Kimochi : Хамар ямар үүрэгтэй вэ?

Хамар ямар үүрэгтэй вэ?

Зөв амьсгалж сурах нь агаарын бохирдолт, утаа ихтэй үед амьсгалын замын болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй. Хамар нь амьсгалын эрхтэн системийн хамгийн эхний хэсэг юм. Хүн  ердийн үед амьсгалаа хамраар авч амаар эсвэл хамраар гаргадаг.

Хамар маш чухал үүрэгтэй нандин эрхтэн юм.
1. Амьсгалах
2. Хамгаалах
3. Дуу авиаг өнгөлөг,уянгалаг болгон хувиргах
4. Үнэрлэх
5. Гоо сайханд нөлөөлөх     

1 - духны хөндий
2 - элхэгийн хөндий
3 - дээд самалдаг
4 - дунд  самалдаг
5 - хажуугийн хөндий
6 - хамрын таславч
7 - доод самалдаг
8 - нулимсны суваг

Хамрын  хамгаалах үүргийн талаар тайлбарлая.
               Хүний хамрын үүдэвч хэсэгт байдаг олон тооны үсэнд гаднаас орсон тоос шороо шүүгдэн цэвэрлэгддэг. Харин хамрын хөндийн доод, дунд самалдагт байх маш нягт хялгасан судасан торлог бүтэц  нь их дулаан,  чийглэг шингэн ялгаруулдаг бөгөөд  хамрын хөндийгөөр урсах агаар үүний тусламжтайгаар бүлээсэж бас чийглэг болдог байна. Жишээ нь: Гадаа – 12 градус байхад хамраар амьсгалсан агаар залигуурт хүрэхэд +25 градус болсон байдаг.

           Хамрын хөндийн салст бүрхэвчээс ялгардаг онцгой бүтэцтэй салслаг шингэн нь хамрын хөндийд орших сормослог эсийн тусламжтай гаднаас орж ирэх бактер вирүсыг өөртөө наалдуулан, гадагшлуулдаг.

            Амьсгал авах хэлбэрээр нь амьсгалыг үндсэн 3 хэлбэрт хуваана.
1. Цээжний дээд хэсгийн амьсгал (эгэмийн амьсгал)
2. Цээжний доод хэсгийн амьсгал
3. Хэвлийн амьсгал
           Энэ 3 амьсгалын аль хэлбэрийг хүн өөрт хэвшүүлснээс амьдралынхаа туршид эрүүл саруул амьдрах эсвэл өвчин эмгэгт өртөмтгий байх гол нөхцөл бүрдэнэ.

           Хэрвээ хүн амьсгал авахад цээжний дээд хэсэг хөдөлж, мөр дээш өргөгдөн цээж түхийн хэвлий татагдаж байвал цээжний дээд хэсгийн амьсгал гэнэ. Ингэж  амьсгалдаг хүнд амьсгал гаргах үед уушгинд агаар үлдэх ба уушгин дахь агаарын солилцоо гүйцэд сайн явагддаггүй, удаан ярихад хоолой нь амархан цуцдаг, дуулахад хүч султай, дуулах ярих үед хүзүүгээр чилдэг, хоолой хөндүүрлэдэг, дууны өнгө сонсголонтой биш, удаан ярихад  сөөнгөтдөг, ханиад амархан хүрдэг, амьсгалын дээд замын өвчинөөр өвдөх эрсдэл  ихтэй байдаг.

          Цээжний доод хэсгийн амьсгалын хэлбэртэй хүмүүс амьсгал авахад цээж доод, дунд хэсгээр  2 тийш тэлж өвчүүний доод хэсгээр урагш түвийж байдаг. Ингэж амьсгалдаг  хүн цээжний дээд хэлбэрийн амьсгалыг бодвол эерэг үзүүлэлттэй. Цээжний доод хэсэг хэвлийн амьсгал нь хамгийн тохиромжтой. Энэ хэлбэрийн амьсгалын үед амьсгал авахад хэвлий урагш тумбийж, гаргах үед хэвлий шалчийж байдаг.

             Цээж оролцохгүй амьсгалдаг хүний дуу хоолой илүү цээлхэн өнгөлөг ярих, дуулах үед цуцахгүй амьсгалын замын өвчинд өртөх нь бага байдаг.

Та энэ зөвлөмжийг уншаад өөрийн амьсгалын хэлбэрээ тодорхойлон  өөрчлөх боломж бий шүү.
Туршаад үзээрэй!

Хамраа хэрхэн хамгаалах вэ?
          Даарахгүй, хамраа  битүүрүүлэхгүй,  хатаахгүй, хүйтэн сэрүүний улиралд малгайгүй    явахгүй  байх нь чухал. Түүнчлэн машины агааржуулагч, гэрийн халаалтын    хуурай   агаар, хуурай  бохирдолттой, утаатай агаар, ургамал, амьтны   болон  ахуйн тоос гэх   мэт  харшлын үед  хамар хатах, ус гоожиж  битүүрдэг. Үүнийг эмчлэхгүй  удаан   явснаас духны  хөндий,  хамрын    хөндийнүүд ,  идээлж хүндэрдэг.

           Эдгээрээс сэргийлэхийн тулд гэрийн  нөхцөлд   600 грам  буцалсан усанд    цайны нэг  халбага  нунтаг  давс  хийж бэлтгэнэ. 2%-ийн содын уусмал  250   мл буцалсан усанд нэг цайны халбага сод  хийнэ. Хүүхдэд 1%-ийн  содын   уусмал хэрэглэнэ. Мөн  09% натри хлоритын  уусмалыг  өдөрт   2 - 3   удаа,  2 - 3 дуслаар хамарт  дусаах  буюу  угаана. Хүүхдэд ялгаагүй. Хамрын  ринол,нафазолин,  глазолин, санорин зэрэг  дусаалгыг өдөрт 1-2 удаа дусаана..   

           Хамартаа эмийг   зөв дусаах хэрэгтэй. Толгойгоо  хажуу тийш нь хазайлган хамартаа 2-3 дусал эм буюу уусмалаа дусаагаад амьсгалаа хамраараа татаж, хамраа эрхий болон долоовор хуруугаараа чимхээд эгц доошоо тонгойж 1 - 2 минут  болно. Удаан хугацаагаар эм дусаавал эмэндээ харшиж хамар битүүрч хатдаг  болдог.

Ё. Оюунчимэг
Д. Энхтуяа /УКТЭ-ийн поликлиник/

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)