Kimochi : 1930иад Монголын уран зохиолын төлөөлөгчид

1930иад Монголын уран зохиолын төлөөлөгчид

Агуулга

Д.Нацагдоржийн товч намтар

Монголын шинэ соёлыг хөгжүүлэх үйлсэд авьяас билгээ бүрэн зориулж зохиол бүтээлээрээ хувь нэмэр оруулсан суут хөвгүүдийн нэг нь Дашдоржийн Нацагдорж юм.

Тэрээр 1906 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын Мэлзвэй хэмээх газар хохь тайж Дашдоржийн гэрт мэндэлжээ.

Долоон настай байхад нь эх Цоомойн Пагма нь бие барсан тул Д.Нацагдорж нь эцгийнхээ эвгээлд өсөж өндийжээ. Эцэг нь түүнийг есөн нас хүрмэгц Алтангэрэл гэдэг найздаа шавь оруулсан байна.

Д.Нацагдорж нь 1918 оны сүүлчээс 1919 оны эхээр бичээчийн алба хааж эхэлсэн юм. Чингэж явсаар 15 настайдаа ардын хувьсгалтай золгожээ.

Тэрээр 1922 оны 4 дүгээр сараас Намын Төв Хороонд туслах түшмэлээр батлагдаж зохион байгуулах хэлтэст ажиллаж байгаад уг хэлтэсийн эрхлэгч болжээ.1922 оны 8 дугаар сараас Намын Төв Хорооны нарийн бичгийн даргийн туслах болж, мөн оны 10 дугаар сараас цэргийн сурган боловсруулах хэлтсийн сурган гэгээрүүлэх тасгийн даргыг хавсарч байв. 1923 оны 3 дугаар сард Намын Төв Хорооны бүгд хурлаар Намын Төв Хорооны орлогч гишүүн, мөн оны 6 дугаар сард Намын Төв Хорооны 11 дүгээр бүгд хурлаар Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогдов. 1923 оны долдугаар сард Монгол ардын намын 2 дугаар их хурлаар Намын Төв Хорооны гишүүн, тэргүүлэгч гишүүн бөгөөд Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогджээ. Мөн “Тус улсын цэргийн дээд эрхийг барих газар” – т Бүх цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар 1924 – 25 онуудад ажиллаж байв. 1924 оны 8 дугаар сард хуралдсан Монгол ардын намын 3 дугаар их хурлаас Намын Төв Хорооны бүрэлдэхүүнд орж, улмаар Төв Хорооны тэргүүлэгчдийн орлогч гишүүнээр сонгогдон, засгийн газрын нарийн бичгийн даргаар хавсран ажиллаж байв.

Д.Нацагдорж нь 1923 оны есдүгээр сараас 1924 оны 4 дүгээр сар хүртэл дотоодыг хамгаалах газар комиссар, 1925 оны нэгдүгээр сараас цэргийн сурган боловсруулах хэлтсийн дарга зэрэг олон хариуцлагатай албан тушаалын ажлыг хавсран гүйцэтгэж байжээ.

1925 онд Монголын пионерийн байгуулагыг үүсгэн байгуулалцаж, товчооны анхны даргаар нь ажиллахдаа өсвөр, залуу үеийнхний хүмүүжил боловсорлын төлөө чин санаа тавьж, далаад жилийн турш Монголын багачуудын сүлд дуулал болсоор байсан “Залгамжлагчдыг залгамжлах пионер багачуудын дуу” – г зохиожээ.

Тэрээр 1925 – 1926 онд Ленинградын улс төрийн академид, улмаар 1926 – 1929 оны хавар хүртэл Берлин Лейпцигийн их сургуульд сурч 1929 оны хавар эх орондоо буцаж ирээд “Төмрийн завод”, “Залуучуудын үнэн” сонин, Шинжлэх ухааны хүрээлэн, Төв театр зэрэг газруудад ажиллан бүтээл туурвилдаа голлон анхаарсан цөөн жилд уран зохиол, сэтгүүл зүй, түүх, хэл бичиг судлал, орчуулгын талаар асар их ажил хийсэн юм.

Түүний гэр бүлийн амьдрал нэлээд тогтворгүй байлаа. Анхны эхнэр Пагма дулмаас салж дараа нь Нина Николаевна Читковатай учиран, гэр бүл болж охинтой болсон ч төдөлгүй эхнэр нь нутаг буцжээ.

Д. Нацагдоржийг 1932, 1936 онуудад баривчилж удаан хугацаагаар гянданд суулгасан байна.Тэрээр сэтгэлийн хямарлаас болж 1937 оны 7 дугаар сарын 13 нд нас нөхчжээ.

С.Буяннэмэхийн товч намтар

Сономбалжирын Буяннэмэх нь 1902 онд Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошууны нутаг буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ. Бага байхад нь аав ээж нь нас барж нагац эгч дээрээ очсон ч ядуугийн эрхээр түүнийг Тогтох тайжид үрчлүүлжээ. Тогтох тайж түүнд Харчин угсааны Ашинга гэдэг хүнээр Монгол Манж хэл бичгийг голлон, мөн Хятад хэл бичгийг заалгадаг байжээ.

С.Буяннэмэх нь багаасаа ард түмий эрх чөлөөний төлөө тэмцэж Сүхбаатарын байгуулсан хувьсгалт нууц бүлгэмд орсон бөгөөд 1921 оны эхээр гишүүн болсон байна. Хиагт хотод ардын журамт цэрэг ялалт хийсний маргааш өдрөөс эхлэн ардын түр засгийн газрын гадаад хэлтсийн бичээчээр эхлэн ажиллажээ. Буяннэмэх нь Эрхүү хотноо очиж Монголын үнэн сонин болон хувьсгалчдын ухуулага хуудсыг эрхлэн гаргаж байгаад 1921 онд нийслэл хүрээнд ирж цэрэг ардын дотор суртлын ажлыг эрхлэн хийж байхдаа “Ертөнцийн улирал”, “Хувьсгал”, “Ардын намын аливаа учир”, “Засаг төрөл гарал учруудыг товчилсон толь” гэдэг номыг Ишдоржийн хамт 1922 онд бичиж гаргажээ.

Бошгийг халах залуучуудын эвлэлийн соёл урлагийн ажлыг тэрээр цоо шинээр явуулж байсан юм. 1922 оны 3 сарын 28 нд жанжин Сүхбаатарын нэрэмжит клуб нээгдэхэд “Ойрхи цагийн товч түүх” жүжгээ найруулан тавьжээ.

Энэхүү жүжгээ 1922 онд бичээд 1924 онд хэвлүүлэхээр засвар хийн таван дэвтэр 32 бүлэг болгожээ. Мөн 1922 оны өвөл Москва хотноо хуралдсан Алс дорнодын олон улсын ардын төлөөлөгчдийн анхдугаар их хуралд очиж В.И.Ленинтэй уулзсан байна.

1924 – 1926 онд С.Буяннэмэх өвөр Монголд байсан бөгөөд тэнд байхдаа “Дотоод Монголын ардын сэтгүүл” гэдэг суртлын ба уран сайхны сэтгүүл эрхлэн гаргаж байсны дээр шүлэг өгүүллэгээ үргэлжлүүлэн бичиж байжээ.

Эх орондоо буцаж ирсний дараа Буяннэмэхийг Буриад Монголын гуйлтаар Буриадад очиж багшийн сургуулийн монгол хэл бичгийн багш, сонин хэвлэл, урлаг утга зохиолыг хэвлүүлэх зэрэг ажлуудыг нэг жил хийж байгаад иржээ. Тэрээр Буриадад байхдаа “Алсыг зорьсон алтан загас” тууж, “Аюулт дайны чимээ”, мөн хүүхдийн 10 гаруй өгүүлэг “Нарны эргэлт” гэдэг шүлэг “Ленин” гэдэг нийтлэл зэргийг бичиж 1927 онд гарсан “Уран үгсийн чимэг” гэдэг эмхтгэл болон бусад хэвлэлд нийтлүүлсэн байна.

С.Буяннэмэх зөвхөн зохиол оролдоод зогссонгүй мөн энэ үеэс уран зохиолын онол, шүүмжлэл судлалын ажлыг идэвхитэй хийж эхэлжээ. 1929 онд хэвлэгдсэн Уран үгсийн чуулган, Уран зохиолыг хэрхэн зохиох сэдэв гэсэн 2 том бүтээл хэвлүүлжээ.

Түүний уран бүтээл нь олон талтай баялаг юм. 1936 онд зохиосон Малчин Товуудай хэмээх тууж нь тухайн үеийн ухуулгын уран зохиод шинэ дэвшилт байлаа. С.Буяннэмэх “Баатар хөвгүүн Тэмүүжин”, “Марал шар”, “Харанхуй засаг”, “Шөнийн буг”, “Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сүхбаатар”, “Гурван хорын хүлээс”, “Хар барс”, “Ардын долоон баатар”, “Үнэн” зэрэг арав гаруй жүжиг бичсэн бөгөөд “Хоршоо жингийн дуу” , “Сэрэмж” , “Нутаг усны тэмцэл” зэрэг хэдэн жүжиг нь одоо хараахан олдоогүй байна. Эднээс хамгийн алдартай нь харанхуй засаг юм.

С.Буяннэмэхийг 1937 оны намар улс төрийн хэргээр баригдаж яваад эсгийн дотор бүтэж нас нөхчжээ.

Үндсэн хэсэг

Д.Нацагдоржийн бичсэн өгүүллэгүүд болон түүний бичсэн өгүүлэгүүдийн үзэл санааг эрдэмтдийн судалсан байдал

Д.Нацагдорж нь яруу найраг, хүүрнэл зохиол, жүжиг гэх мэт уран зохиолын олон төрлөөр зохиолоо бичиж байлаа. Тэрээр “Май нэгнийг хөрөнгөтний газар үзжээ” , “Бид хэд” , “Харанхуй хад” , “Морь эрхээр одов”, “Ламбугайн нулимс”, “Таван минут” ,”...явж тамхины утаа...”, “Хи хи хи” , “Аальгүйгээс хамаргүй , “Хуучин хүү”, “Соёлыг гайхав”, “Зул”, “Эзэрхэг түрэмгийн байлдаан”, “Нэгэн сэтгэлийг бөмбөрүүлсэн үе”, “Уул усны охин”, “Үүрийн жавар”, “Уурын чимээ”, “Хөдөө талын үзэсгэлэн”, “Өвлийн хүйтэн янагийн халуун”, “Цагаан сар ба хар нулимс”, “Хоёр ишиг”, “Үзэгдээгүй юм”, “Хаврын сайн өдөр”, “Өвлийн шөнө”, “Адуу манаад”, “Шувуун саарал”, “Хөгшин хүний өгүүлэл”, “Мэс заслын тасаг”, “Аугаа хүчтэн”, “Галзуу өвчин”, “Аюулт байлдаан”, “Цусны цагаан дүгрэг”, “Хожимдсон гэмшил” , “Далдыг үзэгч”, “Хүн хэдэн удаа үхэж болох буй?” зэрэг 30 орчим шилдэг өгүүллэг бичжээ.

Д.Нацагдоржийн бичсэн өгүүллэг нь феодалын нийгмийн хоцрогдол, түүний хор уршгийг илчлэн шүүмжилж хөгжил дэвшлийн утга чанарыг илтгэн харуулах, хувьсгалт боловсон ёсыг таниулан сэнхрүүлэх, шашны бурангуй үзлийн эсрэг шинжлэх ухааны үнэнийг өргөн тавьсан үзэл санаатайгаараа бусад зохиолчдын өгүүллэгээс онцлогтой гэж Академич Ц.Дамдинсүрэн тодорхойлжээ.

Д.Нацагдоржийн зарим өгүүллэгүүдийн товч агуулга, онцлог

дэвшүүлсэн асуудал болон эрдэмтэдийн судалсан байдал

Соёлыг гайхав

Соёлыг гайхав өгүүллэгийг доктор Д.Цэдэв “Энэхүү өгүүллэг нь хуучны ертөнцийн хүний дүр төрхийг гайхалтай гаргасан гэж тодорхойлжээ.

Товч агуулга

Энэхүү өгүүлэгт ардын хувьсгал гараад удаагүй байхад олон жил хасаг тэргээр юм зөөсөн хашир тэрэгч Лувсанд тохиолдсон үйл явдал гарна. Нэг өдөр Лувсан тэргээрээ Шарын голоос Улаанбаатар хот хүртэл юм зөөж байтал нэг сонин дуутай томоос том шувуу нисэж өнгөржээ. Улаанбаатарт очоод тэр юу болох тухай асуухад хүмүүс бүгд онгоц гэдэг сонин зүйл гэж хариулсанд тэрээр соёлоос хэр зэрэг хоцрогдсоноо мэдээд өөрийн хүүгээ сургуульд явуулж байгаа тухай гарна.

Онцлог дэвшүүлсэн асуудал

Өгүүллэгт ардын хувьсгалыг дөнгөж бий болсоны дараах үеийн Монголчуудын соёлоос хэрхэн хоцрогдсон байдлыг харууласнаас гадна шинэ сургуульд хүүхдээ явуулцгаая хэмээн уриалсан уриалгын хэлбэрээр бичигджээ.

Ламбагуайн нулимс

Энэхүү өгүүллэгийг Монгол судлаач эрдэмтэн Л.К.Герасимович “Энэ хорвоогийн харын бүх юм хоосон мөнх бус болохыг номлонбайдаг атлаа хөнгөмсөг явдалт хүүхэнд сэтгэлтэй болсон ламыг дооглон шоолсон” гэж тодорхойлсон бол Монголын эрдэмтэн Ч.Лодойдамба “Лодон бол үлэмж хүчтэй эмгэнэлт дүр, Нацагдорж Лодонг огт шоолоогүй харин амьдралд тохиолдсон эмгэнэлт явдлыг үзүүлсэн юм” “Нацагдоржийн энэ зохиол нь эмгэнэлт зохиол мөн гэж тодорхойжээ.

Агуулга

Нэгэн өдөр Лодон лам Гандан хийдээс гарч яваад Цэрэнлхам гэдэг бүсгүйтэй тааралдаж бүсгүй түүнээс эхийг минь эмчлээд өг гэж гуйсанд тэр очиж эхийг нь эмчлэх явцдаа бүсгүйд дурлана. Удалгүй бүсгүйтэй нягт холбоотой болж өөрийн бүх эд хөрөнгөө өгч сүүлд нь хоосон хоцорч байгаа тухай гарна.

Онцлог дэвшүүлсэн асуудал

Өгүүллэгт сахил санваар хүртсэн лам нарын бузар булхай хүүсэмсэг занг гарган харуулж лам нарыг шүүмжилсэн байна. Өгүүллэгт уран дүрслэлийг гайхалтай ашгилжээ.

Хуучин хүү

Хуучин хүү өгүүллэгийг академич Ц.Дамдинсүрэн “Монгол орон ертөнцийн боловсролоос хоцрогдож хөмөрсөн тогооны доторхтой адил болсон байна гэдгийг энэ “Хуучин хүү” – гийн дүрээр дүрсэлж, октябарын хувьсгалын ачаар Монгол улс хэрхэн хөгжин дэвжиж байгааг түүний найзаар харуулсан гэж тодорхойлжээ.

Товч агуулга

Хувьсгалаас өмнөх хөдөөгийн нэгэн өнчин хүүгийн амьдралыг хүүрнэн өгүүлжээ.Түүний хөмөрсөн тогоо мэт хэсэгхэн газар амьдарч байгаа амьдрал түүний өдөрт хийдэг ажил болох айлд унага татах, хонь гаргах зэрэг ажлыг харуулжээ.

Онцлог дэвшүүлсэн асуудал

Өгүүллэгт ардын хувьсгалын өмнө өнчин ядуу нэгэн залуугийн хүнд хүчир амьдрал хоцрогдсон байдлаар Монголын тухайн үеийн нийгэмийг харуулжээ. Харин ардын хувьсгалын үр дүнд хэрхэн Монгол улс дэлхийн түвшинд очиж байгаад ухуулан сурталчилсан уриалгийн шинжтэй ч хөдөөгийн ард түмний аж байдлыг бодитоор дүрслэн үзүүлжээ.

С.Буяннэмэхийн бичсэн өгүүллэгүүд болон түүний бичсэн өгүүлэгүүдийн үзэл санааг эрдэмтдийн судалсан байдал

С.Буяннэмэх нь яруу найраг, тууж,өгүүллэг, жүжгийн зохиол зэрэг уран зохиолын бүх төрлөөр зохиол бүтээлээ туурвиж байжээ. Тэрээр Жинчин Пүрэвийн жигтэй явдал, Шив шинэхэн цуурай, Үлгэрч улаан тоть, Ядуу нэгэн хоньчин, Их тэнгэрийн дүлий, Дүлийн доторхи дүлий, Моторт тэрэгний хэрүүл, Бүтэлгүй Гомбын маргааш, Мэгдсэн хүний яриа, Тун болдоггүй том толгой, Цэцэн дүү, Цэцэг эгч, Баясгалант хүү зэрэг 20 орчим шилдэг өгүүллэг бичсэнээс гадна “Багачуудын баясгалант бичиг” нэрт хүүхдийн өгүүллэгийн цомирлог хэвлүүлэн гаргаж байжээ.

Түүний бичсэн өгүүлэгийг доктор Ц.Мөнх шинэ хүн, хувьсгалт бодит байдлын харилцааны өвөрмөгц хүртлэг түүний үр дүн, гоо сайхны дүгнэлтээр үзүүлж байгаа зүйлийн хэв шинжит төрхийг илтгэхийг эрмэлзсэн үзэл санаатай гэж тодорхойлсон байна.

С.Буяннэмэхийн зарим өгүүллэгүүдийн товч агуулга, онцлог

дэвшүүлсэн асуудал болон ном зохиолд тайлбарласан байдал

Жинчин Пүрэвийн жигтэй явдал

Энэхүү өгүүллэг нь Монгол орны амьдралд цахилгаан эрчим хүч нэвтэрч, олон үеийн харанхуйг эрдмийн гэрэл гийгүүлж буйг харуулсан гэж С.Буяннэмэхийн түүвэр зохиол номонд бичжээ.

Агуулга

Олон жил жин тээсэн Пүрэв гэгч эр гэртээ харьж Улаанбаатарт болсон нэгэн жигтэй явдлаа ярина тэрхүү явдал нь нийслэл хотын хөгжил дэвшил шинээр баригдаж байгаа байшин барилга гэрэлтүүлгийг талаарах сэтгэл хөдөлсөн явдал юм.

Онцлог дэвшүүлсэн асуудал

Хувьсгалын ачаар Улаанбаатар хот хичнээн хурдацтай хөгжин дэвшиж байгааг гарган харуулсан.

Бүтэлгүй Гомбын маргааш

Бүтэлгүй Гомбын маргааш өгүүллэг нь хуучирсан дадал заншлыг шүүмжилсэн утга агуулдаг гэж Монголын орчин үеийн уран зохиолын түүх номонд бичсэн байна.

Агуулга

Энэхүү өгүүллэгт нэгэн залхуу эр Гомбын тухай өгүүлнэ. Нэг өдөр Гомбын эхнэр түүнийг түлээнд яв гэтэл баахан шалтаг тоочиж хоёр өдрийг авчээ. Гурав дахь өдөр нь ах ламтайгаа хамт юм ярьж өдрийг өнгөрөөнө. Маргааш айлд очиж нэг өдрийг өнгөрөөнө. Маргааш болж түлээ дуусахад лам багш хорин нэгэнд гадагшаа гарч болохгүй гэж хэлсэн гээд гарсангүй гэтэл орой болж хүйтрээд залхуугаасаа болж хүйтэн хонож байгаа тухай гарна.

Онцлог дэвшүүлсэн асуудал

Залхууралгүй байхыг уриалсан онцлогтой бөгөөд ардын засгаас өмнөх хүмүүсийн мухар сүсгийг шүүмжилсэн байна.

Их тэнгэрийн дүлий

Агуулга

Донсуй, Сүхэндэй, Гончиг нарт тохиолдсон жигтэй явдлын тухай гарна. Энэхүү зохиолд дээрх гурав жин тээж яваад нэг зүйл олж түүнийгээ их тэнгэрийн дүлий хэмээн бодож нутагтаа очиж тахин шүтэж байтал нэг аяны хүн хүрч ирээд их тэнгэрийн дүлийг нь талх гэдгийг анх мэдэгдэж байгаа тухай гарна.

Онцлог дэвшүүлсэн асуудал

Ардын дөнгөж үүссэн үеийн хүмүүсийн хоцрогдсон байдал хүмүүсийн мухар сүсгийг шүүмжилсэн онцлогтой

Дүгнэлт

1. Нацагдорж Буяннэмэх нарийн бичсэн өгүүллэгүүд нь ерөнхийдөө суртал ухуулгийн шинжтэй бөгөөд орчин цагийн Монгол хэлний хэл найруулгатай ойролцоо байна.

2. Нацагдорж Буяннэмэх нарийн уран бүтээлийн суртал ухуулгын шинж нь адил ч туурвил зүй хэл найруулга нь ондоо Жишээлбэл: Буянэнмэхийн их тэнгэрийн дүлий , Жинчин Пүрэвийн жигтэй явдал зэрэг өгүүллэг нь ард түмний хоцрогдсон байдлыг гаргаж ирдэг бол Д.Нацагдоржийн Хуучин хүү , Соёлыг гайхав, зэрэг өгүүллэг нь ардын засгийн буянаар ард олон хэрхэн соёлжиж болхи бүдүүлэг байдлаа халж байгааг харуулжээ.

3. Монголын орчин үеийн уран зохиолд өгүүллэг, тууж, жүжиг, шүлэг, найраглал зэрэг шинэ бичилгийн хэлбэрийг оруулж ирснээс үзэхэд Д.Нацагдорж, С.Буяннэмэх нар нь Монголын орчин үеийн уран зохиолын хамгийн гол төлөөлөгчид мөн юм.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

Don`t mention it.
segidmn (зочин)

mongoliin utga zohioliig huuhed bagachuuddaa hurgehed mas ih medeelel tuslaltsaa uzuuldeg tanai saitad bayarlaj yavdag ta buhend ajiliin amjilt husiye

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)