Kimochi : Дэлхийн энергийн төв

Дэлхийн энергийн төв

Тус төв нь Ханбогд сумын нутагт 30 км диаметртэй, зөв эргэлтийн соронзон туйлтай, түүгээрээ энерги ялгаруулдаг тойрог газрыг хамрах бөгөөд гол цэг нь Дэмчигийн хийд ажээ. Энэ газар энергитэй гэдгийг нь манай геологийн зарим эрдэмтэн, Солонгосын судалгааны багийн хэмжилт, сансрын зургаар баталсан тухай "Дэлхийн энергийн төв" жуулчны баазын дэд захирал Р.Сэддорж ярьсан.
Говийн тавдугаар ноён хутагт, соён гэгээрүүлэгч, их яруу найрагч Данзанравжаа 1830-аад оны үед энэ хийдийг Галбын уулсын ноён оргил Ханбогдын хормойд байгуулахдаа “Хэрэв энэ газар орныг хүн биширч чадах юм бол хүнийхээс илүү газрынх нь ид шид ноёлсон, хүнд сайн сайхан бүхнийг өгч чадах, газрынхаа гүнд баялагтай, хорвоо ертөнц мөхөх, галав юүлэх хүнд хэцүү тэр цагт хэдхэн хүнээ аваад хоцрох гайхамшигтай гоё уул” хэмээн магтан бичиж үлдээсэн байх юм.
Өөрөөр хэлбэл, Равжаа найрагч Ханбогд сумын нутагт алт, зэсийн гайхалтай их нөөцтэй Оюу толгой, нүүрсний тэргүүлэх орд Таван толгойн тухай тэртээ 180 орчим жилийн өмнө мэдэж байжээ. Мөн тэр газар хүний сүлд хийморь, эрч хүчийг сэргээх чадалтай гэдгийг ч бас таньсан аж.
Дэмчог гэдэг нь түвдээр “Дээд амгалан” гэсэн утгатай үг. Хийдийг дэлгэрч байгаа бадамлянхуа цэцгийг бэлгэдэн барьжээ. Цэцгийн найман дэлбээ тус бүрт нэг суварга байх бөгөөд голдоо мөргөлийн сүмтэй, түүнийх нь оройд Бэлгэ хадтай дүйцэхүйц өндөр төв суварга байжээ.
Сүмтэй залгаа эр хүний бэлгэ эрхтэний хэлбэртэй тэрхүү өндөр хадыг бүсгүйчүүдэд илүү ээлтэй, муу муухай бүхнийг арилгах шидтэй, хүсэл биелүүлдэг, гэр бүлийн амьдралыг сайн сайхнаар тэтгэдэг гэж эрхэмлэн шүтэж ирсэн байна. Сүлд хийморио сэргээх гэсэн газар газрын сүсэгтнүүд, ханийн болон үрийн заяа гуйсан ганц бие бүсгүйчүүдийн хөл тэндээс  тасардаггүй гэсэн.
Хүнтэй гэрлэж, хүүхэд төрүүлж байгаагүй 33 настай бүсгүй Бэлгэ хаданд хүслээ шивнээд сарын дотор ханьтай, жилийн дараа үнэрлэх үртэй болсон байна. Мөн 14, 12 насны хоёр хүүтэй гэр бүл цагаан сарын шинийн гурванд энэхүү газар ирж охин үр гуйгаад есөн сарын дараа мантайсан хөөрхөн охинтой болж, Дэмчигмаа гэсэн нэр хайрласан түүхийн тухай Дэмчигийн хийдийн тайлбарлагч Ц.Шарав гуай сэтгүүлчдэд өгүүлээд “Үүнийг хүсэл биелүүлдэг гэхээс өөр аргагүй” хэмээн нэмлээ. Энергийн төвд зүрх судас, мэдрэл, үе мөч, сав, бөөр, ходоодны өвчнийг анагаадаг хэмээн нутгийн ард түмний шүтдэг хад ч бас байна.
Боржин чулууг голлож, шаврыг дэрс, харганатай хольж тусгай аргаар нягтруулан барьсан Дэмчигийн хийд нь барилга архитектурын бүтцээрээ ч тухайн цагтаа гайхагдаж, хөх толбот монгол хүний уран ухаан, авьяас чадлын гайхамшгийг харуулжээ. Хийд уурын зуухтай, төвлөрсөн халаалтаар хана, сууринаасаа халдаг байсан бөгөөд 1938 онд эвдэрч сүйдсэн ч өнөөдөр гол хана, суурь нь хэвээр. Мөн Бурхны шашинд хүч чадлыг бэлгэдэж, аливаа муу муухайг хаадаг гэж үздэг чулуун арслангийн үйлдвэр ч тэнд байж. Хийдийн үүдэнд нийт 16 арслан байсныг ийш тийш зөөсөөр одоо ганц суурь л үлдэж.
Дэмчигийн хийдэд лам нар үргэлж шавилан сууж байгаагүй бөгөөд шинийн сайн өдрүүдэд л хурал хурдаг байж. Говийн догшин ноён хутагт эх хүнийг эрхэмлэн шүтдэг байсан болохоор сүмийнхээ гол хаалган дээр бүсгүйчүүдийг бүжиглүүлдэг байсан гэнэ.
Үүнээс гадна Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт дахь Хамрын хийд, түүний орчмыг ч бас газрын гүний амин судал ихтэй, энергитэй газар хэмээн үздэг билээ. Говийн тавдугаар ноён хутагтын 19 настайдаа байгуулсан Хамрын хийд буюу Шамбалын орон нь тухайн үедээ лам нарын бясалгалын гол төв байсан түүхтэй. Манай оронд энерги сайтай газрууд цөөнгүй бий бөгөөд монголчуудын ид мандан бадралын үед Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот оршиж байсан Орхоны хөндий ч бас тэдний нэг ажээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)