Kimochi : Монгол

Монгол

Монгол улс нь далайд гарцгүй, зүүн ба төв Азийн орон юм. Хойд талаараа Оросын Холбооны Улс, өмнөд, баруун, зүүн талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай тус тус хиллэдэг. Монгол улс нь хэдийгээр Казахстан улстай хил залгадаггүй хэдий ч Монголын баруун цэг ба Казахстаны зүүн цэг нь хоорондоо маш бага зайтай. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Улаанбаатар бөгөөд нийт хүн амын 38 орчим хувь нь тэнд оршин суудаг. Монгол улс нь бүгд найрамдах улс бөгөөд нэг танхимт парламенттай. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд.

Дунджаар далайн түвшнээс дээш 1,580 м өндөрт байрладаг. Хойд ба баруун талаар нь 3 уулын нуруу үргэлжилдэг: Алтайн нуруу, Хангайн нуруу, Хэнтийн нуруу. Зүүн ба өмнөд талыг Говь цөл эзэлдэг. Хөдөө аж ахуйн салбарт мал аж ахуй, үүн дотроос хонины аж ахуй давамгалдаг, улаан буудай нь газар тариалангийн гол ургац. Нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг ашигт малтмалтай.

Одоогийн Монгол улсын газар нутгийн орчмоор чулуун зэвсгийн үед анчид ба нүүдэлчдийн бүлгүүд оршин сууж байв. МЭӨ 3-р зууны үед Хүннү гүрний төв болжээ. МЭ 4-с 10-р зууны үед Түрэг хэлтнүүд амьдарч байв. 13-р зууны эхээр Монгол аймгуудыг Чингис хаан нэгтгэж Төв азийг эрхшээлдээ оруулжээ. 1234 онд түүнийг Өгөдэй хаан үе залгамжилж, дараа нь 1279 онд ач нь болох Хубилай хаан Юан гүрнийг Хятадад байгуулсан байна. Юан гүрэн унасны дараа 14-р зууны үеэс Монголчууд тал нутагтаа эргэн суух болж хуучны амьдралдаа эргэн оржээ. 1604-34 онд захирсан Лигдэн хаан Манжуудын эсрэг Монголчуудыг дахин нэгтгэхийг оролдсон боловч түүний нас барсны дараагаар Чин улсын эрхшээлд оржээ. 1911 онд Чин улс унаснаар Оросын дэмжлэгтэйгээр Монгол тусгаар тогтнолоо зарлаж Богд хаант Монгол улс болсон хэдий ч 1921 он хүртэл тусгаар тогтнол, 1945 он хүртэл гадаадын улс орнуудаар хүлээн зөвшөөрөгдөх гэж ихэд зовж байв. Үр дүнд нь Орос ба ЗХУ-ын нөлөөлөл маш их байв. 1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдаж Монгол орны улс төр тухайн үеийнхээ ЗХУ-ын улс төрийг чанд дагаж, эрхшээлд нь оржээ. 1990-ээд оноос социалист засаглал унаж, ардчилал гарсан. Үүний дараагаар олон намын тогтолцоотой болж, 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталж, зах зээлийн эдийн засагтай болсон.

Монгол улс бол газар нутгаараа дэлхийд 18-т бичигддэг боловч хүн амын нягтшилаараа хамгийн бага. Мөн далайд гарцгүй орнуудаас Казахстаны дараа хоёрт бичигдэнэ. 2.6 сая хүн амын 30 орчим хувь нь нүүдэлчин, эсвэл хагас нүүдэлчин амьдралтай. Монголын зонхилох шашин бол Төвдийн Буддизм. Хүн амын ихэнх хувийг Монгол үндэстэн эзэлдэг ч голдуу баруун талаараа Казах, Тува үндэстнүүд амьдардаг.

Түүх


Эртний түүх


Еврази, 1200 оны үед

Эрт дээр үеэс өнөөгийн Монгол улсад нүүдэлчид оршин сууж байсан бөгөөд эдгээр нь хааяа нэгдэж томоохон улс гүрнүүдийг байгуулж байжээ. Эдгээрээс анхных нь болох Хүннү гүрэн нь МЭӨ 209 онд Модун Шаньюүгаар удирдуулж байгуулагдсан. Энэ гүрэн нь богино хугацааны дотор Цинь улсад аюул учруулсан хамгийн гол хүчин болж, улмаар Цагаан хэрэм баригдсан байна. Цагаан хэрэм нь өөрөө маршал Менг Тианы үед 300,000 цэргээр хамгаалагдаж байв. Хүннүгийн дараа Сүннү буюу Сяньби, Жужан улс, Моюун, Тоба зэрэг улсууд байгуулагдаж, тэдгээр нь Түрэгүүдэд дарагдаж, олон зууны турш Монголыг захирчээ. Долоо ба найм дугаар зууны үед Түрэгүүдийг Уйгурууд залгамжилж, Уйгаруудыг Киданууд, Жүрхин нар залгамжилсан байна. 10-р зуун гэхэд маш сул холбоотой олон аймгууд байсан тал нутагт амьдрах болжээ. Эдгээр олон ханлиг аймгууд нэгдэн Их Монгол улсыг байгуулсан.

Монголын эзэнт гүрэн


Монгол Улсын түүхэн дэх хамгийн хүчирхэг байсан үе бол Чингис хаан 1206 онд Монголын овог, аймгуудыг нэгтгэн Монголын эзэнт гүрнийг байгуулж, Ази, Европын улсуудыг цэргийн хүчээр байлдан дагуулсан явдал юм. Чингис хааны залгамжлагчид 13-р зуун хүртэл газар нутгаа тэлж, хүн төрөлхтний түүхэнд хамгийн өргөн уудам газарт буюу Вьетнамаас зүүн Европ хүртэлх олон улсуудад ноёрхлоо тогтоож чаджээ. Монголын морьтон цэргийн хөл хүрсэн газрууд нь баруун Европ, Пиренейн хойг, зүүн тийш Филлипиний арлууд, Японы арлууд, хойд зүгт Камчаткын хойг байна. Нийт 40,000,000 км² илүү газар нутгийг эзэлж байв. Гэвч 14-р зууны дунд үеэс дотоодын зөрчил тэмцэл, гадны бодлого, явуулга нь Монголын эзэнт гүрэн, Юан улсыг задлан бутаргаж, бусдын эрхшээлд ороход хүргэсэн.

Манж Чин Улсын дарлал


Наймдугаар Жибзандамба Хутагт

17-р зууны үеэс Манжууд зүүн Азид хүчирхэгжиж эхэлсэн юм. 1636 онд Өвөр Монголыг эзэлж, 1691 онд Халхчууд дагаар орсон юм. Ингэснээр Зүүнгарын хаант улсаас бусад нь Манж Чин Улсын бүрэлдэхүүнд оржээ. Манжийн түрэмгийллийг хүчтэй эсэргүүцэж байсан Зүүн гарын хаант улс удалгүй (1755 онд) хүчин мөхөсдөж Манжид эзлэгдсэн. Ийнхүү Халх Монголчууд хоёр зуун жилийн турш Манж Чин Улсын эрхшээлд байсан юм.

Тусгаар тогтнол

20-р зууны эхээр Манж Чин улс доройтож мөхөх болсон завшаанаар Богд Гэгээн тэргүүтэй Халхын хан, ноёд удирдан Манжийн засаглалыг халж, 1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтносон Богд Хаант Монгол Улсыг зарлав. 1915 оны Хиагтын гэрээгээр Хаант Орос ба Хятадын шахалтаар Монгол улсыг Хятадын бүрэлдэхүүн дэх автономит улс болголоо. 1919 онд Хятадын цэргийн эрхтэн Ар Монголыг эзэлж, автономийг устгав. Энэ хүнд нөхцөлд Монголын хувьсгалчид Оросын улаан армийн дэмжлэгтэйгээр 1921 онд эх орноо гадаадын дарангуйллаас чөлөөлж, тусгаар тогтнолоо сэргээн зарлалаа.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)