Kimochi : Р. Чойном “Миний шүтээн"

Р. Чойном “Миний шүтээн"

“МИНИЙ ШҮТЭЭН”

Холын бүдэгхэн цагийн минь хонины нэхийн өлгий чи

Энэ хорвоод юуг шүтдэгийн гэж эзнээсээ одоо асуу

Тохойн чинээхэн нялх үед минь

Толгойн дээр зүүлттэй байсан

Эсгийгээр хайчилсан үнэг чи эзнээсээ одоо асуу

     Шүтлэгтэн биш гэлээ ч би

     Шүтдэг ганцхаан шүтээнтэй

Огторгуй тэнгэрт би шүтдэггүй

Одон гаригт би шүтдэггүй

Омголон догшин байгалийн сүрт үзэгдэлд би шүтдэггүй

Олны хэл ам хараал ерөөлд би шүтдэггүй

Нүд аниж хувь тавиланг би шүтдэггүй

Нүгэл буян, бурхан чөтгөрийг ч би шүтдэггүй ээ!

     Би эмэгтэй хүнийг шүтдэг

     Би эх хүнийг шүтдэг

     Би ээжийгээ шүтдэгийм

Би гагцхүү би гэдэг дотоод ертөнцийн минь

Биеийн минь

Хүчин чадлын минь

Бишдэд итгэх итгэлийг минь бүтээсэн

Аугаа их тэр уран хүнд

Амьд баримал, амьд зураг, амьд дууг бүтээж

Бурхан багшаас ч ид чадлаараа давсан

Буурал үстэй бяцхан эмгэний өмнө

Өөрийн эрхгүй сөхрөнөм

Он цаг, хүмүүс хоёрыг бүрхэг байх үеэр

     Онгон элгэндээ намайг тэвэрч өсгөсийм эжий минь

     Онгойж үлдсэн аавын минь орон дээр

     Яруу найргийг бүүвэйлж өсгөсийм ижий минь

Учирсан бэрхийн өмнө унаж сөгдөлгүй

Улирсан сар жилүүдийн хойноос уйлж унжилгүй

Хэлхээ сувдан нулимсаа бүүвэйн дуу болгож

Хэнтйи нутгийн Боржигон тал дунд

Айлын ганц багана болж явахдаа

Энэ хүн арай ч ийм эмгэн байгаагүй юм

     Өнөө харханаа намрын навч шиг өчүүхэн шар эмгэн

     Намрын навч шиг өчүүхэн шар эмгэн

     Намрын навч шиг биш хаврын цэцэг шиг найган дэлгэрч явсым

     Найган дэлгэрч явсан хаврын цэцгийг хаврын цэцэг байхад

     Наян нэгэн сүлжээ хархан гэзэг нь

     Одоогийн бүсгүйн булчин шиг байхад

     Нас нь залуу, шүд нь бүрэн, ухаан нь саруулхан байхад

     Нар шиг залуус сар гэрэлтэн

     Эрвээхэй шиг эргэж хоргож байхад

     Алтан дэлхийн бүсгүй хүний

     Адармаатайхан хувь заяа

     Ард гаралтай энэ хүнээр

     Арай хатуу тоглосым

Гал цог шиг залуу насны

Ган төмөр шиг бие цогцос

Ганган үзэмж, онгон хайрыг

Гар таталгүй хайрласан мөртлөө

Хамтад нь бас

Хар толгойгийг нь цагаан болтол нь

Хайрын сэтгэлээр үүрд өнчрөх

Хатуу тавилан заяасан байна

Эс танихаас панзчин шиг

     Эрхэм дотноос архичин шиг

     Элдэвтэй хорвоо

     Миний ижийгийн элэг зүрх рүү цөм өшиглөж

     Эрийг нь булааж, гэрийг нь хоослоод

     Энрхий үрсийг нь тэврүүлээд

     Ээрэм талын хөдөөгийн нэгэн өвөлжөөнд

     Эргэж харалгүй орхисон байна

Цаг өөр байж

Цагаан гурил үйтэн хуарнаас үнэтэй байж

Цай алт шиг, талх мөнгө шиг байж

Цатгалан панзчид эзэн хаан шиг байж

Бугуйвч, бөгжнийх нь оронд

Будааг шанагаар нь биш ширхэгээр нь тоолох дөхөж байж

Ээмэг, даруулганых нь оронд

Эрээн даавууг уртаар нь биш утсаар нь хэмжих шахаж байж

     Тэгэвч Монгол хүний сайхан сэтгэлйиг

     Тэр дайн цуст шанагаараа хэмжиж чадаагүй юм

     Тэвчээр, эхийн итгэл хоёрыг

     Тэр жилүүд шуугиант зээл дээрээ худалдаж амжаагүй юм

Эрчүүдийн худал, үнэн үгэнд итгэж

Эрдэнэ болсон залуу насаа худалдаа нь үгүй ижий минь

Хуруугаа цоорч, нуруугаа бөхийтөл ажил хийж

Эргэх дөрвөн улиралд

Орон гэрээ ганцаараа тэжээсийм

Хүйтэн харанхуй шөнө

Хотны захад чоно улихад

Хүүхдүүдээ айлгахгүй юм шүү гэхдээ

Өөрөө айгаагүй дүр үзүүлж

Сүх барин сууж

Тэсэхэд бэрхэд салхи шуурганаар чагтаганаасаа зуурч

Тэнгэр ниргэсэн ширүүн мөндөрнөөр

Үр хүүхдээн харамлан халхлаж

Тэмээгээр орон газар очиж чихэр авчирч

Тэр жилүүдэд биднийг юугаар ч дутаалгүй хүн болгосым

     Бид инээж, баясаж, хөөрч элэг бүтэн өсцгөөсийм

     Биднээс нуугдаж харин хааяа ижий минь уйлж

     Биднийг хүн болгосийм

Ээжийнхээ зовлонг мэдэхгүй бид

Байн байн л аавыгаа нэхэж

Элэг зүрхнийх нь шархыг урж, хөндөн хүн болсым

Гэвч амьдралд өвдөг сөхрөлгүй

Гэрийнхээ ганц алтан багана болж

Гэргий хүнд заяасан хүнд ачааг үүрч

Гэрл хөшөө мэт бат зогсож чадсымаа ижий минь

     Одоо больждээ зайлуул

     Ой ухаан нь уймраа, аймхай болж

     Олон үгтэй, амархан баярладаг, амархан гомддог болж

     Ойчсон цайндаа цацдаг, үмхсэн хоолондоо зогьсдог болж

     Үг хэлэхлээр буруу дуулаал хадуурдаг болж

     Үнс бужигнуулж зуухны өмнө хөөрдөг болж

     Үүлэн сүүдэр дайрахад даардаг болчихож

     Үдийн цай холдохыг даадаггүй болчихож

Хөөрхий ийм ч хүн байгаагүй юм шүү дээ гэж

Ижийгийн тухай хүн бүхэн ярина

Ийм байгаагүй нь үнээн

Ийм болгосон нь би байна

Гэвч чи намайг болгосон шүү гэж

     Гэмлэж, зэмлэж нэг ч удаа хэлээ нь үгүй

     Тэнгэр шиг уужим тэвчээртэйд нь

     Тэнгис шиг гүн нинжин сэтгэлтэйд нь

     Эгэлийн эгэл энэ хүнийг би шүтдэгийм

Энхрий сэтгэлтэн олончиг

Надад миний ижий шиг байгаа ч билүү

Эх хүн олончиг

Намайг миний ижий шиг хайрлаа ч билүү

Эр бие эндэж, тэнгэрт тулмаар хэрэг дэгдээвч

Эрх багынх шиг минь уучланхан суудаг

Эвдэрч хүний нүдний булай болсон ч

Эвийдээ эрдэнэ мэт

Үр минь хэмээн энрхийлэн байдаг

Энэ миний шүтээн

     Өсөхөөс өдий болтол өвдөг сөхрөөгүй

     Өнө мөнх ганц миний шүтээн

     Өнөөдөр намрын навч шиг болсон

     Өчүүхэн шар эмгэн ижий минь миний шүтээн

     Өөр би юу шүтэхийн бэ? 

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

Don`t mention it.
Ундармаа (зочин)

Үнэхээр хүний сэтгэлийн утсыг хөндөж чадсан агуу яруу найрагчийн агуу бүтээл. Маш их баярлалаа. Чойном агсны шүлгүүдээс оруулж байгаарай.

b&o (зочин)

uneher shan shuleg wow

Оюун Саруул (зочин)

Ene shulgiig ih sonsoh durtai ih goe shuleg

Н***** (зочин)

Манай ангийн хүүхэд энэ шүлгийг урлагийн үзлэгээрээ уншаад өөрөө ч уйлаад багш нарч уйлсан.Би ч бас уйлсан

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)