Kimochi : Бизнес бол ажил юм

Бизнес бол ажил юм

Та үүнд эргэлж байна уу? Баян болохын тулд дээд сургууль төгсөх ёстой гэж та бодсоор байна уу? Тийм бишээ. Эргэлзэж байгаа хүмүүст хандан хэлэхэд энэ хорвоогийн хамгийн баян 250 хүний 60 нь ямар ч боловсролгүй хүмүүс байсан. Гэтэл та бизнесийг ямар нэгэн тусдаа орших онцгой ажил мэт үзсээр байгаа нь харамсалтай. Тэр тусмаа Монголд бизнес бол тун энгийн. Бараа ав, худалдан авагчид санал болго. Хэдхэн төрлийн бараа зарах юм бол та гудамжны наймаачин гэсэн үг. Арай ихийг зарвал жижиг бизнес эрхлэгч болно. Харин алтны уурхай юмуу үйлдвэрлэл эхлэх аваас том бизнесмен болно. Эх орноо тэр чигт нь худалдаж эхэлвэл улс төрч боллоо гэсэн үг.

Монголд бизнес нэг иймэрхүү. Бизнес эрхлэхийн тулд худалдаачин болох ёстой. Орчин цагийн бизнесийн хамгийн чухал болзолын нэг нь энэ юм. Үүнийг тооцоогүйгээс шинээр бизнес эрхлэгчид дандаа шатаж байдаг. Мөнгө дутагдах, авилгал, хээл хахууль, гэмт хэрэг, найдваргүй түншүүд гэх мэт шалтгаанууд бизнесменийг сүйрүүлэх нь бага. Харин хуучнаа сэтгэх сэтгэлгээ буруу үзэл бодол л түүнийг сүйтгэж байдаг. Та бизнес эхэлсэн бол шинэ амьдрал эхэллээ. Та хуучин амьдралаасаа нэг ч зүйл үлдээж машиныхаа багажинд хийх хэрэггүй. Энэ нь тэнэг сүйрэлтэй, аюултай алхам болно.

Чононуудын дунд амьдарсан бол чоно болон улих хэрэгтэй гэсэн бизнесийн хууль байдаг. Эс тэгвэл чононууд чамайг тас татан иднэ. Бизнесийн хамгийн гол хууль нь ашиг юм. Зөвхөн ашиг. Ашгаас өөр юу ч хэрэггүй. Үлдсэн бүгд нь хог новш. Ашиг л бизнесийг удирдана. Та ашиг олох сонирхолгүй хэзээ ч болохгүй. Та ашиг олох сонирхолтой бол бага зэргийн ашиг болно. Харин та ямар ч үнээр хамаагүй ашиг олох сонирхолтой бол саятан болно. Бид бурхан ба бэлэн мөнгө хоёрт л итгэдэг гэж америкчууд ярих дуртай. Энэ хэдий эвгүй боловч үнэн зөв томъёолол юм.

Та бизнесмен болж байгаа бол Теодор Драйзерын «Санхүүч», «Мундаг эр», «Гудиггүй эр» хэмээх цуврал романыг заавал уншаарай. Бизнес хийж байгаа хүн нөхөрсөг, найз нөхдийн болоод бусад харьцааг нулимбал зохино. Тэд эхлээд түрийвчнээс базаж дараа нь хоолойг баздаг. Танд одоо ашиг л хэрэгтэй. Танд нөхөрсөг харьцаа хэрэггүй. Нөхөрсөг харьцаа алдагдал гаргадаг. Хэн нэгний өрийг өршөөх, хэн нэгнийг ойлгох, хэн нэгэнтэй хуваалцах, хэн нэгэн ашиг авчирахгүй мөртлөө цалин хүртээд байгааг мэдсэн мөртлөө амаа жимийх хэрэг гарна. Эцсийн дүнд бөөн алдагдал. Та энэ бүхнийг өөрийн ашгаас төлдөг. Багын найз гэж юу юм бэ? Алдагдалыг хэн нөхөх вэ? Хэн төлбөр хийх вэ? Би юу даа. Уучлаарай. Найз бол найз, ашиг бол ондоо. Та ингэж ярьж сурсан тэр цагаас л баяжиж эхэлдэг. Та саятан болох нь гарцаагүй.

Учир нь та ашиг нэгдүгээрт тавигдах бизнесийн хуулийг дөнгөж сая ойлголоо. Бизнес эхэлсэн хүн номын, хууль ёсны, соёлтой байх талаар бодох ч хэрэггүй. Нэг хөнжилд байгаа бол булаах, араар тавих, хулхидах, бусдын санааг хулгайлах гээд бүгдийг хийх хэрэгтэй. Ингэж чадсан нь илүү ашиг олж, чадаагүй үлгэн салган алхалдаг. Танд ашиг оруулахгүй байгаа бүхнээс аль болох хурдан сал. Ямар ч үнээр хамаагүй. Эс тэгвэл та өөрөө дампуурна. Та бизнес эхэлсэн бол үүрэг хариуцлага, нэр төр энэ тэрийг таг мартаж бүр дэвслэх хэрэгтэй. Эс тэгвэл ашиг олохгүй. Хэн нэгэнд зээлээ эргүүлж төлөхийн төлөө бизнест эргэлдэж байгаа мөнгийг хэзээ ч бүү гарга. Зээлдэгчийг хуур. Ингэж байж л ашиг олдог.

Та арилжаа наймаа хөөж байгаа бсл эх оронч энэ тэрийг мөн мартах хэрэгтэй. Учир нь Монголын баялагийг гадаадад өндөр үнээр зарах үед та ашиг олно. Эргээд тэндээс новш авчирч зарвал дахин ашиг олно. Ингэж чадахгүй бол та ашиг олохгүй. Олсон ч бага олно. Бага олж байвал та муу бизнесмен гэсэн үг. Бизнесийн хууль хатуу ширүүн. Эс дагавал цаазаар авч дампууруулна. Бизнесийн хууль ба ёс суртахуун хоёр харш юм. Ёс суртахуунтай хүн өрөө төлж, хүүгээ цаг хугацаанд нь өгч байдаг. Ингэвэл та ашиг олохгүй, бизнесмен болохгүй. Ямар ч үнээр хамаагүй зээл санхүүжилт олох, хэзээ ч эргүүлж өгөхгүйгээ мэдсээр байж мөнгө салгах, чанаргүй барааг хүмүүст худал магтан зарах үед л бизнесээс ашиг олдог. Ёс суртахуунтай бол та бизнесмен болохгүй.

Ашиг ёс суртахуун хоёрын алийг нь дагах вэ гэхэд эхнийхийг дагасан нь цэцэглэж, сүүлчийнхийг дагасан нь дампуурч байдаг. Тэгэхээр та бизнесмен болж чадахаа эсэхээ яг одоо мэдэх боломжтой. Бизнест ашиг гэдэг ганцхан үг л хүний ухаан бодол, аж амьдрал, үйлдэл, харьцаа гээд бүхнийг тодорхойлж болно. Нэг үгээр хэлэхэд бизнесмен болж ашиг олъё гэж бодвол хий хоосон сайхан мөрөөдөлд умбах хэрэг огт байхгүй. Хууран мэхлэх, худал хэлэх, дууриалгах, нуух, эргүүлж үл төлөх, хууль журам зөрчих, хулгай хийх, тэмцэлдэж зодолдох, хэн нэгнийг золионд гаргах, өрсөлдөгчөө санхүүгийн хувьд нухах гээд бүхнийг хийх л хэрэг гарна. Тиймээс та сайн бизнесмен болъё гэвэл энэ бүхнийг хийхэд бэлэн эсэхээ бодоорой.

Соёл иргэншилтэй, үнэнч шударга, сайн сайхан бизнесийн тухай бичиж байгаа номонд бүү итгэ. Тэр хүн энэ номыг бичиж чамд шахаад чиний мөнгийг хармаалж, чам шиг олон олон дуракийг сэгсэрсэндээ жаргалтай алхаж яваа. Шударга бизнес гэж байдаггүй. Шударга саятан хорвоод байхгүй. Яагаад гэвэл шударга бизнес өөрөө алдагдалтай. Саятануудын сайхан инээмсэглэсэн дүр төрхөд бүү итгэ. Энэ арьсны цаана хамгийн харгис хэрцгий махчин байгаа. Тийм биш байсан бол тэр баяжихгүй байсан.

Том үйлдвэрлэгч, засаг дарга, рок од, нэртэй жүжигчин, улс төрч тэд бүгд увайгүй хүмүүс бөгөөд тэгэж байж л нэрд гарсан. Тэр авилга өгсөн, авсан, нуусан, хулгайлсан, хумсалсан, хувьчилсан, луйвардсан. Эс тэгсэн бол тэр баяжихгүй байсан. Нэрт зохиолч Генригийн хэлсэнээр хэрэв хүн шударга хөдөлмөр эрхэлбэл нэг байтугай нилээн хэдийг насалсан ч амжиргаанааасаа хэтрэхгүй гэжээ. Бизнес хөөсөн бол аав ээж, ахан дүү, найз нөхөд, хань ижил, үр хүүхэд гээд ёс суртахуун уншигчидын үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж сур. Ёс суртахууны талаар дахин зөвлөхөд та өр авлага, байрны төлбөр тооцоо, хүүхдийн сурлагын төлбөрөө цаг тухайд нь өгсөн ядуу гуйлгачин байсан нь дээр үү эсвэл энэ сайхан амьдралын туулаад үхсэн нь дээр үү гэдгээ сайн бодоорой. Та энэ хорвоод нэг л удаа амьдрахаар ирсэн. Тэгээд зовж юмуу жаргаж амьдрах эсэхээ өөрөө сонгодог.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

Don`t mention it.
Mugel (зочин)

Butkue. Arai aytaikhan bichij bolno oo doo

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)