Kimochi : Мэдээлэл гэж юу вэ?

Мэдээлэл гэж юу вэ?

Мэдээлэлзүйн шинжлэх ухааны хамгийн анхдагч язгуур ухагдхуун нь мэдээлэл юм. Бидний эргэн тойронд байгаа бүх зүйлс, тэдгээрийн шинж чанар, үзэгдэл, үйл явцыг илэрхийлсэн аливаа дохио нь мэдээлэл юм. Ганц тэмдэгтээс авахуулаад зузаан зузаан боть ном, жижигхэн дүрснээс авахуулаад эргэн тойрны зураг дүрслэл, бяцхан анираас авахуулаад бүхэл бүтэн найрал хөгжим, эгэл үйлдлээс авахуулаад иж бүрэн хувьсал хувирал хүртэл, бүхий л үнэр, өнгө, тоо, тэмдэгтийг хамарсан өргөн ойлголт бол мэдээлэл. "Хүний гадаад орчноос тусгагдаж мэдрэгдэж байгаа аливаа зүйл нь мэдээлэл болно. Тэрхүү мэдээллийг хүний хэл яриа, дохио зангаа, дуу авиа, зураг дүрслэлээр дүрслэн тодорхойлж болно. Зураг, дүрс, дуу, авиа, хөгжим, бичиг, тоо, үйл явдал, үзэгдэл, шинж чанар, хэмжээ хэлбэр бүгд л мэдээллийн дүрслэл юм. Тэр ч байтугай өнгө, үсэг, цифр, чимээ анир, зэргээс авахуулаад үүх түүх, байгаль дэлхий, цаг хугацаа, орон зай хүртэл мэдээлэл билээ." гэж мэдээллийн тухай ойлголтуудыг хялбаршуулан тодорхойлсон байдаг. Тэгвэл зарим ном товхимолд мэдээлэл нь өгөгдөл ба түүнийг хувиргах арга хоёрын харилцан үйлчлэлийн үр дүн гэж тодорхойлсон.

Мэдээллийг хүлээн авах
Мэдээллийг хүн өөрийн мэдрэхүйн эрхтнүүдээр дамжуулан хүлээн авна. Эдгээр эрхтний тоонд нүд, чих, хамар, хэл, арьс зэрэг орно. Тэдгээр нь харах, сонсох, үнэртэх, амтлах, хүртэх зэргээр гадаад орчны тухай дохиоллыг хүнд хүргэх ба тэр нь мэдрэлийн тогтолцоогоор дамжин оюун ухаанд хүрдэг. Ийнхүү хүлээн авч байгаа дохионууд нь мэдээлэл билээ. Тэгэхлээр аливаа мэдээлэл нь өнгө дүрс, дуу авиа, үнэр, амт, хэлбэр хэмжээ байдлаар тусгагдаж байдаг ажээ. Тодорхой судалгаа явуулж, хүн хүлээн авч байгаа мэдээллийнхээ хэдэн хувийг нь ямар эрхтнээр хүртдэг болохыг тогтоосон байдаг. Ингэхэд хүн нийт мэдээллийнхээ 90%-ийг хараагаар, 9%-ийг сонсголоор авдаг ба үлдсэн 1%-ийг мэдрэхүйн бусад эрхтнээрээ хүлээн авдаг гэсэн үр дүн гарсан байв. Нөгөө талаас ихэнх мэдээллийг мэдрэхүйн олон эрхтнийхээ тусламжтайгаар, тал талын шинж чанарыг нь зэрэг таних замаар цогцоор нь хүртдэг.

Ж. Тайзан дээр дуучин гарч ирлээ гэхэд түүний гадаад төрх, царай зүс, хувцаслалт болон нүүрний хувирал зэрэг олон зүйлийг хараагаар хүлээн авахаас гадна, дууны ая, хоолойны өнгө  зэргийг сонсголоороо хүлээн авах ба ирж байгаа мэдээллүүд хоорондоо холбогдон, нэгэн төрхийг бий болгон  оюун ухаанд хадгалагдан үлддэг.
Ж. Хоол ундыг бол ихэвчлэн орц хэмжээ, өнгө зүс, амт, үнэр зэргээр нь үнэлдэг шүү дээ.
Ж. Дэлгүүрээс ямар нэгэн хувцас худалдан авах болоход түүний материалын зузаан нимгэн, чанар чансааг харахаас гадна, барьж имэрч үздэг нь түүний тухай мэдээллийг хүрэлцэхүйн эрхтнээрээ дамжуулан, харах эрхтэнтэй хамсран хүлээж авч байна гэсэн үг.

Хэл нь дүрслэх арга 
Хүний оюун ухаанд мэдрэхүйн эрхтнүүдээр дамжин ирсэн мэдээлэл оюун ухаанд хуримтлагдсан өгөгдөл мэдээллийн байдлаар хадгалагддаг. Түүнийг нь хүн мөн илэрхийлэн гаргаж болдог. Тухайлбал тоглолтон дээр үзсэн дуучныхаа тухай ч юм уу, үдийн цайнд идсэн хоолныхоо тухай хэн нэгэнд санал бодлоо хэлж, дүрслэн тайлбарлаж ярьдаг шүү дээ. Мэдээллийг дүрслэх арга нь хэл юм. Аливаа мэдээлэл, түүний шинж чанарыг тухайн хэлний үг, өгүүлбэрийн тусламжтайгаар ямар нэгэн байдлаар ямагт илэрхийлж болдог. Дэлхий дээр маш олон хэл байдаг бөгөөд тэдгээр нь бүгд л тухайн үндэстнийхээ хувьд мэдээллийг дүрслэх, илэрхийлэх үүргийг гүйцэтгэдэг. Хэл болгон өөр өөрийн онцлогтой ч ямар ч мэдээллийг дүрслэх боломжтой. Тухайлбал олон хэл мэддэг хүн бол тухайн мэдээллийг хэд хэдэн хэлний тусламжтайгаар дүрслэх чадвартай байна гэсэн үг болох нь ээ.
Гэтэл хэлнээс гадна өөрийн хөдөлгөөн, дохио зангаагаар ч мөн мэдээллийг дүрсэлж болно. Тухайлбал олуулаа хамт байхдаа хэн нэгэнд нь бусдаас нууцлан ямар нэгэн юм ойлгуулах шаардлагатай болоход бид гар хурууны хөдөлгөөн, нүүр царайны хувирлаар сэмхэн дохио илгээн цаад хүндээ ойлгуулдаг. Энэ нь мэдээллийг дүрслэх бас нэгэн хэлбэр юм. Цаашилбал хүмүүс төрөл бүрийн ажил гүйцэтгэж байхдаа дуу авиагаар харьцах боломжгүй үед гар хуруу, биеийн хөдөлгөөнөөр бодлоо илэрхийлэх систем боловсруулсан байдаг.

Ж. Онгоцны буудал дээр ажилладаг талбайн зохицуулагч хоёр гартаа өөр өөр өнгийн дарцаг барин гарын хөдөлгөөнөөр төрөл бүрийн дохиог үзүүлдэг
Ж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд буюу сонсголгүй хэлгүй хүмүүст зориулсаи дохионы хэл гэж байдаг. Тэд энэ хэлээрээ яг л бид нар ярьж байгаатай адилаар ойлголцож байдгийг та нар харсан байх. Зарим телевизийн нэвтрүүлэг, мэдээний үеэр дэлгэцийн нэг өнцөгт ярьж байгаа яриаг дохиоиы хэлэнд хөрвүүлж байдгийг ч харсан байх.
Ж. Томоохон хөрөнгийн биржийн брокерууд наймаалцлын явцад бие биендээ үнэ, ханшны тухай мэдээллийг мөн тогтсон дохионы системээр илэрхийлж байдаг. Тэдний гар хурууиы хөдөлгөөн хоромхон зуур асар үнэт мэдээллийг дүрслэн дамжуулдаг.
Ж. Бид өдөр тутам нийтээрээ ойлгодог дохионуудыг ч хэрэглэдэг. Тухайлбал эрхий хуруугаа гозойлговол сайн, чигчий хуруугаа гозойлговол муу байна гэхээс гадна, долоовор хуруугаар юм заах, толгойгоо дохих, сэгсрэх, мөрөө хавчих зэрэг маань хүртэл өөр өөрийн үүрэгт мэдээллийг дүрсэлж байгаа хэрэг шүү дээ.
Тэгэхлээр дохио, дохионы систем нь бас мэдээллийг  дүрслэх арга юм байна.

Амьтны хэл
Мэдээллийг дүрслэх шаардлага хүнд төдийгүй амьтдад ч бас бий. Зарим амьтад өөрийн хэлээр харилцдаг тухай судалгаа байдаг. Тэдний гаргаж байгаа дуу авиа нь бидний яриа гэсэн үг. Хоол унд олдсон, аюул ойртон ирж байгаа, үр зулзгаа санасан, бусдад эсэргүүцэл илэрхийлсэн зэрэг олон нөхцөл байдалд тэд ихэвчлэн өнгө өнгийн дуу авиа гаргах ба түүнийг бусад нь маш сайн ойлгодог. Иймээс мэдээллийг дүрслэх нэгэн хэрэгсэл болох хэл нь амьтдад ч бас заяагджээ.
Ж. Гэрийн нохой гаднын хэн нэгэн ойртон ирэхэд хуцаж дохио өгөх ба эзэндээ эрхлэн гийнэх, хоорондоо ноцолдохдоо архиран уурсах, ижлээ санан ороосох үедээ улих, гэх мэтээр өөр өөр дуу авиа гарган тухайн нөхцөл байдлаа илэрхийлдэг.

Хөдөлгөөн
Гэхдээ амьтдын хэл нь тодорхой хэмжээгээр боловсронгуй бус, нөгөө талаас амьтад нь биеийн хөдөлгөөнөөр бас олон мэдээллийг илэрхийлдэг. Нохой гэхэд сүүл, нүд, биеийн ерөнхий хөдөлгөөнөөр мэдээллийг дамжуулна. Ер нь амьтдын биеийн ерөнхий хөдөлгөөн, төлөв байдал, гаргаж байгаа дуу авиа хамтдаа нийлж байж түүний илэрхийлэх гээд байгаа мэдээллийг гүйцэд илэрхийлэх явдал олонтаа.
Ж. Сүргээр амьдрах зэрлэг амьтдын дотор хоол унд хайх болон аюулаас биеэ хамгаалахын тулд бие биендээ мэдээлэл дамжуулах шаардлага их  гардаг. Тэдний нэг нь ойртон ирж буй аюулыг хараад чанга дуу авиа гаргах, толгойгоо өргөн ийш тийш харан сэрэмжлүүлэх, ухасхийн зугатах зэргээр бусаддаа аюулын тухай мэдээллийг өгдөг бөгөөд түүнийг нь сүргийн бусад гишүүд маш түргэн ойлгох ба даруй хамгаалах арга хэмжээ авдаг байна. Тэхдээ үүнийг тодорхой нэгэн хэл гэхээсээ амьдралын туршид бүрэлдэн бий болдог рефлексийн үйлдэл гэж хэлж болох боловч тухайн бодгальдаа мэдээллийг дүрслэх арга болж байгаагаараа нэг ёсны байгалийн хэлний систем юм.

Бичиг үсэг
Мэдээллийг дүрслэх өөр олон арга байна. Тэдгээрийн дотор хамгийн чухал байр суурийг бичиг үсэг эзэлнэ. Хүн төрөлхтөн маш эрт дээр үеэс бичиг үсгийг зохион хэрэглэж ирсэн тухай олон эх сурвалжуудаас бид мэддэг. Олон зууны турш дамжин хүний нийгмийн үүх түүх, зан заншил, эдлэл хэрэгсэл, арга технологийн тухай мэдээллийг бичиг үсгээр дамжуулан мод, хадан дээрх бичээсээс эхлээд элдэв төрлийн бар, шаантаг бичиг, олон олон боть номнуудад дүрслэн өгүүлсэн байна. Мөн бичиг үсгээс гадна төрөл бүрийн зураг дүрслэлээр мөн мэдээллийг дүрсэлнэ. Хадны сүг зураг, ханын бичээснээс авахуулаад хүн төрөлхтний оюуны бүтээлийн cop болсон уран зургууд, зураасан, хошин зураг зэрэг дүрслэх урлагийн бүх төрөл жанрын бүтээлүүд мэдээллийг дүрслэх бас нэг цогц хэрэгсэл юм. Барилга байшин, хөшөө дурсгал, уран баримал, цогцолбор газар, техник технологи, гар урлалын бүтээлүүд, эдлэл хэрэгсэл зэрэг нь ч мөн мэдээллийг дүрслэх арга билээ.

Мэдээллийг дүрслэх техникийн хэл
Ийнхүү мэдээллийг дүрслэх шаардлага техникт бас гарч  ирнэ. Орчин үед мэдээлэл нь хүний амьдралын чахал хэсэг болсон бөгөөд мэдээлэлтэй ажилладаг маш олон техник хэрэгслүүд бий болжээ. Тэдгээр нь мэдээллийг дүрслэх өөрийн аргатай бөгөөд түүн дээрээ тулгуурлан мэдээллийг боловсруулж, хадгалж хувиргаж, дамжуулдаг билээ. Мэдээллийг техникт дүрслэх маш олон аргууд байдаг бөгөөд тэдгээрийг бүгдийг нь хүн боловсруулан бий болгосон байдаг.

Зохиомол хэл
Ямар нэг байдлаар мэдээллийг дүрслэхийн тулд хүн үүсгэн бий болгож боловсруулсан системийг зохиомол хэл гэх бөгөөд, харин тухайн амьд организмд байгалиас заяагдсан бөгөөд мэдээллийг дүрслэх арга болж өгдөг чадварыг байгалийн хэл гэнэ. Тэгэхлээр бидний ярианы хэл, амьтдын хэл зэрэг нь байгалийн хэл, бүх төрлийн дохионы систем зэрэг нь зохиомол хэл болж таарах нь ээ. Амьтдын амьдралын явцад бүрэлдэн бий болсон болзолт дадлын сангууд нь мэдээллийг дүрслэх байгалийн хэл, техникт мэдээллийг дүрслэхэд зориулан зохиосон хэлнүүд зохиомол хэл болно. 
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

Don`t mention it.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)