Kimochi : Боловсролын үнэ цэнэ

Боловсролын үнэ цэнэ

Ц.Болд /МУИС-ийн Социологийн тэнхимийн багш/ Г.Цогтбаатар /МХХ-ийн МСА-ы судлаач/
Өнөөгийн нөхцөлд дээд боловсролын давуу тал, зэрэглэлийн үнэ цэнэ улам алдагдсаар байна. Тухайлбал, 1994-2006 оны хооронд нийт ажилгүйчүүд дунд дээд боловсролтой хэсгийн эзлэх хувийн жин 1.9-11.5 хүртэл нэмэгдсэн бол, гэмт үйлдэлд 2.1-5.9 хувь (1991-2000) мөн нийт ядуучууд дунд эзлэх хувь нь 8.7 -10.2 (1995-2002) хүртэл өсчээ.

Дээд боловсролыг нэгэн зах зээл хэмээн үзвэл улс орны хувьд оршин тогтнолыг нь хангах хамгийн чухал болох энэхүү оюуны зах зээл дээр өдгөө 180 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 125 нь хувийн, зургаа нь Монголд үйл ажиллагаа явуулж буй гадны салбар сургууль, 49 нь төрийн сургуулиуд байна. Бидний ажиглалтаар сургуулиуд дараах байрлал, байдалтай байна. Хувийн дийлэнх сургуулиуд менежментийн хувьд үнийн өрсөлдөөний буюу харьцангуй бага төлбөртэй байх сонголт хийсэн тул маш бага зардлаар /Хямд ажиллах хүчин, чанар муу хэрэглэгдэхүүн/ сургалт явуулахыг эрмэлздэг. Энэ нь дагалдагчийн байрлал юм.

Хувийн их, дээд сургууль, коллежийн мэргэжлийн баримжааг харахад нийт суралцагчдынх нь 83.5 хувь нь бизнесийн удирдлага, хууль зүй, хүмүүнлэгийн ухаан, нийгэм, эдийн засгийн ухаан, багш, сурган хүмүүжүүлэх ухаан зэрэг чиглэлээр суралцаж байна. Эдгээр мэргэжлийн хувийн сургуулиуд ихэсч байгаа нь сургалтын өөрийн өртөг багатай холбоотой. Гэтэл техник, технологи, баялаг, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт хувийн сургууль ховор байдаг.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд төдийлөн өсөхгүй байгаа нь сургалтын өртөг өндөртэй холбогдоно. 2001-2005 оны хооронд төрийн МСҮТ-үүд 30-33 болсон бол төрийн бус 2-2 байгаа юм.

Хувийн их, дээд сургууль, коллежуудын тоо хэмжээ дэлхийд байхгүй рекордыг тогтоогоод байна. Тэдгээрийг 100 мянган хүн ам тутамд ногдох байдлаар нь гадаад улс орны хувийн сургуулиудын тоотой харьцуулж үзвэл Японоос 8 дахин, Энэтхэгээс 9 дахин, БНСАУ болон Индонезоос 10 дахин, Тайландаас 103 дахин их хэмжээтэй байна. Хувийн дийлэнх сургуулийн сургалтын төлбөрийн хэмжээ төрийн болон гадны сургуулиудтай харьцуулбал бага байдаг. Зөвхөн төлбөрөөр амьдардаг ийм сургуулиудад дэлхийн жишигт нийцсэн чанартай сургалт явуулах санхүүгийн бололцоо байхгүй.

Иймд бидний тодорхойлсон механизмууд сөргөөр үйлчилж сургалтын чанаргүйдлийг бий болгодог. Мөн хувийн дийлэнх сургуулиудын сургалтын чанар муугийн нэг баталгаа нь магадлан итгэмжлэлд хувийн 125 сургуулиас 55 нь буюу 44 хувь нь л хамрагдсанаас харж болно. Мөн магадлан итгэмжлэлд хамрагдсан сургуулиуд ч чанартай сургалт явуулдаг гэх баталгаа байхгүй. Дагалдагчдын байршил нь хувийн сургуулиудад ашигтай ч чанаргүй боловсрол нь оюутнуудад цаашлаад хямдхан ажиллах хүчин болж байгаа нь багш нарын амьдралд хортой тул нийт улс орны хэмжээнд авч үзвэл сөрөг нөлөөтэй байна.

Төрийн сургуулиуд өөрийн сонгоогүй сонголт буюу менежментийн хувьд тодорхойгүй дундаж байрлалд байна. Төр нь өөрийн өмчийн сургуулиудын сургалтын төлбөрийг доод хэмжээнд барьж, чанарын дээд хэмжээг үзүүлэх ёстой хэмээн шахаж байгаа нь үнэ бага, чанар өндөр байх менежмент рүү хүчээр тулгажээ. Чанартай сургалт явуулахад санхүүгийн бололцоо чухал учраас төлбөр бага байх тохиолдолд энэ нь хэрэгжихгүй, зөрчилтэй бөгөөд тодорхойгүй байдлыг бий болгож байгаа юм.

2003 оноос хойш төр сургуулиуддаа санхүүжилт өгөхөө зогсоосон. Өмнө нь төрийн сургуулиудын тогтмол зардлыг төрөөс хариуцдаг байсан билээ. Адаглаад төрийн сургуулиудын менежментийн бие даасан бус байдал нь дотоод хариуцлагын тогтолцоог нь сулруулдаг тул сургалтын төлбөрөөс бусад орлогын эх үүсвэрт чиглэсэн зорилтот арга хэмжээг хангалттай авна гэхийн баталгаа байдаггүй.

Эдгээр нь төрийн сургуулиудын өрсөлдөх чадварт цаашлаад чанаргүй сургалт нь нийт улс орны хэмжээнд сөрөг нөлөөллийг үзүүлж байна. Монголд байгаа гадаадын салбар сургуулиуд зах зээл дээрх тэргүүлэгчдийн байрлалыг сонгосон нь ажиглагдаж байна. Учир нь Монголын хувийн, төрийн аль ч сургуулиуд сургалтын чанарыг эрхэмлээгүй.

Иймд чанартай боловсролын төлөө өндөр үнэ төлөхөд бэлэн сегмент орхигдож, хэрэглэгчид нь гадаад уруу гарч суралцах шаардлага тулгарч байсан бол өдгөө энэ сегментэд гадны 6 сургуулийн салбар үйл ажиллагаагаа явуулж байна. /Плехановын академийн эдийн засгийн салбар, Буриадын их сургуулийн салбар, Эрхүүгийн техникийн их сургуулийн салбар, Москвагийн энергийн институтын салбар, Казакстаны их сургуулийн салбар, Сингапурын Хартфорд институтын салбар зэрэг болно/.

Эдгээр нь тэргүүлэгчид бөгөөд сургалтын чанарыг эрхэмлэж буй учир сургалтын төлбөр өндөр байдаг. Тухайлбал Сингапурын Хартфорд институтын салбар нь 2005 онд монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч тус сургуулийн салбарт дипломын дээд болон бакалаврын түвшинд албан бус мэдээгээр 200 гаруй хүн хамрагдаж байна. Дипломын дээд боловсрол эзэмшихэд 2.5 жил. Төлбөр нь 9000 ам доллар. Харин бакалаврын төвшний жилийн төлбөр нь 6000 доллар болно.

Энэ нь манай их, дээд сургуулиудын дундаж төлбөрөөс 15-20 дахин их хэмжээ юм. Ийм төлбөр төлөх чадвартай хэрэглэгчдээ Монголын боловсролын байгууллагууд алджээ. Дүгнэвэл Монголын их, дээд сургуулиуд гадны сургуулиудтай өрсөлдөх чадваргүй байна. Хувийн, төрийн ялгаагүй бүх сургуулиуд зөвхөн сургалтын төлбөрөөр амьдарч байгаа. Сургалтын чанарт байгууллагын менежментээс шалтгаалсан санхүүгийн нөөц бололцоо чухал гэвэл өнөөгийн монголын ихэнх их, дээд сургуулиудын төлбөр нь дэлхийн жишигт нийцэх чанартай боловсрол олгоход хэтэрхий багадаж байна.

Манай сургуулиудын төлбөр бага байгаа нь нэг талаас сургуулиудын стратегийн сонголт, нөгөөтэйгүүр энэхүү нийт улс орныхоо хөгжилд муу нөлөөтэй дагалдагч болон дундаж байрлалыг сонгох болсон нь дээд боловсролын тогтолцоог зохицуулах сайтар боловсрогдсон төрийн бодлого үгүйтэй холбоотой. Хэрэв төрөөс сургуулиудыг тэргүүлэгчдийн байрлал руу шахаж дараахь дөрвөн чиглэлээр бодлого хэрэгжүүлбэл Монголын сургуулиудын өрсөлдөх чадвар сайжирч, дээд боловсролын тогтолцоо эрүүлжих боломж бий. Үүнд:
1. Боловсролын зэрэглэлийн үнэ цэнийг дээшлүүлэх. 2005-2006 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид 138019 оюутан суралцаж байгаа бол тусгай мэргэжлийн дунд сургуулиудад 23249 оюутан суралцаж байна. Энэ нь нийт мэргэжлийн боловсрол эзэмшигчдийн дөнгөж 14.4 хувь нь байна. Мэргэжлийн боловсролын энэхүү харьцааг эсрэгээр нь харгалзуулах нь зүйд нийцнэ. Дэлхийн хөгжингүй орнуудын практикаар бол 30:70 байх нь оновчтой ажээ.

Иймд өнөөгийн мөрдөгдөж байгаа магадлан итгэмжлэлийн түвшин болоод нөгөө талаас элсэгчдийн босго оноо, шалгуурыг дээшлүүлэх хэрэгтэй. Шалгуурт тэнцсэн сургуулиуд л үлдэх болно. Ингэснээр өнөөгийн замбараагүй олон сургуулиуд бас чанаргүй олон дээд боловсролтонгуудын тоо, хэмжээ багасна.

2. Дээд боловсролын байгууллагуудын санхүүжилтийг сайжруулж, сургалтын чанарыг дээшлүүлэх. Сургалтын чанарыг дээшлүүлэх механизмуудыг хангахад санхүүжилт чухал байдаг. Гэтэл монголд төлбөрийн чадвартай элсэгчид цөөн. Гэхдээ үүнийг шийдвэрлэх боломж бий. Үүнд: 
- Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг дээд боловсролын элсэлтийн шаардлагыг бүрэн хангасан, төлбөрийн чадавхгүй оюутнуудад чиглүүлэх. Дэлхийн банкны экспертүүд дараах дүгнэлтийг хийжээ. "Монголын сургалтын төрийн сангийн хөтөлбөрүүд нь сурах чадвартай боловч ядуу оюутнуудад чиглэгдэж санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёстой. Засгийн газрын тогтоолын дагуу төрийн албан хаагчийн хүүхдийн сургалтын төлбөр зэрэг нэмэгдсэнээр сургалтын төрийн сангийн санхүүгийн дэмжлэг гол зорилгоосоо хазайсан байна". 
- Чадварлаг оюутнуудад олгодог дотоод болон гадаадын ашгийн болон ашгийн бус байгууллага, хувь хүмүүсийн нэрэмжит хандив, тэтгэлгийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Сүүлийн жилүүдэд иймэрхүү байгууллагуудын тоо хэмжээ нэмэгдэх болсон бөгөөд энэ талаар ном хүртэл гарсан байгаа.

 Эдгээрээс өөр бусад хэлбэрүүдийг сайтар судлах хэрэгтэй. Боловсролын зэрэглэлийн үнэ цэнэ сэргэх тохиолдолд дээд боловсрол эзэмшигчдийн тоо 50 хүртэлх хувиар буурч, тэтгэлэгт хамрагдагчдын тоо хэмжээ багасаж, дээрх бодлогуудын хэрэгжих магадлалыг дээшлүүлэх болно.

3. Дээд боловсролын байгууллагуудын менежментийг сайжруулж, сургалтын чанарыг дээшлүүлэх. Сургалтын чанарыг харьцангуй дээшлүүлэх менежментийн арга нь нийт суралцагсчдын 67 хувийг төвлөрүүлсэн төрийн өмчийн сургуулиудад илүү хамаатай. Дараах хоёр арга замыг санал болгож байна. Үүнд: 
- Төрийн сургуулиудыг менежментийн хувьчлалд оруулах. Өмнө хийгдсэн судалгаануудаас үзэхэд менежментийн хувьчлал хийгдсэн төрийн сургуулийн сургалтын чанар, төрийн мэдлийн сургуулиудаасаа харьцангуй илүү байв. Хэрэв удирдлагын оролцоо /төрийн/ хэвээр хадгалагдах тохиолдолд эдгээр сургуулиуддаа, төрөөс санхүүгийн бүрэн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй.  - Стратегийн ач холбогдолтой гэгдэж буй сургуулиудын болон бусад төрийн өмчийн сургуулиудын ажиллах хэмнэлттэй нөхцөлийг хангах. Ингэхдээ боломжит нөхцөлүүдийг тооцож удирдлагыг нь нэгтгэх. Энэ тохиолдолд нэмэгдэл болон удирдлагын зардал нь багасна.

4. Иргэдийн тодорхой мэргэжил эзэмших, сурах, боловсрох эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх: Үүнд: 
- Хүссэн бүх хүн нийгмийн гарал, үндэс угсаа, нас, хүйс, хөрөнгө чинээ, орлогоосоо үл хамааран тухайн түвшний боловсрол эзэмшихээр шалгалт өгөх боломжоор хангах. 
- Элсэлтийн шаардлага хангасан тохиолдолд сурах эрхийг нь эдлүүлэх. /Санхүүгийн болон бусад дэмжлэгтэйгээр/ 
- Чанартай сургалт явуулах санхүүгийн нөөц боломжтой ч сургалтын чанарыг алдагдуулж буй сургуулиудтай тэмцэх. 
- Их, дээд сургууль, коллежид тэнцээгүй болон ерөөс техник мэргэжил эзэмших хүсэлтэй иргэдэд тодорхой мэргэжил эзэмших бололцоог нь хангах үүднээс тусгай болон мэргэжлийн дунд боловсролыг хөгжүүлэх хэрэгтэй. Үүний үр дүнд нарийн мэргэжлүүд шаардагдсан ажлын байрууд ажилтнаар хангагдах бөгөөд цамаан ажилгүйчүүд ч багасах болно.

МУИС-ийн Социологийн тэнхмийн багш Ц.Болд
Өнөөдөр Монголд улсын болоод хувийн, гадаадын хөрөнгө оруулалттай болон дотоодын 180 гаруй их дээд сургуульд 130000 орчим оюутан суралцаж нэг жилд л 25000 гаруй оюутан дээд боловсролын диплом өвөрлөн төгсч байна. Одоогийн байдлаар их дээд сургуулиудын оюутан элсүүлж авах гэсэн эрэлтийг ЕБС төгсч байгаа хүүхдүүдийн тоо бүрэн хангаж чадахааргүй төвшинд хүрлээ. Харин их дээд сургуульд суралцагчдын энэ давалгаа, төгсөгчдийн энэ их нийлүүлэлтийг хөдөлмөрийн зах зээл шингээж чадаж байна уу, их дээд сургууль төгсөгчид ажил олгогчдын эрэлтээс давж байна уу, ажил олгогчдын тавих шаардлагыг хангаж байна уу гэдэг нь судлууштай асуудал болжээ.

Энэ нь боловсролын талаар төрөөс баримтлах бодлого буруу болохыг л харуулж байна. Юуны өмнө төлбөрийн асуудлыг авч үзье. МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн жишээгээр авч үзвэл бакалаврын төвшинд суралцаж байгаа 1188 оюутны 570 нь хувийн зардлаар суралцдаг, 618 нь бусад хэлбэрээр төлбөрөө даалгадаг байх юм. Тухайлбал төрийн албан хаагчийн хүүхэд 239, нэн ядуу 140, 3 хүүхэд нь суралцдаг шалтгаанаар 9, малчин өрхийн 64, хөнгөлөлттэй зээлээр 166 оюутан суралцдаг аж. Иймэрхүү жишгийг төрийн өмчийн бүх сургуулиуд дээр харж болно. Нийт суралцагчдын 50 хүрэхтэй хувь нь төлбөртэй суралцдаг, талаас илүү хувь нь төлбөргүй буюу төлбөрийн зөрүү хэмээх цөөхөн төгрөгний төлбөрийг төлөөд бараг үнэгүй сурдаг болох нь харагдаж байна.

Цаашилбал 2004 онд төрийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцагчдын зээлийг бүгдийг нь хүчингүй болгосныг тооцвол ийм зээл цаашид ч хүчингүй болох магадлалтай. Улс төрийн иймэрхүү шийдвэрүүд нь сургалтын төлбөрийг бүр ч үнэгүйдүүлж байгаа юм. Өнөөдөр улсын болоод хувийн их дээд сургуулиудын сургалтын төлбөр ойролцоогоор 350 мянгаас 600 мянгын хооронд хэлбэлзэнэ. Энэ нь ам долларт шилжүүлбэл 300-500 орчим доллар болж байна.

Улаанбаатар хотод амьжиргааны баталгаажих доод төвшинг 42800 хэмээн Статистикийн төв газраас шинээр тогтоон баталжээ. Энэ тоог 10 сараар үржүүлбэл 428000 төгрөг болох юм. Дүгнэн үзвэл өнөөдрийн манай их дээд сургуулиудын сургалтын төлбөр амьжиргааны баталгаажих доод төвшингийн орчимд л эргэлдэж байна. Мөн оюутнуудын боловсролтой холбоотой зардлуудыг тооцож үзвэл дотуур байр болон, хажуу өрөө, байр хөлсөлсний зардал жилд дунджаар 233400 төгрөг, сургуулиас гадуурх бусад сургалтын зардал 113700, ном сурах бичгийн зардал, 33500 зэрэг олон зардал бий бөгөөд нийт хэмжээ нь ойролцоогоор 700 мянга гардаг аж.

Эдгээр зардлыг тооцон үзвээс оюутнууд сургалттай холбоотой зардалд сургалтын төлбөрөөсөө илүү их зардал гаргадаг, нийт ахуйн хэрэгцээний зардлыг тооцвол сургалтын төлбөрийн эзлэх жин гуравны нэгд ч хүрдэггүй ажээ. Эдүгээ улсын гэгдэх сургуулиуд нь төрөөс нэг ч төгрөгний дэмжлэг татаас авдаггүй, цэвэр оюутнуудын төлбөрөөр амьдарч байна. Энэ талаараа хувийн дээд сургуулиудтай адил.

Улсын Их сургууль гэж ямар сургуулийг хэлдэг юм бэ. Улсын гэдэг нь цол нь юм уу, өмчийн харьяалал нь юм уу, зэрэглэл төвшин нь юм уу. Боловсролын байгууллагууд ашгийн бус байгууллага байх ёстой боловч өнөөдрийн байдлаар Улсын их сургуулиуд нь төрийн сангийн дансанд мөнгө хөрөнгө төвлөрүүлэх аж ахуйн нэгж, Улсын Yлдвэрийн газар шиг харагдах боллоо. Боловсрол ашгийн бус гэдэг утгаараа оюутнуудын төлбөр болон бусад арга хэмжээнээс олсон орлогыг 100 хувь сургалт болон үйл ажиллагаанд зарцуулан оршин тогтнох учиртай.

Энэ талаараа хувийн сургуулиудаас давуу тал байна уу гэдгийг харъя.
1. Хувийн сургуулиуд төлбөрийн мөнгийг захиран зарцуулах эрхтэй бол УИС-ууд хязгаарлагдмал эрхтэй.
2. Хувийн сургуулиуд төлбөрөө жилийн эхэнд төвлөрүүлдэг бол төрийн өмчийн сургуулиуд бүтэн жилийн турш цувуулж авна. Төлбөрийн дийлэнхийг бүрдүүлдэг төрийн сангийн төлбөр сургалтын жил дуусахын өмнө л хагас дутуу шилжиж орж ирдэг.
3. Төлбөрийн хэмжээг хязгаарлаж дээрээс нь тогтоож өгнө.
Дэлхийн зах зээлд тааруухан нэг сургуулийн жилийн дундаж төлбөр 6000 ам доллар байхад Монголд УИС-иудын жилийн төлбөр ердөө л 300-500 ам доллар буюу 15-20 дахин бага үнэтэй. Зориуд бодлогоор ингэж унагаж буй гэж үзэх хүмүүс ч бий.
Иймээс бүх улсын их сургуулиудын удирдах зөвлөлийн гишүүд бараг бүгдээрээ хувийн сургуультай байдаг нь ёс болжээ. Тэд хувийнхаа сургуулийг бодох уу улсын сургуулийг бодох уу гэдэг нь мэдээжийн хэрэг.
4. Төлбөрөө нэмэх эрхгүй захирлууд орлогоо нэмэгдүүлэхийн тулд оюутныхаа тоог олшруулдаг. Нэг ангид дунджаар 20 оюутан, нэг багшид дунджаар 15 оюутан ногддог байсан бол одоо нэг ангид 30-35 оюутан, нэг багшид 20-25 оюутан ногдох жишээтэй. Төлбөр, санхүүжилтийн хувьд нэг удаа асуудлаа шийдлээ гэхэд сургалтын чанар эрс муудна.

Оюутныхаа тоог нэмэгдүүлж эх үүсвэрээ бүрдүүлсэн сургуулиуд 2-3 ээлжээр хичээллэж байна. Гэхдээ оюутны тоог яамнаас хязгаарлана. Ингэх хэдийгээр зөв байх талтай ч өөр гарц хайхгүйгээр эдийн засгийн хөшүүргийг нь хааж буй хэрэг. Төрийн сургуулидад төрөөс баримталж байгаа бодлогыг эдийн засгийн өнцгөөр авч үзэхэд ийм дүр зураг харагдаж байгаа юм. Одоо үүнтэй шууд холбоотой сургалтын чанарын асуудлыг товч хөндье.

Сургуулиуд аль болох их элсэлт авахыг чухалчилж буй учраас элсэлтийн шалгалтын босго оноог доошлуулах, шалгалт авах тест гэх мэт хөнгөн хэлбэрүүдийг голлон хэрэглэдэг. Элсэлтийн шалгалт сул байх нь боловсролын зэрэглэлийн ач холбогдлыг алдагдуулдаг сөрөг үр дагавартай. Ном ёсоор бол шаардлага хангахуйц мэдлэг боловсролтой хэсэг нь л дараагийн буюу ахисан төвшинд суралцах эрх эдэлнэ. Гэтэл энэ зарчим Монголд хэдийнээ алдагдсан. Мөнгө төлж л чадаж байвал баклавар, магистрантур цаашлаад докторантурт ч суралцах боломжтой. Yүнд тухайн суралцагчийн мэдлэг чадвар гол биш болжээ.

Мэдээж хэрэг элсэгчдийн чанарыг бус төлбөрийг нь гол болгосон учраас төгсөлт их байлгах бодлого барьдаг. Идэвх султай оюутнуудыг шахах хяналтын механизм сул учраас оюутнуудын идэвхгүй байдал газар авдаг. Мөн идэвхтэй цөөнх хэсэгт чиглэсэн урамшуулал бага байдаг нь тэдний суралцах идэвхийг нь өрнүүлж чаддаггүй. Цаашлаад санхүүгийн бололцоо муу тул багш нарын цалин бага, хийсэн ажлыг нь урамшуулах механизм сул байдаг. Yүний уршгаар багшлах гэдэг нь багш нарын хувьд үндсэн ажил биш болдог. Багш нар арга буюу орлогын бусад эх үүсвэрт анхаарал тавих болдог байна.

Бага төлбөр төлсөн оюутан бага зэргийн үйлчилгээ авч түүндээ сэтгэл ханадаг учир сургалтын чанарыг дээшлүүлэх талаар хяналт тавьж, шаардлагаа өндөрсгөх сонирхолгүй байдаг. Төрийн сургуулиудын санхүүжилт нэгэнт хангалттай биш учир сургалтын чанарт анхаарал тавих ямар ч боломжгүй, сургуулиуд сургалтандаа нэмэлт хөрөнгө оруулж бараа үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлэх боломж байхгүй ажээ. Ийм байдлаар төрийн сургуулиуд жил ирэх тутам уналтын байдал руу дөтөлнө.

Yнэгүй учраас суралцагчид сурах сонирхолгүй, хяналтгүй, хяналтгүй сургалт чанаргүй, чанаргүй учраас нэр хүндгүй, ач холбогдолгүй бизнесийн сургалт зонхилдог, бизнес учраас аль болох бага зардлаар аль болох олон оюутныг төгсгөхөд чиглэнэ. Дүгнэвэл өнөөдөр төрийн өмчийн гэх их дээд сургуулиуд мухардлын байдалд орчихсон түүнээс гарах арга замыг нь төрөөс бодлогоор хаасан байдалтай байна. Энэ нь боловсролын салбарт сэдэл төрүүлэх бүтэц үгүй, нийгэмд гүйцэтгэх үүргээ гүйцэтгэж чадахгүй, ерөнхийдөө боловсролын салбар маань нийгмийн хариуцлагагүй байгаа гэсэн үг юм.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)