Kimochi : Амьдралын гайхамшигт түүх

Амьдралын гайхамшигт түүх

Өмсөх хувцас, хоногийн хоолгүй, өлмөн зэлмүүн байсан ч уйгагүй хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр, ухаан бодлынхоо ачаар үнэмшмээргүй их амжилтад хүрч, үлгэрт л гардаг тэр баялгийг бий болгож чадсан дэлхийн баячуудын туулж өнгөрүүлсэн бэрхшээл зовлон, түүнээс хэрхэн гарсан арга зам, ялалтанд хүрсэн амьдралын түүхийг танд зориулж байна.

Танд ч бас юугаар ч дутахгүй, хэнээс ч гуйхгүй сайхан амьдрах боломж бий. 20-р зууны дэлхийн баячуудын түүхийг судлаад, 21-р зууны тэрбумтан болох боломжийг олгохоор таны өмнө “Амьдралын гайхамшигт түүх” буланг нээсэн билээ. Энэ удаагийн дугаартаа Солонгосын алдарт “Hyandai” корпорацийг үүсгэн байгуулагч, Чанг Жу Юнгийн ажил амьдралын сонирхолтой түүхийг хүргэж байна.

Аз жаргалаа олохоор гэрээсээ зугтаж амжилтад хүрсэн тэрбумтны түүх Чанг Жу Юнг бол цуут жүжигчин, алдарт тамирчин, улс төрч, алан хядагч ч биш, ор хоосноос тэрбумтан болтлоо хөрөнгөжиж чадсан бизнесмэн юм. Том бизнесмэнүүд гол төлөв алдар цуу багатай байдаг нь учиртай. Чанг Жу Юнг “Huandai” корпорацийг үүсгэн байгуулагч юм.

“Huandai” худалдааны орлогоороо дэлхийн глобаль фирмүүдийн дотроос 11-рт, Азийн эдийн засагт их үүрэг гүйцэтгэсэн фирмүүдийн 2-рт ордог байв. “Huandai” автомашин, төрөл бүрийн машин механизм, хөлөг онгоц, компьютер үйлдвэрлэж, барилга байгууламж барьж, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг. “Huandai” Солонгосын хамгийн том фирм төдийгүй улс орныхоо эдийн засгийн нэгэн гол хүчин зүйл байсаар ирсэн юм.

Чанг 1915 онд Хойд Солонгосын Асан тосгонд ядуу тариачны гэр бүлд төржээ. Эцэг нь цагаан будааны усан талбайд бөгтөлзөхөөс өөр хувь тавилан гэж үгүй гэдэгт баттай итгэсэн нэгэн байв. Чанг ийм байдлыг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй тул аз жаргалын эрэлд гарахаар шийдэж, гэрээсээ хэдэн ч удаа оргожээ. Гэвч аав нь түүнийг олоод л буцаачихдаг байлаа.

Тэрээр 1934 онд Сөүл хүртэл зугтаж байж эцгийнхээ гараас холдож чаджээ. Чанг Сөүлд ирээд таних хүнгүй тул гудамжинд унтаж байсан ч ажил олох гэж уйгагүй хичээсээр цагаан будаа хүргэгчээр ажиллаж эхлэв. Зөвхөн ажлын төлөө өдөр шөнөгүй зүтгэх тэрээр ахиж дэвшиж, арав таван зоос хуримтлуулсаар амьдрал нь нэлээд сайжрав. Удалгүй оромж, гэр бүлтэй болж улмаар будааны наймаа эрхлэх болов.

Дэлхийн 2-р дайны үед дайснууд Чангийн хөрөнгийг хэдэн удаа хураасан нь түүнийг гадаадынханд дургүй, үндсэрхэг үзэлтэй болгожээ. 1946 онд Чанг Япончуудаас дутахгүй гэсэн эрмэлзлэлдээ хөтлөгдөн авто засварын газар нээж “Huandai” хэмээн нэрлэв. Тэрээр өдөр шөнөгүй ажиллаж, мөнгө олох арвижуулах бүхий л аргыг хэрэглэсээр 1950 он гэхэд авто засвар, тээвэр, барилгын гурван салбартай болсон байлаа.

Чанг дайны дараах хүнд хэцүү байдлыг мөнгө болгон хувиргаж чадсан юм. Тэрээр харийнхныг жигшдэг ч Америкийн армийнхантай дотно танилцсаны хүчинд “Huandai” констракшн тэдний барилга байшинг барих их ажилд оров. Богино хугацаанд өсөн тэлж байгаа компанид Солонгосын засгийн газар ч захиалга өгч эхэлжээ. Гэтэл энэ бүх захиалгын цаана ямар ч туршлагагүй эзэн, ажилчид байсан гэдэг.

Гэвч Чанг “Ямар ч байсан эрэлтийг олж авах нь чухал. Эрэлт байсан цагт юуг ч чадна, хийнэ” гэдэг байлаа. Энэ үг нь товчлогдсоор яваандаа “Huandai” корпорацийн уриа “Хийнэ, чадна” болж хувирчээ. 1967 онд тэрбээр хямд төсөр үнэтэй автомашин үйлдвэрлэвэл асар их ашиг олж болохыг олж хараад шууд энэ ажлаа хэрэгжүүлж эхлэв.

Чангад энэ үйлдвэрлэлийг эрхлэх боловсон хүчин, хөрөнгө мөнгө аль аль нь дутагдаж байсан ч, ямар ч гэсэн дөрвөн дугуйт тэргэнцэр босгож амжив. Энэ үед “Huandai motors'’-ын эвдэрсэн машинууд замын хажуугаар л нэг эгнэн ярайдаг байсан гэдэг. Гэвч төлөвлөсөн орлогоо авч чадсан Чанг шинэ загварт их мөнгө хаяснаар бүтээгдэхүүний чанар өдрөөс өдөрт дээшилж байлаа.

Алдарт Итали дизайн, Мицүбиши хоёртой гэрээ байгуулсан нь бүр ч сайнаар нөлөөлөв. Өнөөдөр “Huandai motors” дэлхийн автомашины том компаниудын нэг болж чадсан юм. Зөвхөн Ульсат заводад л гэхэд Хятадад үйлдвэрлэдэг тооны машины угсардаг байна. “Huandai” мөн автобус, минивэн, xүнд тэргүүд ч үйлдвэрлэдэг болов.

Бусад хүн чадахгүй, мэдэхгүй гээд шантрах зүйлд Чанг хэзээч ухарч няцаж байгаагүйгээрээ онцлогтой 1965 онд “Huandai” Констракшн анхны гадаад захиалга авч, Тайландад хурдны зам тавихаар болжээ. Мань хүнд халуун орны онцгой нөхцөл байдлын тухай ойлголт байгаагүй учраас барьсан зам нь хайлж урсаад, эсвэл хатаж хагараад байв. Мөн хэдэн өдрөөр орох бороо барилгын талбайг нь намаг болгочихно.

Зардлаа xэмнээд Японы армиас олзолсон техникийг авч очсон нь эвдэрч хэмхрэн, тэнд ажиллаж байсан Тайландчууд нь хөлсөө нэмэхийг шаарджээ. Гэтэл дургүй нь хүрсэн Чанг бүр өндөр цалинтай Солонгос ажилчдаа авчирч ажиллуулаад: зогсохгүй хамгийн сүүлийн үеийн техник худалдан авав. Тайландад тавьсан энэ зам “Huandai'’-д алдагдал авчирсан ч хамаг хүчээ дайчлан, хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулснаар харин алдар хүнд нь өсчээ.

Хямд үнээр хүнд нөхцөлд ажилладаг хүчирхэг компани тодорлоо гэсэн сургаар газар газраас захиалга овоорч эхлэв. Саудын Араб боомтын нефть дамжуулах дэлхийн хамгийн том байгууламжийг барих ажил санал болгоход Чанг хулчийсангүй. Энэ ажлаас “Huandai'’-ийн авах 931 сая доллар барилгын хамгийн үнэтэй төсөл болсон төдийгүй тухайн үеийн Солонгос улсын төсвийн талтай тэнцэж байв.

Малайз улс Азийн хамгийн урт гүүрийг, Америк 315 өндөр нефтийн цамхгийг “Huandai'’-д захиаллаа. Чанг тэр үед “Хамгийн хэцүү зорилго хамгийн их баяр баясгаланг авчирч байна. Ямар ч бэрхшээл надад адал явдал шиг санагдах боллоо” гэж байв. Энэ дайчин хүн “Huandai Hawi” электриклийг байгуулж, компьютерийн зах зээлд нэвтрэв. “Huandai Sheepbould-ing” нь усан онгоц үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том фирм болсон юм.

“Huandai Sisen” далайд шороо асган хиймэл газар бүтээж, цагаан будааны их тариаланг үүсгэв. Энэ мэтчилэн “Huandai” корпорацийн 35 пүүс Солонгосын эдийн засгийн салбар бүрт тэргүүлэгч байрын төлөө өрсөлдөж, Чанг өөрөө улсынхаа тэргүүн бизнесмен болж чадсан юм. Чангийн бизнест хөл тавьсан бүхий л амьдрал тэмцэл дунд өнгөрчээ.

Тэр ажилчдадаа “Та нар өөрсдийгөө дайчид гэж үзэх хэрэгтэй. Би ч гэсэн цэргийн хүн шиг ажиллах болно. Хамтдаа ялалтын төлөө тэмцвэл “Huandai” ч хүчирхэгжинэ, та бүхний аж амьдрал ч сайжирна гэдэг байв. Үнэхээр ч тэр тулалдааны талбарт байгаа мэт тэмцэж явдаг тул хэдэн ч удаа осолдож, амиа алдах дөхсөн аж.

Гэвч тэрээр “Надад үхэх зав байгаагүй” гэж хошигнодог юм. Харин эрсэдсэн үрэгдсэн ажиллагсдынх нь тоо яггүй их байдаг аж. Ажилчдад өдөрт хөдөлмөрлөх тогтсон цаг гэж байдаггүй учир гэртээ зөвхөн унтах гэж л харина. Мөн амралт гэдэг нь хийсвэр ойлголт байлаа. Өдий дайны хөгжилтэй улс гэхэд ажилчид нь дэндүү бага цалин авдаг ч, чамладаггүйн учир нь тэдний хэрэглээ нэн доогуур түвшинд байлаа. Иймэрхүү онцлогийг хамгийн сайн ашиглаж, хамгийн зоригтой зорилго дэвшүүлж амжилтад хүрч чадсан нь Чанг байлаа. 
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)