Kimochi : Боловсрол бол амьдралын соёл

Боловсрол бол амьдралын соёл

Судлаач И.Саньцар Монголчууд нүүдэлчин удмын ард түмэн билээ. Нүүдэлчин байх нь суурин ард түмнийг бодвол олон талаар дутагдалтай нь үнэн. Үл хөдлөх хөрөнгө гэж бараг мэдэхгүй. Түүхийн үнэт эд өлгий зүйлс нь нүүдэл суудлын явцад хугарч эвдрэх, норж урагдах, гээгдэж хаягдах гэх түмэн шалтгаанаар үрэгдэж алга болох нь элбэг. Тийм ч учир Монгол хүн үл хөдлөх хөрөнгийг шүтэхээс илүү хөдөлгөх, хувиргах, наймаалах эд хөрөнгийг ихээхэн эрхэмлэн үзнэ. Үүнээс уламжлан нүүдэлчин ард түмний боловсрол мэдлэг нь компакт, цомхон аль ч үед юунд ч шилжүүлэн хэрэглэж болох хурдан шалмаг хувирамтгай шинж чанартай байдаг. Энэ нь тэдний тархи толгой, генд нь оршиж байдаг.

Манай өвөг дээдэс эртнээс олон улс түмнийг захиран нийгэм харьцаа, хүн төрөлхтний хоорондох мэдээллийн шинэ зарчмыг дэлхийн түүхэнд хэрэгжүүлж байсны хувьд бидний уураг тархинд ассир, перс, хятад, түвд, европын асар их нууцлаг мэдээллүүд удамшин оршиж ирсэн байдаг. Суурин ард түмэн консерватив сэтгэлгээтэй байдаг. Нэгэнт л тэгээд ойлгочихсон бол түүнээсээ сална гэж байхгүй. Ном, сонин, телевизээр хичнээн үзэж хараад ойлгохгүй. Жишээлэхэд, Монголыг элчилгүй цөл гээд ойлгочихсон бол манай нутаг ой модтой, загас жараахайтай гээд яриад байхад танайхан чинь хаана усанд ордог юм бэ? Танайх чинь гол, горхи байхгүй говь цөл шүү дээ гээд асуугаад байдаг. Газрын зураг дээр том гол, мөрний зураг үзүүлээд ч нэмэргүй. Гэтэл бид чинь бараг мэдээлэл авч чадахгүй байтлаа сургаар нь ойлгоод, мэдээд байдаг чадал увьдастай.

Энэ бол монгол хүний боловсрол, мэдээлэл олж авах өвөрмөц онцлог юм. Гэхдээ монголчууд суурьшиж эхэлж байна. Ийм нөхцөл байдалд манай улсын баримтлах боловсролын бодлого ямар байх ёстой вэ?
Нэгд, хямд төсөр байх ёстой.
Хоёрт, амьдралын зорилго шаардлагад яв цав нийцсэн оновчтой байх ёстой.
Гуравт, дэлхийн шинжлэх ухаан соёлоос хоцрохгүй байх ёстой.
Дөрөвт, нэгдсэн систем шаардлагатай байх ёстой.
Бид ирээдүйнхээ иргэдэд юу мэдүүлэх хэрэгтэй вэ? Энэ бол зайлшгүй соёлт хүн мэдэж байвал зохих хүн төрөлхтний соёлын өв уламжлал түүний үндэс юм. Улс даяар өгч байгаа боловсролын түвшин ерөнхийдөө бага ангийн түвшингээр хязгаарлагдаж байна. Энэ нь зүгээр энгийн ойлгомжтой юмыг хүндрүүлж хүний толгой эргүүлдэг манай боловсролын дутагдалтай үйл ажиллагааны үр дүн юм. Хувь хүний унаган эрүүл сэтгэхүйг буруу арга барилаар дарамталваас шинжлэх ухаан мэдлэг соёлоос айдаг, өөрийн оюуны чадавхид итгэдэггүй, догматикаар, муйхраар зүтгэдэг нэгэн бүрэлдэн бий болохоос өөр аргагүй. Тийм хүн манай нийгэмд захаас аваад алхам тутамд тааралдаж байна.

Сургуулийн хүүхдэд хүн төрөлхтний соёлын өвийг системтэй мэдүүлэх хэрэгтэй. Яагаад соёл гээд байгаа юм гэхлээр хүн болгон чадаж байх албагүй ч мэдэж байх ёстой онолын мэдэгдэхүүн хүнийг бүх насанд нь дагаж түүний амьдралыг залж тодорхойлж явдаг тэр зүйл нь соёл байдаг.
Жишээлбэл, Математикийн шинжлэх ухаан гэхэд л натурал тоо, бүхэл тоо, рационал тоо, иррационал тоог ямар шинжээр нь ангилдаг, бодит тоо хуурмаг тоо гэж юу юм бэ? Тэгштгэл, тэнцэтгэл биш гэж юу юм бэ? Функцээс юугаараа ялгаатай юм бэ гэдгийг ойлгосон байх ёстой. Түүнээс хүн бүр математикийн мэргэжилтэн болох албагүй. Математик бол дүрсэлж, харж, загварчилж байх ёстой шинжлэх ухаан юм. Хэдүйгээр физик, хими математик загварчлалыг сайн харуулж чаддаг боловч зориуд томъёо, тэгшитгэл бүрийн загварыг геометр загвараар зураглан харуулж байж математикийг ойлгуулах болно.

Бид математик загварын санааг геометр талаас нь, график талаас нъ дүрслэн харж түүний гол хуулийг ойлгож байвал амьдралд хаана ч хэрэглэж чадна.Физик, химийн хичээлийг ч тэр ямар гол хууль үйлчлээд байгааг тодорхой харуулах хэрэгтэй. Баахан учир утагагүй томъёо үзэж, бодлого бодуулаад чухам нарийн учрыг, хуулийн ерөнхий тогтолцоог нээн харуулж чадаагүй бол цаашид амархан мартагддаг бөгөөд дахин сэргэж чаддаггүй. Аливаа шинжлэх ухаанд үйлчилж байгаа ерөнхий хууль, чанарыг нарийн цэгцтэй ойлгуулахыг соёл гээд байгаа юм.

Тодорхой шинжлэх ухааны хичээлээс гадна цөм соёлыг зайлшгүй мэдүүлэх шаардлагатай. Үүнд: дэлхий ертөнцийн тогтолцол, биолог, хэл судлал, нийгмийн соёл, урлагийн соёл, ахуйн соёл, технологийн соёл гэсэн хичээл зайлшгүй байх ёстой. Манайд энэ талаар асар их дутагдалтай байна.
Нэгдүгээрт, хичээлүүдийг базаж системчилж чадаагүй байна.
Хоёрдугаарт, зайлшгүй судалж, мэдэж байвал зохих соёлын зарим хичээл огт орохгүй, заагдахгүй байна.
Жишээлбэл, биологийн хичээлийг гэхэд ургамал судлалаасаа эхлээд амьтан судлал, хүний биеийн анатоми гэх мэтчилэн нэг хичээл болж базаж, системчлэх ёстой.
Дэлхий ертөнцийн тогтолцлын хичээл гэхэд газар зүй, геологи, цаг агаар, одон орон астрономийн хичээлүүд багтах ёстой.

Хэл судлалын хичээлд үндэсний бичиг, төрөлх хэл, гадаад хэл багтах ёстой. Хэл бол цаг, орон зайн ухагдахуун дээр тулгуурлагдсан байдаг. Хэлний гол хууль дүрэм нь үйл үг түүний цагийн хувирал юм. Тэр хуулийг хүүхдэд мэдүүлэх явдал чухал. Тэгэхээр монгол хэл өнгөрсөн одоо ирээдүй гэсэн гуравхан цагтай байдаг гэдэг одооны аргаа өөрчлөх хэрэгтэй. Манайх чинь нийтдээ хорин зургаан цагтай шүүдээ.Тэр нь бусад гадаад хэлтэй их дүйдэг. Төрөлх хэлээ гадаад хэлтэй харьцуулж заавал их үр өгөөжтэй. Хэлний нарийн мэргэжилтэн бэлтгэж байгаа юм шиг толгой эргэм олон зүйл заагаад байх хэрэггүй. Орон зайг тодорхойлсон угтвар дагавар, сул үг, төлөөний үг, тэмдэг нэр мэдэж байхад хэн ч гэсэн өөрийн саналаа гадаад хэлээр чөлөөтэй ойлгуулаад байдаг. Тэр нь аяндаа хөгжөөд хэл дорхноо сурчихдаг.

Нийгмийн соёлын хичээлийг жинхэнэ гүн утгаар нь түүхээс эхлүүлээд хууль, эрх зүйгээр нь дамжуулаад амьдралтай холбож үзэх хэрэгтэй. Ялангуяа арван гурав, арван дөрөвдүгээр зууны дэлхийн түүх бол тэр чигээрээ Монголын түүх шүү дээ. Аль ч улсын түүхийг аваад үзэхэд Монголтой холбоотой байдаг. Амьдрал гүн ухаан, философийг шашны сургаальтай холбож сайхан тайлбарлах хэрэгтэй. Худалдаа, санхүү, зээлийг асуудлыг ч өнгөц тусгаад өгөхөд гэмгүй.

Урлагийн соёлын хичээл бол бас л дуу хөгжим, дүрслэх урлаг, утга зохиолын хичээлийг нэг системд оруулж базсан хичээл байх ёстой. Энэ хичээлээр урлагийн олон янзын урсгал, түүхийн нандин бүтээлүүдийг таниулж, тайлбарлаж хүнийг тэнгэрлэг зиндаанд аваачих хэрэгтэй. Түүнээс нэг нот сараачсан шиг, шүлэг уншсан шиг өнгөрөөж болохгүй. Зураг хөгжим, уран зохиолоос гадна театр, балет, кино телевиз гээд өчнөөн урлагийн төрөл огт дурсагдахгүй өнгөрч байгааг өөрчлөх хэрэгтэй.

Ахуйн соёл бидний өдөр тутмын амьдралын хэрэглээ юм. Ийм хичээл байх ёстой. Ахуйн соёл бол дотроо хуультай онолтой байдаг. Архитектур, дизайны мэдлэгээс гадна антропометрик, эргономик, өнгө зохицуулах ухааны анхны мэдлэгийг соёлт хүн зайлшгүй эзэмшсэн байх шаардлагатай. Ариун цэвэр, халдваргүй эрүүл орчин, экологийн цэвэр орчин бол бидний амьдрал юм. Амьдрах орчноо шинжлэх ухааны үндсэн дээр тохижуулах асуудал улам бүр газар аван хөгжсөөр байна. Энэ бол бидний гэр, бидний ажлын газар, бидний үйлчлүүлдэг газар юм. Бидний үйлдвэрлэж, бүтээж байгаа зүйл ч гэсэн ахуйн соёлын өндөр шаардлагыг хангасан байх ёстой. Ийм боловсрол дунд сургуульд зайлшгүй ордог байх ёстой. Бидний амьдрал хөдөлмөрөө зохицуулна гэдэг чинь бас ахуйн соёл юм.

Иймээс гэр бүл төлөвлөлт, компьютерийн хичээлийг ч бас энэ хичээлд базаж цогцоор нь оруулах хэрэгтэй. Хүн, нийгмийн хөгжлийн хамгийн гол тулгуур хүчин зүйл нь техник, технологийн хөгжил байдаг. Технологийн соёлыг улсаас тусгайлан анхаарч тусдаа бие даасан хичээл болгож заах мэргэжилтэн багш бэлтгэж оруулах хэрэгтэй.Технологи бол өөрийн гэсэн түүхтэй, дотроо тодорхой зарчимтай, ангилаж системчилж болдог шинжлэх ухаан юм.

Хүн төрөлхтний хэрэглэж байгаа материаллаг баялгийг бүтээж байгаа зарчим хэдхэн гол үзэгдэл дээр тулгуурлаж байдаг. Хайлуулах цутгах, тамгалах, хэвлэх, тасдах, наах гэх мэт. Металл ч адилхан, шавар ч адилхан, платмасс ч адилхан.
Орчин үед эрчимтэй хөгжиж байгаа нано микро технологи ч ерөнхийдөө ижил зарчимтай байдаг. Үүний гол үзэл санаа, зарчмуудыг сурагчдад ойлгуулвал манай сэргэлэн толгойнууд юугаар ч юу хийчих улсууд шүү дээ. Заавал гадны технологийг сохроор хуулбарлах хэрэггүй юм.

Ерөнхий боловсролын асуудалд онолын чиглэлтэй ийм соёлын үндсэн мэдлэгийг өгөхөөс гадна практикум гэдэг хичээлийн төрөл маш чухал байр суурь эзэлнэ. Хүн юмыг гараар хийж амьдрал дээр туршиж байж мэдлэг нь жинхэнэ бүтээлч болдог. Жинхэнэ практикумын хичээл дээр дуулж хуурдаж, биеийн тамир хөөж, гар урлалын бүтээл туурвидаг байх хэрэгтэй. Тэгэхдээ энэ нь хүүхэд бүрийн дур сонирхол, авьяас чадвараас шалтгаалсан сонголт байвал зүгээр. Анги өгсөх тутам бүхэл бүтэн сэдвээр бүрэн дүүрэн практикумын ажил хийлгэж байвал их үр дүнтэй байхсан.

Жишээлбэл, гахайн ферм байгуулах төсөл боловсруулахад байшин барилгын зураг төсөл тооцоог гаргуулж, эдийн засгийн тооцоог хийлгэж болно. Биологи, зоотехникийн талаас нь судлуулж ажлын байрны зохион байгуулалтыг гоо сайхан, эрүүл ахуйн талаас нь анхаарч улсын ямар ямар газраас зөвшөөрөл авдаг, хүнд суртлын шат дамжлагыг яаж давах, хөрөнгө мөнгөө хаанаас яаж босгох бүх л талын амьдарлын аар саар зүйлийг хамарч оруулсан байвал хүүхэд амьдралд сайн бэлтгэгдэж гарах болно.

Ер нь практикумын төсөл их фантази, мөрөөдлийн шинж чанартай байх тусмаа сайн юм. Практикумын ажлыг бүх мэргэжлийн багш нар үзэж, өөр өөрсдийн үнэлгээ, дүгнэлт, зөвлөлгөөг өгдөг байвал бодит үнэлэмж бий болно. Цаашид хүүхэд мэргэжлээ сонгох, их дээд сургуульд суралцахад ч тус дэм болно. Манай дээд, тусгай боловсролын системийг онолын чиглэлтэй судалгаа шинжилгээний зориулалтгай их сургууль, практик чиглэлтэй инженер, техникчид бэлтгэх дээд сургууль гэж ялгахгүй бол боловсролд хий дэмий хөрөнгө мөнгө их үрэгдэж байна.

Ихэнх ажлын мэргэжил тийм их онолын өндөр, нарийн мэдлэг шаардагддаггүй. Их, дээд сургуулийн үзэж байгаа программын түвшин ижилдүү боловч нэг нь жаахан судалгаа шинжилгээний арга барил руу хазайсан, гүнзгийрүүлсэн олон жилийн сургалттай, нөгөө нь практик тал руугаа хэлбийсэн богино хугацааны сургалттай байвал зохино.

Аль ч сургалтад нэг ийм зүйлийг анхаарах хэрэгтэй. Улсаас бүр зориуд тийм шаардлага тавьдаг байхад илүүдэхгүй. Энэ нь юу юм бэ гэхлээр шинжлэх ухааны гол хууль дүрэм, томъёог хүүхдийн чадалтай чадалгүйг үл харгалзан заавал цээжлүүлдэг байх хэрэгтэй. Хууль, дүрмээ цөмийг мэдэж байгаа хүн цэгцтэй, тодорхой сэтгэж чадна. Оронцоглоод, барагцаалаад байхгүй.

Мэдлэгээ хэрэглээд, дасгалжуулаад байхаар хүн аяндаа ухаан цоорч ирдэг. Хэрэгцээтэй мэдээллээ эрж олж авч чаддаг болно. Одоо хүн хангалттай мэдээлэл авч байна. Харин түүнийг ойлгож, тусгаж авах чадвартай болгох хэрэгтэй. Ард түмэн маань бүгдээрээ төрөлхийн сэргэлэн, дээр нь ухаан цоорхой, уян хатан, компакт мэдлэг боловсролтой болчихвол ямар ч алт эрдэнээс үнэтэй баялаг тэр болно. Үүнд нэг их мөнгө хөрөнгө зарцуулаад байх хэрэггүй. Зөвхөн зохион байгуулалт, хуулиа сайжруулахад хүрэлцээтэй. Ийм иргэншсэн соёл боловсролтой улс Азид байтугай дэлхийд гялалзан бадрах нь дамжиггүй.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)