Kimochi : Монгол хэл

Монгол хэл

АВИАНЫ ЯЛГАРАЛ

1/ Авианы хувилбарын эрхшээлт нөхцөл арилмагц хувилбар нь авиа болох үзэгдэл. Нэг авианы хувилбараас тагнайшсан, эс тагнайшсан авиа үүсэх гм.
2/ Нэг авианы хүрээнд гарах хувилбарын зөрөө.
3/ Нэг хэлний аялгуунууд уул хэлнээсээ задран салж, биеэ даасан хэл болох үзэгдэл. Ж., монгол, буриад, ойрд, могол, монгор, дуншаан, баоань, дагуур, шар уйгар гм.

АВИАНЫ ХУУЛЬ

Нутгийн аялгуунаас эхлээд төрөл, бүлэг хэлний авианы хувьслыг орон нөхцөл, цаг хугацаа, тархцаар нь судлан шинжилж авианы зүй тогтлыг илрүүлэх. А .х-иар хэл аялгууны төрөл эсэх болон харилцаа холбоог тогтоодог. Монгол хэлэнд авиа ижилсэх, ондооших, сулрах, гээгдэх, нэмэгдэх, дуугүйших, тонгорох зэрэг А .х. үйлчилдэг.


АВИАНЫ БИЧИГ

Хэлний авиа юмуу авиалбарт тусгай тусгай тэмдэг /үсэг/ оноон тэмдэглэдэг бичгийн тогтолцоо. Цагаан толгойт бичиг гэж ч нэрлэдэг. Үүгээрээ дүрс бичгээс ялгаатай. Үсгийн тоо нь тухайн хэлний авиалбарын тоотой тэнцүү байж чаддаггүй. Монгол бичигт о/у, ө/ү, д/т, х/г ижил хэлбэртэй байдаг. Монголчуудын боловсруулан хэрэглэж ирсэн бүх бичиг үсгийн тогтолцоо нь А .б-т хамаарна.


АВИАН ДАВТАМЖИТ АЛС БИЧИХҮҮН

Тогтмол хүчдэлийн импульсыг хувьсах хэлбэлзэлд, тухайлбал авиан давтамжтай хэлбэлзэлд хувирган дамжуулах үйлдэл. Давтамжийг алс бичлэгийн аппарат тус бүрт өөр өөрөөр сонгон авч, нэг шугамаар дамжуулбал алс бичлэгийн давтамжийн нягтрал үүсдэг. Телефон сувгаар А.д.а-ий аппаратыг ашиглан алс бичлэгийн холбоог зохион байгуулдаг. А .д .а-ий аппаратурыг давтамжийн, хугацааны нягтруулгын зарчмаар зохион бүтээдэг. Дохионы давтамж нь сонсдох цараанд байдгаас А.д.а-ийг ийнхүү нэрлэжээ.


АВИАЛБАР ЗҮЙ
Үг бүтээврийн авианы бүрхүүл, утгыг ялгах үүрэгтэй хэлний авиа судалдаг хэл шинжлэлийн салбар ухаан. Тухайн хэлэнд биеэ дааж, утга ялгах үүрэгтэй авиаг голлон судална. Ж., монгол хэлний ах-ахь, амт-амьт зэрэг үгэнд байр нөхцөлөөсөө хамаарсан ерийн а, урагшилсан а, балархай а, хэт балархай а, хамаршсан а зэрэг олон авиа байгаа боловч А-н үүднээс утга ялгах үүрэгтэй нэг суурь /а/ авиалбар байна.


АВИАЛБАР

Үг бүтээврийн утгыг ялгаж бүрдүүлэхэд оролцдог үндсэн авиа, хэлний авианы байгууллын хамгийн бага нэгж. Авиа бүхэн А. болохгүй. Монгол хэлний өргөлтөт үеийн А,.а,о,у,ө,ү,э,и эгшиг авиа үгийн өргөлтөт үед ав, ов, өв гм дуудагдаж үгийн утга ялгаруулдаг. Ав, эв зэрэг үгийн өргөлтөт үеийн а,э богино эгшгийн уртаар аав, ээв гэж дуудвал өөр утгатай үг болж монгол хэлний богино урт эгшиг харилцан эсрэгцэлдэж үгийн утга ялгаруулдаг. Хөл болгон А-ын тогтолцооны тусгай ялгах онцлог шинжтэй.
Монгол хэлний эгшиг А-ыг 1/ урт, богино, 2/ уруулын, уруулын биш, 3/ чанга, хөндий, 4/ хэлний урдуур, дундуур, хойгуур. хэлэгдэх шинжээр нь гийгүүлэгч А-ыг 1/ дуутай, дуугүй, 2/ тагнайшсан, эс тагнайшсан зэрэг шинжээр нь ялгадаг.


АВИАЗҮЙ

Хэл шинжлэлийн салбар ухаан. Хэлний авианы бүтэц, тогтолцоог судалдаг. А-н үндсэн нэгж нь авиа, үе, үг, өргөлт, аялга болно. Хэлний авиаг судлах арга зорилгын үүднээс ерөнхий, түүхэн, тоочих, туршилт, зэрэгцүүлсэн А. гэж ангилдаг.


АВИА ХУВИРГУУР

Ярьж буй хүний төвөнхийн мөгөөрс, дууны хөвчийн механик хэлбэлзэл /доргиур/-ийг цахилгаан хэлбэлзэлд хувиргах төхөөрөмж. Агаар орчны хэлбэлззлд мэдрэмж багатай. Шуугианы түвшин өндөртэй объект /үйлдвэрийн цех, танк/-д ашиглах холбооны төхөөрөмжид микрофоныг орлуулан хэрэглэдэг.


АВИА ТУСГААРЛАЛ

Дууны долгионы тархалтыг саатуулах зорилгоор замд нь байрлуулсан, авиаг өөртөө шингээдэг хэрэглэгдэхүүнээр хийсэн саад. Байшин барилга, нисэх онгоц, автомашин зэрэгт А .т-ыг хэрэглэдэг. Өргөн утгаараа А .т. нь дуу шуугианы түвшнийг бууруулах хэрэгслийн цогц.


АВИА ОНДООШИХ

Хэлэх явцад үг, холбоо үгийн бүтэц дэх /зэрэгцсэн, алгассан байрлалтай/ ижил буюу төсөөтэй хоёр авианы нэг нь өөр авиагаар солигдож хэлэх үйл ажиллагааг хялбарчлах үзэгдэл. Ж., арчуур-алчуур, иругар-ёроол, ирүгэр-ерөөл, ганна-гагна, сулдга-султга гм. А .о-ыг чиглэлээр нь ухрах, дэвших, байраар нь зэрэгцэх, алгасах гэж ангилдаг.


АВИА НЭГДЭХ

Хэлний нэгж хэсэг бие биедээ /ялгарч салахын эсрэг/ ижилсэн уусах үзэгдэл. Тухайлбал, хэлний бие даасан хоёр, түүнээс дээш авиа харилцан нөлөөлж нэг авианы шинжтэй болох юмуу хоёр болон хэд хэдэн хэл нутаг дэвсгэрийн хил залгаа байдал, соёлын нягт харилцааны улмаас нэгэндээ уусан нэгддэг.

АВИА НӨЛӨӨТӨН ХУВЬСАХ

Үг бүтээвэрт зэрэгцэн орсон авиа бие биедээ нөлөөлснөөс авианы шинж өөрчлөгдөх юмуу үгийн эхэн, дунд, адагт тохиолдох байраас шалтгаалан авиа хувирах ёс.


АВИА ИЖИЛСЭХҮЙ

Хэлний авианы харилцан нөлөөлөх хуулийн дагуу хоёроос дээш үетэй үгийн доторх авиа зэргэлдээх үеийнхээ хүчтэй авианд татагдан хэлэгдэх байдлаараа адил болох авианы хувьсал. А.и-г эгшгийн, гийгүүлэгчийн гэж хуваадаг.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)