Kimochi : Байгаль хамгаалах түүхэн уламжлалын тойм

Байгаль хамгаалах түүхэн уламжлалын тойм

Монголчууд бид онгон тансаг байгальтайгаа үлдсэн үлэмжийн их хувь заяатай ард түмэн билээ. Бидний бишрэх, бахархах, хайрлан хамгаалах юмны нэг нь энэ мөн. Байгалиа гэсэн монгол түмний маань өнө мөнхийн өв уламжлал, үнэт сайхан зан үйл арвин болох нь эрдэмтэд, судлаачдын бүтээл туурвилуудаас аяндаа мэдрэгдсээр байна. Уламжлалаасаа сурах, түүнийг өвлүүлэх нь хэн хүнд хамаатай үйлс гэдгийг Байгаль орчныг хамгаалах тухайн хуульд тусган оруулж, байгаль орчныг хамгаалах үндэсний уламжлал, зан заншил эзэмшиж хэрэглэх, үр хүүхэддээ экологийн хүмүүжил олгох нь иргэн бүрийн үүрэг мөн гэжээ. Уламжлал болсон ёс заншлыг байгаль орчинд хандах хандлага агуулга, арга билгийн хувьд энэрэл хүндэтгэлийн, хорио цээрлэлийн, сургааль номлолын, сүсэг бишрэлийн, ажиглалт танин мэдэхүйн гэсэн 5 үндсэн ангилалд хувааж үзэж болохоор санагдана. Тэдгээрийн өөр хоорондоо харилцан холбоотой байжээ. Энэрэл хүндэтгэлийн уламжлал нь гол төлөв газар нутаг, уул ус, ой мод, ан амьтан ургамлыг хайрлан хамгаалж амьдрал ахуйдаа тухайн хэрэглээний шаардлагад тохируулан туйлын ариг гамтай хэрэглэх арга ухааныг сургаж байсан гэж үзэж болно.

Байгаль орчиндоо энэрэл хүндэтгэлтэй хандаж ирсэн ёс заншлуудын дотроос нийтийг хамарсан хамгийн хүндэтгэлтэй зан үйл нь уул тайх ёслол байв. Энэ нь овоо тахилгаас ялгаатай, илүү өргөн газар нутгийг хамардаг бөгөөд үзэсгэлэн төгөлдөр, ой мод, ургамал амьтны баялаг жигдэрсэн өнгө тансаг олны хайр хүндэтгэлийг илүү татсан тийм газар нутагт үйлддэг байсан байна. Монгол нутагт уул овоо тайх зан үйл бүр 13-р зууны үед ердийн үзэгдэл болтлоо хэвшсэн байв. Хан хэнтийн Бурхан Халдун уулыг Чингис хааны үед Хамаг монгол хийгээд Монголын их гүрэн, бүх Монгол туургатны сүлд уул болгон хүнлэн тахиж байсан түүхтэй. Харин Бурхан халдун уулыг тайдаг ёслол нэгэн хэсэгтээ тасарч хожим нь Манжийн хааны зарлигаар 1818 оноос дахин сэргээсэн баримт бий. Уул овоо тайх ёслолыг өөр газар нутагт ч хийдэг болжээ. 1778 онд Богдхаан уулыг, 1779 онд Отгонтэнгэр уулыг тайх ёслол хийгдсэн гэж зарим судлаачид тэмдэглэжээ. Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйн бичигт нэгтгэгдсэн тайх тахилгах ёслолын хуулиар шашныг тэтгэгч их Богд хан хайрхан уул, Хан Хэнтий уул, Отгонтэнгэр уулыг тайх тахилга хийх үйлдлийг зун, намрын дэлгэр цагт хийж байхыг хуульчилан, уг тахилгын дэг жаяг, төрөөс оролцох албаны хүн, гаргах хөрөнгөний тухай нарийвчлан заажээ. Байгаль орчноо хайрлан хамгаалах, хүндэтгэн дээдлэх ардын уламжлал ёс заншил одоо ч үргэлжилсээр байна. Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат 1995 он 05 сарын 16-ны өдөр “Богд хан хайрхан, Хан Хэнтий уул, Отгонтэнгэр уулыг тайх уламжлалыг сэргээх санаачлагыг дэмжих тухай” 110-р зарлиг гаргав. Зарлигт заасны дагуу нэр хүнд бүхий гурван газар нутгаа тайж хүндэлсээр байна. Уул овоо тайх ёслолоос гадна, овоо тахилга үйлдэх зан үйл мөн л эрт цагаас хэвшсээр ирснийг тэмдэглэх нь зүйтэй. Монголчууд уул толгод, даваа хөтөл дээр овоо босгож, түүнийгээ хүндэтгэн, байгаль орчноо хайрлан хамгаалсаар ирсэн уламжлал өнөөг хүртэл мартагдаж арилаагүй юм.

Ан амьтныг авлаж аж төрөх ёсон энэрэн хүндэтгэх, танин мэдэхүйн ухааралд хатуу тулгуурлаж байжээ. Ан амьтныг авлах, ан гөрөөнд мордохдоо хоослон үгүйрүүлэх, сувьдаглан шунахайрах, олз ашиг эрэлхийлэх, ямар нэгэн бодол санаа огтхон ч үгүй. Харин гагцхүү хангайн хишгийг зөв хүртэж, амьдрал ахуйгаа байгалийнхаа баялгаар тэтгэх үзэл санаа үеийн үед уламжлагдан ирсэн байна. Ан амьтны үржих , төлжих, үс арьс, тарга хүч гүйцэх цаг хугацааг нарийн танин мэдэж, зөв сонгон авч ан ав хийдэг, ангийн мах, арьс зэрэг олзвороо туйлаас хүндэтгэн, ариглан хэрэглэдэг хатуу тогтсон уламжлалтай, олноороо ан гөрөөнд мордохдоо хүндэтгэлийн ёслол үйлдэл хийдэг дэг жаягтай, зөрчих ахул зан заншлын төдийгүй хууль цаазын цээрлэл хүлээдэг байжээ. Амьтны үр төл, зулзага, хээл нь хүндэрсэн буюу нялх үр төлөө дагуулсан амьтан, ижил хос жигүүртнийг авлах нь бүү хэл үргээж цочоохоос ч эмээдэг, хүнлэг энэрэнгүй ёс заншил өвөг дээдсийн маань мах цусанд шингэсэн байлаа. Буга, баавгай, чоно, цагаан шонхор зэрэг амьтныг бусдаас онцгойлон хүндэлж, агнаж авлах цаг үе нь ирэхэд зан үйл нь өвөрмөц онцлогтой байсан нь хамгаалахын бас нэгэн гойд арга гэж үзэлтэй. Бугыг нас урттай амьтан тул агнаж устгавал хүний аминд цөвтэй гэж үздэг учраас авлалтын ёс жаяг, хүндэтгэл нь бусдаас өвөрмөц байжээ.

Байгалиа энэрэн хүндэтгэж ирсэн уламжлалын дотор мод, усандаа хандаж харьцах зан үйл мөн л өндөр хүндэтгэлтэй байсаар ирсэн явдэл бахархууштай зүйлийн нэг юм. Монголын говь цөлийн хэсэгт нутагладаг ардууд заг, хайлаас, сухай модыг эрхэмлэн хүндэтгэдэг байсан бол хангай нутгийнхан бургас, хус, хуш, арц, яргай зэрэг модыг илүү хүндэтгэн хайрладаг байжээ. Байгалаа энэрэн хүндэтгэх ёс заншилйн дотор уул, усаа өргөн хүндэтгэсэн, зүйрлэн дүйцүүлсэн нэрээр нэрлэх уламжлал ч бас ердийн хэрэг байсангүй. Монголчууд Богд хан, Хустай хан, Онон хатан эжий, Хатан Туул, Хатан, Сэрвээ, Алтан овоо, Хан-Хөхий хэмээн зарим нутгаа өргөмжлөлийн нэрээр нэрлэх заншил түгээмэл байжээ. Түүнчлэн, уул, усны оноосон нэрийг дэргэд нь буюу ойр орчимд нь хэлдэггүй “өндөр хайрхан”, “алтай хангай”, “далай ээж” гэх мэтээр төлөөлүүлэн ярилцдаг байсан нь мөн л байгальд элэг сэтгэлтэй хандаж ирсэн бас нэг ухааны илрэл мөн Байгалийг энэрэн хүндэтгэх ёс заншлыг бүхэлд нь авч үзвэл байгалийг эрт дээр үеэс амьд биет гэдгийг танин мэдэж, ухварлан ойлгож байсны хамгийн тодорхой жишээ мөн бөгөөд энэ нь өнөөгийн шинжлэх ухааны биосфер буюу шим мандал гэсэн ойлголттой дүйцэж байна.

Хорио цээрлэлийн уламжлал нь энэрэл хүндэтгэлийг хэрэг дээрээ ёсчлон сахих зан үйлийг хэвшүүлэх арга ухаан болж, байгаль дэлхийдээ харьцаж, хандахдаа ямар үйлийг тэвчиж өнгөрөөх, байгалийн өөрөө нөхөн төлжих чадварыг хэвээр нь байлгахыг үр сад хойч үедээ ухааруулан мэдүүлэх олон талын үйл ажиллагаагаар илэрч байжээ. Юуны өмнө, амьд байгалийн сэргээн төлжих, хавар зуны дэлгэр цагт өвс ногоо ургах үед газар шороогоо ухаж сэндийчих, нойтон мод, бут сөөг, гол горхи, булаг шандын эхний модыг огтлох, үр жимс, сонгино ургамлыг ихээр авч ашиглахыг хориглон цээрлэсээр ирсэн уламжлал монголчуудад эртнээс тогтсон юм. Шувууг тэнгэрийн амьтан хэмээн хүндэтгэж алж устгадаггүй, үүр өндгийг гэмтээж сүйтгэдэггүй, тэр ч бүү хэл үүр өндгөнд хүний сүүдэр хүргэхийг ч ихэд цээрлэдэг, хэрэв хүрвэл эх нь голж хаядаг гэж үздэг байв. Байгалийн тогтоц, унаган төрхөөрөө нэн үзэсгэлэнтэй ховор амьтан ургамал бүхий газар нутаг, уул усыг догшин хайрхан хэмээн нэрийдэж, тэндээс хөрс шороо, чулуу хөдөлгөх, ургамал, өвс, мод таслан авах, ан гөрөө хийхийг чандлан цээрлэдэг байжээ. Байгальтай хандах хорио цээрийн ёс заншил нь эцсийн дүндээ байгаль хамгаалах сэтгэлгээ соёлыг хувь хүнд төлөвшүүлж, улмаар монголчуудад нийтэд нь тийм ухаан суулгах алс хэтийн бодлогын нэгэн илрэл болж ирсэн гэж үзэж болно.

Сургааль номлолын уламжлал нь байгалийн зүй тогтлыг танин ухаарч, байгалийг хайрлан хүндэлж, хориглон цээрлэснийг сахин дагаваас сайн үйлд, харин гажуудуулан тэрсэлдвээс муу үйлд өртөнө гэдгийг хувь хүнд итгүүлэн үнэмшүүлэх арга ухааныг аав, ээж нь үр хүүхдүүддээ, ах эгч нь дүү нартаа, ахмад буурлууд нь залуучууддаа өвлүүлсээр ирсэн арга ухаан байв. Ургаа нойтон мод огтолбол мод сүүн нулимсаар уйлж, огтолсон хүнийг сүү, цагаан идээний хомсдол, гачаалд хүргэдэг гэж сургадаг, ой хээрт гал түлэхдээ өвс ургамалгүй, хад чулуу, сайр элс бүхий газрыг сонгон авч “Хан эзэндээ ам гарахгүй, хангай дэлхийдээ түймэр тавихгүй” гэж андгайлаад хэтээ цахиж, галаа асааж, явахдаа галаа бүрэн унтраагаад түүний баталгаа болгож үнсэн дээрээ хуурай өвс тавьж явдаг туйлын нягт нямбай, хянуур зан заншлаа үе үедээ уламжлжуулж ирсэн юм. Сургааль номлолын уламжлалыг хүн ардад түгээн хэвшүүлэх нэг гол хэрэгсэл нь үлгэр туульс, домог, дуу, ерөөл магтаал зэрэг арвин баялаг аман зохиол, ардын тоглоом, наадгай байжээ. Сургаал номлолын уламжлал нь байгаль орчныг хамгаалах сэтгэлгээг хувь хүнд төлөвшүүлэх хүмүүжлийн өвөрмөц арга болж монголын хүн амын ихэнх хэсгийн дотор эдүгээг хүртэл уламжлагдан ирсэн нь өнөөгийн шинжлэх ухааны томъёоллоор бүх нийтэд экологийн боловсрол, хүмүүжил олгох төрийн бодлогын уламжлалт шинж чанарыг нотлох нэг баримт гэж үзэж болно. Сургаал номлолын уламжлалыг хэвшүүлэх арга ухаан дан ганц ахуй, амьдралын хүрээгээр хязгаарлагдаж байсангүй, бас шашин шүтлэгтэй холбоотойгоор сүсэг бишрэлийн арга ухаанаар дамжиж хүний сэтгэлгээ, ой тойнд хүрч байсан онцлогтой.

Сүсэг бишрэлийн уламжлал нь далдын хүчин зүйлд бишрүүлэн итгүүлэх арга байсан гэж үзэж болно. Үүнийгээ хангай дэлхий, уул ус, ой хөвч, араатан жигүүртэн бүгдээрээ цаанаа харсан эзэнтэй, тэр бүхэнтэй сэтгэл санаанд нь үл нийцэх үг хэллэг, үйл ажиллагаагаар харьцаж хандвал лус савдаг хилэгнэж хорлол болдог гэсэн итгэл үнэмшлийг хүний ой тойнд суулгаж ухварлуулах арга замаар түгээн дэлгэрүүлдэг байжээ. Тэр нь гол төлөв лус савдгийг хүндлэн аргадаж мөргөл ёслол, залбирал үйлдэх, ном судар, тарни унших, бөө бөөлөх, мэрэг төлөг тавих, нүглийг тэвчих зэрэг шашны зан үйлээр дамжин илэрч байв. Сүсэг бишрэлийн уламжлалын өөр нэг чухал ёс заншил нь газар нутаг, уул усандаа аз хийморь , буян заяагаа даатгаж, байнга сүсэглэн залбирч эрүүл энх, элбэг хангалуун амьдрал, сайн сайхан бүхнийг хүсэж эргэл мөргөл, залбирал үйлддэг уламжлал өнөө хэр үргэлжилсээр байна. Жишээ нь Улаанбаатар хотынхон Боглхан, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх ууландаа сүсэглэн залбирч “дөрвөн уулын сан” уншуулах, Сүхбаатар аймгийнхан Алтан овоогоо, Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай сумынхан Хан Хөхийгээ сүсэглэн залбирах гэх мэт нутаг нутгийн уламжлалыг нэрлэж болно. Мөн алс газар одогсод төрсөн нутаг усныхаа чулуу шороог биедээ авч явдаг, уснаасаа магнайдаа хүргэж дараа нь заавал амсаж уудаг сайхан ёс заншил бас л байгалиа хамгаалах монгол сэтгэхүйн үргэлжлэл мөн.

Ажиглалт танин мэдэхүйн уламжлал нь байгаль, цаг уурын шинж байдал, элдэв үзэгдэл, хувирал өөрчлөлтийг зөвхөн зурхайн ухаанаар төдийгүй, ердийн ахуй амьдралын шинж төлөв, туршлагаараа урьдчилан танин мэдэж, тэдгээрт мал аж ахуйн хийгээд бусад ажил үйлс, амьдрал ахуйгаа зохицуулсаар ирсэн арга ухаан юм. Байгалийг танин мэдэх уламжлал нь амьдрал ахуйн ердийн ажиглалтаар, тухайлбал мал сүрэг, ан амьтны үйл хөдлөл, нар сар, од эрхсийн байдал, хүний өөрийн бие эрхтний өөрчлөлт хувирал зэрэг шинж төлөвт үндэслэн баримжаа таамаглал хийж, түүнээсээ ургуулан дүгнэлтэд хүрдэг арга ухаанаар дамжин хэрэгжиж байжээ. Энэ бол туйлын энгийн юм шиг мөртлөө олон жилийн практик, туршлагаар шалгарч танин мэдэхүйн үнэний түвшинд алдахаасаа онох нь илүүтэй байсныг үгүйсгэх аргагүй. Ажиглалт танин мэдэхүйн уламжлалын нэг гол онцлог нь хүн, байгаль хүйн уялдаа холбоотойгоор бие биедээ харилцан татагдаж, нэг нэгнээ шүтэлцэн түшиж оршин байдгийн утга учир, мөн чанарыг харуулж байдагт оршино.

Монгол орон байгалиа хайрлан хамгаалж, түүнтэй зохицон аж төрөх талаар нийгмийн амьдралын бүх хүрээнд өнө эртнээс уламжлагдан ирсэн үндэсний бодлого, ёс заншил, амьдралын дадлага, мэдлэг, соёлтой, тэдгээрийг ард түмэн нь өөрийн өвөрмөц арга ухаан болгож уламжлуулан ашиг сонирхолдоо нийцүүлэн хэрэглэж чадсан дэлхийн ховорхон орны нэг мөн. Монгол хүн бүр эрхэмлэн хүндэтгэх ариун нандин шүтээнтэй, тэр нь байгаль дэлхий гэж хэлж болно. Энэ бүхнийг улс орны дотоодод төдийгүй, улс орон, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөх бүрэн үндэслэлтэй юм. Түүхэн уламжлал нь ердийн нэгэн ёс заншил төдий бус, байгаль нь хүний амьдрал, оюун санааны мөнхийн эх сурвалж байж, түүнийг түшиж аж төрөх, хүний гоо сайхны таашаал байгалиас бий болж түүнд уяран татагдах мэдрэмж, сэтгэлгээг төрүүлж, тийм ухаан суулгах, хүмүүжүүлэх, танин мэдүүлэх зохицолдоог бүрдүүлж өгсөн. Энэ утгаараа нийгмийн олон талд амьдралын дотроос байгалийг хайрлан хамгаалах сайн сайхан үйлсийн төлөө хүн бүрт сэрэх, санах эрэх хайх, бүтээн бий болгох, тийм хөдөлмөр зүтгэлийг сонгон олж авах ухаарлыг төлөвшүүлсээр ирсэн байна. Байгаль хамгаалах зан заншлын уламжлал бол нүүдэлчдийн оюун ухаан, дадал заншил, ёс суртахууны үнэт бүтээл учраас түүнийг цаашид нарийвчлан гүнзгийрүүлэн судлах, суралцаж хэрэглэх нь шинжлэх ухаан, практикийн нэг тулгамдсан асуудал гэж үзэж болно.  
start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

Don`t mention it.
Baagii (зочин)

iamar t1 yumaaa yun=m haisanchin gants nuur garj ireeed bhin ma medeelleee nemeldeeeeeeeeeeeee
zaluuuuuuuuuuusaaaaaaaaaa

Уянга (зочин)

Yag haij baisan medeelel maani bna. Ta edgeer medeelelee yamar eh survaljaas avsan be? Zarim neg barimtuudiig daalgvartaa ashiglah gesen yum. Teheer medeelliin eh survalj ni chuhal bgaam l daa.

tuul (зочин)

hicheeld mini yag hereg bollo bayrlalaa medeellee haanaas awsan be?

зочин (зочин)

Гоё юмаа

энэрэл (зочин)

хэрэгтэй мэдээлэл байлаа
баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)