Kimochi : Аз жаргалын эх сурвалжууд

Аз жаргалын эх сурвалжууд

Хоёр жилийн өмнө миний нэгэн танилд гэнэтийн аз тохиосон юм. Сувилагчийн мэргэжлийг эзэмшсэн тэрбээр жил гаруйн өмнө ажлаасаа халагдаж өөрийн хоёр найз бүсгүйтэй хамтран анагаахын чиглэлийн нэгэн авсаархан компанийг байгуулжээ.

Тэдний бизнес гэнэтийн амжилтанд хүрч жил гаруйн дараа тус компанийг нэгэн томоохон анагаахын корпораци өндөр үнээр худалдан авчээ. Ингэснээр бүхнийг эхнээс нь эхэлсэн миний танил эмэгтэй маш богино хугацаанд хөл дээрээ босч 32 насандаа насаараа “идэх” мөнгийг олсон юм.

Саяхан би түүнтэй тааралдаж, тэрнээс хэр аз жаргалтай байна вэ? хэмээн асуув. Тэрээр хэлэхдээ: “Гадаадад аялаж, хүссэнээ хийх нь маш сайхан юм. Харин аз тохиож хүсэл ханаснаас хойш бүх юм өөрийн байрандаа эргэн орж, амьдрал хэвийн болсон. Тухайн нөхцөл байдал өөрчлөгдөж, би шинэ байшин, хэрэгтэй хэрэггүй новш худалдаж авсан ч гэсэн урьдаас илүү аз жаргалтай болоогүй гэж боддог хэмээн ярив.

Энэ үеэр би ДОХ өвчин туссан нэгэн танилтайгаа учирсан юм. Энэ байдалд хэрхэн хандаж буйг түүнээс асуув.
- Эхлээд энэ аймшигт мэдээг сонсоод мэдээж хэрэг сэтгэлээр их унасан. Би эдгэршгүй өвчин туссан гэдэг бодолтойгоо эвлэрэхийн тулд нэг жил болсон. Гэвч энэ жилийн дотор бүх юм өөрчлөгдсөн. Би урьдийн адил бус амьдралыг өөр нүдээр харж амьдрах болсноор одоо хавьгүй аз жаргалтай байна. Өдөр тутмын эд зүйлийг ихээхэн үнэлж сурсан. Одоо болтол энэхүү аймшигт өвчин даамжирч хүндрээгүй тул би хувь заяандаа баярлаж явна. Иймэрхүү өвчин тусах нь сайн сайханд хүргэхгүйг би ойлгож байвч нөгөө талаараа миний амьдралыг эерэгээр өөрчилсөн мэт санагдана.

- Энэ чинь юу гэсэн үг вэ? хэмээн би асуув.
- Жишээлбэл би тууштай материалист үзэлтэй байсныг та мэднэ. Гэвч өнгөрсөн жилийн дотор миний оюуны ертөнц өөрчлөгдөж, маш их зүйлийг ухаарлаа. Би амьдралдаа анх удаа оюунлаг бүтээлд анхаарлаа хандуулж, олон арван ном уншиж, хүмүүстэй харьцах болсон. Өдөр ирэх бүр би урьд өмнө хэзээ ч бодож байгаагүй их зүйлийг өөртөө нээж байна. Өглөө сэрэхүйд энэ өдөр надад юу авчрахыг бодсоор эхлэх болсон тул би аз жаргалтай байна.

Энэхүү хоёр тохиолдлоос харахад аз жаргал нь аливаа гадны хүчин зүйлээс бус гол төлөв хүний ухамсрын байдлаас хамаардаг нь тодорхой.

Харьцуулахын ухаан Бидний мэдрэхүй хийгээд ханамжийн хэмжээ юунаас шалтгаалдаг вэ? Сэтгэл ханамжийн мэдрэхүйд бидний бүхнийг харьцуулахад чиглэсэн хандлага хүчтэй нөлөөлдөг. Бид өөрийн одоогийн байдлыг өнгөрсөн цаг үетэйгээ харьцуулахад их зүйл амжуулснаа ойлгож, чингэснээр аз жаргалыг мэдэрдэг. Бидний жилийн орлого 20- 30 мянган доллараас хол давсан тохиолдолд энэ байдал анзаарагддаг.

Гэвч тэрхүү орлогын дээд хэмжээ биднийг ер аз жаргалтай болгодоггүй гэдгийг удахгүй ухаарч, ирэх жилийн орлого 40 мянган долларт хүрсэн тохиолдолд л аз жаргалтай болох мэт санагддаг. Бид эргэн тойрноо харж, бусадтай өөрийгөө харьцуулдаг. Хэрэв өрсөлдөгч компани биднээс их ашиг олж байвал олсон орлогоосоо үл хамааран өөрийн эрхгүй цухалдахад хүрдэг.

Мэргэжлийн тамирчид жилийн нэг хоёр, тэр ч бүү хэл гурван саяыг маш бага цалин хэмээн чамлаж байгаагаас харахад тэд ч мөн багынхаа тамирчныг өөрөөсөө илүү хөлс авч буйд атаархсанаас болж байгаа нь тодорхой юм.

Чингэхлээр амьдралаас авч буй ханамжийн мэдрэхүй бид хэнтэй өөрийгөө харьцуулж буйгаас ихээхэн шалтгаална. Мэдээж хэрэг бид орлогоос гадна өөр олон зүйлийг харьцуулж үздэг. Өөрөөсөө илүү ухаантай, царайлаг хийгээд азтай нэгэнтэй байнга харьцуулах нь атаархал сэтгэлийн шаналал болон азгүй байдалд хүргэдэг.

Гэвч бид энэхүү зарчмыг эерэг зорилгод ашиглаж болох юм. Шинжээчдийн хийсэн хэд хэдэн туршилтаас харахад сэтгэл ханамжийн хэмжээг үүнээс ч муу байж болох байсан гэсэн бодлоор өсгөж болно.

Милуоки хотын Висконсины Их сургуулийн эмэгтэйчүүдийн дунд судалгаа хийхдээ, өнгөрсөн зууны эхэн үеийн Милуоки хотын амьдралын ядуу зүдүү байдлыг харуулсан гэрэл зургийг үзүүлж, өөрийгөө түлэгдэлт юм уу, эсвэл ямар нэгэн бэртэлт амссан гэж бодоод тэр тухай мэдрэмжээ цаасан дээр бичихийг хүссэн байна. Дараа нь тэднийг өөрийн амьдралын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийг гуйжээ.

Энэхүү дасгалын үр дүнд сорилд оролцогчдын амьдралаас авч буй ханамж дээшилсэн байв. Нью-Йоркийн Их сургуульд явуулсан өөр нэг туршилтаар сорилд оролцогсдоос “Би … бус нь ямар их аз жаргал вэ?..” гэсэн өгүүлбэрийг төгсгөх даалгавар байв. Энэ дасгалыг таван удаа давтсаны дараа тус оролцогчидын амьдралаас авч буй сэтгэлийн ханамж эрс нэмэгдэж буйг тогтоосон байна.

Сорилд оролцогч өөр нэг хэсгийн “Би тийм байхыг мөрөөддөг, яагаад гэвэл…” гэсэн асуултанд хариу авахад тус бүлгийн гишүүд сэтгэл санааны тавьгүй байдалд орж байх нь илт ажиглагдав. Энэ тугшилтууд аз жаргал нь гол төлөв тухайн хүний ертөнцийг мэдрэх байдлаас шалтгаалдаг болохыг нотлон харуулсан юм.

Энэ тухай далай лам тайлбарлаж хэлэхдээ:
- Аз жаргалд хүрч болох авч амаргүй зүйл юм. Аз жаргалын хэд хэдэн төвшин бий. Буддын шашинд аз жаргалыг буй болгож буй зүйлд: эд баялаг, амар тайван амьдрал, гэгээрэл хийгээд оюунлиг чанар ордог. Эрүүл саруул бие аз жаргалтай амьдралын нэгэн зайлшгүй нөхцлийг бүрдүүлдэг байна.

Мэдээж хэрэг эд баялгаар хангалуун байх, аливаа амжилт гаргах зэрэг нь бидэнд таашаал өгдөг. Хэрэв түүнд буруу хандаж оюун санааны хүчин зүйлийг үл тооцвол эдгээр зүйлийн жинхэнэ аз жаргалд хүргэх нөлөө өчүүхэн билээ.

Жишээ нь, та сэтгэлийн гүнд үзэн ядалт хийгээд зэвүүцлийг хурааж байвал тэд таны эрүүл мэндийг хордуулдаг. Хэрэв та сэтгэлийн тавгүй байдал хийгээд зовлонг мэдэрвэл биеийн алжаал тайлагдсан ч танд тус болохгүй, нөгөөтэйгүүр сэтгэлийн тэнцвэрт байдлыг хадгалж сурснаар та эрүүл бус биетэй байлаа ч гэсэн аз жаргалыг мэдрэх болно.

Орчин цагт өндөр хөгжилтэй улс гүрнүүд оршин тогтнож байгаа ч гэсэн олонх хүмүүс аз жаргалгүй байна. Тансаг сайхан өнгөцхөн бүхний дор сэтгэл санааны тавгүй байдал нуугдаж, тэр нь сэтгэлийн хямралыг буй болгож, учир шалтгаангүй хэрүүлийг өдөөж, архидалт хийгээд хар тамхинд автах, муугаар бодоход амиа хорлох явдалд хүргэж байна.

Тиймээс эд баялаг нь өөрөө таны тэмүүлж буй тэрхүү аз жаргал хийгээд баяр баясгалангийн баталгаа болдоггүй билээ. Найз нөхдийн тухай ч мөн ийнхүү хэлж болох юм. Уурлаж уцаарласан, аль эсвэл гомдож тунирхсан үед таны хамгийн сайн нөхөр танд тохиолдсон асуудлыг үл тоож, хүндэтгэж үзэхгүй байх мэт санагдаж болно.

Бидний амьдралд сэтгэлийн тухайн үеийн байдал ихээхэн үүрэг гүйцэтгэх болохыг энэ бүхэн анхааруулж байна. Тиймээс энэ бүхэнд нухацтай хандах хэрэгтэй юм. Оюун санаанд тайван байдлыг авчирч буй дотоод сахилга бат байхгүй цагт ямар ч эд зүйл хийгээд бусад гадны нөхцөл байдал танд аз жаргал болоод баяр баясгалангийн мэдрэмжийг үл авчирна.

Нөгөөтэйгүүр танд энэхүү сэтгэлийн тэнцвэрт байдал бүхий дотоод чанар буй цагт ямар нэгэн гадаад нөхцөл байдал байхгүй ч гэсэн та аз жаргал болоод баяр баясгалан дүүрэн амьдарч чадна.  
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)