Kimochi : Өлсгөлөн

Өлсгөлөн

Буддатай нэг үед нэгэн ядуу хүүхэн амьдарч байжээ. Тэр хүүхэн Энэтхэгийн хамгийн үгээгүй ядуу гуйлгачдын нэг юм гэнэ. Түүний амьдрал ахуй ядуу буурай байсан болохоор сэтгэл нь ч мөн хоосон ядуу байж. Сэтгэл нь хоосон ядуу учраас тэрээр үргэлж л аливаа юмсыг авч эзэмшихийг хүсэж мөрөөдөж тэр чинээгээр өөрийнхөө дорд ядуу байдлыг мэдэрдэг байжээ. Хэдийгээр дорд үхээнц байдлаа мэдрэхийг тэрээр үзэн яддаг ч энэ байдлыг өөрчилж болно гэдгийг огт сэхээрч бодож үзээгүй юм байх.

Амталж, идэж, авч эзэмшээгүй бүхэндээ тэр хүүхэн хорсон, тэр хэмжээгээрээ сэтгэлийн тамд унадаг байж.
Нэг удаа баян Анатапиндикагынд Будда уригдсаныг сонсоод, Будда гэж олонд магтагдсан өглөгч хүн юм гэсэн тэнд очиж бор ходоодоо баярлуулж, бас бус юм илүүчлэе. Энэтхэгийн хамгийн үгээгүй над шиг муу бүсгүйд Энэтхэгийн хамгийн өглөгч Бурхан Будда юу харамлах билээ гэж ядуу хүүхэн бодоод хар өглөөгүүр тийшээ очихоор хатуу шийджээ. Хамаг хүн амьтнаас эртэлж боссон тэрээр Буддагийн замыг тосоод аль болох л ядарсан дорой дүр эсгэн Буддаг хүлээжээ. Будда ч шавь нараар дагуулсаар ирж гэнэ. Санаснаас тэр царай муутай, туранхай эцэнхий хүн байж гэнэ.
Баян Анатипиндикагийнд Буддаг хүндэтгэн ёслолын зоог барьж том найр наадам болоход ядуу хүүхэн Буддагийн нүдэнд өртөх гэж хамгийн урд цомбойтол суужээ. Будда түүнийг огт тоохгүй байв гэнэ. Арааных нь шүлс гоожиж аргаа барсан хүүхэн хамаг л арга чаргыг хэрэглэж үзэв. Будда дээгүүр харвал босоод зогсож гэнэ; баруун тийшээ харахад нь баруун талд нь зогсож гэнэ; зүүн тийшээ харахад нь зүүн талд нь зогсож гэнэ. Гэвч Будда хоолноосоо харамласан мэт хөөрхий муу ядуу хүүхнийг хялам ч харахгүй байжээ.

Гайхширч цөхөрсөн хүүхэн толгой нь эргэн, нүд нь харанхуйлан, шүлс нь зунгааралдан сууж ядан байтал:
-Чи юу горьдоо вэ? гэж цэх нүд рүү харч Будда асууж гэнэ. Буддагийн мэлмийд өртсөн тэр мөчид түүний хамаг л ухаан санаа, эрч хүч Буддад соронздуулан совх татагдсан мэт, хавь орчноосоо тасран зөвхөн Буддатай л хоёулахнаа байгаа мэт сонин мэдрэмж хүүхэнд зурвас мэдрэгджээ. Хэлэхээр бэлдэж байсан үгсээ балмагтаж мартсан ядуу хүүхэн хэлээ залгисан мэт амандаа түгдэрснээ арайхийн:
- Жа би, таны зоогноос жаахан үлдэгдлийг авъя...хм...гэсэн юм гэж хариулж. Мэдээж ядуу хүүхэн юу хүсэж байгаа нь тод байсан ч Будда түүнийг үүнийгээ эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой гэж бодсон юм байж. Будда:
-Зоог моог гэлтгүй чи миний энэ тавган дээрх карийг идэхийг хүсэж байгаа биз дээ? гэхэд, Ямар үхчээсэн харамч хулгайч вэ? гэж бодож амжсан хүүхэн юу хэлэхээ мэдэхгүй:
-Жа тиймээ гээд толгойгоо бөхийлгөхдөө Буддагийн ширүүн царайд үл мэдэг инээмсэглэл тодорсныг анзаарсангүй. Бүх хүмүүс тэр хоёрыг хэрхэхийг ажиж байлаа. Ядуу хүүхний хүйтэн хөлс цуван бүр хэцүү байв. Баян Анатипиндика зарцаа явуулан ядуу хүүхнийг зайлуулах гэтэл Будда гараа өргөн дохиж болиулаад:
-Хэрэв чи үнэхээр хоол идэхийг хүсэж байвал намайг чамд хоол өгөхөд битгий ав. Авахгүй гэж хэл. Чи хоол өгөхөд татгалзах хэрэгтэй гэж ядуу хүүхэнд хэлжээ.
Ядуу хүнээр тоглосон яадаг муу - гээд бодож амжаагүй байтал Буддагийн харцтай хоёр дахь удаагаа мөргөлдсөн хүүхэн энэ бол тоглоом биш үхэл амьдралын үнэнтэй тэнцэх мөч гэдгийг яагаад ч юм зөнгөөрөө мэдэрчээ. Түүнийг сэхээрч амжаагүй байхад хамрынх нь өмнө сэнгэсэн халуу ногоо үнэртсэн чинжүүтэй кари хүрээд ирж гэнэ. Хүүхэн сарвайсан гараа арай тавганд хүргэлгүй татаад насан туршдаа өгсөн хоолноос татгалзаж үзээгүйгээ доголон нулимс шалан дээр унах хугацаанд ухаарч, үгүй гэх ямар бэрх үг болохыг хамаг эд эсээрээ мэдэрчээ.
Сурсан занг сураар боож болдоггүй ч Будда байхад, Будда сарвайсан ч гэсэн ядуу хүүхэн хоолой нь зангиран байж:
-Гялайлаа... Би ид-эх-гүй ээ гэж хэлэхэд ухаан санаа нь саруусаж хөх тэнгэр мэт цэлмэжээ. Будда арван тавны сар шиг мишээн энэрэн нийгүүлсэх харцаар хамаг бүхнийг мялааж, хөөрхий хүүхнийг хажуудаа суулган хоол ундаар түүнийг дайлж цайлав.
Үүний дараа ядуу бүсгүй жинхэнэ өлсгөлөн бол өөрт нь байдаг аливааг эзэмших, хувьчлах, тачаадан хүсэх, харамлах, атгаг сэтгэл юм байна гэж ухаарч. Хожим тэр гэгээрсэн гэдэг.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)