Kimochi : Монгол улсын хөгжин дэвших талаархи зарим асуудал
Хэдхэн жилийн дотор төрж өссөн Монгол улсынхаа хөгжил, амжиргааны түвшинг Япон, Швецарь, Израйль шиг болгох бүрэн бололцоо бидэнд байна гэвэл та эсэргүүцэх үү? Тэгвэл шатаар өгсөж буй мэт түргэн хөгжлийн нууцын нэгийг таны өмнө дэлгэж байна. Энэ бол маркетинг, менежмент гэх мэт нийтийн сургууль курсуудээр ил заадаг, номон дээр улиглан бичдэг тэрхүү залхуутай онол ердөө ч биш. Энэ бол ердийн л хулгай. Эдийн засгийн гайхамшгийг илбэ мэт бүтээдэг энэ тогтоц өнөөг хүртэл манай зэлүүд нутаг дээр байгуулагдах нь байтугай төсөөлөгдөө ч үгүй л явж байна. Гэтэл ахар богино хугацаанд хөгжиж хүчирхэгжсэн улс гүрнүүдийн оньс түлхүүр нь үүнд л нуугдаж байдаг юм шүү дээ.

Тэгвэл энэхүү гайхамшигт хулгайн бай нь чухам юу юм бэ? Энэ бол шууд хэлэхэд технологийн хулгай юм. Бид технологийн зуунд амьдарч байна. Ерөөсөө ч өнгөрсөн бүх эриний хөгжлийн жор технологийн нууцад л оршиж байлаа. Ирээдүйд энэ хамаарал улам бүр ихэснэ.
...Технологийн хөгжлийн зүгээс нь манай гариг дээрх улс орнуудыг гурван хэсэгт хувааж болмоор.
1. Технологийг бүтээгчид
2. Түүнийг нь хулгайлж завшигчид
3. Бэлэн бүтээгдэхүүн хэрэглэгчид.

Гэтэл амьдрал дээр технологийг бүтээгч улс орнууд хөгжлийнхөө хурдаар тэгтлээ манлайлж гайхуулаад байдаггүй. Учир нь тэдний бүх хөрөнгө баялаг, оюуны эрчим хүч нь чухамхүү бүтээх үйл ажиллагаанд л хамаг нөөцөө шавхаж орхидог. Гэтэл түүнийг нь хэний ч санаанд оромгүй замаар хулгайлан завших тогтолцоог бий болгочихсон улсууд нэгэнт олон зууны туршид асар их хөлс хүчээр бий болгосон нууцыг нь завшиж олоод, өөрийн бүх нөөц бололцоогоо түүнийг үйлдвэрлэл, худалдаа, мөнгө болгоход зарцуулдгаараа асар их давуу байр суурь эзэлдэг ажээ.

Илүү суурь мэдлэг, соёлтой нь бүтээдэг. Харин илүү сайн хулгайчтай нь түүнийг завшиж түрүүлэн хөгждөг. Нөгөөх хэрэглэгч хэмээх гуравдахь ангиллын улс орнууд түүнийг нь худалдан авагчид тул тэд бусдаас шууд хамааралтай хамгийн буурай, хоцрогдонгүй хэсэг болдог. өнөөгийн байдлаар манай улс энэ гурав дахь анилалд хамаарна. Тэгвэл бид яаж хамгийн үр ашигтай буюу хоёр дахь ангилалын улс болох вэ? Технологийн завшигч болох энэ тогтолцоог хэрхэн бий болгодог вэ? Энэ нь ердөө л цагаачид, хямд ажиллах хүч нэртэй технологийн тагнуулчдыг сурган бэлтгэж, зохих нүхэнд нь шургуулах явдал юм.

Япон, Хятад, Израйлийн цагаачид, ажиллах хүч, оюутнууд дунд технологийн тагнуулын армийн цэргүүд олноор шургалсан байдаг. Тэдгээр улсууд тагнуулуудаа тодорхой нэг технологид тусгайлан сургаад юу ч мэддэггүй ажлын хар хүч маягаар зохих үйлдвэрт нь ажилд шургуулдаг ажээ. Очих газарт нь урьдаас замыг нь бэлдсэн нөлөө бүхий хүмүүс, элчингийн ажилтнууд нь тусгайлан бэлтгэгдсэн тагнуулуудыг ажилчин, үйлчлэгч гэх мэт эгэл дүрээр зохих ажлын байранд нь зуучлан шургуулах үүрэг гүйцэтгэдэг.
....өөрөөр хэлбэл тагнуулууд нь сор болсон технологи, жорыг дэлсэх аргаа, улс төр, олон нийтийн бүтцийнхэн тэднийг хэрэгтэй газарт нь шургуулах замаа гаргууд сайн мэддэг, чаддаг байх ёстой гэсэн үг.

Ийм арга замаар Японы гадаадад амьдрах суурин иргэд АНУ болон Недерландаас электрон ба цахилгаан техникийн нууцыг, Хятад цагаачид, ажилчид нь Герман, Чехээс шар айраг, Францаас дарс болоод үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүний нууцыг, Швейцариас чихэр, шоколад, хүнсний бүтээгдэхүүний нь технологийг гэмгүй царайлан дэлссээр байна.
...Еврейчүүд очсон газар бүрийнхээ хамгийн ашигтай, хамгийн шилдэг бүхнийг олж мэдээд тэрхүү нууцаа төрөлх Израйлруугаа ямар нэг замаар дамжуулдаг. Тухайн үедээ хөнөөх чадвар, тусгалаараа тэргүүлж байсан АКА-автомат бууны технологийг Израйлчууд хэрхэн дэлсэж АКА-аас аль ч талаараа дутахгүй, харин ч илүү авсаархан, хэрэглэхэд тохиромжтой ИҮЗИ-автомат бууг Израйльд үйлдвэрлэн АНУ, баруун европыг зэвсэглэж эхэлсэнийг та бүхэн бишгүй сонсоо л биз.

Цагаач еврейчүүдийн илгээсэн хамгийн өндөр үр ашигтай жимс ногоо болон тариалах аргыг нь манай ганцхан сумтай тэнцэх нутаг дэвсгэрийнхээ бүр өчүүхэн алга дарамхан хэсэг цөл дээр Израйлчууд тариалаад ургацынхаа 30 хувиар хүн ардаа жимс ногоогоор элбэг хангалуун хангаж 70 хувийг нь экспортлож эргэн тойрныхоо цөлийн арабуудыг хангаж байна. Хятад цагаачид, оюутнууд Чех улсад очлоо гэхэд тэндхийн хамгийн шилдэг бүхний технологи, нууцыг олж мэдээд төрөлх Нанхиаддаа өвөрлөн очно. Тухайлбал Чехийн дэлхийд амт чанараараа гайхуулдаг Пэльзень шар айрагны технологийг ийм замаар Хятадууд мэдэж авснаас хэсэг хугацааны дараа уг айргийг Хятад, Чех хоёр л үйлдвэрлэдэг болжээ.

Гэтэл тэнд ажиллаж суралцдаг манайхан уг шар айргийг нь ердөө л ууж сурахаас цааш ахидаггүй. ХХ зууны эхээр гэл үү дээ, хэсэг хятадууд зам тавих аргад суралцахаар Англид очжээ. Цаад хэд нь ч гол чухал биш зүйлсээр аргацааж чөмгийг нь биш хальсыг нь үмхүүлээд буцааж гэнэ. Гэтэл хэдхэн сарын дараа Английн бахархал болсон цахилгаан дамжуулах арга Хятaдад нэвтэрч, тэр ч байтугай том хотуудаа өндөр хүчдэлээр холбоод эхэлжээ. Учрыг олоод орхитол Англичуудын өнөөх юм мэдэхгүй хэдэн юманд чөмгий нь биш хальсыг нь үмхүүлээд буцаачихав хэмээн шоолоод байсан замчин Хятадууд хэргийн эзэд болж хувирав. Тэдний зорилго нь eрөөсөө зам тавих аргад суралцах бус цахилгаан дамжуулдаг нууцыг мэдэх явдал байжээ.

Мэдээж гайхуулах ганц нууцыг нь суръя гэвэл Англичууд зааж өгнө гэж гонж. Тэгэхээр өөр тийш нь анхаарлыг нь татах замаар авдартай алтыг нь хулгайлжээ. Англичууд - Чөмгөө сайн нууж үлдлээ. Хэдэн муу тэнэгүүдийг ёстой догь аргалав… гэж онгироод байсан чинь өөрсдөө толгойгоо эргэтэл аргалуулаад авдартай алтаа алдаад хоцорчээ. Энэ бол Хятадуудын буруу биш. Харин ч тэдний эх орноо гэсэн алт шиг сэтгэлийг бахдууштай. Чи тариан талбайгаа үл хамгаалбал шувууд түүн дээр чинь суухдаа л сууна. Өөрөөр хэлбэл чи өөрт байгаа юмаа үл нуувал Хятад хүн нүдээ дардаггүй. Ер нуусан байсан ч тэд ольё гэснээ таг чимээгүй байсаар олж чаддаг улс.

... Би бас ийм нэг яриа сонссон юм. АНУ-ын цөмийн технологийн маш нууц лаборатид нэгэн япон бүсгүй овжин арга хэрэглэж байгаад үйлчлэгчийн ажилд оржээ. Мөнөөх бүсгүй ажил тарсан хойно цэвэрлэгээ хийхдээ хамгийн гол чухал файл, программууд руу чадамгай нэвтэрч, тэр бүхнээ бичил төхөөрөмжид хуулж авдаг байв. Гэвч энэхүү төхөөрөмжөө хил давуулан гаргах ямар ч арга байсангүй. Бүсгүй хагалгаа хийлгэж бие дотроо бичил төхөөрөмжөө нуугаад эцэст нь амиа хороож үхэв. Түүний гэрээслэлд - Миний сүүлчийн хүсэлт болгон шарилыг минь төрсөн нутаг дахь өвгөдийн минь талбайд оршуулж өгнө үү… гэж бичжээ. Эх орондоо очсон түүнийг шарилыг хичээнгүйлэн задалж төхөөрөмжийг авсны дараа Японы бүлээн наран дор хүндэтгэл төгс оршуулжээ.

Эх орныхоо төлөө хулгай гэж байдаггүй. Чин сэтгэлийн зүтгэл л гэж бий. Иргэд нь эх орноо гэсэн ийм сэтгэл, зүрх зоригтой улс орон гайхамшигийг бүтээхээс ч яах вэ. Тэд хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эх нутагтаа ийнхүү эрдэнэ өвөрлөн очдог юм. Тэр эрдэнэ нь манайхны хөлсөө цувуулж, мөнгөө юүлэн байж зөөж ирдэг энгэсэг үнэртэн, виски, тамхи, хувцас, тоглоом биш харин түүнийг хийж бүтээх технологи юм шүү дээ. Гэтэл манайд айргаа аль Модун Шанъюгийн бүлж байсан гэмээр тэр жороороо л бүлж байдаг. Энд жор технологийн дэвшилийн тухай яриа ч байхгүй.

Япончууд илд хийдэг технологио улам боловсруулахын тулд нэгэн гэр бүлийг насаар нь хүнд ажилтай Дамаскад цөлж, тэд нь ердөө ганцхан хольцыг эх орондоо аваачихийн тулд амиа өгч байсан тухай яриа бий. ....Ингэж л Дамаскийн илд ирээрээ гайхуулж, Хятадууд гангар шаазан, цай хоолныхоо жороор, Япон керамик эдлэл болон электрон техник, автомашин, ган, хөлөг онгоцоороо дэлхийг бишрүүлж байна. Бургунд дарс, Шотланд виски, Швейцарь цаг, Чех шар айраг, Америк жийнс, пуужин гээд л дурьдаад байвал барагдахгүй. Цай гэж огт мэдэхгүй байсан Англичууд Цейлон, Энэтхэгээс цайг нь зөөж жор технологийг нь улам нарийсгаж жасминь, бергамоттой хольж найруулаад өнөөдөр цайгаараа өнөөх Цейлон, Энэтхэгээсээ хол тасраад байна.

Дэлхий дахин баян тансагийн үндэс болсон технологийн хөгжилөөрөө өрсөлдөж байхад бид малынхаа товарлаг чанарыг бус зөвхөн тоо толгойг нь эрхэмлэж, айргаа хүрэл зэвсгийн үеийн технологоороо эсгэж, ааруул цагаагаа нутаг бүрт хамгийн бүдүүлэг нэг л аргаараа шахаж, ногоо цагаагаа ч шороонд булж азотоор бордож, усаар услахаас өөр технологийн хөгжил үл хийжээ. Жирийн төмс хүртэл аманд оронгуутаа шаржигнан уусдаг болтлоо технологи нь хөгжиж, генетикийн ухаан эд эсийг хувилан хүн амьтаныг коопийдож байгаа мэт олшруулж, шавар керамикаар шил зүсч, ган хайчилж, үхрийн ширийг торго шиг нимгэн мяндаслаг болгож, ердийн оньсон хүрднээс комьпютер интернэт хүртэл хөгжичихөөд байхад бид гахайн тэжээлийн төмсийг газар булсаар суухуу.

Үгүй ээ. өндөр хөгжил, баялгийг өөр лүүгээ юүлж цувуулдаг энэхүү зам гүүрийг бид эх орноосоо тал тал тийш тавих хэрэгтэй. Тэгвэл хээрийн шувуу нисэн үл хүрэх газраас манай иргэд технологи өвөрлөн ирцгээх болно. Францаас эх орондоо ирсэн Монголчууд эхнэртээ Шампани мужийн амтат дарс, Шанелийн анхилуун сүрчиг авчирдаг. Гэтэл Хятадууд тэр үнэртэн, дарсыг хийх ухааныг эх орондоо авч очдог. Тэд бэлэн бүтээгдэхүүнийг нь шохоорхон авч мөнгөө үрэх биш, харин түүнийг бүтээж мөнгө олох ухааныг эрхэмлэдэг.

Бид АНУ-аас тамхи, ундаа, Японоос ган боловсруулалт, радио техник, бүс нэхмэлийн технологийг, Хятадаас торго шаазан, Даниас сүүн бүтээгдэхүүнийг нь Францаас дарс, гоо сайхны бүтээгдэхүүнийг нь, Швейцариас чихэр шоколад, хүнс, эмийг нь Италиас шир, ноолуур боловсруулах технологийг нь, Австриас гутал, Герман Чехээс шар айрагных нь технологийг гэх мэтээр дэлсэх боломж нээлттэй байна. Сургуулийн сурагч бүхний мэддэг маркетинг, менежмент улиглан ярьж, улс төрийн түүхий болоод илжирсэн нам хүчнүүдийн гар харсаар бид юугаараа гайхуулж, юу бүтээж чадаж байгаа юм бэ. Технологийн тэмцлийн эринд бид юугаа хүлээж, юундаа найдаад байгаа юм бэ? Гэтэл бид өөрийн бүтээгдэхүүнээрээ дэлхийд хөл тавин алхаж, тэдний долларын таатай үнэрээр цээж дүүрэн амьсгалах боломж нээлттэй байна шүү дээ
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)