа, эд материал, бие махбодын аливаа дарамт шахалт үзүүлэх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах, суралцагчийг өөр сургуульд шилжин суралцахыг шаардах зэргээр сургалтын үйл ажиллагаанаас завсардуулах, сургууль, багшийн зүгээс албаны ёсны зөвшөөрөлгүй ном, гарын авлага, цахим болон бичмэл материал, бусад зүйлийг зохион байгуулалттайгаар худалдан авахыг шаардах;
7.1.3. Хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)