Kimochi : Их Монгол улсын хил Х.Шагдар / шинжлэх ухааны доктор, профессор /
ИХ МОНГОЛ УЛСЫН ХИЛ
            Их Монгол улсын хилийн шугамыг өнөөгийн олон улсын хил шиг нарийн тогтоох боломжгүй юм. Сурвалж бичиг эртний газрын зураг, судалгааны зохиол сэлтийг судлан үзэж:
1/.   1206 онд Их Монгол улсыг тунхаглах үе
2/.   1236 он буюу Их Монгол улсын ид цэцэглэл хөгжлийн үе хэмээн хоёр шаталж барагцаалан хил тогтоов.
Зургийг гаргахдаа доктор Ж.Гэрэлбадрахын “Монголын нутаг дэвсгэр, хил хязгаарт түүх. УБ. 2002” номын 70 дугаар талд буй “Их Монгол улс (2006 он)” зургийг хувилбар болгон авч, түүнд загвар оруулах замаар тодорхойлохыг хичээв.  
1206 оны жил
1. Хойд хил: 
Баримт
1/.   Монголын түүхэнд Их Монгол улсын хойд хилийг “Байгаль нуураас”1 хэмээн бичсэн буй.
2/.  1178 онд Жамуха, Тоорил, Тэмүжин нар мэргэдийг дайлахад Тогтоа бэхи нар
       “Сэлэнгийг уруудан Баргужин оронд дутааж”2 байв. Ван хан 1198 онд мэргэдийг   
       дайлахад “Тогтоа бэхийг Баргужин дөхөмдөөд үлдэн хөөж байв.”3
3/. Голландын газар зүйч Ёоддкус Хондокус 1606 - 1619 онд хэвлүүлсэн. “Татар” хэмээх Монголын эзэнт гүрний зурагтаа Их Монгол улсын хойд хилийг хойд мөсөн далай хүргэж гаргасан байх бөгөөд тайлбартаа “хойд талаараа отог аймаг үл орших мөсөн далайтай хиллэдэг” хэмээн бичжээ. 4
Дүгнэлт
1. Баргужин орон гэдэг нь мэргэдийн хязгаар нутаг мөн нь тодорхой тул мэргидийг бүрэн мөхөөсөн учир Их Монгол улсын хилийг тэр хязгаараар тооцож болно. Иймээс Их Монгол улсын хилийг тэр хязгаараар тооцож болно.
2. Баргужин голын эх ба Байгал нуурын умард хөвөө нь бараг нэгэн өргөрөг (-Ө 550- Ө 560 )–ийн завсарт байна.
2.Баруун хойд хил:
Баримт
            Судлаачдын гаргасан зурагт Их Монгол улсын баруун хойд хилийг 55-р өргөргөөс дээгүүр Байгал нуурын  хойгуур болон хойд эргийн доогуурханаас бараг чанх баруун тийш татсан буй нь түүхэн үнэнд нийцэхгүй Хөвсгөл нуурын  баруун ба баруун хойд нутагт оршин байсан ойрод, Киргез зэрэг “ойн иргэдийг ” 1207 онд Байгал нуурын баруун эргээр нутаглагч хоритүмэдийг (Б.Батсүрэнгийн зургаар)51216 онд Чингэс хааны цэрэг эрхшээлдээ оруулж авсан
Дүгнэлт
            Их Монгол улсын баруун хойд хил нь Байгал нуурын  баруун өмнөд эргээс Хөвсгөл нуурын хойд эргээр гарч зурагдах нь зүйд нийцнэ.
3. Зүүн хойд хил:
Баримт
1/. 1206 онд Чингэс хаан “Мухулай Гоо ван, Зүүн гарын Хараун-жидуны (хямган) хавийн түмнийг мэдтүгэй”6 хэмээн зарлигдаж байв.
2/. Чанчун бомбыг Монголын ноёдоос хамгийн түрүүнд Даридай отчигин хүлээн авсан ба ламтан түүний ордоос 3-4 хоног явж Хэрлэн гол хүрсэнээ тэмдэглэжээ. Ламтан үхэр тэргээр цагт 4км, хоногт 14 цаг явсан гэж үзвэл 4 хоногт ойролцоогоор 220 км орчим газрыг туулна. Энэ тооцоогоор Даридайн орд нь Хянганы баруун бэл, Өргөнэ голын савд байсан нь тогтоогдоно.
3/. Хятадын түүхийн товч атласд8 ”Монгол улсын зах хязгаар нь Их Хянган нурууны зүүн бэл хормой, Онон голын сав газраар нутаглах Нагачу ноёны харьяат,” “Урианхайн гурван харуул” буюу “Урианхайн гурван хязгаар”9 байжээ хэмээн тэмдэглэсэнийг Ж.Гэрэлбадрах эшилсэн байна.
Дүгнэлт
            Их Монгол улсын зүүн хойд хил нь Баргужин голын эхнээс Хянганы нуруугаар өмнө зүг үргэлжилнэ.
4. Зүүн, зүүн өмнөд хил:
Баримт
1/. Чингэс хаан 1208 оны хавар Алтан улсын Чжанцзун хаантай гэрээ хэлцэл хийхээр очиход түүнийг хилийн хот-Далан хар уулын сав дахь Цзиньчжоу-боомтод хүүтэйгээ уулзуулж байв.10
2/. 1211 онд Алтан улс Шимо Мянганыг зарж мөн энэ боомтод Монголтой гэрээ байгуулахыг оролдож байв11.
3/.  1211 онд Зэв, Мухулайн цэрэг энэ хотоор дайран гарч зүрчидийн нутагт цөмрөн Үсэпү-хэмээх хилийн тосгоныг анхлан байлдаж байв.
4/. 1211 онд Алтан улс нь Чингэс хааны цэргийн эсрэг Дуншэн, Хөх хотын орчмоор12 баруун тийш Фучжоу , Чжанбэй13- ийн шугамаар цэрэг суулган хориглолт байгуулж  байв.
5/. Монголын түүхэнд Их Монгол улсын хилийг “түмэн газрын цагаан хэрэм хүртэл”14 бичсэн буй.
6/. Ёоддкус Хонокус Их Монгол улсын хилийн тухайд “зүүн талаараа хятад хэмээх нэр нь үл танигдах гүрэнтэй” хиллэнэ гэж бичжээ
Дүгнэлт
1/. Их цагаан хэрмээр- Хөх хот- Дуншэний зааг нь Их Монгол улс-Алтан улсын хил байжээ гэдгийг дээрх баримтууд гэрчилнэ.
2/. Эш хувилбар зураг дээр “онгуд”-ыг хилийн гадна гаргасанд шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь: Онгудын эзэн Алахуш Тихидхури 1204 оноос Чингэс хаанд дагаар орсон бөгөөд 1206 онд түүнийг Чингэс хаан 95 мянгатын ноёны нэгнээр томилсон нь15 Онгуд Их Монгол улсын бүрэлдэхүүнд бүрэн орсон байсныг илтгэнэ. Иймээс Их Монгол улсын зүүн хилд Онгудын нутгийг бүрэн оруулж зураглах ёстой.
5. Өмнөд хил: 
Баримт
            Чингэс хаан 1205-1227 онд Тангудыг 6 удаа дайлахдаа өнөөгийн Өмнө-говь аймгийн нутгаас Эзний гол, Альша-ийн хоёр чиглэлээр Тангудын нутагт цөмрөн дайтсан байдаг билээ. Тухайлбал 1205 онд эзний Эзний голын чигээр довтолж Тангудын хилийн “Лигэр Лоши хоёр цайзыг”16 эзлэн авсаныг олон сурвалжид тэмдэглэсэн байна.
Дүгнэлт
            Өнөөгийн Хөх хот- Ланшань уулын хойд бэл-Согоо нуурын шугамаар Их Монгол улсын өмнөд хил баруун тийш өнгөрч байжээ.
6. Баруун өмнөд, баруун хил:
Баримт
1/. Чингэс хааны цэрэг 1199 онд баруун найманы Бюруг хааны цэргийг Алтайн-Өлгийд бут цохиж цэргийг нь Алтай давуулан хөөж Бюруг хаан Хар Эрчист зугтан гарчээ17.
2/. 1204 онд Чингэс хаан Алтайн өмнөд биеийг түшин оршдог Өмнөд найманыг бүрэн эрхшээлдээ оруулаад 1205 онд Баруун найманы Буюруг ханыг мөрдөн очиж устгаснаар Найман аймгийг мөхөөн дагуулсан билээ.
3/. Монголын түүхэнд Их Монгол улсын хилийг “Алтайн уулс өнгөртөл”18 гэжээ.
4/. Академич Н.Ишжамц Их Монгол улсын баруун хил нь <Өрөнгө гол, Өрөнгөр нуур хүрч байсан>19гэжээ.
5/. Чингэс хаан 1219 онд Сартуулыг дайлаар мордохдоо Эрчис мөрний хөвөөнд цэргээ хуралдуулсан ба эргэж ирэхдээ нутгийнхаа хил дээр наадам хийсэн “Буга сочихой гэдэг газар нь Эрчис мөрний эх орчим байсан”20
Дүгнэлт
            Их Монгол улсын баруун өмнөд ба баруун хил нь Алтайн уулыг бүрэн багтааж, Согоо нуур –Хар Эрчис голын эхээр хойш эргэж байжээ.
1236 оны хил
7.Хойд хилд гарсан өөрчлөлт:
Баримт
            1207 онд Зүчийн цэрэг ойн иргэдийг байлдан эзэлсэн, 1211 онд Харлуг Уйгур дагаар орсон, 1217 онд Хорь-Түмэдийг бүрэн эрхшээлдээ авсан21.
Дүгнэлт
            Ингэснээр Их Монгол улсын хойт хил Байгал нуурын  биеэр цааш сунаж Байгалийн зүүн хилтэй зэрэгцэн Саяан нурууны хойт бэлээр баруун тийш үргэлжлэх болжээ.
8. Зүүн өмнөд хилийн өөрчлөлт:
Баримт
Өмнөд Сүн улстай байгуулсан гэрээнийхээ ёсоор
1/. 1234 онд Айцзун хааныг Цайчжоу (Жунань) хотод бүслэн бут цохиж Алтан улсыг мөхөөсний дараагаар Өгэдэй хаан Өмнөд Сүн улстай байгуулсан гэрээний ёсоор “Хунань мужийг Сүн улсад өгч”22“Газраа Хунань мужаар хуваан”23 хил тогтоосон юм. Цайчжоу хот нь  хоёр мужийн зааг дээр байжээ.
2/. Мөнх хаан 1251 онд “Говшийн өмнөх орны засаг захиргааны газар” гэгч цэргийн хүнсний хангалтыг эрхлэх штабыг Хубилайгаар ахлуулан байгуулав. Штабын салбар хэлтсийг Нанжинд байгуулж, бас Танчжоу (Танхэ), Дэнчжоу (Дэнсянь) зэрэг газарт цэрэг суулгаж, атар хагалуулан, дайсан ирвэл дайн хийж, дайсан явбал тариа тарих болов24. Дэнчжоугаас Хатан голын тохой хүртэл Сүн улсын хилийн дагууд ийнхүү нэг ёсны хориглолтын шугам, хүнс хангалтын бааз татжээ.
     Баруунаа Дэнчжоугаас (Хэнань мужийн), зүүнээ Цанхоу, Таоюань (Цзынь) хүртэл хилийн бүх шугам дагуу; мөн ханьшуй голоор сахиул цэрэг тавьж, Мянчжоу (Шэньсийн), Ланчжоу (Сычуаний), Бочжоу (Аньхойн), Цзаоянк , Гуанхуа (Хэбэйн) зэрэг хотыг бэхлэв25.
3/. Хубилай Эчжоу (Ухань)хотруу давшихийн тулд 1259 оны 7р сард “Жунань хот орчимд ирж хүрээ буун цэргийн хүнс бэлтгүүлэв.”26
4/. Мөнх хаан 1258 оны хавар Сүн улсыг даяалхаар Люпаншань уулнаас мордож байв.
Дүгнэлт
      Их Монгол улсын өмнөд хил нь Шаньдун мужийн өмнөд, Аньхай мужийн хойт биеэр ойролцоогоор 34 зүгээр өргөргийн орчмоор Шар тэнгист тулж, баруунаа Хэнань мужийн
Жунань - Танүжоу, (Танхэ)- Дэнчжоу (Дэнсянь) Хатан голын тохойгоос чанх өмнөд Ханьшуй голын сав Сычуань мужийн баруун хойт биеэр дайрч Люпань шань уулын өмнөд биед хүрч байжээ.
9.Өмнөд хилийн өөрчлөлт
Баримт
1/. Тангуд улсыг 1227 онд мөхөөн, Их Монгол улсын бүрэлдэхүүн болгов.
2/. Тэр үед Тангуд улс нь зүүн талаараа одоогийн Баотоу, Дуньшин Вэйхэ голын хойт  
      дүүрэг Люпаньшань уулын зүүн бэлийг дагаж Алтан улстай хиллэж, Хөх нуураар Төвдтэй, Хами хотоор Уйгуртай, хойт талаараа Их Монгол Улстай хиллэж байв.
3/. Хөх нуурын Монголчуудыг Өгэдэй хааны 2р хөвгүүн Годан захирч байсан ба төвд нь
      алба, гувчуур төлөхөө зогсоосон тул “1240 онд цэргээ Төвд рүү илгээж байв” 27
4/. Ёоддкус Хондокус Монголын эзэнт гүрэн “урд талаараа Энэтхэг улс”-тай хиллэнэ гэжээ.
Дүгнэлт
            Их Монгол улсын өмнө хил нь Люпаньшань уулын өмнөд бэлээс баруун тийш Хөх нуурыг багтаан Төвдийн уулсаар үргэлжлэн Хами-д хүрч байжээ.
10.Зүүн хойт хилд
1206 оныхоос өөрчлөлт гарсангүй. Учир нь:
1/. Их Монгол улс- Гуулин улсын дайн 1231 оноос эхлэхэд Саритай жанжин Ляодунд орж, Алтан улсын цэрэгтэй байлдан зам гаргаснаар Амноккан мөрөнд хүрч байв.
2/. Хойд Хятадыг Алтан улсаас тусгаарлан Дорнод Ся (1214-1233) улсыг байгуулсан жанжин Ваньну захирч байсан бөгөөд 1233 онд Гүюгийн жолоодсон цэрэг тэр улсыг мөхөөснөөр Ляодун, Хэйлун мужийг Алтан улсын цэргээс бүрэн чөлөөлж28, Киданчуудын мэдэлд өгсөн юм.
Тиймээс 1236 оны байдлаар Их Монгол улсын хил Хойд хятадын нутаг руу тэлээгүй байв.
11. Баруун хил
Баримт
1/. Сартуулыг бүрэн эзэлснээр Их Монгол улсын баруун хил нь Шин (Инд) мөрнийг даган
     Афганистаныг багтааж өнөөгийн Кабулын өмнөд биеэр баруун тийш эргэн тогтсон.
2/. Чингис хаан Хорезмыг эзлээд баруун хилээ сахиулж Чурмаган ноёныг Каспин тэнгисийн зүүн өмнөд Эльбрусийн өмнөд бэлд орших Дамган хотод суулгасан юм. Тэрбээр хилээ цааш ахиулж 1231 онд Тебриз улмаар Ван нуурын баруун эрэгт гарч Хлат (Ахлат) хотыг29 эзлэн сууж бэлтгэлээ хангаад 1236 онд Гүрж, Армян, үндсэндээ бүх Кавказыг эзэлснээр тэнд Журместан муж (1236-1256)-ийг байгуулж цэргээ Гандзак (Тебризийн орчимд байсан) байрлуулан баруун хилээ сахин сууж байв30.
3/. 1236 онд Булгар, Башкирыг унагаснаар Зүчийн улсын хил Урал, мөрнөөс цаашлан Ижил мөрний адагт тулсан юм.
4/. Ёоддкус Хондокусын зурсан ба тайлбартаа өгүүлсэнээр Их Монгол улс нь <баруун талаараа Каспийн тэнгист> хүрч байжээ.
Дүгнэлт
      Их Монгол улсын баруун хил нь Хами-аас Кашмир, Памирийн нуруу-Кызыл су гол- Сурхаб (Кандуз) гол- Кабул голуудыг даган Шин (Инд) мөрөнд хүрч Куррам голын саваар баруун тийш эргэн Кандагар хот- Шфахан хот- Хама хот- Ван нуурыг багтаан 42-р уртаргийн баруун биеэр Хар тэнгисийн зүүн өмнөд эрэгт тулна.
     Журжистан мужийн хойд хил нь Кавказын нуруу дамжин Хар ба Каспин тэнгисийг холбоно.
      Зүчийн улсын хил нь Ижил мөрний адгаас эх авч Сибирийн ойн өмнөд биеийг эмжин үргэлжилсээр Соёны нурууг багтаан Их Монгол улсын хойд хилтэй уулзана.
Эшлэл
1. БНМАУ-ын түүх УБ. 1966 т. 214.
2. Монгол ун нигуч товчиян (Худам монгол бичгээр монгол бичиг, утга судлалын үүднээс Ш.Гаадамбын төсөөлөн нягтлаж сэргээсэн сийрүүлэг эх, тайлбар) УБ. 1990
          Монголын нууц товчоо (Хуучин монгол хэлнээс одоогийн монгол бичгийн хэлээр Ц.Дамдинсүрэн орчуулав) УБ. 1990
3. Монголын нууц товчоо 157-р зүйл 109-р зүйл
4. Ёоддкус Хондокус. Татар (Монгол улсын ерөнхийлөгчийн номын сан)
5. Б.Батсүрэн. Монголын эртний улсуудын нутаг дэвсгэр. УБ. 2003. 148 дахь тал
6. Ш.Гаадамба..., Ц.Дамдинсүрэн ... 206-р зүйл
7. Чан чун бомбын барууныг зорьсон тэмдэглэл. Хайлаар. 1993. 43 дахь тал
8. Хятадын түүхийн товч атлас. Бээжин- Хэбэй 1996
9. Хятадын түүхийн товч атлас Бээжин-Хэбэй.1996. 63-64 дэхь тал
10. Х.Шагдар Монголчуудын аян дайн, цэргийн урлагийн түүх, Тэргүүн, дэд боть,
УБ. 2000. 103 дахь тал
11. Х.Шагдар Монголчуудын аян дайн цэргийн урлагийн түүх. Тэргүүн, дэд боть,
УБ. 2000. 109 дахь тал
12. Далантай. Монголын цэргийн ухааны судлал, Хөх хот. 1990. 495 дахь тал
13. Х.Шагдар .. 109 дахь тал
14. БНМАУ-ын түүх... 214 дахь тал
15. Ш.Гаадамба .. Ц.Дамдинсүрэн ...202-р зүйл
16. Дай юан улсын түүх. Хөх хот. 1987. 34 дахь тал
17. Х.Шагдар Чингисийн байлдааны цадиг. УБ. 1993. 161 дахь тал
18. БНМАУ-ын түүх .. 214 дахь тал
19. Н.Ишжамц. Монголд нэгдсэн төр байгуулагдаж феодализм бүрэлдэн тогтсон нь.
        1974. 57 дахь тал
20. О.Намнандорж. Мөнх хааны гэрэлт хөшөө ба ордыг олж судалсан тухай.
УБ.1956. 4 дахь тал
21. Х.Шагдар. Сэтгэшгүй суутны цэрэглэхүй урлагийн түүх оршивой.
        УБ. 2006. 232 дахь тал
22. Рашипунцаг. Болор эрихэ. Хөх хот. 1985. 66 дахь тал
23. Х.Шагдар Монголчуудын аян дайн, цэргийн урлагийн түүх, Тэргүүн, дэд боть,
УБ. 2000. 162 дахь тал
24. Д.Оссон Монголын түүх II дэвтэр. Хөх хот. 1962. 214 дахь тал
25. Монгол-Татарууд Ази Европт. УБ. 1984. 329 дахь тал
26. Х.Шагдар Монголчуудын ... 198 дахь тал
27. Д.Майдар. Чингэс хаан ба Монголын их гүрэн. УБ. 1990. 89 дахь тал
28. Х.Шагдар Монголчуудын уян дайн цэргийн урлагийн түүх, тэргүүн дэд боть,
УБ. 2000. 80 дахь тал
29. Х.Шагдар Монголчуудын аян дайн, цэргийн урлагийн түүх. Тэргүүн, дэд боть,
УБ. 2000. 368 дахь тал
30. Х.Шагдар Монголчуудын аян дайн, цэргийн урлагийн түүх. Тэргүүн, дэд боть,
УБ. 2000. 374 дахь тал
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

Don`t mention it.
bayartungalag (зочин)

goy

тэмүүлэн (зочин)

nice2 bn shuu oshoo goy yum hiigeerei amjilt

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)