Kimochi : Зочид буудлын салбарын үүсэл хөгжил, агуулга

Зочид буудлын салбарын үүсэл хөгжил, агуулга

Зочид буудал нь хүн амын тодорхой хэсгийг түр хугацааны орон байраар ханган үйлчлэхэд зориулагдсан тусгай тоноглол төхөөрөмж бүхий өрөө байруудтай иж бүрэн үйлчилгээний газар мөн. Зорчин явах, зочид буудал гэсэн хоёр үг салшгүй холбоотой байдаг. Тухайлбал, Азийн худалдааны замыг даган жинчдэд зориулсан дэн буудлууд (caravansary) эрт дээр үеэс үйл ажиллагаагаа явуулж иржээ. Сар жилээр үргэлжилдэг, урт хугацааны аяныхаа замд жинчид, худалдаачид алжаалаа тайлах, мал хөсгөө амраах, эд бараагаа хадгалах зайлшгүй шаардлага гардаг байжээ.

Европ, Америкт Inn ба Tavern гэж нэрлэдэг буудлуудыг морины өдөрт туулах зай, боломжийг бодолцон замын дагуу барьж байгуулж иржээ. Тухайн үеийн нийгмийн хөгжлийн түвшин, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн боломж зэргээс шалтгаалан үйлчилгээний чанар муу, орчин нь бохир заваан байжээ. Зорчин явагч өөрийн амрах орыг наад зах нь нэг хүнтэй хуваалцах, ачаалал ихтэй замд 4 хүний дунд нэг ор оногдох явдал тэр үед хэвийн үзэгдэл байсан байна. Эдгээр буудлууд нь хүмүүсийг байрлуулаад зогсохгүй, морь малыг нь адгуулах хашаа саравчтай байдгаараа зочид буудлын үйлчилгээний салбарын бие даасан төлөөлөгч болж чадсан юм.

Дээр үеэс уламжлагдан ирсэн Inn гэдэг үг одоо хүртэл орчин үеийн олонх зочид буудалд хэрэглэгдсээр байна. Inn нь өрдсөн галын өмнө ээн суугаад ширээ дүүрэн идээ, зоог бэлэн болохыг хүлээж буй хүмүүсийн дүр төрхөөр олны сэтгэлд дүрслэгдэн үлдсэн байдаг гэнэ.

АНУ-д зочид буудлын хөгжлийг Английн колоничлолын үеэс авч үздэг байна. Тэр үед далай тэнгисийн боомтуудад зөвхөн нийгмийн дээд давхаргынханд зориулсан Английн Inn нь хэн төлбөр хийж чадах хүмүүст үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой зочид буудал байсан байна. 1794 онд АНУ-ийн Нью-Йорк хотод, зочид буудлын зориулалтаар баригдсан анхны барилгыг City Hotel гэж нэрлэжээ. Үүнээс хойш Бостон, Балтиморе, Филаделфиа хотуудад ийм төрлийн зочид буудал баригдах болсон байна. Энэ үеэс эхлэн голдуу хувийн байшиндаа харьцангуй хямд үнээр үйлчилдэг байсан Colonial Inn бие даасан Inn болон хөгжиж ирсэн боловч үйлчилгээний чанарын хувьд мөн л доогуур байжээ.

ХIХ зуунаас эхлэн төмөр замын хөгжлийн үр дүнд олон тооны хүмүүсийг нэгэн зэрэг харьцангуй хямд үнээр тээвэрлэх боломжтой болсон нь хүн амын зорчих хөдөлгөөнийг эрс нэмэгдүүлж, галт тэрэгний зогсоолын ойролцоо зочид буудлууд байгуулах болсноор зочид буудлын үйлчилгээний салбарын хөгжилд ихээхэн түлхэц болжээ. Нью-Йоркын Grand Terminal сүлжээнд хамрагдсан зочид буудлууд зочид буудлын хөгжлийн энэ үеийн гол төлөөлөгч гэгддэг.

Орчин үеийн зочид буудлын анхдагчдын нэг архитектурч Isaiah Rogers-ийн зураг төслөөр баригдсан Tremont House нэгдүгээр зэрэглэлийн зочид буудал Бостон хотод 1829 онд анх нээгджээ. Энэ зочид буудал нэг болон хоёр хүнд зориулсан тусдаа өрөөтэй, бүх өрөө нь цоожтой, аяга болон ундны усны домботой, зочноо үнэгүй савангаар хангадаг байжээ.

Манай орны хувьд зочид буудлын салбар 1954 онд үндэс суурь нь тавигдсан гэж үздэг. 1954 оны 10-р сарын 2-нд СнЗ-өөс тогтоол гаргаснаар Худалдааны яамны дэргэд нийт 107 ажиллагсадтай “Жуулчдад үйлчлэх товчоо” байгуулагдаж, юуны өмнө “Алтай” зочид буудал, рестораны ажлыг шууд эрхлэх болжээ. 1957 онд анхныхаа тайланг гаргахад “Алтай” зочид буудал 4400 орчим зочин хүлээж авсны ихэнхи нь гадаад, дотоодын зочид төлөөлөгчид, хурал зөвлөгөөнд оролцогчид байлаа. Аялал жуулчлалын материаллаг баазыг өргөтгөх зорилгоор “Улаанбаатар” зочид буудлыг 1958 оноос эхлэн бариулж, 1961 оны 7-р сард ашиглалтанд оруулжээ. Тэр үеийн баримтаас үзэхэд энэ буудлыг барихад 45.785.225 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ажээ.

1982 онд СнЗ-ийн 386 тоот тушаалаар Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны харъяанд байсан “Баянгол” зочид буудлыг “Гадаадын жуулчдад үйлчлэх газар”-ын харъяанд шилжүүлснээр буудал, орны хүрэлцээг нэмэгдүүлж дараа онд нь 576 анчин жуулчин илүү авах боломжтой болжээ. Мөн 1986 онд “Буянт-Ухаа” рестораныг “Гадаадын жуулчдад үйлчлэх газар”-т шилжүүлсэн. Тэр үеэс хойш монголд жил бүр зочид буудал тодорхой хэмжээгээр нэмэгдэж байсан боловч сүүлийн жилүүдэд дуртай нэг нь л бараг өөрийнхөө гэрийг зочид буудлын зориулалтаар ашигладаг болжээ.

Монголд сүүлийн жилүүдэд зочид буудал нэмэгдэж байгаа нь олон шалтгаантай юм. Жишээ нь: Монголд ирж буй гадаадын иргэдийн тоо өсч байгаа, хятадаас жуулчин нэртэйгээр барилгачид маш олноор ирж байгаа бөгөөд эдгээр ажилчидын ихэнх нь зочид буудалд байрладаг, баар цэнгээний газар болгоны ойролцоо жижиг зочид буудлууд баригдах болсон, гэх мэт шалтгаануудтай. Одоогийн байдлаар /2007/ улсын хэмжээнд бүртгэлтэй 350 гаруй зочид буудал үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрээс зэрэглэлтэй 54 зочид буудал vйл ажиллагаа явуулж байгаагаас нэг ба хоёр одтой 31, гурван одтой 18, дөрвөн одтой 4, таван одтой 1 буудлууд байдаг аж .

Монголын зочид буудлын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага Монгол улсын зочид буудлын түүхийг нууц товчоотой холбон тайлбарлавал Чингис хаанд бараалхсан гадаад дотоодын элч төлөөлөгчдыг ирмэгц Чингис хааны арын албаныхан зочдыг тусгай гэрт оруулан хоол ундаар дайлан, тэдний ая тух болон аюулгүй байдлыг чандлан сахидаг байжээ. Ингээд бодоход манай улсад энэ салбарын түүх нь их монгол улсын үеэс үүдэлтэй гэж дүгнэж болохоор байгаа юм. Харин орчин үеийн зочид буудлын салбарын хөгжил нь 1954 оноос эхэлсэн хэдий ч 50 гаруй жилийн хугацаанд хөгжил дэвшлийн олон үеийг дамжин иржээ. Одоогийн байдлаар /2007/ монгол улсын хэмжээнд 15000 орчим ор бүхий 350 гаруй Зочид буудал үйл ажиллагаагаа явуулж байна . Эдгээр зочид буудлаас нэгээс таван одны зэрэглэл авсан 54 зочид буудал байгаа юм. бусад 300 орчим буудлууд ямар үйл ажиллагаатай, чанартай үйлчилгээ явуулж тохь тухтай байдлаар үйлчилгээгээ явуулж чадаж байна уу? Гэсэн бодлынхоо үүднээс энэ сэдвийг хөндөхийг зорьсон юм.

Манай улс аялал жуулчлалын хамгийн залуухан, туршлагагүй гэх хэлж болохоор улс төдийгүй тийм ч хуультай улс юм. Жишээлбэл: манай улсын аялал жуулчлалын тухай хууль нь гэхэд 2000 онд батлагдан гарч түүнээс хойш 2001, 2002, 2003, 2005 онуудад нэмэлт өөрчлөлт оруулж байсан байна. Монгол улс 1992 онд зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоох журмыг гарган, 2006 онд зочид буудал, жуулчны баазын бүртгэл хөтлөх журмыг гарган мөрдөж байгаа юм. Эдгээр хууль тогтоомж болон журман дээр “Зочид буудал” гэдэг нь: Төв суурин газарт байрласан, зочдыг хүлээн авч байр, хоолны болон бусад үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний цогцолборыг хэлнэ гэж заажээ. Энэ заалтан дахь үйлчилгээг бүх зочид буудлууд маань хангаж чадаж байна. Энэ шаардлага бол зэрэглэлтэй зэрэглэлгүй зочид буудал болгонд л байдаг үйлчилгээ юм.

Орчин үеийн зочид буудлын үйлчилгээ нь маш өндөр болсон одоо цагт манай оронд олон улсын зочид буудлын хөгжлийн шатанд хамт явж байгаа цөөн тооны зочид буудлууд л байгаа юм. Тухайлбал: “Улаанбаатар”, “Цэцэг”, “Continental”, ‘’Chinggis khaan’’, ‘’Altai’’, гэх мэтийн ихэнх нь зэрэглэл авсан буудлууд байгаа юм. Бусад зэрэглэлгүй буудлууд дотор гадаадын тэр дундаа хятад, солонгосын буудлууд их байна. Жишээлбэл: Хятадын буудлууд ихэвчлэн хоол ундны төрлийн бараагаа Бээжин, Эрээнээс авдаг судалгаа байдаг.

Чанартай хоол унд бол тухайн буудлын нэр хүнд нүүр царай болдог гэж хэлж болно. Гэтэл монголд ирсэн жуулчид Монгол үндэсний хоол идэх зорилготой, бас дуртай байдаг. Тэгвэл зочид буудлуудын хоол унданд тодорхой шаардлага тавимаар байгаа юм. Тэдэн хувь нь монгол үндэсний шинж чанартай хоол байх ёстой ч юмуу. Даяаршсан нийгэмд үндэснийхээ уламжлал, өвөрмөц төрхөөрөө танигдаж байх нь чухал гэж бодож байна. Монголын зочид буудлын хөгжил цаашдаа маш ирээдүйтэй байгаа нь ажиглагдаж байна. Мөн нэг нэгнээсээ туршлага солилцож, нэг жишгээр, нэг загварын стильтэй буудлууд ихээр байгуулагдах хандлагатай байна.

Шинээр байгуулагдах зочид буудлууд нэг үеэ бодвол хөрөнгө мөнгөний асуудал дээр хүндрэлгүй маш гоёмсог, тансаг орчинтой буудлууд хот хөдөөд ихээр байгуулагдаж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай буудлууд ихээр байгуулагдаж үйл ажиллагаа нь чанартай, олон улсын туршлага, шаардлагатай нийцсэн байгаа нь ажиглагдлаа. Монголын зочид буудлууд энэ байдлаараа хөгжвөл 10 жилийн дараа гэхэд нийт буудлын тоо 2 дахин нэмэгдэж зочид буудлын үйлдвэрлэлийн орлого нь монголын эдийн засаг, зах зээлд нөлөөлөхүйц болох хандлагатай байна. Дэлхийн томоохон буудлуудтай сүлжээгээр нэгдэж, материаллаг баазаа сайжруулж үйл ажиллагаагаа явуулбал монголын зочид буудлууд дэлхийн нэртэй зочид буудлууд шиг нэр хүндтэй болж хөгжлийнхөө шинэ шатанд гарах боломж өргөн байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)