Kimochi : Тэгвэл май! Загас барих арга чинь энэ!

Тэгвэл май! Загас барих арга чинь энэ!

эрэв Та ядуу яваа бол Монголын төр-засаг үүнд төдийлөн буруутай биш, 100 хувийн буруугийн чинь нэлээдгүй, магадгүй дийлэнхи хувийг “МОНГОЛ ХҮН” Та өөрөө үүрэх ёстой, учир нь “Чиний амьдралыг Чи л авч явна. Чиний амьдралыг чамаас өөр хэн ч авч явахгүй!” гэсэн логик амьдрал дээр яг нотлогдоно. Энэ бол гашуун үнэн. Ер нь миний нийтлэлүүд гашуун үнэн рүү л ханддаг, миний сум байгаа ямагт онодог тул эсэргүүцэгчид, зэвүүцэгчид, бас дэмжигчид мундахгүй, гэлээ гээд санаагаа цааш гүйцээгээд өөрсөд рүгээ дахин нэг хандуулъя гэж бодлоо.

Тэвчээр заан уншаарай! Нэг. Бид бусдаас юугаараа дээр юм бэ? Чингисийн удам, дэлхийн талыг эзэлж явсан, босоо заяатай хосгүй энгүй үндэстэн, хязгааргүй их баялагтай, 50 сая малтай, баялгаа хүн амдаа хуваавал дэлхийд эхний байрт гэсэн бидний энэ сэтгэлгээ бол хөгжлийн гол чөдөр, бүр садаа гэж би үздэг юм. Энэ бол ердөө л нүүдэлчний уран сайхны сэтгэлгээ ба монголчууд заяаны байгальлаг, амьтанлаг, уран сайханлаг шинжтэй байдгаас дэлхийг танихгүй, танихыг хүсэхгүй хэмжээнд хүртлээ доошилсон байна. Энэ нь явсаар монголчууд нэгэн биеэ хэзээ ч үл голох, өөрөөсөө бусдыг хэзээ ч үл зөвшөөрөх, өөрөөсөө бусдыг өрөөсөн дугуйгаа мэт ямагт бодох, хэзээ ч буруугаа үл хүлээх, ямагт өөрийгөө зөвтгөх үндэсний чанарыг хөгжөөж өгсөн ба “Буруу” гэдгээр хэрэв Та ядуу бол Та өөрөө буруутай гэсэн зэмлэлийн логик нь энэ ухаантай. Нэгэнт өөрийгөө танихаа байгаад ирэхийн цагт ертөнцөд эзлэх байраа олохоо байж, хөгжил дэвшлээ маш хялбаршуулан төсөөлдөг байна.

Манайхны шагшаад хошуураад байдаг салбар – урлаг уран сайхан, бөх, шашин бол яг үнэндээ хөгжлийн локомитив биш, улсын сан хөмрөгт ганц ч зоосны орлого оруулахгүй гэсэн миний мөнхийн дүгнэлт бол яг ийм төсөөллийг нөгөө талаас нь хэлээд байгаа хэрэг л дээ. Ертөнцөд эзлэх байраа зөв олж, хөгжил дэвшлээ зөв тодорхойлохын тулд эхлээд жижиг улс, жижиг үндэстэн бид хэн бэ гэдгээ зөв томъёолохгүй бол оройтох гээд байна. Ингэхийн тулд асар их хөгжлийн өндөрлөгт хүрчихээд буй жижиг үндэстэн - Сингапур, Швейцарь, эсвэл бүр алс холын Уругвайгаас шууд суралцах, болохгүй бол шууд хуулбарлах хэрэгтэй гэж би үздэг. Бид үнэндээ тэр гурваас илүү юм ердөө ч байхгүй, харин доогуур юм гэвэл нэг нийтлэл байтугай ном ч багадана. Жижиг үндэстэн төрөхөөсөө л айхтар хэрсүү байх ёстой гэсэн миний байнгын ятгалга бол манай нийгэм бүхэлдээ оюунлаг, чадварлаг, сэтгэдэг, суралцдаг, XXI зуун бол товчхондоо оюуны чансаа, оюуны ерөнхий чадавхийн шалгуур болно шүү гэсэн сануулга юм. Дээр нэр заагдсан гурван улс бол хүн амын тоо толгой нь манайтай төстэй, зарим нь манайтай адил геополитикийн байршилтай, чухам оюунлаг нийгмийн шалгуурыг өлхөн давчихаад байгааг би хэт олзуурхаж энд жишээлэх гэж байна.

Хоёр. Хөгжлийн локомотив. Алив улс оронд нийгмийн хөгжлийн тэргүүлэгч, дагалдагч салбар гэж байдаг нь жам юм. Тэргүүлэгч гэдэг нь чирэгч, локомо тив нь. Энд бол зөвхөн экспорт, банк, бизнес, үнэт цаас, хөрөнгийн зах зээл, капиталын хуримтлал, тэдгээрийг ажиллуулагч хүмүүний хөдөлмөр чармайлт, бизнесийн орчныг нь хэлдэг байна. Орчин цагт бол тархины багтаамжийн чинь энгээр бүтдэг салбар юм нэг үгээр бол. Харин дагалдагч салбар гэхлээрээ нийгмийн хангамж, боловсрол энэ тэр гэж явснаа нэлээд хойхнуур урлаг, спорт, уран сайхан нь ордог юм байна. Эхнийх нь (локомо тив) аль ч улсад байх шаардлагатай бол хоёр дахь нэг хэсэгтээ байхгүй байж болно. Манайхны ирээдүйн хөгжлийн баримжаа болох “Зүүн Азийн хөгжлийн загвар” гэж чухам энгийнээр бол энэ юм билээ.

Баруунд үлэмж яригддаг бас нэг онол байна. Мөхөж яваа иргэншил л дуу хуур, урлаг уран сайхандаа живдэг, эрт эдүгээгийн үүх түүхээрээ хэт бахархдаг гэх. Манайхны төдийлөн мэддэггүй тэр онолоор бол өнөөгийн Монгол яалт ч үгүй уруудах зам руугаа ороо юу гэлтэй. Барагдашгүй энэ их дуу хуур, хошин урлаг, бөх, морь, цэнгүүн шоу, мянга мянган фэн, гэтэл хүн амын 40 гаран хувь нь (Мянганы сорилын корпорацийнхаар 75 хувь) ядууралд нэрвүүлсэн, хэрэв урлаг уран сайхан нь цэцэглэж л байвал цаанаа “но”-той гэж иргэншлийн тэр онолд заадаг аж.

Ингээд локомотивоо олж авъя. Манайхны бишгүй их холхисон, нийтээрээ мэддэг гэж цэцэрхдэг Сингапурыг жишээлье. Дэлхийн хамгийн их өрсөлдөх чадвартай эдийн засагтай гэж Сингапурыг Олон улсын хөгжлийн менежментийн хүрээлэн (Швейцарь) үнэлж ирсэн (тэгвэл дэлхий дахины өрсөлдөх чадварын зэрэглэлд Монгол Улс 92 дугаар хавьд яваа), эдийн засгийн эрх чөлөөний индексийн үзүүлэлтээр Хонконгийн дараа хоёрт, үйлдвэрлэлд компьютер робот хэрэглэх үзүүлэлтээр Японы дараа хоёрт, далайд нефть олборлох цооног үйлдвэрлэлээр АНУ-ын дараа хоёрт, нефть дахин нэрэх технологиор АНУ, Нидерландын дараа гуравт, тэнгисийн боомтын үйлчилгээгээр Хонконгийн дараа хоёрт, хөрөнгийн бирж нь Лондон, Нью Йорк, Токиогийн дараа дөрөвт, банкны үйлчилгээгээр Лондон, Нью Йоркийн дараа гуравт гэхчлэн жирийлгээд өгнө дөө. Байгалийн баялаг байтугай цэвэр усны нөөц ч байхгүй, хэт давчуу (манай нэг аймагт ч хүрэхгүй) жижиг нутагт 4-хөн сая хүн ийм баялгийг яаж бүтээв ээ. Өөрөөр хэлбэл Сингапурт ганцхан давуу тал нь далайд гарах гарц нь л байна. Манайтай харьцуулахад бусдаар тэнд газар нутаг, байгалийн баялаг, бэлчээр, мал гэвэл нойл зааж байна. Тархиныхаа хүчээр л тэд ингэж баяжжээ. Энэ бол туршлага биш гэж үү?

Швейцарийг аваад үз. Манайхан бишгүй нэг очиж үзсэн дээ. Тэнд Сингапурыг бодоход харьцангуй (үнэмлэхүй биш шүү) давуу тал байна аа. Мал, бэлчээр, байгалийн үзэмжит газар гээд. Хүн ам нь 7.3 сая хэрнээ 2.3 триллион бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэг хүн амдаа ногдуулбал 36 000 ам.доллар болж байна. Нэг хүнд ногдох банкны актив нь дэлхийд эхний байрт, зөвхөн тэр улсын гуравхан банк гэхэд л дэлхийн бүх банкны нийт активын талыг хянадаг. Бас дэлхий дээрхи бугуйн цагны талыг гаргадаг, бас нэг лут хутга үйлдвэрлэдэг гээд 7-хон сая хүн дээр гайхах мэлзэх юм зөндөө. Гэтэл 7 саяулаа банкир, цаг, хутганы үйлдвэрийн эзэд биш юм гэнэ. Үсрээд л 100 мянгаас хэтрэхгүй, бусад нь тэдгээр салбарт огтын хүртээлгүй, цаад 100-гийнхаа хийснийг хүртээд суудаг ухаантай юм уу даа, энгийнээр хэлбэл. Хүн амын тун өчүүхэн хэсэг нь хөдөө аж ахуйд малчид, үнээний сүү, бяслаг, сүүн шокаладаар дэлхийд бас толгой цохино. 7.3 саяын чинь 100 000-ыг нь банк, цаг, хутганы үйлдвэр рүү хамаатууллаа гэхэд үлдэх 7 сая гаруйг нь яаж болгодог юм гэдэг тэр туршлагыг бид судалж нэвтрүүлж болохгүй гэж үү?

Орос, Хятадын банкуудтай уралдахгүйгээр тэр хоёрын дунд Stock Exchange болж, Дорнод Сибирь, Өвөр Монголын хооронд бирж, капиталын хуримтлалын сүлжээ үүсгэж, тэдний мөнгө санхүүг бирждээ ухаалгаар байршуулан үнийн зөрүүгээр ашиг олж бид Төв Азидаа нэгэн Швейцарь лугаа болъё гэж дахин уриалмаар. Хөгжлийн локомотивоо 180 градус эргүүлж, гол юмаа барьж аваачээ гэж би хэлж байна л даа.

Гурав. “Аж үйлдвэр” “Аж үйлдвэр” гэхлээр том том суурь машин, комбинзон өмссөн түлхүүр барьсан ажилчин, утаа суунагласан өндөр яндангууд, Та бидний нүднээ буудаг байсан тэр үе чинь түүх болжээ. Ерөөсөө мөнгө үйлдвэрлэж (цаасан мөнгө хэвлэхийг хэлээгүй, босгохыг хэлж байна), тэр нь хөрөнгийн хуримтлал болж байдаг бүхий л салбарыг олон улсын эдийн засгийн ухаанд “Аж үйлдвэр” гэж нэрлэдэг юм байна. Уругвайд нийт эдийн засагт нь 64 хувийг үйлчилгээний салбар эзэлж, манайд 38 хувьтай байна гэсэн харьцуулалт хийж үзье. Энэ 64 хувь гэдэг маань “Аж үйлдвэр”-ийн нэгэн гол салбар юм байна. Үүнийг англиар “Service Industry” гэх ба манайд үйлчилгээний аж үйлдвэр гээд нэрлэчихвэл яагаад болохгүй гэж. Швейцарьт үйлчилгээний салбар нь 63.5 хувь эзэлдэг, гэхдээ тэр нь “Banking Industry” (Банкны аж үйлдвэр гэх үү?) дээрээ суурилдаг юм байна.

Хөгжихийн тулд, үнэндээ монголчуудаа баяжуулахын тулд гарт барьцтай, нийтэд хүртээлтэй, өртөг зардал, эрсдэл багатай тийм салбарыг сонгох тухайд дээрхи жишээг татаж байна. Ердөө л монгол хүн Та хөгж, хөгжлөө л бол Таны тархи ертөнцийн мөнгийг хамах нь байна шүү дээ! Бүгдээрээ мал аж ахуйгаа хаяад уурхай бараадацгаая гэсэн хийрхэл өнөөгийн Монголын нийгмээр тэнүүчлэн байна. Уул уурхайнаас өөр ажил хийх ёсгүй гэсэн ойлголт ч түгээмэлжжээ. Нинжа гэгч үүний сонгодог илрэл нь. Малчин байснаа нинжа болчихдог юм гэнэ. Монголчуудын нэг гол дутагдал бол хар тэнхээг оюун ухаанаас илүүд үзэх явдал. Энэ нь өнөөгийн монголчуудын ердийн, өдөр тутмын амьдрал дээр захаас аван нотлогдоно. Энэ нь хөдөөд алт ухах нинжа нар, хотод бол захууд, захын худалдагч, ченжүүд, ломбард, лангуу, эсвэл хадгаламж зээлийн хоршооны эзэд ба хохирогчид гэхчлэн. Ийм маягаар явбал хөмөрсөн тогооны үлгэр үргэлжлэнэ. Төрөөс лут лут уурхай байгуулан алт, зэс, нүүрс ухаад баяжина гэх нийгмийн сэтгэлгээг би сөргүүлж байгалийн баялаг бол шууд ашгаа өгөхгүй, бүх хүн амд хамааралгүй, уурхайд ажилласан хэдхэн мянган хүнд ашигтай, дагуулах эрсдэл ихтэй, бас нөөц нь дуусах нэг өдөр ирнэ хэмээн тэрс үгээ хэлэх гэж байна. Хөрсөн дор байгаа энэ их баялаг чинь харьцангуй давуу тал шүү, өөрсдөө бид хөгжөөч ээ хэмээн манай төр, засаг уриалаад байгаа чинь огт үндэсгүй ч биш шүү дээ.

Дөрөв. Май, тэгвэл PayPal! “Мэдлэгт суурилсан эдийн засаг” гэгчээр л монголчууд дэлхийд гарч ирэх цаг болсон хэмээн их бичих болж. Одоо бүр цорын ганц гарц гэж үзэх хүн ч байна. Би яг тэгж дүгнэхийн босгон дээр бас байна. Үнэндээ монголчууд минь, банк биржээс халшраад, хоёр хөршийн дунд Stock Exchange болох нь хүнддээд, миний өмнө бичсэнүүдийг үлгэр гэж үзэж няцааж байгаа бол баяжуулах хамгийн энгийн нэгэн аргыг би зааж өгье. Та, Таны гэр бүлийг баяжуулж чадахуйц гарт барьцтай, нийтэд хүртээлтэй, өртөг зардал, эрсдэл эрс багатай тийм нэг салбар бол PayPal гэгч юм. Монголын бараг бүх дунд, дээд сургууль англи хэлийг зааж байгаа. Тэрийг нь сурчих, эсвэл хүүхдээ сургачих, боломжийн түвшинд шүү, тэгээд интернэт гэж хил хязгааргүй их далай байна, тэр хоёрыг хослуулчих. Эдүгээ онлайнаар наймаа хийдэг 190 зах зээл, түүнд оролцож юм хумаа зардаг 184 сая хүн, түүнээс 73 сая нь нэн идэвхтэй борлуулагч, худалдан авагч, реэкспортчин дэлхийд байна. Дэлхийн 19 улсын мөнгөн тэмдэгтээр тэд наймаагаа хийж байна. PayPal-ын идэвхтэй бүс, орон зай, улс орон манай эргэн тойронд зөндөө байна. Манай том хүү 2004 онд PayPal-оор морин хуур, бэлэг дурсгал гээд нэлээд юм борлуулж гайгүй орлого олж байснаас үүдэн би PayPal-ыг “Мэдлэгт суурилсан эдийн засаг”-ийн маш энгийн, тэгэхдээ ашигтай хэлбэр нь хэмээн үзэх болсон юм. Ердөө болохгүй юм гэж огт байхгүй, англи хэл интернэт хоёроо л зөв хослуулчих. Монголоос захиалан авч болох юм зөндөө байна шүү дээ. Цаана чинь 180 сая худалдан авагч биднийг харж байна. Писи тоглодог бараг бүх залуус ялигүй хөдөлмөрлөөд л болчих тэр салбарыг би зааж өгч байна шүү дээ. Ядуу гэж өөрөөсөө бусдыг зүхэж яваа монголчууд минь, оюуны багтаамж, сэтгэлгээ, тогтоомж зэргээрээ “IQ” өндөртэй биш бил үү, бид чинь, PayPal-оор баяжицгаа!
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

Don`t mention it.
hi (зочин)

sanal neg bn. malchid min mal aj ahuigaa bitgii orhiosoo, mongolchuud min sohor nomin bitgii boloosoi/ninja/.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)