Kimochi : Уур тэргүүтэн хорт сэтгэлтэй тэмцэхүй

Уур тэргүүтэн хорт сэтгэлтэй тэмцэхүй

 /Дээрхийн гэгээнтэн Далай ламын 1993 онд Лондон хотод хайрласан айлдвараас/
Уур, урингуй хоёр бол бидний дотны найзууд мөн агаад бага балчир байхдаа би их ууртай байсан ч цагийн аясаар уур гэдэг зүйлээс улам улам холдсон юм.
Билиг оюун, нигүүлсэхүй хоёрыг эргэцүүлэн сайтар дадуулсны үр дүнд өнөөдөр уур хилэнд хууртагдахаа больж харин ч бүр тэднийг зохих хэмжээгээр цээрлүүлж чадаад байх болсон. Хичээл шамдал гаргасан хэн боловч сэтгэлээ эерэгээр өөрчилж чадах нь зуун хувийн магадлалтай болох нь өөрийн минь туулсан туршлагаас харагдсан билээ. Өөрчлөлтийг шууд бий болгох боломжгүй тул удаан хугацааны хичээл шамдал шаардагдах болно. Бодол оюундаа хувьсал хийнэ гэдэг юун түрүүнд аль бодол санаа сэтгэлийг номхон, амарлингуй тайван болгож аль нь амаргүй тайван бус, тэсвэрлэхэд бэрх байдалд хүргэж байгааг тус тус танин мэдэх явдлыг хэлнэ. Бие махбод олон зуун сая эд эсээс бүрддэг бол сэтгэл ч гэлээ адилгүй олон зүйлийн хувьслыг өөртөө агуулдаг. Сэтгэлийн ийм их аугаа тогтлыг нягт нямбан ажиглаад сэтгэхүйг сайн муугаар нь ялгаж салгаж чадаж байвал тэр хүн үнэхээр оюунлаг хүн хэлэлтгүй мөн.
Эдгээр үнэнхүү сайн санаа бодлыг хөгжүүлэх хүсэл дуршлын төрж үүсэх үндэс нь эерэг сайн үр дүнг нь таньж ухаарах явдал юм. Шагжаан чадагч бурхан багшийн айлдсан дөрвөн үнэний номлол нь бурханы шашныг бүрэн бүхлээр нь өргөж байдаг суурь нь мөн. Дөрвөн үнэний гуравдахь нь хорихуйн үнэн мөн агаад үүнийг хутагт Нагаржүна багштан сэтгэл хэмээх үндэсний дээр оршиж асан хорт нисваанис аажмаар бүрмөсөн устан үгүй болсон тэр хэсгийг хэлнэ гэдэг. Хорихуй нь хүрэх ёстой гэгээрэл ч бас мөн. Хутагт бурхан ч энэхүү гэгээрлийг сэтгэлдээ бий болгосны хүчээр л гэгээрлийн замыг заагч болсон учиртай. Хутагт бурхан бол анхнаасаа гэмгүй, төге гэгээн, онцгой нэгэн бодгал байгаагүй, харин хичээл зүтгэлийн үр дүнд хорихуйн үнэнийг сэтгэлдээ бий болгосон нь л зөвхөн түүнд сүсэглэн бишрэхийн шалтгаан болж байдаг юм. Дээр дурдсан гэгээрлийг сэтгэлдээ бий болгох зорилгыг өвөрлөж гэгээрлийн замаар замнаж эхэлсэн, эс бөгөөс эхлэхээр зэхэж буй учраас хувраг эрдэнийг ч аврагчдын нэгэнд тооцдог учиртай.
Нисваанис болон нисваанис бүхий атгаг бодол нь устсан буюу түүнээс ангижирсан сэтгэлийн цэвэр мөн чанарыг жинхэнэ хорихуйн үнэн гэж үзэх хэрэгтэй. Тийнхүү устаж үгүй болох нь сэтгэлд оршин буй гэмийн хирийг арилгагч ерөндөг буюу арга замыг л ахин дахин дадуулан бясалгасны үр дүн тул хирээс ангижирсан хэсэг, ангижруулагч арга зам хоёрыг хоёуланг нь сэтгэл гэж үзэх хэрэгтэй болж байна. Түүнтэй нэгэн адил хирийг устган үгүй болгох талбар нь мөн л нөгөө сэтгэл үндэс маань байх учиртай. Бурханы номоор дадал сургууль хийхийн өмнө сэтгэлийн мөн чанарыг мэдэж ухаарах явдал их чухал байдаг нь үүнээс шалтгаалдаг. Гэвч сая тайлбарласнаас " юмс бүхэн сэтгэлийн чанартай, сэтгэлд ургасан төсөөлөл л юм. түүнээс өөр юу ч бус" гэсэн ойлголтыг авч болохгүй. Юутай ч болов бурханы шашинд сэтгэлийн мөн чанарыг таних явдлыг ихэд чухал гэж үздэгээс шалтгаалан нэлээд хүмүүс бурханы шашныг сэтгэл судлалын шинжлэх ухаан гэж боддог юм. Бурханы номд бүх нисваанисыг нөлөөллийн хувьд ерөнхийд нь "сэтгэлийг хямраах нөлөө бүхий зүйл" гэж тодорхойлон тайлбарлана.

Сэтгэлийн таагүй байдал тавгүйдэх нь нисваанис болон бусармаг сэтгэхүйн атгаг бодлын шууд нөлөө юм. Сэтгэл нь хувирлын хувьд буюу ерөнхий мэдрэмжийн хувьд нүгэл бус. Саяхан би барууны шинжлэх ухааны эрдэмтэд сэтгэл зүйч, тархи судлаач нартай удаан хугацааны турш хэлэлцсэний дүнд хутагт Бурханы таалалд сэтгэл хөдлөл байдаг гэдэгт санал нийлсэн юм. Англи хэлний сэтгэл хөдлөл "еmotion"гэдэг үгийг төрөл бүрийн шинжлэх ухаанд хэрхэн тайлбарлаж буйг харгалзан үзээд бурханы сэтгэл таалалд ч мөн "emotion" буюу сэтгэл хөдлөл байдаг гэдэгт ийнхүү үзэл нийлсэн хэрэг л дээ. Энэрэл, нигүүлслийг ч гэсэн сэтгэл хөдлөлд тооцож болно. Сайн саар гэх хоёр зүйлийн сэтгэл хөдлөл бий. Уур тэргүүтэн нь муу талын сэтгэл хөдлөл тул сэтгэлд бий болсон төдийгөөр сэтгэлийг тавгүйдуүлэх төдийгүй муу үйлийн авъяас нөлөөг хэзээ нэгэн цагт идэвхжин гарч ирэхүйц далд байдалтайгаар үлдээдэг муу уршигтай. Тэр муу үйл өрөөл бусдад хор болохын зэрэгцээ тухайн бодгалийг өөрийг нь ч зовлонтой учруулна.
Ийм нөлөө бүхий сэтгэл хөдлөлийг нисваанис буюу хорон сэтгэл гэнэ. Хилэн бас түүний нэг хэсэг. Хилэнд ч бас сайн, муу хоёр байж болох юм. Тодруулбал зарим үед бусдыг гэсэн нигүүлсэл хуурмаг бус халуун дулаан сэтгэлээр өөрийнх нь төлөө зөөлөн аргыг хэрэглэвч тухайн хүний үл ойшоох байдал нь аргаа барж хатуурхахад хүргэдэг. Түүнчлэн уур хилэнг хэрхэн гэгээрлийн арга зам болгон ашигладаг тухай нууц тарнийн ёсонд номлосон бий. Зарим бурхдын дүр догшин хэрцгий байдаг нь үүнээс шалтгаална. Энэрэнгүй сэтгэлээр хатуу хандах нь заримдаа хүч чадал, урам зоригийг нэмж өгдөг талтай. Харин энгийн нэг уур бол хорлох сэтгэл үүсгэдэг, хорлох сэтгэлд сайн чанар гэж огт үгүй билээ. Хорлох сэтгэл л бусдад хортой муу үйлийг хийлгэдэг. Эгэл хүн төрөлхтөн хийгээд бурханы номын гэх 2 байр сууринаас хорлох сэтгэлийг шинжлэх бололцоотой. Шашин, үзэл баримтлалын ялгаа гэлгүй эгэл хүний талаас үзвэл: - бидний хүсдэг аз жаргалыг үүсгэх эх сурвалж нь эрүүл мэнд, эд баялаг, найз нөхөр эдгээр гурван зүйл мөн. Хорлох сэтгэлээр тэргүүлсэн нисваанис эрүүл мэндэд хортойг хэлэх юун.

Бие, сэтгэлийн эрүүл мэндийг сахин хамгаалах олон арга тогтолцооны нэг нь зөв сэтгэхүй юм. Цаг үргэлж сэтгэлээ тайван байлга. Бурхшээл бол хүний амьдралд зайлшгүй тохиолдох зүйлийн нэг боловч сэтгэлээ талбиун хандсан хүн хожно. Дөнгөж давалгаалсан давалгаа мөнөөх их ус уруугаа шингэж замхардаг шиг түрхэн зуур сэтгэл зовних асуудал байсан ч сэтгэлийн гол үндсийг түүнд автуулж болохгүй. Сэтгэлийн уг язгуураа тогтвортой байлгаж чадах юм бол цусны даралт тэргүүтэн хэвийн байж эрүүл мэндэд тань тустай. Миний хувьд, нас ахих тусам биеийн минь эрүүл мэнд улам сайжраад байгаа. Энэ нь чухам юутай холбоотойг хэлж мэдэхгүй. Урьдын эмчлүүлдэг эмчээрээ эмчлүүлж, урьд нь үргэлж хэрэглэдэг байсан эм, хоол хүнсээ хэвээр нь л хэрэглэж байна. Тиймээс үүнийг сэтгэн бодох үйл явцтай минь холбож тайлбарлах ёстой. Намайг тусгай түвд эм хэрэглэдэг байх гэж зарим хүн боддог л доо, гэвч надад тийм эм огт байхгүй. Дээр хэлснээр, би бага байхдаа маш их ууртай байлаа. Заримдаа уурлахаараа "миний өвөө их ууртай хүн байсан болохоор би ч бас тийм ууртай болчихсон юм "гэж тайлбарладаг байлаа. Гэвч цагийн элээлтэнд одоо бараг хэнд ч уур хүрэхээ больжээ.
Түвдүүдийг доромжлон дээрэлхэж, зовоон тарчлааж буй Хятадуудад ч уурлахаа байсан. Миний дотно найз нараас зарим нь цусны даралттай. Гэвч тэдэнд даралтнаас болсон асуудал огт гардаггүй юм. Их хэмжээний хөрөнгө мөнгөний эзэн болсон хэдэн найзуудтайгаа уулзахад эхлээд хэсэг сонсголонтой сайхан зүйл ярьсныхаа дараа өлзий бус гай зовлонгоо ярьж эхэлдэг юм. Эд баялаг байвч сэтгэлийн зовиуртай хүн маш олон бий. Сэтгэлийн тайван бусаас болоод заримд нь хоол шингэхгүй, нойргүйтэх тэргүүтэн олон бэрхшээл тохиолддог. Биеэ эрүүл байлгая гэвэл сэтгэлээ амгалан байлгах нь маш чухал. Зөвхөн эмчийг бараадах нь өрөөсгөл агаад дотоод сэтгэлээ нягтлан ажиглах хэрэгтэй. Аз жаргалын дараагийн уг сурвалж бол эд хөрөнгө юм. Зарим өглөө сэрэхэд сэтгэл минь таагүй байх үед гарт байнга зүүдэг цагаа харахад ч таатай бус байдаг бол, урьд өдрийн сайн бясалгалын нөлөөгөөр өглөө сэрэхэд сэтгэл таатай байхад мөнөөх цаг маань урьдахиасаа ч илүү сэтгэл булаам болсон байх жишээтэй. Цаг бол огт өөрчлөгдөөгүй хэвээр байгаа зүйл. Ийм адилгүй мэдрэмж өгч буй нь зөвхөн сэтгэхүйгээс л хамаарч байгаа юм.
Тиймээс гадаад эдлэлээс аз жаргал, сэтгэл хангалуун байдлыг авах эсэх нь тухайн хүний өөр өөрийн нь сэтгэхүйгээс л хамаардаг болж таарлаа. Хэрэв тухайн сэтгэхүй уур мэтэд эзэмдүүлсэн нөхцөлд эд хөрөнгөнд ч халтай. Өөртөө тохиолдсон бас нэгэн зүйлийг ярихад, би бага байхдаа заримдаа цаг засдаг байлаа. Нэг үе сэтгэл бачимдахдаа цагаа хэмх дэлсчихдэг байв. Уур сэтгэлийг эзэмдсэнээр л ийм болчимгүй үйлийг олонтоо хийдэг хэрэг. Сүүлд нь маш ихээр харамсах хэрэг гардаг байж билээ.Уг нь зорилго маань цагийг засах явдал атал яагаад тэрнийг ширээн дээр хэмх дэлссэн юм бол? Гадаад эд зүйлс, аз жаргал, сэтгэл хангалуун байдал зэргийг авчирдаг нь үнэн л дээ. Гэхдээ сэтгэхүйгээс нэн ихээр хамаарч байдаг нь дээрх жишээ мөн. Амар амгалангийн гуравдагч эх сурвалж нь найз нөхөр юм. Бид сэтгэл тайван байхдаа шударга, уужуу талбиун болж ирдэг нь тодорхой. Би олон жилийн өмнө болсон явдлыг яръя. Хятадын засгийн газартай сайн холбоотой Англи үндэстэн Филиппе Жао-Эн-Ли тэргүүтэй Хятадын дээд хэмжээний сайдуудтай олон жил харьцсан, тэдэнтэй маш ойр дотно нэгэн байлаа.
1977-1978 оны үед тэр, Дарамсалаад олон тооны кино хуурцагтай ирээд Хятадын явуулж буй бодлогыг сайшааж маш өргөн яриа дэлгэлээ. Ярианы эхэн үед бид хоёрын санаа огт нийлсэнгүй. Хятадууд Түвдэд ирсэн нь сайн хэрэг болсон гэж үзэж байгаагаа тэр ярьж байлаа. Миний үзэл бодол, болсон явдлын бодит мэдээ сэлтээс Түвд нэн хэцүү байдалд байсан үе л дээ. Гэвч тэр үед би түүнд ер уур хүрээгүй, мэдэхгүйн улмаас тэгж бодож байна даа гэж санаж байлаа. Тайван байдалтайгаар яриагаа үргэлжлүүллээ. 1930-аад оны эхэн болон сүүлчээр зарим түвдүүд "Хятадын улаан намд элсэн орж улмаар Хятад, Японы дайнд Хятадын талд байлдаж, сүүлд Хятадууд түвдийг түрэмгийлэн цөмрөн орж ирэхэд ч гар нийлэн туслаж байлаа. Үүний шалтгаан бол улаан коммунист үзэл суртлаар дамжуулан Түвдийг хөгжүүлэх гэсэн хүсэл эрмэлзэл, түүнийгээ гүйцэлдүүлэх завшаан тохиож байна гэж бодсоных юм. Гэвч 1956-1957 оноос тэднийг номхотгон, нэлээдийг шоронд хийж, ихэнхийг нь үзэгдэх сонсогдох зүйлгүй болгосон юм. Энэ учрыг би Филиппст тодорхой ярьж өглөө. Яг үнэндээ би өөрөө ч гэсэн нэг үе 50:50 хувийн коммунист, бурханы шашинтан байж үзсэн юм.
Үнэн сэтгэлээсээ, уужуу саруул ухаанаар тайлбарлаж хэлж өгсний дараа Англи нөхрийн баримталж байсан санаа үндсээрээ өөрчлөгдсөн юм. Үүнээс хойш хоёр талуудын хооронд үзэл бодлын ямар ч зөрүү байлаа гэсэн уужуу саруул ухаан, шудрага үнэн дээр тулгуурлан сурган хэлэлцэх юм бол өөрийн үнэн бодлоо бусдад ойлгуулж чадах юм байна гэсэн итгэл надад төрсөн билээ. Үзэл бодлын зөрүүгээс болж бие биедээ хонзогнох бус бид адилхан л хүн шүү дээ гэх ухамсрын үүднээс үзэл бодлоо ойлгуулж чаддаг энэхүү арга замыг ашиглан хүн төрөлхтөн харилцан оюун ухаанаа хөгжүүлж чадах юм байна гэж би боддог юм даа. Хэрэв XIҮ Далай лам гэдэг хүн бусадтай учрахдаа инээмсэглэх нь ховор байсан бол би одоо байгаагаасаа цөөн найз нөхөдтэй байх нь лавтай. Би хэн нэгэнтэй тааралдахдаа надтай л аднл нэгэн учирлаа даа гэж үргэлж боддог. Энэхүү бодлоор бол ерөнхийлөгч юмуу хатан хаан эсвэл үгээгүй гуйлгачин ч байсан нэг нэгэндээ халуун, дотно сэтгэлээр хандах аваас ямар ч ялгаа байхгүй. Албан тушаал тэргүүтнээс хүний төрөлх энэрэнгүй сэтгэлийг би илүүд үздэг. Би ч мөн энгийн л нэг хүн.
Би чадах хэрээрээ туршлага хуримтлуулж, хичээл зүтгэл гаргасны үндсэн дээр шинэ сэтгэхүйтэй болсон хэдий ч энэ маань тийм их гайхмаар зүйл огт бус. Та нар мэдлэг, туршлага аль ч талаасаа гэсэн надаас илүү. Миний бие орчин цагийн боловсрол, дэлхий дахины тухай мэдээллээс ангид алс бөглүү жижигхэн тосгонд төрсөн нэгэн агаад тэр ч байтугай 15-16 насандаа санаанд багтамгүй их үүрэг хариуцлагыг хүлээх болж билээ. Тиймээс та бүхэнд надаас илүү боломж бололцоо тохиож байгаа тул мятрашгүй зоригтойгоор багахан л хичээх хэрэгтэй юм. Хүсэл зориг бүхүй хэн алин ч сайн Сайханы зүгт хувьсан чадах нь зуун хувийн баталгаатай. Хэрэв яг одоо та томоохон бэрхшээл дор нухлагдан байгаа аваас ашигтай, боломжтой найдлагатайг олж харж хичээгээрэй. Байгалаас заяасан хүн төрөлхтөний билиг оюун, онцлог чадамжуудаа бүрэн төгс ашиглаж чадах юм бол ямар ч бэрхшээлээс бид ангижирч чадах учиртай.
Түмэн Олныг Гийгүүлэгч Банчин Ойбүрүл Ринбүүчийн Бурханы шашны "Гүнчав Жамбаалин төвөөс гаргасан "Асрал энэрлийн хүч чадал" номноос авав
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)