Kimochi : Хүүхдийн эрхийг хамгаалах тухай

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ
1996 оны 5 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь хүүхдийн эрхийг хамгаалахтай холбогдож үүссэн харилцааг зохицуулахад оршино.
З дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
1.Хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл хамгаалахад энэ хууль үйлчилнэ.
2.Энэ хууль Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхдэд нэгэн адил хамаарна.
4 дүгээр зүйл.Хүүхдийн эрхийг хамгаалах үндсэн зарчим
Хүүхдийн эрхийг хамгаалахад дараахь үндсэн зарчмыг баримтална:
 1/хүүхдийн болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, төрсөн газар, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдлаар хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй, эрх тэгш байлгах;
2/төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэх;
3/хүүхдийн бие бялдар, оюун санаа, ёс суртахууны хөгжлийг хангах, сурч боловсроход эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч адил үүрэг, хариуцлага хүлээх;
4/хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах явдал төр, гэр бүлийн үндсэн үүрэг байх;
5/хүүхэд мэдээлэл хайх, хүлээн авах, эвлэлдэн нэгдэх, шашин шүтэх, эх орноосоо гарах, буцаж ирэх эрх Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, бусдын эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, нийгмийн дэг журам, үндэсний зан суртахуунд харшлахгүй байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Хүүхдийн эрх, журамт үүрэг
5 дугаар зүйл.Хүүхдийн амьдрах эрх
1.Хүүхэд төрмөгцөө нэр авах, Монгол Улсын харьяат байх эрхтэй. Хүүхэд гадаадын харьяат болох, гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхэд Монгол Улсын харьяат болох асуудлыг холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээгээр зохицуулна.
2.Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байр, ахуйн хэрэгслэлээр санаатай гачигдуулах, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсээр хангахыг хориглоно.
3.Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй.
4.Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж авах, тэтгэвэр тэтгэмж, асрамж, халамж хүртэх эрхтэй. Хүүхэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, эмчилгээ болон эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдана. Энэ заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
5.Хүүхэд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт гадаадад цагаачлах, дүрвэх, байнга амьдрах, эх орондоо эргэн ирэх эрхтэй. Хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр оршин суух газрыг нь зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу өөрчилж болно.
6 дугаар зүйл.Хүүхдийн хөгжих эрх
1.Хүүхэд ерөнхий боловсролыг төлбөргүй эзэмших эрхтэй.
2.Хүүхэд төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөн эзэмших эрхтэй.
3.Хүүхэд оюун ухаан, авьяас билэг, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах эрхтэй.
4.Хүүхэд шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтийн дагуу хүүхдэд шашны боловсрол олгож болно. Хүүхдэд шашны үзэл номлолыг тулган хүлээлгэх, хүүхдийг хууран мэхлэх замаар шашны үйл ажиллагаанд татан оролцуулах, шашны сургууль, сүм хийдэд албадан суулгахыг хориглоно.
5.Хүүхэд чөлөөтэй бодож сэтгэх, мэдээлэл хайх эрхтэй. Хүүхдэд гэмт хэрэг, садар самуун, хүчирхийллийг сурталчлах, түүнчлэн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхэд өөрөө хүсээгүй бол хүүхдийг сурталчилгаанд ашиглахыг хориглоно.
7 дугаар зүйл.Хүүхдийн хамгаалуулах эрх
1.Хүүхдийг гэр бүл, эцэг, эхээс нь хууль бусаар салгаж үл болно. Хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн шийдвэрээр эцэг, эхээс нь тусгаарлаж болно. Энэ нөхцөлд хүүхэд төрийн асрамжид байна.
2.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч эрхийг нь зөрчсөн тохиолдолд хүүхэд тэдэнтэй хууль ёсны харилцаагаа зохих журмын дагуу зогсоох, таслах, тухайн нөхцөл байдал арилсан тохиолдолд уг харилцаагаа сэргээх эрхтэй.
3.Хүүхэд хувийн болон захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлаа хамгаалуулах эрхтэй.
4.Хүүхдийг гэмт хэрэг, эрх зүйн зөрчил, хүчирхийлэл, мөрийтэй тоглоом, садар самуун, насанд хүрэгчдийн хоорондын аливаа зөрчил, архи, тамхи, мансууруулах болон хордуулах бодис хэрэглэхэд татан оруулах; доромжлох, басамжлах, гүтгэх, хүчирхийлэх, хулгайлах, барьцаанд авах, худалдах; санаатай солих, хаях, төөрүүлэх; тарчлаан зовоох, тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаанд ашиглах, бага насанд нь сүй тавьж албадан гэрлүүлэх; хууль бусаар үрчлэх, хорьж цагдах, гадаадад авч гарах, гадаадаас оруулж ирэхийг хориглоно.
5.Төрийн байгууллага, албан тушаалтан хорих ял эдэлж байгаа хүүхдийн нэр төрийг хүндэтгэн хамгаалж, сурч боловсрох, авьяас чадвараа хөгжүүлэх, хууль тогтоомжийн дагуу хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Хүүхдийг насанд хүрэгчидтэй хамт албадан саатуулах, цагдан хорихыг хориглоно.
6.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүүхдээр ёс суртахуун, эрүүл мэндэд нь харшлах хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөгийн хэлбэрээр ашиглах, тэдний хөдөлмөрийн хөлсийг шударга бусаар тооцож олгох, гуйлга гуйлгах, хууль бусаар нэрээр нь ашиг олох үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
8 дугаар зүйл.Хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрх
1.Хүүхэд нас, биеийнхээ онцлог, эрүүл мэндэд тохирсон тоглоом, наадам, соёл урлаг, биеийн тамир, аялал жуулчлалын арга хэмжээнд оролцох, амрах эрхтэй.
2.Хүүхдийн олон нийтийн байгууллагад сайн дураараа эвлэлдэн нэгдэх, тайван замаар хуран цуглах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Хүүхдэд аль нэг улс төрийн үзэл сургаал тулган хүлээлгэх, бага насны хүүхдийг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулахыг хориглоно.
3.Хүүхэд өөрт нь зориулсан сургалт, эмчилгээ, асрамж, сувилал, бусад үйлчилгээнд үнэлэлт өгөх, энэ талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.
4.Хүүхэд өөрийн бүтээсэн оюуны үнэт зүйлийг хууль тогтоомжид заасны дагуу өмчлөх эрхтэй.  
5.Хүүхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх, өвлөх эрхтэй.
9 дүгээр зүйл.Хүүхдийн журамт үүрэг.
Хүүхэд дараахь журамт үүрэг хүлээнэ:
1/эцэг эхээ хайрлах, бусад хүнийг хүндэтгэх, тэдэнд туслах;
2/эх орон, байгаль орчноо хайрлан хамгаалах;
3/суурь боловсрол заавал эзэмших;
4/төрийн хууль ёсыг сахиж, ард түмний өв уламжлалыг дээдлэн хүндэтгэх, эзэмших;
5/эрүүл мэндээ хамгаалах;
6/авьяас чадвараа хөгжүүлэх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хүүхдийн эрхийг хамгаалахад төр, олон түмний оролцоо
1О дугаар зүйл.Хүүхдийн эрхийг хамгаалах талаар Засгийн газрын хэрэгжүүлэх бүрэн эрх
Хүүхдийн эрхийг хамгаалах талаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бодлого боловсруулах;
2/хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийг хангах;
3/хүүхдийг хөгжүүлэх, тэдний эрхийг хамгаалах талаар үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
4/хүүхдийг хөгжүүлэх, тэдний эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий хүүхдийн сургалт хүмүүжил, амралт, хэвлэл, мэдээллийн болон халамжлан хүмүүжүүлэх, асарч сувилах, түр саатуулах байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх.
11 дүгээр зүйл.Хүүхдийн эрхийг хамгаалах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрх
1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхдийн эрхийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
2/хүүхдийг хөгжүүлэх, тэдний эрхийг хамгаалах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гаргасан санаачилгыг дэмжиж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
3/хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засаг даргын явуулж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих;
4/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хүүхдийн эрхийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах арга хэмжээ авах, энэ талаар гарсан үүсгэл санаачилгыг дэмжих;
2/хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах арга хэмжээний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх;
3/хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах чиг үүрэг бүхий хүүхдийн сургалт, соёл, хүмүүжил, амралт, хэвлэл, мэдээллийн болон халамжлан хүмүүжүүлэх, асарч сувилах, түр саатуулах байгууллагыг байгуулах, татан буулгах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааг нь хянаж шалгах;
4/хүүхдэд зориулсан үйлдвэрлэл, үйлчилгээ, сургалт, хүмүүжлийн байгууллагын ажлыг дэмжих, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих;
5/онцгой болон хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг судлан тогтоож, тэдний эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авах;
6/холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэний санал хүсэлт, шүүхийн шийдвэрийг үндэслэн хүүхдийг төрийн асрамжинд авах;
7/төөрсөн, орон гэрээсээ дайжсан болон бусад шалтгаанаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хараа хяналтаас гадуур байгаа хүүхдийг гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сургууль, цагдаагийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг оролцуулах;
8/хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах, хүүхдийн зориулалтын барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавих;
9/хүүхдийн эрхийг хамгаалах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гаргасан санаачилга, хүүхдийн олон нийтийн байгууллагыг дэмжих, хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;  
1О/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
З.Баг, хорооны Засаг дарга хүүхдийн эрхийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар гэр бүл, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, тэдний санал хүсэлтийг судлах, шийдвэрлэх буюу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах;
2/тухайн баг, хорооны харьяат хүүхдийн талаар судалгаа гаргаж, шаардлагатай мэдээллийг дээд шатны Засаг дарга болон холбогдох байгууллагад өгөх, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;
3/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
12 дугаар зүйл.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг
1.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч дараахь үүрэг хүлээнэ:
1/хүүхдийн амьдрах эрүүл орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах;
2/хүүхдэд удам угсаагаа мэдүүлж, төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг эзэмшүүлэх;
3/хүүхдэд эх орон, ард түмэн, эцэг эх, ах дүү, төрөл садан, бусад хүнийг хайрлан хүндэтгэх үзэл, үнэнч шударга, тэвчээр хатуужилтай зан чанар, харилцааны соёл төлөвшүүлэх;
4/хүүхдийг архидах, мансуурахад донтох, садар самуунд автах, гэмт хэрэг, эрх зүйн зөрчилд өртөхөөс сэргийлэх, хамгаалах;
5/хүүхдийг сурган хүмүүжүүлэх, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хамт олон, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийн дэмжлэг туслалцааг авч, хамтран ажиллах;
6/хүүхдийг эрүүл мэндийн болон хууль тогтоомжид заасан бусад даатгал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулах;  
7/хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх, саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлэх;
8/хүүхдэд журамт үүргээ биелүүлэхэд нь туслах;
9/хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн улмаас учруулсан хохирлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу арилгах;
10/хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
2.Эцэг, эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
13 дугаар зүйл.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг
1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүүхдийн эрхийг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:
1/хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд тусламж дэмжлэг үзүүлэх;
2/хүүхдэд оюун санаа, ажил үйлс, ёс суртахууны хувьд сайн үлгэр дууриал үзүүлж, тэднийг сурган хүмүүжүүлэхэд санаа тавьж, холбогдох арга хэмжээ авах;
3/онцгой, хүнд нөхцөлд байгаа хүүхдэд сэтгэл санаа, эд хөрөнгийн болон бусад хэлбэрийн туслалцаа үзүүлэх;
4/хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомж зөрчсөн талаар мэдээлэх, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахыг холбогдох байгууллага, албан тушаалтанд санал болгох;
5/хүүхдийн олон нийтийн байгууллага, хүүхдийн ордон, зуслан, номын сан, театр, хэвлэл мэдээллийн газар, соёл хүмүүжлийн ба халамжийн төв зэрэг байгууллагад дэмжлэг туслалцаа үзүүлэх;
6/хүүхдийн хөгжилд хохирол учруулах үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх, хүмүүжил, ёс суртахуунд нь сөрөг нөлөө үзүүлэх мэдээлэл тараах, хүчирхийлэл, садар самууныг сурталчлах зэрэг үйл ажиллагаа явуулахгүй байх;
7/хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Хүүхдэд үзүүлэх нийгмийн халамж
14 дүгээр зүйл.Хүүхдийг нийгмийн халамжийн арга хэмжээнд хамруулах
Хүүхдийг нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, нийгмийн даатгалд хамруулах асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулна.
15 дугаар зүйл.Онцгой ба хүнд нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлэх нийгмийн халамж, тусламж
1.Байгалийн гамшиг, гоц халдварт өвчин, нийтийг хамарсан гэнэтийн осол, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн хүүхдийг онцгой нөхцөлд байгаа хүүхэд гэж үзнэ. Ийм нөхцөлд байгаа хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх асуудлыг Засгийн газар тухай бүр шийдвэрлэнэ.
2.Бүтэн өнчин, тахир дутуу, нэн ядуу, хараа хяналтгүй, садар самуун, хүчирхийлэл, доромжлолын улмаас сэтгэл санааны болон бие махбодийн хохирол хүлээсэн хүүхдийг хүнд нөхцөлд байгаа хүүхэд гэж үзнэ. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хүнд нөхцөлд байгаа хүүхдэд дараахь халамж, хөнгөлөлт, тусламж үзүүлнэ:
1/боловсрол, мэргэжил эзэмшихэд туслалцаа үзүүлэх;
2/эрүүл мэндийг нь нөхөн сэргээх, сувилах,тахир дутуу хүүхдэд хиймэл эрхтэн болон бусад хэрэгслийг үнэ төлбөргүй олгох;
3/хүнд нөхцөлд байгаа хүүхдийг үрчилсэн гэр бүлд төрөөс тэтгэмж олгох.
3.Өвлөх хөрөнгөгүй бүтэн өнчин хүүхэд төрийн асрамжаас гарахад орон нутгийн төрийн захиргааны байгууллага орон байраар хангана.
4.Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэдэг, садар самуунд өртсөн хүүхдийг цагдаа, эрүүл мэнд, боловсролын байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн байнгын хяналтад байлгаж, эмчлэх, сувилах, хүмүүжүүлэх арга хэмжээ авна.
5.Хараа хяналтгүй, хаяг нь тодорхойгүй, гэр бүлдээ өсч хүмүүжих, суралцах боломжгүй, эрх нь зөрчигдөж байгаа болон хэрэг зөрчилд холбогдсон хүүхдийг түр саатуулах, халамжлах, хөдөлмөр хүмүүжлийн байгууллагад сурган хүмүүжүүлэх зардлыг төсвөөс санхүүжүүлнэ. Хүүхдийг түр саатуулах, халамжлах болон хүүхдийн хөдөлмөр хүмүүжлийн байгууллагын байр, танхим нь эрүүл ахуйн шаардлага хангасан байна.

ТАВДУГААР БҮЛЭГ
Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага, түүний чиг үүрэг
16 дугаар зүйл.Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх төв байгууллага
1.Хүүхдийн талаар явуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэх асуудлыг хүн амын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хариуцна.
2.Хүн амын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд хүүхдийн төлөө үндэсний байгууллага байна.
3.Хүүхдийн төлөө үндэсний байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1/хүүхдийн талаар явуулах төрийн бодлого, хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
2/хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах зорилго бүхий байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, арга зүйн удирдлагаар хангах;
3/хүүхдийн асуудал эрхэлсэн ажилтныг мэргэшүүлэх, давтан сургах ажлыг зохион байгуулах;
4/хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах чиг үүрэгтэй олон нийтийн байгууллагад арга зүйн туслалцаа үзүүлэх;
5/хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
4.Хүүхдийн төлөө үндэсний байгууллагын дүрмийг Засгийн газар батална.
17 дугаар зүйл.Хүүхдийн эрхийг хамгаалах орон нутгийн байгууллага
1.Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн чиг үүргийг харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд Засаг дарга хариуцна.
2.Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэд хүүхдийн төлөө байгууллага байна.
18 дугаар зүйл.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл
1.Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалахтай холбогдсон төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, төр, олон нийтийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулах үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулах чиг үүрэг бүхий Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл байна.
2.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлэх бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнд төр, олон нийт, шашны байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгч, улс төр, нийгэм, соёлын зүтгэлтэн, иргэд оролцоно.
3.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын албаны үүргийг Хүүхдийн төлөө үндэсний байгууллагаар гүйцэтгүүлнэ.
4.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд, дүрмийг зөвлөл өөрөө батална.
19 дүгээр зүйл.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн үүрэг
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл дараахь үндсэн үүргийг хэрэгжүүлнэ:
1/хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газарт болон холбогдох бусад байгууллагад зөвлөх, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн биелэлтэд хяналт тавих;
2/хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтны тайлан, мэдээллийг сонсох, энэ талаар цаашид авах арга хэмжээний тухай саналаа Засгийн газар, холбогдох бусад байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;
3/хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг шийдвэрлэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулах, тэдгээрийн гаргасан санал, санаачилгыг дэмжих;
4/хүүхдийн төлөө сан байгуулж, түүний орлого, зарлагын төсвийг батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих, тайлагнах, олон нийтэд мэдээлэх;
5/хүүхдийн эрхийг хамгаалах үйлсэд идэвх зүтгэл гаргаж, гавьяа байгуулсан хүүхэд,иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шагнах, урамшуулах тухай саналаа холбогдох байгууллага, албан тушаалтанд тавих;
6/хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах асуудлаар бусад улс, тэдгээрийн төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
7/хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
2О дугаар зүйл.Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл
1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэд Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл байна.
2.Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг тухайн шатны Засаг дарга батална.
3.Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн ажлын албаны үүргийг Засаг даргын дэргэдэх хүүхдийн төлөө байгууллагаар гүйцэтгүүлнэ.
4.Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн дүрмийг уг зөвлөл өөрөө батална.
21 дүгээр зүйл.Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах олон нийтийн байгууллага  
1.Хүүхдүүд сайн дураараа эвлэлдэн нэгдэж, хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах зорилго бүхий олон нийтийн байгууллагыг байгуулж болно.
2.Насанд хүрэгчид хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйлсэд туслах зорилгоор олон нийтийн байгууллага байгуулан ажиллаж болно.  
22 дугаар зүйл.Хүүхдийн төлөө сан
Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах зорилгоор Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, аймаг, нийслэл, сум, дүүргийн хүүхдийн төлөө зөвлөлийн дэргэд Хүүхдийн төлөө сан байгуулж болно. Хүүхдийн төлөө сангийн дүрмийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл батална.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
23 дугаар зүйл.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих
1.Засгийн газар, бүх шатны Засаг дарга, хууль тогтоомжоор эрх олгосон бусад байгууллага, албан тушаалтан эрх хэмжээнийхээ хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина.
2.Хүүхдийн болон бусад олон нийтийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтан өөрсдийн эрх хэмжээний хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавина.
24 дүгээр зүйл.Хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар гомдол, нэхэмжлэл гаргах
1.Хүүхэд эрхээ зөрчигдсэн гэж үзвэл өөрөө болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад иргэн, байгууллагаар уламжлан эрхээ хамгаалуулахаар хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргана.
2.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад иргэн хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргаж болно.
3.Хүүхдийн төлөө байгууллага, сум, хорооны хүүхдийн асуудал хариуцсан ажилтан эрх нь зөрчигдсөн хүүхдийг төлөөлөн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон холбогдох албан тушаалтан, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавьж, зайлшгүй тохиолдолд зохих арга хэмжээ авахуулахаар Засаг дарга, төрийн байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргана.  
25 дугаар зүйл.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
1/хүүхдийг сэтгэл санааны болон бие махбодийн дарамтад байлгасан, хавчин шахаж хүч хэрэглэсэн иргэн, албан тушаалтныг 2ОООО-ЗОООО төгрөгөөр торгох буюу ЗО хүртэл хоногоор баривчлах;
2/хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар санаатай гачигдуулсан, хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг санаатай хэрэглүүлсэн иргэн, албан тушаалтныг 15ООО-25ООО төгрөгөөр торгох;
3/хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилга, эрүүл мэндийн даатгалд санаатайгаар хамруулаагүй иргэн, албан тушаалтныг 5ООО-1ОООО төгрөгөөр торгох;
4/хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн иргэнээр төлбөл зохих тэтгэлгийг төлүүлж, түүнийг 5ОООО хүртэл төгрөгөөр торгох буюу 3О хүртэл хоногоор баривчлах;
5/хүүхдээр гуйлга гуйлгасан иргэн, эрүүл мэндэд нь харшлах ажил хөдөлмөр хийлгэсэн албан тушаалтныг 1ОООО-2ОООО төгрөгөөр торгох;
6/өөрийнх нь болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийг мэдээлэл, сурталчилгаанд ашигласан, бусад хэлбэрээр хууль бусаар нэрийг нь барьж, ашиг олох үйл ажиллагаа явуулсан иргэн, албан тушаалтны олсон ашиг, орлогыг хурааж, 2ОООО-ЗОООО төгрөгөөр торгох;
7/хүүхдийг хууран мэхлэх буюу эд хөрөнгөөр татах замаар шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан, сүм хийдэд албадан суулгасан иргэнийг 2ОООО-ЗОООО төгрөгөөр, байгууллагыг 5ОООО-1ООООО төгрөгөөр торгох;
8/төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлж орхисон иргэнийг 5ОООО хүртэл төгрөгөөр торгох буюу ЗО хүртэл хоногоор баривчлах.
26 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1996 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА   Н.БАГАБАНДИ

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)