Kimochi

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай

2010 оны 06-р сарын 25 Нийтэлсэн Dagiimaa
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай Дэлгэрэнгүй»

Хүний эрх

2010 оны 05-р сарын 01 Нийтэлсэн Dagiimaa
Хүний эрх Дэлгэрэнгүй»

Хүний эрх

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Dagiimaa
Сонгуулийн хуулийн олон заалт зөрчигдөж ихээхэн зөрчил булхайтай явагдсан их хурлын сонгуулийн маргаан дуусаагүй байхад орон нутгийн сонгууль болж өнгөрөв. Өмнөх сонгуультай харьцуулахад харьцангуй бага зөрчил, булхай гарсан сонсогдож байгаа хэдий ч энэ талын маргаан мөн л тасарсангүй. Түүнчлэн урьд өмнө тохиож байгаагүйгээр ирц муутай сонгууль болсон юм. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийт сонгогчдын ердөө л 62 гаруй хувь нь оролцсон байх юм.

Сонгуулийн явцад гардаг зөрчил булхай нь сонгогчийн эрхийг ямар нэгэн байдлаар зөрчиж байгаа хэрэг юм. Энэ талаар сонгуулийн өмнө 2004 оны 4-5 дугаар сар болон 9-10 дугаар сард хийсэн судалгаан дээр тулгуурлан тулгамдаад байгаа зарим асуудлыг авч үзье.

Судалгаанаас үзэхэд нийт хүмүүсийн 15 хувь нь орон нутгийн сонгуулийн үед булхай луйвар гардаг гэсэн бол 40.4 хувь нь УИХ, ба Ерөнхийлөгчийн мөн Орон нутгийн бүх шатны сонгуульд зөрчил булхай гардаг гэж хариулсан. Ялангуяа орон нутгийн сонгуулийн үеэр иргэдийн сонгох эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар онцлон авч үзье. Орон нутгийн сонгуулийн үеэр маш олон хүн сонгуульд саналаа өгч чадахгүй болж байна. Тэдгээрийг дараах байдлаар бүлэглэн авч үзэж болно.

1.Гадаадад амьдрагчид 1990 оноос хойш паспортын хатуу систем устаж иргэд гадаадад чөлөөтэй зорчих болсон. Нийгмийн хамгийн идэвхтэй, боловсролтой, риск хийх чадвартай, хөдөлмөрийн ба сонгуулийн насны, бас харьцангүй боломжтой хэсэг нь гадаад руу гарчихлаа. Уг нь тэд бол нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг. Тиймээс хэрвээ гадаадад байгаа монголчуудыг сонгуульд оролцуулбал сонгуулийн ирц ихээхэн өндөр байх боломжтойг харуулна. Чухам хэчнээн хүн гадаадад байгааг манайхан тоог нь ч гаргаж чадахгүй байгаа.

Учир нь гадаадад байгаа монголчууд сурахаас гадна ихэнхи нь хараар хууль бусаар амьдарч байна. Судалгаанаас үзвэл манай насанд хүрсэн хүн болгоны 7-8 орчим хувь нь ямар ч байсан гадаадад байх шиг байна. Эл хөдөлгөөн хумигдах бус харин ч өдөр ирэх тусам өсөн нэмэгдсээр л байгаа. Цаашид ч гэсэн нэг хэсэгтээ буурахгүй байх болов уу. Энд ажиглагдаж байгаа нэгэн дэвшил бол хараар ажиллахаас хууль ёсоор ажилтан дадлагажигч гаргах албан ёсны хэлбэр рүү шилжиж байгаа явдал.

Үүнтэй холбоотой дараах хоёр асуудал хөндөгдөж байгаа. Нэгдүгээрт, гадаадад байгаа хүмүүсийн бүртгэл цэгцрээгүй байдал, хоёрдугаарт, тэдний сонгуулийн эрхийн тухай асуудал. Одоогийн сонгуулийн хуулийн нэгдүгээр бүлгийн хоёрт санал авах өдөр эх орондоо байгаа, иргэн саналаа өгнө гэж заасан нь тэднийг сонгуульд оролцох боломжгүй болгож буй аж. Гэвч Өмнөд Солонгос, АНУ, Япон, Герман зэрэг өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудад амьдарч байгаа мянга мянган Монголчуудад сонгуулийн эрхийн асуудал өдөр ирэх бүр хурцаар тавигдах боллоо.

Хамгийн гол нь эдгээр хүмүүс гадаадад явахдаа Монголдоо оршин суугаа хаягаараа бүртгэл нь хэвээрээ байж л байдаг бөгөөд үүнийг хэсгийн хорооныхон чадварлаг ашигладаг.

2. Хөдөөнөөс шилжин ирэгчид: 1992 онд баталсан Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн өөрийн оршин суух газраа өөрөө сонгох эрхтэй болсон. Улмаар социализмын үед зохиомлоор барьж байсан шилжих хөдөлгөөн өөрийн зүй тогтлынхоо дагуу явагдаж олон иргэд УБ хотруу нүүж эхэлсэн юм. Судалгаанаас үзэхэд өдгөө шилжих хөдөлгөөний оргил үе өнгөрөөд байгаа бөгөөд дараагийн давалгаа Эрдэнэт болон Дархан хот руу чиглэж байна.

Амьдралаа сайжруулж ажил олж хийхийн тулд, хүүхдийнхээ боловсрол ирээдүйн сайн сайхны төлөө олон мянган гэр бүл УБ болон бусад хотууд руу нүүж байна. Гэхдээ тэднийг амар хялбар амьдрал хотод угтдаггүй. Хамгийн наад зах нь бичиг баримтаа бүрдүүлэх хүнд бэрх ажил бий. Үүнийг цөөхөн өрх албан ёсоор хийдэг ба бусад нь хотод бүртгэлгүй амьдралаа эхэлдэг. Угтаа бол тэд хөдөөнөөс ирэхдээ орон нутгийнхаа бүртгэлээс хасуулж суурьшсан газраа бүртгүүлэх ёстой. Олон мянган айл үүнийг хийдэггүй.

Тийм ч учраас маш олон хүн шилжүүлэг байхгүй гэсэн шалтгаанаар сонгуульд оролцож чадаагүй. Уг нь хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт ...Хүн амын шилжилт хөдөлгөөн болон бичиг баримтын зөрчилтэй зэрэг шалтгаанаар сонгуульд санал өгөхийг түдгэлзүүлэх, нэрийн жагсаалтаас орхигдуулах зэргээр иргэдийн саналаа өгөх эрхийг хөсөрдүүлэхийг ноцтой зөрчилд тооцон хүлээлгэх хариуцлагыг чангатгах, уг зөрчлөөс сэргийлэх арга хэмжээ авна хэмээн заасан.

Yүний дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2004 оны УИХ-ын сонгуульд шилжин ирсэн өрхийн саналыг авах талаар нэлээд ажил хийсэн боловч бодит байдал дээр бичиг баримтын зөрчилтэйн улмаас сонгуульд саналаа өгч чадаагүй хүмүүс цөөнгүй бий. Нөгөө талаас хотод ирсэн иргэд хөдөө орон нутгийн бүртгэлээс албан ёсоор хасагдаагүй байдаг. Энэ нь нэрийн жагсаалтыг будлиантуулах шимтэй хөрс болж өгнө.

3. Хотын захад оршин суугчид. Хамгийн сүүлийн хүн амын тооллогоос харвал хотын хүн ам нийтдээ 650 мянга хүрч байгаа үүн дээр орж гарч байгаа, бүртгэлгүй хүмүүсийн тоог нэмбэл нэг саяд хүрдэг гэсэн тооцоог судлаачид хийх нь бий. Чухамдаа нийслэл хотруу чиглэсэн шилжих хөдөлгөөнөөс гадна хотын иргэд маань дотроо төвөөс зах руу хөдөлгөөнд орж эхлэх нь тэр. УИХ-аас 2002 онд газар өмчлөх тухай хууль батлагдсанаар хотын төвийн маш их олон айл хотын зах руу газар барьж хашаа барин суурьшиж эхэллээ. Мөн маш олон айл өвөлдөө байрандаа ирж өвөлжөөд хавар, зун, намартаа хашаандаа байдаг.

Хамгийн гол нь үүний цаана хоёр газар давхар бүртгэл хийлгэж иргэний бүртгэл мэдээллийн системийг холион бантан болгоно. Бас барагтай л бол шилжүүлэг хийлгэдэггүй учраас сонгуулийн үнэмлэхээ авч чадахгүй байх, цаашилбал сонгуульд оролцож чадахгүй байх явдал түгээмэл бий. Засаг даргын задгай гэж нэрлэдэг хүмүүс үүний сонгомол жишээ юм. Тэд зөвшөөрөлгүй газар буусан учир бичиг баримт нь байсан ч тэднийг албан ёсоор бүртгэж авдаггүй.

Эдгээр хүмүүс өөрсдөө гудамжаа нэр өгч айлуудаа дугаарлаж зохион байгуулалтанд ордог хэдий ч албан ёсны хэлээр бол зүгээр л задгайд амьдардаг хүмүүс юм. Үерийн ус буух, голын сав, өндөр хүчдэлийн шугам, цэвэр усны байгууламж зэрэг олон газар зөвшөөрөлгүй айлууд амьдарч байна.

4. Байраа түрээслэгчид: Орон сууцны асуудлыг шилжилтийн үеийн ээдрээтэй хүнд хэцүү цаг үе болох 1997 онд үнэгүй хувьчилсан. Ингэж орон сууц хувь очсоноос хойш өөрийн орон сууц бусдад түрээслүүлж амьдардаг бүхэл бүтэн нийгмийн бүлэг бий болоод байгаа. Тэд дотроо олон хэлбэртэй. Үүнд хоёр өрөөнийхөө нэгийг нь түрээслүүлж хөлсөө төлдөг ядуу айлаас гадна, байраа жилээр түрээслүүлж өөрсдөө гэр хороололд амьдардаг дундчууд, гадаадын хүмүүст сарын 500 доллараас багагүй хөлслүүлдэг өөр байртай хүмүүс ч бий.

Ийм хөдөлгөөн хийдэг хүмүүс хэзээд нүүх хаяг нь өөрчлөгдөж байдаг учир албан ёсны хаягаараа бүртгэлтэй гэвч сонгуульд оролцох үнэмлэхээ ч авч чадахгүй, цаашилбал өөрийн тойрогт нэр дэвшигчийн талаар мэдээлэл авч чадахгүй сонголт хийх эрх нь хязгаарлагддаг. Мөн тэдний нэр дээр саналын хуудас ирдэг гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Хэрвээ эзэд нь байхгүй бол ийм саналын хуудасны хувь заяа бүрхэг л байдаг.

5. Улаан паспортнууд. 2004 оны УИХ-ийн сонгуулийн өмнө сонгуулийн өмнө Сонгуулийн ерөнхий хороо иргэдээ сонгуульд оролцуулахын тулд маш олон ажил хийсний нэг нь хуучин улаан паспорттой хүмүүсийг иргэний үнэмлэхээр солих ажил байв. Yүний ачаар хэдэн мянган хүн иргэний үнэмлэхтэй болсон. Гэвч иргэд үүнд бүрэн хамрагдаж чадаагүй, олон иргэд улаан паспорттой байгаа. Ийм хүмүүс одоо хэдэн мянгаар тоологдож байгаа бөгөөд тэд сонгуульд оролцож чадахгүй болоод байна. Тэдэн дээр иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн хүмүүс нэмэгдэж бөгөөд нийлбэр дүнгээрээ сонгуулийн ирцэд нөлөөлөх ба тэдний улс төрийн эрх зөрчигдөж байна.

6. Оюутнууд Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үеэр эрх нь хамгийн их зөрчигдсөн хүмүүс бол хөдөө орон нутгийн оюутнууд юм. Тэднийг сонгуульд оролцуулахгүй байгаа үндэслэл бол тухайн орон нутагт байнгын оршин суугч биш учраас. Судалгаанд оролцогчдын 18.6 хувь нь ажиллаж байсан хэсгийн хороонд оюутнуудтай холбоотой булхай гарч байсан гэсэн.

Энэ нь дараах хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, оюутнуудын ихэнхи нь хоёр нутагтан буюу хөдөөнөөс хотод орж ирж суралцдаг тиймээс бүртгэл үгүй байдаг, хоёрдугаарт, оюутнууд хээрийн, ажлын дадлага гэх мэтээр яг сонгуулийн үеэр бөөнөөр нь зөөх байршуулах боломжтой байдаг, гуравдугаарт, оюутнуудын үзэл бодол хараахан төлөвшиж амжаагүй байдаг, дөрөвдүгээрт, бэл нимгэн ядуу заяатай хэмээн шүлэглэдэг товчоор хэлбэл худалдагдах боломжтой байдагт хэргийн учир оршино.

7.Урьдчилан хорих төвд хоригдож байгаа хүмүүс Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар саналаа өгч чадаагүй бас нэгэн бүлэг бол урьдчилан хорих төвд хоригдож байгаа хүмүүс юм. Сонгуулийн хуулийн 2-т эмнэлгийн дүгнэлт ба шүүхийн шийдвэрээр ухаан солиотой нь нотлогдсон түүнчлэн хорих ял эдэлж байгаа хүн сонгуульд оролцохгүй гэж заасан. Мэдээж гэм буруутай нь шүүх хурлаар хараахан тогтоогдоогүй байгаа урьдчилан хорих байранд хоригдож байгаа хүмүүс санал өгөх эрхийг УИХ-ийн сонгуулийн үед эдэлдэг.

Тэнд хоригдож байгаа хүмүүсийн нэрийн жагсаалтыг 7 хоногийн өмнө гаргаж явуулын хайрцгаар саналыг нь авдаг. Үүнд хуулийн нэг хийдэл бий. Хэдхэн жилийн өмнө урьчилан хорих төвийг цагдаагийн байгууллагын харьяалалаас гаргаж шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын мэдэлд өгсөн. Гэтэл манай сонгуулийн хуулийн 16-р зүйлийн 3-т цагдаагийн газрын эрх баригчид сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэхэд шаардагдах мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Тэгээд эмнэлэг амралт сувиллын газрын нэрийн жагсаалтыг 7 хоногийн өмнө нийтэд зарладаг байтал урьдчилан хорих төвийн хүмүүсийг хэдэн хүн санал өгөх нэрийн жагсаалтыг гаргана гэж заагаагүй байгаа.

Гэтэл эдгээр хүмүүсийн хувьд саналаа нууцаар өгөх, чөлөөтэй сонгох эрхийг ноцтой зөрчдөгийг хэн бүхэн мэднэ. Энд аймаг болгонд байгаа урьдчилан хорих төвд байгаа сонгогчдын тоог нэмбэл бага биш тоо гарна. Тийм ч учраас судалгаанд оролцогчдын 13.8 хувь нь урьчилан хорих байранд булхай зөрчил гардаг буюу хүний эрхийг зөрчдөг гэж үзжээ.

8. Эмнэлэг, ба амралтын газар УИХ-ийн сонгуулийн үед эмнэлэг амралт сувиллын газар байгаа хүмүүс саналаа өгөх эрхийг эдэлдэг. Сонгуулийн өдөр эмнэлэг амралт сувилалд байгаа хүмүүсийн тухай сонгуулийн хуульд эмнэлэг, амралт, сувиллын газрын эрх баригчид сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэхэд шаардагдах мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан.

Эдгээр газарт нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс долоо хоногийн өмнө ил тавьж сонгогчдод чөлөөтэй танилцах боломжийг мөн олгох ёстой. Чухам үүний дагуу явуулын хайрцагтай хүмүүс очиж санал авдаг. Судалгаанд хамрагдагсдын 13.9 хувь нь эмнэлэг амралт сувиллын газарт санал авахад булхай гардаг гэж үзсэн. Харин орон нутгийн сонгуулийн үеэр эмнэлэг амралт сувиллын газарт байгаа хүмүүсийн сонгуулийн эрх зөрчигддөг.

9. Цэргүүд Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 10 орчим хувь нь цэргүүдийг онцлон дурджээ. Орон нутгийн сонгуулиар ч гэсэн цэргүүд саналаа өгч чадахгүй байгаа нь тэдний сонгох эрх чөлөөг зөрчиж байгаа явдал мөн. Зарим газар цэргийн анги нэгтгэл их байдаг ба тухайн тойргийн сонгогчдын 10 хүртэл хувийг бүрдүүлэх нь ч бий. Цаашид цэргүүдийн саналыг өгүүлэх талаар ажиллах шаардлагатай байгаа.

Орон нутгийн сонгуульд сонгогчдын оролцоо маш идэвхгүй байгаа нь маш олон хүчин зүйлээс хамаарч байна. Гэхдээ байнга оршин суудаггүй, бүртгэлгүй гэсэн шалтгаанаар наад зах нь дээр дурдсан есөн бүлэг хүмүүс сонгуульд оролцож чадахгүй, Үндсэн хуульд заасан сонгуулийн эрх чөлөө нь зөрчигдөж байна. Цаашид сонгуулийн хуульд өөрчлөлт хийх, шинэчлэн боловсруулахдаа эдгээр хүмүүсийн сонгох эрхийг хэрэгжүүлэх талаар багагүй зүйл хийх шаардлагатай байна.

Байгууллагын нууцын тухай

2010 оны 04-р сарын 17 Нийтэлсэн Dagiimaa

1995 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь байгууллагын нууцыг тогтоох, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Байгууллагын нууцын тухай хууль тогтоомж
Байгууллагын нууцын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

З дугаар зүйл.Байгууллага, байгууллагын нууцын тухай ойлголт
1.Байгууллага, байгууллагын нууц гэдгийг энэ хуульд дараахь утгаар ойлгоно:
1/ "байгууллага" гэж тодорхой чиг үүрэг, бүрэн эрх бүхий хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн этгээдийг хэлнэ;
2/"байгууллагын нууц" гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд , тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.

2.Байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа -шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байгууллагын нууцад хамааруулж болно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Байгууллагын нууцыг тогтоох, хамгаалах

4 дүгээр зүйл. Байгууллагын нууцыг тогтоох
1.Энэ хуулийн З дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т хамаарах нууцыг Улсын Их Хурал хуулиар тогтоон баталгаажуулна.
2.Энэ хуулийн З дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах нууцыг байгууллага өөрөө тогтооно.
З.Байгууллагын нууц нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахаар байж болохгүй.

5 дугаар зүйл.Байгууллагын нууцыг хамгаалах
1.Байгууллагын нууц нь тухайн байгууллагын хамгаалалтад байна. Байгууллага нь нууцаа хамгаалах журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө тогтоож мөрдөнө.
2.Байгууллагын нууцыг хариуцаж байгаа, эсхүл түүнтэй албан үүрэг, мэргэжлийн үйл ажиллагааны дагуу танилцсан, олж мэдсэн этгээд уул нууцыг чанд хадгалах үүрэгтэй.
З.Байгууллага нь эрхэлж буй үйл ажиллагааныхаа дагуу олж мэдсэн хувь хүний нууцыг байгууллагын нууцын нэг адил хамгаална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл

 6 дугаар зүйл. Нууцлахыг хориглох мэдээллийн хүрээ
Байгууллага дор дурдсан мэдээллийг нууцалж болохгүй:
1/тухайн байгууллагын явуулж буй үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж буй техник, технологийн хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийг илтгэн харуулах мэдээлэл;
2/тухайн байгууллагын мэдэлд байгаа бөгөөд хадгалалт, хамгаалалтын горим нь зөрчигдсөн тохиолдолд хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулж болзошгүй бүх төрлийн хорт, цацраг идэвхт бодисын хор хөнөөлийг тодорхойлсон мэдээлэл;
З/гэмт хэргийн тухай болон нийтэд мэдээлэхээр хуульд заасан бусад мэдээлэл.

7 дугаар зүйл.Байгууллагын нууцтай танилцах
1.Хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, тэдгээрийн ажилтан нь хянан шалгах бүрэн эрх, чиг үүргийнхээ дагуу байгууллагын нууцтай танилцана.
2.Байгууллагын нууцтай албан үүргийнхээ дагуу танилцсан, эсхүл олж мэдсэн этгээд уул нууцыг зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журамд нийцүүлэн ашиглах бөгөөд бусдад задруулахыг хориглоно.
З.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу хэрэгжүүлж байгаа хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж нууцалсан байгууллагын нууцыг ил болгох эрхтэй бөгөөд тухайн шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдалтай холбогдолтой байгууллагын нууцад хамаарах зарим тодорхой мэдээллийг бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахгүй тохиолдолд нийтэд мэдээлж болно.

8 дугаар зүйл.Шүүхэд гомдол гаргах
Хуулиар тогтоосон нууцыг аливаа этгээд бусдад задруулсан гэж үзвэл байгууллага энэ тухай гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.

9 дүгээр зүйл.Хариуцлага
Байгууллагын нууцыг хариуцдаг, эсхүл түүнтэй танилцсан этгээд уул нууцыг задруулсан бол хөдөлмөрийн гэрээ, тухайн байгууллагын дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээх бөгөөд хуулиар тогтоосон байгууллагын нууцыг задруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч 2ОООО-5ОООО төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулна.

1О дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1995 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ

Төрийн албаны тухай

2010 оны 04-р сарын 17 Нийтэлсэн Dagiimaa
2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төрийн алба /цаашид "төрийн алба" гэх/-ны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг тогтоон зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Төрийн албаны тухай хууль тогтоомж

2.1. Төрийн албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

З дугаар зүйл. Төрийн алба, түүний ангилал

3.1. Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ.
3.2. Төрийн албаны мөн чанар нь ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино.

3.З. Төрийн албыг дор дурдсанаар ангилна:
3.3.1. төрийн улс төрийн алба;
3.3.2. төрийн захиргааны алба;
3.3.З. төрийн тусгай алба;
3.3.4. төрийн үйлчилгээний алба.

3.4. Энэ зүйлийн 3.3.2, 3.3.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ.

4 дүгээр зүйл.Төрийн албаны зарчим

4.1. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн.

4.2. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтална:
4.2.1. захирах, захирагдах ёс;
4.2.2. ил тод байх;
4.2.З. ард түмэнд үйлчлэх;
4.2.4. иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх;
4.2.5. төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх;
4.2.6. төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах;
4.2.7. хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Төрийн албан тушаал

5 дугаар зүйл.Төрийн албан тушаалын ангилал, төрөл

5.1. Төрийн албан тушаалыг дор дурдсанаар ангилна:
5.1.1. төрийн улс төрийн;
5.1.2. төрийн захиргааны;
5.1.З. төрийн тусгай;
5.1.4. төрийн үйлчилгээний.

5.2. Энэ зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ.
5.3. Төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна.
5.4. Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг Улсын Их Хурал тогтооно.

6 дугаар зүйл.Төрийн улс төрийн албан тушаал

6.1.Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна:
6.1.1. Монгол Улсын Ерөнхийлөгч;
6.1.2. Монгол Улсын Их Хурлын дарга;
6.1.З. Монгол Улсын Ерөнхий сайд;
6.1.4. Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн;
6.1.5. Монгол Улсын Засгийн газрын гишүүн;
6.1.6. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
6.1.7. дэд сайд;
6.1.8. Ерөнхий сайдын зөвлөх;

6.1.9. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;
6.1.10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх;
6.1.11. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга;
6.1.12. бүх шатны Засаг дарга;
6.1.13. Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн;
6.1.14. улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал;
6.1.15. Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаал;
6.1.16. хуульд заасан бусад албан тушаал.

6.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, хот, тосгоны захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно.
6.З. Энэ зүйлийн 6.1.14-т заасан албан тушаал эрхэлдэг ажилтан нь улс төрийн тухайн албан тушаалтанд захирагдах боловч төрийн албан хаагчийн хувьд холбогдох төрийн байгууллагын ажлын албанд харьяалагдана.
6.4. Улс төрийн албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр уг албан тушаалаас өөрчлөгдвөл энэ зүйлийн 6.1.14-т заасан ажилтан чөлөөлөгдөнө. Гэхдээ шинээр сонгогдсон буюу томилогдсон төрийн улс төрийн албан тушаалтан хүсвэл уг ажилтныг өөрт нь үйлчлэх орон тооны ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулж болно.

7 дугаар зүйл.Төрийн захиргааны албан тушаал, түүний ангилал

7.1. Төрийн захиргааны албан тушаалд дараахь албан тушаал хамаарна:
7.1.1. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, шүүх, Үндсэн хуулийн цэц, прокурорын байгууллагын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;
7.1.2. Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны албан тушаал;
7.1.З. энэ хуулийн 8.1.2-т зааснаас бусад Монголбанк, Үнэт цаасны хорооны болон Үндэсний статистикийн газрын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;
7.1.4. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;
7.1.5. Төрийн хянан шалгах хорооны ажлын албаны гүйцэтгэх албан тушаал;

7.1.6. Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;
7.1.7. Монгол Улсын яамны Төрийн нарийн бичгийн дарга, хуульд өөрөөр заагаагүй бол тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийн удирдах ба гүйцэтгэх албан тушаал;
7.1.8. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн;
7.1.9. Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;
7.1.10. аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;
7.1.11. хуульд заасан бусад албан тушаал.

7.2. Төрийн захиргааны албан тушаалыг төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэж бүлэглэнэ.

7.3. Төрийн захиргааны албан тушаалыг дор дурдсанаар ангилна:
7.3.1. тэргүүн түшмэл;
7.3.2. эрхэлсэн түшмэл;
7.З.3. ахлах түшмэл;
7.3.4. дэс түшмэл;
7.3.5. туслах түшмэл.

7.4. Тэргүүн түшмэлийн албан тушаалд яамны Төрийн нарийн бичгийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.
7.5. Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд яамны газрын дарга, түүний орлогч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.
7.6. Ахлах түшмэлийн албан тушаалд яамны хэлтэс, тасгийн дарга, ахлах байцаагч, ахлах мэргэжилтэн, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.
7.7. Дэс түшмэлийн албан тушаалд яамны байцаагч, мэргэжилтэн, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.
7.8. Туслах түшмэлийн албан тушаалд яамны туслах байцаагч, туслах мэргэжилтэн, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.
7.9. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны удирдах албан тушаалын ангилал, зэрэглэлийг Улсын Их Хурал тогтооно.
7.10. Хуульд өөрөөр заагаагүй бол яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг Засгийн газар тогтооно.

8 дугаар зүйл.Төрийн тусгай албан тушаал

8.1.Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна:
8.1.1. Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор;
8.1.2. Монголбанкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд Ерөнхийлөгч, Үнэт цаасны хорооны дарга, Үндэсний статистикийн газрын дарга, дэд дарга;
8.1.3. Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Төрийн хянан шалгах хорооны дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, хянан байцаагч;
8.1.4. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн удирдах газрын дарга, Улсын иргэний хамгаалалтын газрын дарга;
8.1.5. дипломат ажилтан;
8.1.6. зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гамшгаас хамгаалах байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч;
8.1.7. хуульд заасан бусад албан тушаал.

8.2. Төрийн тусгай албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэвийг хууль тогтоомжид заасны дагуу тогтооно.

9 дүгээр зүйл.Төрийн үйлчилгээний албан тушаал

9.1. Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслахаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр авч ажиллуулах дараахь албан тушаал хамаарна:
9.1.1. төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал;
9.1.2. боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг төрийн үйлчилгээний төсөвт байгууллагын удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал;
9.1.3. Засгийн газраас байгуулсан төрийн захиргааны бусад байгууллага болон хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх нутгийн захиргааны байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал;
9.1.4. яам, тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсөвт байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал.

9.2. Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг Засгийн газар тогтооно.

10 дугаар зүйл.Төрийн албан тушаалд тавих шаардлага

10.1. Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн.
10.2. Энэ хуулийн 5.1.1-д заасан албан тушаалд тавих тусгай шаардлага болон ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор тогтооно.
10.3. Энэ хуулийн 5.1.3-д заасан албан тушаалд тавих тусгай шаардлага болон ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор тогтооно.
10.4. Засгийн газар шаардлагатай гэж үзвэл төрийн захиргааны албан тушаалд тавих тусгай шаардлага болон ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн тогтоож болно.
10.5. Төрийн үйлчилгээний албан тушаалд тавих тусгай шаардлага болон ёс зүйн хэм хэмжээг албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээ, контрактаар тодорхойлно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Төрийн албан хаагч

11 дүгээр зүйл.Төрийн албан хаагч

11.1. Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ.
11.2. Энэ хуулийн 5.1.2, 5.1.З-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ.
11.З. Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.
11.4. Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.
11.5. Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль1, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.
11.6. Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.

12 дугаар зүйл. Төрийн захиргааны албан хаагчийн тангараг

12.1. Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо: "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөнө.
12.2. Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтооно.

1З дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг

13.1. Төрийн жинхэнэ албан хаагч нь дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:
13.1.1. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;
13.1.2. өргөсөн тангарагтаа үнэнч байх;
13.1.З.эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах;
13.1.4. харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх;
13.1.5. төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;

13.1.6. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэргэшлээ дээшлүүлэх;
13.1.7. албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах;
13.1.8. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх;
13.1.9. албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх;
13.1.10. төрийн албан тушаалд томилогдмогц өөрийн өмчийн байдлын талаар мэдэгдэж, өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар зохих байгууллагад мэдээ өгч байх;
13.1.11. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

14 дүгээр зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг эрх

14.1. Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг эрх эдэлнэ:
14.1.1. төрийн тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтыг албан ёсоор гаргуулан авах, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардах;
14.1.2. үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, түүний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн биелэлт, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн талаар харьяалах дээд шатны удирдах ажилтны үнэлгээг зөвшөөрөх, эс зөвшөөрөх;
14.1.3. цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл дэвших, ажиллах нөхцөл, баталгаагаа сайжруулахтай холбогдсон саналыг дээд шатныхаа албан тушаалтанд амаар буюу бичгээр тавих;
14.1.4. өөрийн хувийн хэрэг болон түүнд оруулах ажил байдлын тодорхойлолт зэрэг материалтай танилцах, шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгтээ нэмэлт тайлбар хийх;
14.1.5. өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах;
14.1.6. мэргэжлийн зөвлөгөө өгөх, эрдэм шинжилгээний ажил эрхлэх;
14.1.7. хууль тогтоомжоор хориглоогүй, албан тушаалынхаа ашиг сонирхолд харшлахгүй арга хэлбэрээр хувийн аж ахуйгаа гардан эрхлэх, аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг өөрийн итгэмжлэгдсэн хүнээр хөтлүүлэх зэргээр орлого олох;
14.1.8. төрийн албанаас чөлөөлөгдөх;
14.1.9. хууль тогтоомжид заасан бусад эрх.

15 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

15.1. Төрийн жинхэнэ албан хаагч дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
15.1.1. албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, олон нийтийн болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох;
15.1.2. ажил хаялт болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох;
15.1.З. албан тушаалын бүрэн эрхээ шашны, эсхүл шашингүйн үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашиглах;
15.1.4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр гадаад орны төрийн дээд цол, одон, медаль, төрийн бусад шагнал авах;
15.1.5. Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Монгол Улс, гадаад улсын төрийн байгууллагын хооронд харилцан тохиролцсон албан томилолт болон ажиллаж байгаа төрийн байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхдээ аж ахуйн нэгж, иргэн, түүний дотор гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчих;
15.1.6. албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэйгээр үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэх;

15.1.7. албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших;
15.1.8. нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх;
15.1.9. аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг гардан эрхлэх, бусдад зуучлах;
15.1.10. хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хувь нийлүүлсэн аж ахуйн нэгжийг гардан удирдах, тэдгээрийн удирдах зөвлөлийн болон захиргааны гишүүн байх;
15.1.11. албан тушаал эрхэлдэг төрийн байгууллагад, эсхүл шууд удирдлага, хяналтад нь ажилладаг байгууллагад гурав дахь этгээдийн төлөөлөгч буюу итгэмжлэгдсэн этгээд байх;
15.1.12. хувийн ашиг сонирхлын үүднээс дотоодын болон гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмнө үүрэг хүлээх, санхүүгийн болон бусад туслалцаа авах;
15.1.13. хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхийг зогсоосон өдрөөс хойш 2 жилийн дотор сүүлийн 5 жилийн хугацаанд эрхэлж байсан ажил, албан тушаалынхаа дагуу шууд холбоотой ажилладаг байсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид албан тушаал эрхлэх.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, журам

16 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол

16.1.Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол болон нам, олон нийтийн бусад байгууллагын харьяалал зэргээр ялгаварлаж үл болно.

16.2. Төрийн жинхэнэ албан тушаалд дараахь тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно:
16.2.1.хуульд өөрөөр заагаагүй бол Эрүүгийн хуульд1 заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, эсхүл бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй;
16.2.2. төрийн жинхэнэ албан тушаалаас сахилгын шийтгэлээр халагдсан өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй;
16.2.З. хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл, садангийн хүн нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол;
16.2.4. гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
16.2.5. хууль тогтоомжид заасан бусад тохиолдол.

16.З. Энэ зүйлийн 16.2, мөн хуулийн 17.1, 17.4-т заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүйд тооцож, буруутай албан тушаалтанд энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

17 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах

17.1. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.
17.2. Энэ хуулийн 10.1, 10.З, 10.4-т заасан шаардлага, мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаалд орох эрхтэй.
17.3. Төрийн жинхэнэ албан тушаалд орох хүсэлтэй, энэ хуулийн 10.1, 10.3, 10.4-т заасан шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ.
17.4. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авна.

17.5. Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй.
17.6. Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна.
17.7. Энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө.
17.8. Төрийн захиргааны болон энэ хуулийн 17.9-д зааснаас бусад тусгай албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах болзол, журам, түүнчлэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно.
17.9.Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцэн гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд ороход энэ хуулийн 17.3-т заасан мэргэшлийн шалгалтаас чөлөөлөгдөнө.

17.10.Энэ хуулийн 17.9-д заасан албан тушаалд ажиллаж байгаа этгээд төрийн жинхэнэ албаны өөр албан тушаалд шилжиж ажиллахад төрийн албаны мэргэшлийн шалгалт өгнө.
17.11.Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах улс төрийн албан тушаал эрхэлж байсан төрийн албан хаагчийг Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг үндэслэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэж болно.
17.12.Төрийн байгууллага нь албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн захиргааны албан тушаалд иргэнийг 6 сар хүртэл хугацаагаар түр томилж болно.
17.13.Иргэнийг төрийн жинхэнэ албанд түр томилоход энэ хуулийн 17.3-т заасан журам хамаарахгүй.

18 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албаны туршилтын хугацаа

18.1.Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болно.
18.2. Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно.

19 дүгээр зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх

19.1. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ.
19.2. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ.
19.З. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно.

20 дугаар зүйл.Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв

20.1. Төрийн захиргааны тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаал нь тус бүртээ тэргүүн зэрэг, дэд зэрэг, гутгаар зэрэг, дөтгөөр зэрэг гэсэн зэрэг дэвтэй байна.
20.2. Тэргүүн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч; эрхэлсэн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхий сайд; ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын сайд, төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан, аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус олгоно.
20.З. Зэрэг дэв олгохдоо төрийн албанд ажилласан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг харгалзана.
20.4. Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.
20.5. Төрийн албаны зарим онцлог салбарын албан тушаалын зэрэг дэвийг хуулиар тогтоож болно.

21 дүгээр зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх

21.1. Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно.
21.2. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно.

22 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах

22.1. Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.
22.2. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно.
22.З. Энэ зүйлийн 22.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авна.

2З дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх

23.1. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно:
23.1.1.албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн;
23.1.2. үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон.

23.2. Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших болсон бол хуульд заасан нэр дэвших ажлыг эхлэх өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.

23.3. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилагаар төрийн албанаас түр чөлөөлнө:
23.3.1. хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон;
23.3.2. гурван сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон; 23.3.З. цэргийн жинхэнэ алба хаах болсон.

23.4. Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө.
23.5. Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.2, 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно.

24 дүгээр зүйл.Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх

24.1. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:
24.1.1. тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;
24.1.2. төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;
24.1.З. өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан.

24.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.
24.3. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна.
24.4. Төрийн захиргааны албан хаагч нь төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зохих журмын дагуу шийдвэрлэнэ.

/24.5. Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн төрийн захиргааны албан хаагч үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргавал байгууллагын шийдвэрээр ажиллах хугацааг 5 хүртэл жилээр сунгаж болно./
/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

25 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах

25.1. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална:
25.1.1.Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн;
25.1.2. гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
25.1.3. Монгол Улсын харьяатаас гарсан.

26 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах

26.1. Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:
26.1.1. сануулах;
26.1.2. албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 2О хүртэл хувиар бууруулах;
26.1.З. төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах.

26.2. Энэ зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй.
26.3. Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна.
26.4. Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.
26.5. Нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй.
26.6. Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.
26.7. Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
26.8. Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно.
26.9. Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно.

ТАВДУГААР БҮЛЭГ Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа 27 дугаар зүйл. Төрийн албан хаагчийн баталгаа

27.1. Төрийн албан хаагч дараахь баталгаагаар хангагдана:
27.1.1. төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах;
27.1.2. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах;
27.1.З. гүйцэтгэж байгаа албан үүргийнх нь шинж байдлыг харгалзан зохих журмын дагуу албаны унаа хэрэглэх, ажилдаа ирэх, буцах нийтийн тээврийн унааны зардлын зохих хэсгийг нөхөн авах;
27.1.4. албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч, түүний гэр бүлийн гишүүн нь тухайн төрийн албан хаагчийн ажиллаж байгаа төрийн байгууллагаар хамгаалуулах;
27.1.5. төрөөс орон байраар хангагдах;
27.1.6. Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх;

27.1.7. төрийн алба хаах хугацаанд болон тэтгэвэрт гарсан үедээ хууль тогтоомжоор тогтоосон нөхцөл, журмын дагуу эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах;
27.1.8. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах;
27.1.9. төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах;
27.1.10. гэр бүлээс нь их, дээд, мэргэжлийн сургуульд элссэн 1 хүүхдийнх нь сургалтын зардлыг дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургуулийн тус тусын жишгээр тооцож төр хариуцах;
27.1.11. хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаа.

27.2. Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана:
27.2.1. энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх;
27.2.2. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх;
27.2.З. төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно;
27.2.4. төрийн байгууллагад тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах албан хаагчид аминдаа орон сууц барих болон орон сууц, амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйлс худалдан авах, өөрийн хүсэлтээр суралцах болон хүүхдээ сургахад нь зориулан байгууллагаас нь хөнгөлөлттэй зээл олгох, шаардлагатай бол зээлийн баталгаа гаргаж өгөх.

27.3. Энэ хуулийн 6.1.6-6.1.11-д заасан улс төрийн албан тушаалтан ээлжит сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол түүнд урьд авч байсан албан тушаалын 6 сарын хугацааны цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно.

28 дугаар зүйл.Төрийн албан хаагчийн цалин хөлс

28.1. Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно.

28.2. Төрийн албан хаагчийн цалин хөлс нь:
28.2.1. улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, докторын зэргийн нэмэгдлээс;
28.2.2. төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс;
28.2.З. тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын , мэргэшлийн зэргийн нэмэгдлээс;
28.2.4. үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрдэнэ.

28.3. Төрийн жинхэнэ албан хаагчид цол, зэрэг дэвийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй.

28.4. Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээ, жишгийг тогтооход дараахь шаардлагыг харгалзан үзнэ:
28.4.1. төрийн адил албан тушаалд адил хэмжээний цалин хөлс тогтоох;
28.4.2. төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь нийгмийн амьжиргааны дундаж түвшин болон хувийн хэвшилд ажиллагчдын албан тушаалын цалингийн дундаж түвшинтэй уялдсан байх;
28.4.З. төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишгийг албан тушаалын ангилал, зэрэглэл болон төрийн тухайн албан тушаал эрхэлсэн хугацаанаас хамааралтайгаар төрийн албаны салбар, төрийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр боловсруулж мөрдүүлэх.

28.5. Улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч /сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албан тушаалаас бусад/-ийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.

28.6. Дор дурдсан төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишгийг Засгийн газар тогтооно:
28.6.1. сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
28.6.2. төрийн захиргааны албан хаагч;
28.6.3. зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гамшгаас хамгаалах байгууллагын офицер ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан;
28.6.4. үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч.

28.7. Улс төрийн болон энэ хуулийн 8.1.1-8.1.3-т заасан тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдлийн хэмжээ, зайлшгүй шаардлагатай бусад хангамжийг хууль тогтоомжоор тогтооно.
28.8. Төрийн захиргааны албан хаагчийн нэмэгдэл олгох журам, хэмжээг Засгийн газар тогтооно.
28.9. Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг Засгийн газар тогтооно.
28.10. Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны цалинг Улсын Их Хурлаас тогтоосон төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг харгалзан Улсын Их Хурал тогтооно./Энэ хэсгийг 2002 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн./

29 дүгээр зүйл. Төрийн албан хаагчид олгох нөхөх төлбөр

29.1. Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах зорилгоор түүний цалин хөлснөөс төлбөл зохих бүх шимтгэлийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийн 80-аас доошгүй хувийг төрийн байгууллагын төсвөөс нөхөн төлнө.

29.2.Төрийн албан хаагчид дараахь нөхөх төлбөр олгоно:
29.2.1. албан томилолтын зардал;
29.2.2. албан ажлын хэрэгцээнд батлагдсан нормативын дагуу хувийн унаа албан ажилдаа хэрэглэсэн тохиолдолд хувиас гарсан зардал;
29.2.З. гадаад улсад болон нэг аймаг, хотоос нөгөө аймаг, хотод, түүнчлэн аймаг, хотын дотор төрийн байгууллагад ажиллахаар томилогдсон албан хаагчид уналга, ачаа тээш, зам хоногийн зардал, түүний гэр бүлийн болон асрамжинд нь байдаг хүмүүст уналга, ачаа тээшийн зардал;
29.2.4. хууль тогтоомжид заасан бусад нөхөх төлбөр.

29.З. Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам, түүний хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

З0 дугаар зүйл.Төрийн албан хаагчид олгох тусламж

30.1. Энэ хуулийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн хуулийн 2З.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид тусламж олгож болно.
30.2. Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн захиргааны албан хаагчид 6 сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
30.З. Хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд түүний ар гэрт З жилийн албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

30.4. Төрийн албан хаагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжээс гадна дараахь тохиолдолд тусламж олгож болно:
30.4.1. гэр бүлийг нь дэмжих;
30.4.2. ээлжийн амралтаараа өөрийн буюу эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутаг явах бол ирэх, очих замын зардлыг, эсхүл магадлан итгэмжэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож 2 жилд нэг удаа олгох;
30.4.З. гэр бүл, төрөл, садангийн хүн нас барах, өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон гэр бүлийн гишүүнээ тэтгэх;
30.4.4. хууль тогтоомжид заасан бусад тусламж.

30.5. Төрийн албан хаагчид тусламж олгох нөхцөл, журмыг Засгийн газар тогтооно.

З1 дүгээр зүйл.Төрийн албан хаагчийн шагнал, урамшил

31.1. Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй биелүүлж өндөр амжилт гаргасан гавьяа зүтгэлийг нь үнэлж төрийн байгууллагын захиргаа түүнийг дараахь байдлаар шагнаж, урамшуулна:
31.1.1. мөнгөн шагнал олгох;
31.1.2. эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах;
31.1.З. Засгийн газар ба төрийн дээд байгууллагаас шагнуулахаар тодорхойлох.

31.2. Төрийн албан хаагчид энэ зүйлийн 31.1.1-д зааснаас гадна улирлын ажлын үр дүнгээр болон онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсний төлөө мөнгөн урамшил олгоно.
31.З. Төрийн албан хаагчийг энэ зүйлийн 31.1.1, 31.1.2-т заасан шагналаар шагнах болон мөн зүйлийн 31.2-т заасан мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар, энэ зүйлийн 31.1.З-т зааснаар шагналд тодорхойлох журмыг хуулиар тус тус тогтооно.
31.4. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшил олгож болно.

З2 дугаар зүйл. Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмж

32.1. Төрийн албан хаагчид тэтгэвэр, тэтгэмж олгох, тэтгэврийн сан байгуулах, зарцуулах журмыг хуулиар зохицуулна.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Төрийн албаны удирдлага, зохион байгуулалт

ЗЗ дугаар зүйл.Төрийн албаны удирдлага

33.1. Төрийн албан хаагчийн ерөнхий удирдлагыг Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлнэ.
33.2. Төрийн албан хаагчийн стандартын удирдлагыг төрийн албаны төв байгууллага хэрэгжүүлнэ.
33.З. Төрийн албан хаагчийн шуурхай удирдлагыг төрийн байгууллагын ажлын албаны эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлнэ.

33.4.Төрийн байгууллага нь дараахь хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ:
33.4.1. төрийн албан хаагчийн сургалт;
33.4.2. төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа.

З4 дүгээр зүйл.Төрийн албаны төв байгууллага

34.1. Төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ мөн.
34.2. Зөвлөл нь хараат бус бие даасан байгууллага бөгөөд үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана.
34.З. Зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Тэдгээрийн З нь орон тооны, 4 нь орон тооны бус байна.
34.4. Зөвлөлийн орон тооны З гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөл тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигч нь төрийн албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан, ял шийтгэлгүй, Монгол Улсын З5 нас хүрсэн иргэн байна.
34.5. Улсын Их Хурал Зөвлөлийн орон тооны гишүүнийг 6 жилийн хугацаагаар томилно.
34.6. Зөвлөлийн орон тооны гишүүнээр нэг удаа улируулан томилж болно.
34.7. Зөвлөлийн даргыг орон тооны гишүүдийн дотроос Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно.

34.8. Зөвлөлийн орон тооны бус гишүүн нь дор дурдсан албан тушаалтан байна:
34.8.1. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;
34.8.2. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга;
34.8.З. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга;
34.8.4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга;

34.9. Зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон хүний намын гишүүнийг түдгэлзүүлнэ. Зөвлөлийн орон тооны З гишүүний дотор нэг нутгийн болон нэг анги хамт төгссөн хоёр хүн байж болохгүй.
34.10. Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг Улсын Их Хурал батална.
34.11. Зөвлөлийн орон тооны гишүүн нь гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль ноцтой зөрчсөн бол түүнийг уг албан тушаалаас нь эгүүлэн татах тухай асуудлыг Зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
34.12. Зөвлөлийн орон тооны гишүүнээр нөхөн томилогдсон хүн нь орон гарсан өмнөх хүнийхээ бүрэн эрхийн үлдсэн хугацаанд уг албыг хашина.
34.1З. Зөвлөл нь салбар зөвлөл, ажлын албатай байна. Ажлын албаны даргыг Төрийн албаны зөвлөл томилж, чөлөөлнө. Ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоо, төсвийг Улсын Их Хурал батална.
34.14. Зөвлөлийн орон тооны гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил эрхлэх хүртэлх 6 сарын хугацаанд урьд авч байсан цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно.

З5 дугаар зүйл. Зөвлөлийн бүрэн эрх

35.1. Зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
35.1.1. удирдлагын үндэсний чадавхийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
35.1.2. төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх ажлыг мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, энэ хуулийн З9.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх;
35.1.З. хууль тогтоомжийн актад нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг нь хангах;
35.1.4. төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох, төрийн алба, төрийн албан хаагчтай холбогдолтой шаардлагатай мэдээллээр Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийг хангах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх;
35.1.5. төрийн байгууллагын ажлын албаны төрийн жинхэнэ албан хаагчийн удирдлагатай холбогдсон үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

35.1.6. төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаархи дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгөх;
35.1.7. хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг шалгаж дүгнэлт гаргах;
35.1.8. төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн хэрэгцээг төлөвлөх, хангалтыг зохион байгуулах;
35.1.9. мэргэшлийн шалгалтаар иргэнийг төрийн жинхэнэ албанд авах болон төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах;
35.1.10. төрийн жинхэнэ албаны ажилтны сургалт болон төрийн албатай холбогдсон судалгаа, шинжилгээний ажлыг зохицуулах;

35.1.11. төрийн байгууллагын бүтцийн ерөнхий бүдүүвч, төрийн албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, төрийн албан хаагчийн цалин хөлс, албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээ, жишиг тогтооход санал өгөх;
35.1.12. төрийн албаны үйл ажиллагаанд шинжилгээ хийж, түүний үр дүнг дээшлүүлэх талаар санал боловсруулах, улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвийн удирдлагын зардлын төслийг зохиох, хянаж батлахад зохих журмын дагуу санал, хүсэлт гаргах;
35.1.13. төрийн байгууллагаас төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хангахад чиглэсэн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангах;
35.1.14. хуульд заасан бусад бүрэн эрх.

З6 дугаар зүйл.Төрийн албаны стандарт

36.1.Төрийн албаны стандарт нь төрийн албыг үр дүнтэй удирдах, хэрэгжүүлэх, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад чиглэнэ.
36.2. Төрийн албаны стандарт нь төрийн албан хаагчаас албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, санхүү, статистикийн болон төрийн албатай холбогдсон бусад мэдээ, тайлан гаргах, төрийн байгууллага, төрийн албан хаагчаас албан хэрэг хөтлөх, ангилах, архивын баримт бичиг, нэгж бүрдүүлэх, хяналт шалгалт хийх, мэдээллээр хангах зэрэг бусад үйл ажиллагааны журмыг тогтооно.
36.З. Төрийн албаны стандарт боловсруулж батлах, мөрдөх журмыг Засгийн газар тогтооно.

З7 дугаар зүйл. Төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэл

37.1. Төрийн албан хаагчийн хувийн хэрэг /цаашид "хувийн хэрэг" гэх/ нь төрийн албан хаагчийн тухай болон түүний төрийн албан тушаал эрхэлсэн тухай мэдээлэл агуулна.
37.2. Төрийн албан хаагчид зөвхөн нэг хувийн хэрэг хөтөлнө.
37.З. Төрийн албаны төв байгууллага нь төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх бөгөөд уг бүртгэлд төрийн албан тушаал эрхэлж байгаа болон нөөцөд байгаа төрийн бүх албан хаагчийн тухай мэдээ агуулсан байна.
37.4. Хувийн хэрэг, тоо бүртгэл хөтлөх журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно.

З8 дугаар зүйл. Төрийн албаны санхүүжилт

38.1. Төрийн албаны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
38.2. Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй.
38.3. Төрийн албаны санхүүжилт болон төрийн байгууллагын төсөвт хөрөнгийн ашиглалтад тавих хяналтыг хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэгжүүлнэ.

З9 дүгээр зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх

39.1. Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараахь маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ:
39.1.1. энэ хуулийн 17.2, 19.2, 23, 25, 26 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан маргаан;
39.1.2. төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргаан.

39.2. Төрийн жинхэнэ албан хаагч, түүнд нэр дэвшигч нь төрийн албатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэсэн тухай төрийн албаны төв байгууллагын шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно.
39.З. Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмыг Улсын Их Хурал тогтооно.
39.4. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзвэл гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор, уг шийдвэрийг зөвшөөрөхгүй бол шүүхэд 15 хоногийн дотор тус тус гаргана.

ДОЛДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл

40 дүгээр зүйл. Хориглох зүйл

40.1. Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн шалгалт авах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно.
40.2. Төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглахыг хориглоно.

41 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

41.1.Төрийн албаны тухай хуулийн дараахь зүйл, заалтыг зөрчсөн этгээд, төрийн албан хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан шийтгэлийг шүүгч ногдуулна:
41.1.1.төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд иргэнийг авч ажиллуулахдаа энэ хуулийн 17.1, 17.4, 17.5-д заасныг зөрчсөн албан тушаалтныг 10000-30000 хүртэл төгрөгөөр торгох;

41.1.2. хуульд өөрөөр заагаагүй бол 16.2., 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн албан тушаалтныг 20000-60000 хүртэл төгрөгөөр торгох;
41.1.3. энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1-д заасныг зөрчиж төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халсан албан тушаалтныг 30000-60000 хүртэл төгрөгөөр торгох.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
/Энэ хуулинд 2002 оны 11 дүгээр сарын 8-ны, 2003 оны 1 дүгээр сарын 2, 10, 5 дугаар сарын 30-ны, 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тусгав./

Төрийн бус байгууллагын тухай

2010 оны 04-р сарын 17 Нийтэлсэн Dagiimaa
1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлсон хүний эрхийг хэрэгжүүлэх зорилгоор иргэд эвлэлдэн нэгдэх, төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулах болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Төрийн бус байгууллагын тухай хууль тогтоомж

1.Төрийн бус байгууллагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

1. Энэ хууль нам, үйлдвэрчний эвлэл, сүм хийдээс бусад төрийн бус байгууллагад хамаарна.
2. Энэ хууль Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын болон бусад улсын төрийн бус байгууллага, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газарт нэгэн адил хамаарна.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёо

Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
1/”төрийн бус байгууллага” гэж иргэд, төрийн байгууллага /хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг ;

2/”нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага” гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг давхаргын эрх ашгийг хамгаалах энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг;

3/”гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага” гэж өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдэгээс бусад төрийн бус байгууллагыг.

5 дугаар зүйл. Төрийн бус байгууллага байгуулах, оролцох эрх

1.Монгол Улсын иргэн, төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд төрийн байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс дангаараа буюу хамтран төрийн бус байгууллага байгуулах эрхтэй.
2.Төрийн бус байгууллага байгуулах иргэдийн эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно.
3.Төрийн бус байгууллагад албадан оруулахыг хориглоно.

4.Төрийн бус байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө хүнийг ялгаварлан гадуурхах, эрх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно.
5.Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа нь олон түмэнд ил тод байх ба түүний гишүүд болон иргэд хэн ч тухайн байгууллагын тайлантай танилцаж болно.
6.Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор байнга оршин суугаа гадаадын иргэд, харъяалалгүй хүмүүс Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасан журмын дагуу төрийн бус байгууллага байгуулах буюу төрийн бус байгууллагад эвлэлдэн нэгдэж болно.

6 дугаар зүйл. Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох

Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ.

7 дугаар зүйл.Төрийн бус байгууллагыг татан буулгах

1.Төрийн бус байгууллагыг дүрэмд заасан зорилгоо бүрэн хэрэгжүүлж дууссан болон дүрэмд нь заасан бусад үндэслэлээр татан буулгаж болно. Ийнхүү татан буулгах тухай шийдвэрийг төрийн бус байгууллагын эрх барих байгууллага гаргана.
2.Татан буугдах төрийн бус байгууллагын зохих төлбөрийг хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм төрийн бус байгууллага байхгүй бол зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.
3.Төрийн бус байгууллагын эрх бүхий байгууллага нь түүнийг татан буулгасан тухай шийдвэрээ 21 хоногийн дотор нийтэд мэдээлж Хууль зүйн яаманд бичгээр ирүүлэх бөгөөд энэхүү шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлээс хасна.

8 дугаар зүйл.Төрийн бус байгууллагыг албадан татан буулгах

1.Төрийн бус байгууллагыг дор дурдсан үндэслэлээр шүүх албадан татан буулгана:
1/дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан;
2/хууль тогтоомж ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн.

2.Шүүхийн шийдвэрээр албадан татан буугдсан төрийн бус байгууллагын эд хөрөнгийн асуудлыг энэ хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

9 дүгээр зүйл. Төрөөс төрийн бус байгууллагатай харилцах

1.Төрөөс төрийн бус байгууллагын хууль ёсны эрхийг хамгаална.
2.Төрийн бус байгууллага нь төрөөс хараат бус байна.
3.Төрийн байгууллага төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн болон бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлж болно.
4.Төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон төрийн нууцад үл хамаарах мэдээлэл төрийн бус байгууллагад нээлттэй байна.
5.Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саналыг нь үндэслэн төрийн бус байгууллагыг оролцуулж болно.
6.Төрийн бус байгууллага төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлж мэдэгдэл хийж болно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

10 дугаар зүйл. Төрийн бус байгууллагын дүрэм

Төрийн бус байгууллагын дүрэмд дор дурдсан зүйлийг тусгана:
1/ төрийн бус байгууллагын нэр, хаяг;
2/ төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан он, сар, өдөр;
3/ төрийн бус байгууллагын зорилго;
4/ төрийн бус байгууллагын бүтэц, хяналтын тогтолцоо;
5/ удирдах зөвлөлийн эрх хэмжээ;
6/ удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний доод, дээд хязгаар;
7/удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх журам, бүрэн эрхийн хугацаа;
8/ удирдах зөвлөлийн жилд хуралдах хурлын тооны доод хязгаар;
9/ удирдах зөвлөлийн хуралдааныг хүчинтэйд тооцох ирц;
10/ удирдах зөвлөлийн хуралдаанаас шийдвэр гаргах журам;
11/төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах нөхцөл, журам, энэ тохиолдолд хөрөнгийг хэрхэх тухай ;
12/ дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам.

11 дүгээр зүйл.Төрийн бус байгууллагын удирдах байгууллага

1.Гишүүнчлэлгүй төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ;
2/төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах;
3/байгууллагын жилийн төсөв батлах;
4/гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх;
5/төрийн бус байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх , хэмжээг тогтоох;
6/төрийн бус байгууллагын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах;
7/дүрэмд заасан бусад бүрэн эрх .

2.Гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын дүрэмд өөрөөр заагаагүй бол түүний эрх барих байгууллага нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрх бүхий удирдах зөвлөл байна.
3.Удирдах зөвлөл нь таваас доошгүй сондгой тооны гишүүдээс бүрдэнэ. 4.Удирдах зөвлөлийн гишүүн нь үүргээ гүйцэтгэх явцад гаргасан зардлын нөхөн төлбөрөөс бусад цалин, аливаа шагнал авахгүй.

12 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирлын бүрэн эрх, хариуцлага

1.Дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй байна.

2.Гүйцэтгэх захирал дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах;
2/ хууль, гэрээнд заасан бусад бүрэн эрх .

3.Гүйцэтгэх захирлын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг гэрээгээр зохицуулна.
4.Гүйцэтгэх захирал нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр гүйцэтгэх захирлыг сонгох хүртэл албан үүргээ хэвээр гүйцэтгэнэ.
5.Төрийн бус байгууллагын гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн, ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол, түүнээс үүсэх хариуцлагыг төрийн бус байгууллага хүлээхгүй.

13 дугаар зүйл.Удирдах зөвлөлийн шийдвэр гаргах журам

1.Удирдах зөвлөлийн гишүүд /цаашид “гишүүн” гэх/ аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна.
2.Удирдах зөвлөл нь хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ.
3.Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх асуудлаар гишүүн сонирхлын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтанд оролцохгүй. Удирдах зөвлөлийн хуралдаан даргалагч сонирхлын зөрчилтэй байвал хуралдааныг өөр гишүүн даргална.

14 дүгээр зүйл. Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл

Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Гишүүн тайлбараа бичгээр гаргана.

ГУРАВДУГААР БҮЛЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ БҮРТГЭХ

15 дугаар зүйл. Төрийн бус байгууллагыг бүртгэх

Төрийн бус байгууллагыг энэ хуульд заасан журмын дагуу Хууль зүйн яам улсын бүртгэлд бүртгэнэ.

16 дугаар зүйл. Төрийн бус байгууллагыг бүртгэх журам

1.Төрийн бус байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримт бичгийн хамт Хууль зүйн яаманд удирдах зөвлөлийн дарга гаргана.

2. Өргөдөлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:
1/төрийн бус байгууллагын нэр, хаяг;
2/удирдах зөвлөлийн гишүүд, дарга, гүйцэтгэх захирлын нэр, хаяг;
3/удирдах зөвлөлийн даргын гарын үсгээр баталгаажсан төрийн бус байгууллагын дүрэм;
4/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт.

З.Төрийн бус байгуулагыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл, бусад холбогдох баримт бичгийг Хууль зүйн яаманд шууд буюу нутгийн захиргааны байгууллагаар уламжлуулан хүргүүлнэ.
4.Төрийн бус байгууллагыг бүртгэх тухай өргөдөл, бусад холбогдох баримт бичгийг анх хүлээн авсан байгууллага нь тухайн баримт бичгийг хүлээн авсан он, сар, өдрийг төрийн бус байгууллагад албан ёсоор мэдэгдэнэ.
5.Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл, бусад баримт бичгийн бүрдэл дутуу буюу энэ хуулийн 10 дугаар зүйл, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй бол тухайн өргөдлийг анх хүлээн авсан байгууллага нь бүртгүүлэх хүсэлт гаргасан төрийн бус байгууллагад буцаана.

6.Хууль зүйн яам зохих шаардлага хангасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ЗО хоногийн дотор дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
1/төрийн бус байгууллагыг улсын бүртгэлд бүртгэх;
2/дор дурдсан тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах:
а/тухайн байгууллагын зорилго нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцээгүй;
б/төрийн бус байгууллагын нэр нь өмнө бүртгүүлсэн төрийн бус байгууллагын нэртэй давхардсан.

7.Хууль зүйн яам төрийн бус байгууллагыг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгоно. Гэрчилгээний загвар, түүнийг олгох журмыг Хууль зүйн сайд тогтооно.
8.Хууль зүйн яам төрийн бус байгууллагыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай үндэслэл бүхий албан ёсны хариу өгөх бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
9.Төрийн бус байгууллага нь түүнийг бүртгэхээс татгалзсан шалтгааныг арилгасны дараа бүртгүүлэх хүсэлтээ дахин гаргаж болно.
10.Төрийн бус байгууллага нь улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх талаар энэ зүйлийн 6-д заасан хугацаанд Хууль зүйн яамнаас албан ёсоор хариу аваагүй бол хууль ёсоор бүртгүүлсэнд тооцогдож үйл ажиллагаагаа явуулах бөгөөд зохих журмын дагуу бүртгэлийн гэрчилгээг нөхөн авна.
11.Хууль зүйн яам төрийн бус байгууллагыг улсын бүртгэлд бүртгэсэн тухай нийтэд мэдээлнэ.

17 дугаар зүйл. Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх

1.Төрийн бус байгууллагын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол энэ тухай 30 хоногийн дотор Хууль зүйн яаманд мэдэгдэнэ.
2.Хууль зүйн яам тухайн төрийн бус байгууллагын дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтийг бүртгэсэн тухай, эсхүл бүртгээгүй бол үндэслэл бүхий албан ёсны хариуг 30 хоногийн дотор өгнө.

18 дугаар зүйл.Улсын бүртгэлээс хасах

1.Хууль зүйн яам дор дурдсан үндэслэлээр төрийн бус байгууллагыг улсын бүртгэлээс хасч энэ тухай нийтэд мэдээлнэ:
1/албадан татан буулгах тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;
2/бичгээр сануулга өгсөн боловч үйл ажиллагааныхаа тайланг гаргаж өгөөгүй.

2.Тухайн төрийн бус байгууллага нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан зөрчлийг арилгасны дараа энэ хуулийн дагуу улсын бүртгэлд дахин бүртгүүлж болно.
/Энэ бүлгийг 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮЖИЛТ

19 дүгээр зүйл.Төрийн бус байгууллагын орлого

Төрийн бус байгууллагын орлого нь дараахь эх үүсвэрээс бүрдэж болно:
1/гишүүний татвар, хандив;
2/иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;
З/дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;
4/зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө;

20 дугаар зүйл.Төрийн бус байгууллагын зарлага

1.Төрийн бус байгууллага нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.
2.Төрийн бус байгууллагын орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх зэргийг хориглоно.
З.Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн ажилтнаас тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
4.Төрийн бус байгууллага нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд эд хөрөнгө, хандив өгөхийг хориглоно.
/21-22 дугаар зүйлийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.

ТАВДУГААР БҮЛЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТАЙЛАН

23 дугаар зүйл.Төрийн бус байгууллагын тайлан

1.Төрийн бус байгууллага нь зохих журмын дагуу жилийнхээ тайлан тэнцлийг гаргаж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор Татварын албанд өгнө.

2.Төрийн бус байгууллага үйл ажиллагааныхаа тайланг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд Хууль зүйн яаманд гаргаж өгөх бөгөөд түүнд дараахь асуудлыг тусгана:
1/төрийн бус байгууллагын хаяг;
2/үйл ажиллагааны тухай товч мэдээлэл;

3/жилийн орлого, зарлагыг дор дурдсан ангиллаар:
а/хандивын;
б/дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагааны;
в/өвлүүлсэн эд хөрөнгө.

4/700000-аас дээш төгрөгийн хандив буюу өвийн хөрөнгө өгсөн байгууллага, иргэний нэр, зүйлсийн жагсаалт;
5/удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирлын нэр, хаяг.

3. Төрийн бус байгууллагад өргөсөн хандивыг хэрхэн зарцуулсан тухай хандивлагчдад тайлагнах эсэхээ тэдгээртэй байгуулсан гэрээнд тусгана.
4. Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны тайланг Хууль зүйн яам болон тус байгууллага нь 10-аас доошгүй жил хадгална.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

24 дүгээр зүйл.Захиргааны хариуцлага хүлээлгэх

Төрийн бус байгуулагын тухай хууль тогтоомж зөрчигчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүх зөрчлийн шинж байдлыг харгалзан дор дурдсан шийтгэл ногдуулна:

1/төрийн бус байгууллагын орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрийг төлөх зэрэг зөрчил гаргасан бол гэм буруутай албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгох;

2/төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, ажилтнаас тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулсан бол албан тушаалтны тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг нь хурааж 40000-60000 төгрөгөөр торгох;

3/төрийн бус байгууллага нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчид эд хөрөнгө, хандив өгсөн бол гэм буруутай албан тушаалтныг 50000-60000 төгрөгөөр, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох;

4/энэ хуульд заасан хугацаанд үйл ажиллагааныхаа тайланг холбогдох эрх бүхий байгууллагад гаргаж өгөөгүй бол гэм буруутай албан тушаалтныг 10000-20000 төгрөгөөр торгох.

ДОЛДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ

25 дугаар зүйл. Сангийн тухай тусгай зохицуулалт

1.Энэ хуульд Иргэний хуулийн 36.2-т заасны дагуу чиг үүрэг бүхий сан хамаарах бөгөөд сан нь зөвхөн дор дурдсан зориулалтаар бусдад мөнгө хандивлаж болно:
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтийг тусгав./

1/төрийн бус байгууллагаас нийгмийн тусын тулд явуулж байгаа ажлыг дэмжих;
2/сангийн зорилгод нийцсэн төслийг төрийн байгууллагаас хэрэгжүүлэх;
3/сангийн зорилгод нийцсэн бол хувь хүний сургалтын төлбөр болон түүнтэй холбогдох бусад зардал, хувь хүнээс явуулж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зардлыг санхүүжүүлэх;
4/иргэдийн нийгэмд тустай үйл ажиллагааг урамшуулах.

2.Сан нь жил бүр олсон ашгийнхаа 5О-иас доошгүй хувийг дүрэмд заасан үйл ажиллагаандаа зарцуулна.
З.Санг татан буулгах тухай шийдвэрийг удирдах зөвлөлийн нийт гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар гаргана. Татан буугдсан сангийн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий санд шилжүүлэх бөгөөд хэрэв тийм сан байхгүй бол сангийн зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
/Энэ хуулинд 1998 оны 1 дүгээр сарын 15-ны, 2002 оны 7 дугаар сарын 4-ны, 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлт тусгагдсан./

Төрийн нууцын тухай

2010 оны 04-р сарын 17 Нийтэлсэн Dagiimaa
1995 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь төрийн нууцыг тогтоох, хамгаалах, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Төрийн нууцын тухай хууль тогтоомж
Төрийн нууцын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

З дугаар зүйл.Төрийн нууцын тухай ойлголт
1."Төрийн нууц" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, тус улсын гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, техник -технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажилтай холбоотой бөгөөд задруулбал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц мэдээллийг томъёолол, дүрс зураг, дохио тэмдэг, техник -технологийн шийдэл болон үйл ажиллагааны хэлбэрээр өөртөө агуулж байгаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг хэлнэ.
2. Үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс зарим барилга, байгууламж /цаашид "объект" гэх/, төрийн эрх бүхий байгууллагаас хэрэгжүүлж байгаа тодорхой үйл ажиллагааг төрийн нууцад хамааруулж болно.

4 дүгээр зүйл.Төрийн нууцыг тогтоох зарчим
Төрийн нууцыг тогтоохдоо хууль тогтоомжид нийцсэн, цаг үеэ олсон байх зарчим баримтална.

5 дугаар зүйл.Төрийн нууцад хамааруулах зүйлийн хүрээ

1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хүрээнд:
1/Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээ, баримт бичиг, бусад зүйлийн нууцалбал зохих хэсэг;
2/Монгол Улсын гадаад бодлого, байр суурьтай холбоотой онц чухал мэдээлэл, түүнчлэн Монгол Улсаас гадаад орнуудтай байгуулсан нууцалбал зохих гэрээ, хэлэлцээр, тэдгээрийн төсөл.

2.Батлан хамгаалах хүрээнд:
1/батлан хамгаалах бодлого, үзэл баримтлал, цэргийн номлол, тэдгээртэй холбогдох баримт бичгийн нууцалбал зохих хэсэг;
2/стратеги, оперативын төлөвлөгөө, түүний биелэлтийн мэдээ, цэргийн стратеги, оператив, дайчилгааны дэлгэн байгуулалт, операци, байлдааныг бэлтгэх, хэрэгжүүлэх байлдааны удирдлагын баримт бичиг, зэвсэгт тэмцэл явуулах арга, байлдааны болон дайчилгааны бэлэн байдал, дайчилгааны нөөц, түүний ашиглалтын тухай мэдээлэл;
3/цэргийн зэвсэг техникийг шинээр бий болгох, худалдан авах, боловсронгуй болгоход чиглэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил, энэ зорилгоор хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, тэдгээрийн биелэлт, үр дүн;
4/нууц зэвсэг, түүнчлэн техник хэрэгслийн нэр, төрөл, техникийн өгөгдэхүүн, байлдаанд ашиглах боломж;
5/улсыг батлан хамгаалахад онцгой ач холбогдол бүхий объектуудын байрлал, зориулалт, бэлэн байдлын зэрэглэл, хамгаалалт, тэдгээр объектын зураг төсөл, дагалдах баримт бичиг, зардлын төсөв, обьект барьж байгуулахаар олгосон газар нутаг, холбогдох бусад мэдээлэл;
6/зэвсэгт хүчин, бусад цэргийн анги, салбарын зориулалт, зэвсэг, техникийн хангалт.нууцалсан болон тусгай томилгоот байрлал, жинхэнэ нэр, зэвсэглэл, бие бүрэлдэхүүний тоо;
7/Монгол Улсын яам, тусгай газар, аймаг, нийслэлийн дайчилгааны даалгавар, жилийн тооцоот хэрэгцээний захиалга, төлөвлөгөө;

/8/иргэний хамгаалалтын нийтийн дайчилгааны арга хэмжээг хэрэгжүүлэх болон онцгой нөхцөл байдлын үед хүн амын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө, хангалтын обьектуудын байрлал, зориулалт, энэ үед дэд бүтцийг ашиглахтай холбогдсон мэдээлэл;
/Энэ заалтыг Монгол Улсын 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

9/улсын хилийн хамгаалалт, шалган нэвтрүүлэх албаны зохион байгуулалт, арга ажиллагаа, тэдгээрт холбогдох мэдээлэл;
10/ иргэний хамгаалалтын нийтийн дайчилгааны арга хэмжээг хэрэгжүүлэх болон онцгой нөхцөл байдлын үед хүн амын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө, хангалтын объектуудын байрлал, зориулалт, энэ үед дэд бүтцийг ашиглахтай холбогдсон мэдээлэл, биет зүйл.

З.Эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологийн хүрээнд:
1/үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, батлан хамгаалахад онцгой ач холбогдол бүхий эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, туршилт, нээлт, зураг төсөл, үндэсний болон дэвшилтэт технологи; 
2/цэргийн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон дайчилгааны хүчин чадал, улсын материаллаг нөөцийн бодит хэмжээ, байрлал;
3/батлан хамгаалах болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад ач холбогдол бүхий стратегийн түүхий эд, материалын нөөц, олборлолт, нийлүүлэлтийн хэмжээ;
4/төрийн нууцыг хамгаалах арга хэрэгсэл, энэ талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн тухай мэдээлэл.

4.Тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажлын хүрээнд:
1/тагнуул, сөрөх тагнуулын үйл ажиллагаа, гүйцэтгэх ажлын арга хэлбэр, хүч хэрэгсэл, мэдээллийн эх сурвалж, орон тоо, зохион байгуулалт, баримт бичиг, архив, мэдээллийн сан, санхүүжилтийн тухай мэдээлэл;
2/төрийн холбооны нууцлал бүхий систем, түүнд холбогдох баримт бичиг, төрийн шифр, түүнийг ашиглах арга, ажиллагаа.
3/цагдаа, тагнуул, хорих байгууллагын галт зэвсэг, тусгай хэрэгслийн хангалт, нөөц, нийтийн эмх замбараагүй байдлын үед тагнуул, цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн ажиллах төлөвлөгөө, улсын онц чухал объектын хамгаалалтын хүч хэрэгслийн тухай мэдээлэл, дайны болон дайн бүхий байдлын үед хорих байгууллагын ажиллах төлөвлөгөө, түүнд холбогдох бусад баримт бичиг;
4/Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа;
5/ терроризмтой тэмцэх ажиллагаатай холбогдсон мэдээ, баримт, материалын нууцалбал зохих хэсэг.

5.Цаазаар авах ялыг гүйцэтгэх журам, энэ зүйлийн 2 дахь хэсгийн "4, 5", З дахь хэсгийн "2, 3", 4 дэх хэсгийн "1"-тэй холбоотойгоор төрийн нууцад хамааруулах шаардлагатай объектууд.

6 дугаар зүйл.Төрийн нууцын жагсаалт
1.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан хүрээнд төрийн нууцад хамааруулах зүйлсийн жагсаалтыг хуулиар батална.
2.Хууль гаргахгүйгээр аливаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг төрийн нууцад хамааруулахыг хориглоно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ Төрийн нууцыг тогтоох, нууцлах

7 дугаар зүйл.Төрийн нууцыг тогтоох

Төрийн нууцыг тогтоох үйл ажиллагаа нь мэдээ, баримт бичиг, биет зүйлийг төрийн нууцын жагсаалтад хамааруулах шийдвэр гаргах, боловсруулах, нууцлах ажиллагаанаас тус тус бүрдэнэ.

8 дугаар зүйл.Төрийн нууцыг боловсруулах
1.Байгууллага, албан тушаалтан нь төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг боловсруулах, биет зүйлийг хийх, үйлдвэрлэх, обьект барьж байгуулах, тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэх /цаашид "төрийн нууцыг боловсруулах" гэх/-дээ энэ хуулийн 1З дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-ын "б"-д заасан журмыг баримтална:
2.Байгууллага, албан тушаалтнаас төрийн нууцыг боловсруулахад өгч буй санал, дүгнэлт нь тухайн зүйлийг төрийн нууцад хамааруулахад хүргэж буй мэдээллийг агуулсан байвал тэдгээрийг нууцын зэрэглэлтэйд адилтган тооцож хамгаалалтад авна.
З.Төрийн нууцад хамаарах зүйлийн тухай асуудлыг энэ хуулийн 1З дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-ын "б"-д заасан журмыг баримтлан хаалттай хэлэлцэнэ.

9 дүгээр зүйл.Төрийн нууцад хамааруулах шийдвэр гаргах
1.Мэдээ, баримт бичиг, биет зүйлийг төрийн нууцын жагсаалтад хамааруулах саналыг байгууллага, албан тушаалтан, иргэдээс Тагнуулын ерөнхий газарт гаргана.
2. Тагнуулын ерөнхий газар тухайн саналыг судлан боловсруулж Засгийн газарт 2 долоо хоногийн дотор оруулна.
З.Засгийн газар төрийн нууцад хамааруулах тухай асуудлыг нарийвчлан судалж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулан ЗО хоногийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
4.Төрийн нууцын жагсаалтад мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг хамааруулах тухай шийдвэр гаргахдаа нууцын зэрэглэлээс нь хамааран тэдгээрийн жинхэнэ нэрийг төлөөлүүлсэн нэр, шифр, дугаар хэрэглэж болно.

1О дугаар зүйл.Төрийн нууцыг нууцлах
1.Мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг нууцлах арга хэмжээг тэдгээрийг төрийн нууцад хамааруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн холбогдох байгууллага, албан тушаалтан авч хэрэгжүүлнэ.
2.Мэдээ, баримт бичгийг нууцлахдаа төрийн нууцын зэрэглэлийг тодорхойлсон тэмдэг дарж, төлөөлүүлсэн нэр, шифр, дугаарыг тавина.
З.Биет зүйлийг нууцлахдаа нууцын тэмдэг, төлөөлүүлсэн нэр, шифр, дугаарыг тухайн зүйлийн сав, баглаа боодол, дагалдах баримт бичигт дарж тэмдэглэнэ.
4.Обьект, тодорхой үйл ажиллагааг нууцлахдаа тэдгээрийг халхлах арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан журмын дагуу хэрэгжүүлнэ.

11 дүгээр зүйл.Төрийн нууцын зэрэглэл
1.Төрийн нууцыг задруулснаас Монгол Улсын ашиг сонирхол, аюулгүй байдалд учирч болох хор уршгийн хэмжээнээс хамааран төрийн нууцын зэрэглэлийг тогтооно.

2.Төрийн нууц нь дараахь зэрэглэлтэй байна:
1/онц чухал-маш нууц;
2/маш нууц;
З/нууц.

З.Мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг төрийн нууцад хамааруулахаар Тагнуулын ерөнхий газарт санал оруулсан өдрөөс эхлэн шаардлагатай бол тэдгээрийг "онц чухал -маш нууц" зэрэглэлтэйд тооцож хамгаалалтад авна.
4.Төрийн нууцын зэрэглэлийг тодорхойлсон тэмдгийг төрийн нууцад үл хамаарах мэдээ, баримт бичиг, бусад зүйлд хэрэглэхийг хориглоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ Төрийн нууцыг хамгаалах, хариуцах

12 дугаар зүйл.Төрийн нууцыг хамгаалах

1.Төрийн нууц нь төрийн хамгаалалтад байна.
2."Төрийн нууцыг хамгаалах" гэж төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнаас төрийн нууцыг задруулахгүй байх зорилгоор өөрийн бүрэн эрхийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, арга хэрэгслийн цогцолборыг ойлгоно.
З."Төрийн нууцыг хариуцах" гэж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас төрийн нууцыг хамгаалах, хадгалах, ашиглах үйл ажиллагааг хамааруулан ойлгоно.
4.Төрийн нууцыг хариуцдаг, эсхүл төрийн нууцтай албан үүргийн дагуу танилцсан албан тушаалтан, иргэн төрийн нууцыг задруулах, хувийн зорилгоор ашиглахыг хориглоно.
5.Төрийн нууцыг олж авах зорилгоор хайж олох, бусдад задруулахыг хориглоно.

1З дугаар зүйл.Төрийн нууцыг хамгаалах талаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын бүрэн эрх
1.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар төрийн нууцыг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/Улсын Их Хурал:
а/төрийн нууцыг хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох;
б/Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын саналыг үндэслэн төрийн нууцын зэрэглэлийг баталж, төрийн нууцын хугацааг тогтоох, сунгах болон төрийн нууцыг ил болгох асуудлыг шийдвэрлэх;
в/нууцын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих.

2/Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд:
а/төрийн нууцын хамгаалалтын талаар Засгийн газрын мэдээллийг сонсох, чиглэл өгөх, төрийн нууцыг хамгаалах талаар холбогдох байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаатай танилцах;
б/төрийн нууцыг боловсруулах, хадгалах, хамгаалах, ашиглах, обьект, тодорхой үйл ажиллагааг халхлах, төрийн нууцтай танилцах, төрийн нууцыг шилжүүлэх, татан авах, хаалттай хуралдаан хийх журмыг батлах.

З/Монгол Улсын Засгийн газар:
а/төрийн нууцыг хамгаалах ажлыг чиглүүлэн удирдаж, төрийн нууцын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
б/төрийн нууцын хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, шалгах.

2.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар нь төрийн нууцыг хамгаалах талаар хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

14 дүгээр зүйл.Төрийн нууцыг хариуцаж буй байгууллагын бүрэн эрх
1.Төрийн нууцыг хариуцаж байгаа төрийн бүх шатны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/салбарынхаа хэмжээнд хадгалагдаж байгаа болон бусад байгууллагын хариуцаж буй өөрийн салбарт хамаарах төрийн нууцын ашиглалт, хамгаалалтад хяналт тавих;
2/мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг төрийн нууцад хамааруулах, зэрэглэл тогтоолгох, түүнчлэн төрийн нууцыг ил болгох асуудлаар Тагнуулын ерөнхий газарт саналаа оруулах;
З/төрийн нууцыг шилжүүлэх, татан авах тухай саналаа Тагнуулын ерөнхий газарт оруулах;
4/төрийн нууцыг тухайн байгууллага хариуцаж буй эсэх талаар хөндлөнгийн этгээдэд тайлбар өгөхөөс татгалзах;
5/эрх хэмжээнийхээ хүрээнд төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх.

2.Нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга нь төрийн нууцыг хамгаалах ажлыг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, шаардлагатай тохиолдолд асуудлыг зохих журмаар холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
З.Байгууллага нь өөрт хадгалагдаж байгаа төрийн нууцыг хариуцаж, түүнийг хамгаалах арга хэмжээг хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан журамд нийцүүлэн зохион байгуулна.

15 дугаар зүйл. Тагнуулын ерөнхий газрын бүрэн эрх
1. Тагнуулын ерөнхий газар нь төрийн нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах ажлыг улсын хэмжээнд зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүргийг хүлээж, дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/төрийн нууц задрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
2/төрийн нууцыг хариуцаж байгаа байгууллага, албан тушаалтан төрийн нууцыг хэрхэн ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, шалгах;
З/төрийн нууцыг хамгаалах тухай хууль тогтоомж, Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, төрийн нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах ажлыг боловсронгуй болгох саналаа Засгийн газарт оруулах;
4/мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг төрийн нууцад хамааруулах, төрийн нууцыг татан авах, шилжүүлэх, ил болгох, нууцын зэрэглэлийг тогтоох, төрийн нууцын хугацааг сунгах асуудлаар саналаа боловсруулж Засгийн газарт оруулах;
5/төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичгийг дамжуулах төрийн холбоо, шуудан, шифр, тоон мэдээллийн харилцааны сүлжээгээр үйлчлэх;
6/төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, биет зүйлийг үгүй болгосон, төрийн нууцыг задруулсан тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах;
7/хууль тогтоомжоор олгогдсон бусад бүрэн эрх.

2.Төрийн холбоо, шуудан, шифр, тоон мэдээллийн харилцааны дүрмийг Засгийн газар батална.

16 дугаар зүйл.Төрийн нууцыг хариуцуулах
1.Төрийн нууцыг хариуцах нууцын ажилтныг уул ажилд авахын өмнө тагнуулын байгууллага шалгаж зөвшөөрөл олгоно.
2.Тагнуулын байгууллагын зөвшөөрөлгүйгээр төрийн нууцыг хариуцуулахыг хориглоно.

17 дугаар зүйл.Нууцын ажилтны эрх зүйн байдлын зарим онцлог
Нууцын ажилтан нь дараахь эрх зүйн байдлын онцлогтой байна:
1/гадаадад хувийн хэргээр зорчих тохиолдолд зохих байгууллагын зөвшөөрөл авах;
2/гадаадын иргэн, байгууллагатай албан бус харилцаа тогтоосон бол энэ тухай байгууллагадаа мэдэгдэх;
З/хариуцаж байгаа төрийн нууцын зэрэглэл, ажилласан хугацаанаас хамааран тухайн байгууллагад тогтоосон журмын дагуу цалингийн нэмэгдэл авах.

18 дугаар зүйл.Төрийн нууцыг хариуцуулахыг зогсоох
1.Нууцын ажилтан хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд захиргааны шийдвэрээр төрийн нууц хариуцуулахыг зогсоож, холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
2.Төрийн нууц хариуцуулахыг зогсоосон нь төрийн нууцыг задруулахгүй байх талаар уул этгээдийн урьд хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Төрийн нууцтай танилцах, түүнийг шилжүүлэх, татан авах

19 дүгээр зүйл.Төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтан

1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нь танилцуулахыг хуулиар хориглосноос бусад төрийн нууцтай зэрэглэл харгалзахгүйгээр танилцана.
2.Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, тэдгээртэй адилтгах бусад албан тушаалтан нь албан үүргийн шаардлагаар танилцвал зохих төрийн нууцтай энэ хуулийн 1З дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-ын "б"-д заасан журмын дагуу танилцана.
З.Төрийн нууцтай холбогдсон асуудлыг хянан шалгах зорилгоор Улсын Их Хурлаас байгуулсан комиссын гишүүн, эсхүл мөнхүү зорилгоор Улсын Их Хурлаас тусгайлан эрх олгогдсон хүн тухайн шалгах асуудлын хүрээнд хамаарах төрийн нууцтай зэрэглэл харгалзахгүйгээр танилцана. Харин гүйцэтгэх ажлын мэдээллийн эх сурвалж болон гүйцэтгэх ажлын нэгдсэн тоо бүртгэлд холбогдох мэдээ, баримт бичигтэй зөвхөн шалгаж байгаа асуудлын хүрээнд Улсын Их Хурлын зөвшөөрснөөр Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хорооны дарга, гишүүнээс бусад хүн танилцахыг хориглоно.
4.Төрийн нууцыг хариуцаж байгаа төрийн төв, орон нутгийн болон бусад байгууллагын төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн тухайн байгууллагын дарга батална.

2О дугаар зүйл.Төрийн нууцыг шилжүүлэх, татан авах
1.Төрийн нууцыг дараахь үндэслэлээр шилжүүлж болно:
1/үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан төрийн нууцыг бусад байгууллагатай хамтран ашиглаж тодорхой зорилго биелүүлэх;
2/энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр.

2.Төрийн нууцыг дараахь тохиолдолд төрийн төв байгууллага нь татан авна:
1/төрийн нууцыг хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс төрийн нууц задрах бодит нөхцөл байдал бий болсон;
2/тухайн байгууллага татан буугдсан буюу өөрчлөн байгуулагдсаны улмаас төрийн нууцыг хариуцах үүрэггүй болсон;
З/нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас төрийн нууцыг тухайн байгууллага өөрийн хүчээр хамгаалах боломжгүй болсон.

ТАВДУГААР БҮЛЭГ Бусад зүйл

21 дүгээр зүйл.Төрийн нууцыг ил болгох

1."Төрийн нууцыг ил болгох" гэж төрийн нууцыг Улсын Их Хурлын шийдвэрээр төрийн хамгаалалтаас гаргахыг хэлнэ.

2.Төрийн нууцыг дараахь үндэслэлээр ил болгоно:
1/нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас нууцлах шаардлагагүй болсон;
2/нууцлах хугацаа дуусгавар болсон;
З/хуульд заасан бусад үндэслэл.

З.Төрийн нууцыг ил болгох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
4.Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс төрийн нууцыг яаралтай ил болгох шаардлага гарсан онцгой тохиолдолд Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч уул асуудлыг шийдвэрлэнэ.

22 дугаар зүйл.Төрийн бус байгууллага, хувь хүний нууцыг төрийн нууцад хамааруулах
Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор шаардлагатай тохиолдолд төрийн бус байгууллага, хувь хүний нууцыг энэ хуульд заасан журмын дагуу төрийн нууцад хамааруулж болно. Ийнхүү хамааруулснаас учирч болох эд хөрөнгийн хохирлыг өмчлөгчтэй байгуулсан гэрээг үндэслэн төрөөс нөхөн олгоно.

2З дугаар зүйл.Төрийн нууц хамгаалах үйл ажиллагааг санхүүжүүлэх
Төрийн нууц хамгаалах үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

24 дүгээр зүйл.Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
Энэ хуулийн дор дурдсан зүйл, заалтыг зөрчсөн этгээдэд шүүгч дараахь захиргааны шийтгэл ногдуулна:
1/6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн бол 25000-50000 төгрөгөөр торгох;
2/9 дүгээр зүйл, 1О дугаар зүйлийн 2, З, 11 дүгээр зүйлийн З, 4 дэх хэсгийн заалтыг зөрчсөн бол 10000-50000 төгрөгөөр торгох;

З/1О дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтыг зөрчсөн бол 15000-35000 төгрөгөөр торгох.
4/төрийн нууцыг хувийн зорилгоор ашигласан бол 2ОООО-5ОООО төгрөгөөр торгох.

25 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1995 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
/Энэ хуульд 2001 оны 12 дугаар сарын 27-ны, 2003 оны 6 дугаарс арын 20-ны, 2004 оны 01 дүгээр сарын 02-ны, 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлт, өөрчлөлт тусгагдсан./

Зар сурталчилгааны тухай

2010 оны 04-р сарын 17 Нийтэлсэн Dagiimaa
2002 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Ерөнхий зүйл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээх, түүнд хяналт тавих болон шударга өрсөлдөөнд харшлах, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх, тэдний ашиг сонирхолд хохирол учруулахуйц зар сурталчилгааг хориглохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт явагдах аливаа зар сурталчилгаанд энэ хуулийг хэрэглэнэ.
2.2.Энэ хууль улс төр, шашин, сүм хийдийн сурталчилгаа, түүнчлэн худалдаа, арилжаа, аж ахуйн үйл ажиллагаатай холбоогүй мэдээ, мэдээлэл зарлалд хамаарахгүй.
2.3.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.”зар сурталчилгаа” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид “бүтээгдэхүүн” гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг;
3.1.2.”зар сурталчилгаа захиалагч” гэж өөрийгээ, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлахаар зар сурталчилгаа хийлгэж буй этгээдийг;
3.1.3.”зар сурталчилгаа бүтээгч” гэж захиалагчаас өгсөн захиалгын дагуу зар сурталчилгааг нийтэд түгээхээр бэлтгэсэн этгээдийг;
3.1.4.”зар сурталчилгаа түгээгч” гэж мэдээлэх хэрэгслийг ашиглах, эсхүл бусдад ашиглуулах замаар зар сурталчилгааг байрлуулж, нийтэд сурталчилж байгаа этгээдийг;
3.1.5.”мэдээлэх хэрэгсэл” гэж телевиз, радио, холбооны шугам сүлжээ, компьютерын сүлжээ, тусгай программ, хэвлэл болон бусад арга хэрэгслийг.

4 дүгээр зүйл. Зар сурталчилгаанд оюуны үнэт зүйлийг ашиглах

4.1.Зар сурталчилгаанд оюуны үнэт зүйлийг ашиглахдаа Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу ашиглана.
4.2.Зар сурталчилгаа нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан тохиолдолд бүхэлдээ, эсхүл хэсэгчлэн оюуны өмчийн эрхийн тухай хууль тогтоомжоор хамгаалагдана.

5 дугаар зүйл. Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон зар сурталчилгаанаас хамгаалах

5.1.Зар сурталчилгаа нь хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон, энэ хуулийн 21.1, 21.2-т заасан журмыг зөрчсөн, бусдын бүтээгдэхүүнийг муутган өөрийн бүтээгдэхүүнийг давуутай гэж харьцуулан сурталчилсан, түүнчлэн энэ хуулийн 7.2.1, 7.2.3-т заасан үйлдэл хийсэн бол иргэн, хуулийн этгээд хуульд заасан үндэслэл, журмын дагуу няцаалт хийлгэх, учирсан гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Зар сурталчилгаа, түүнд тавих ерөнхий шаардлага, хориглох зүйл

6 дугаар зүйл. Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд тавих ерөнхий шаардлага

6.1.Зар сурталчилгаа нь үнэн, хэрэглэгчдэд хүртээмжтэй байж, агуулга, хэлбэр, түүнийг түгээж байгаа арга хэрэгслээс үл хамааран зар сурталчилгаа гэж ойлгогдохоор байна.
6.2.Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаатай холбоотой бичмэл зар сурталчилгаанд тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын нэр, зөвшөөрлийн дугаарыг тусгасан байна.
6.3.Зар сурталчилгаанд статистик мэдээ, судалгааны дүн, баримтыг ашиглахдаа тухайн эх сурвалжийг нь заавал тусгасан байна.
6.4.Xортой, галын аюултай барааны зар сурталчилгаанд тухайн барааны эдгээр шинж чанарын талаар заасан байна.

6.5.Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд дараах зүйлийг хориглоно:
6.5.1.тусгай зөвшөөрөл аваагүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааны талаар аливаа зар сурталчилгаа явуулах;
6.5.2.Монгол Улсын хууль тогтоомжоор үйлдвэрлэх, худалдах, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бүтээгдэхүүнийг сурталчлах;
6.5.3.тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг сурталчлах;
6.5.4.хуульд заасны дагуу чанар, стандарт, эрүүл ахуйн баталгаажуулалтад заавал хамруулах бүтээгдэхүүнийг ийнхүү баталгаажуулаагүй бол сурталчлах;
6.5.5.Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчих үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгааг;
6.5.6.хуульд заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх төслийг үнэлгээ хийлгэхээс өмнө, эсхүл үнэлгээ хийгдсэн боловч төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан бол уг төслийг сурталчлах;
6.5.7.айдас төрүүлэх, хүчирхийлэл, садар самуунд уруу татах, түүнчлэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд гэм хор учруулах үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгааг;
6.5.8.хуулиар сурталчлахыг хориглосон бараа, ажил, үйлчилгээг сурталчилах.

7 дугаар зүйл. Хууль бус зар сурталчилгаа

7.1.Хууль бус зар сурталчилгаанд зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн, далд зар сурталчилгаа хамаарна.

7.2.Дараахь зар сурталчилгааг зүй бус зар сурталчилгаанд тооцно:
7.2.1.өөрийн барааг бусдынхтай ижилсгэн сурталчилсан;
7.2.2.бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд харш сурталчилгаа;
7.2.3.хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан.

7.3.Дараахь зүйлийн талаар хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгааг бодит байдалд үл нийцсэнд тооцно:
7.3.1.бүтээгдэхүүний зориулалт, бүтэц, найрлага, үйлдвэрлэсэн арга, огноо, шинж чанар, хэрэглэх арга, хугацаа, чанарын гэрчилгээ, тохирлын тэмдэг, чанарын баталгаажуулалт, тоо, хэмжээ, гарал үүсэл;
7.3.2.зар сурталчилгаанд заасан орон зай, цаг хугацаанд тухайн бүтээгдэхүүний тоо, хэмжээ, олдоц, түүнийг худалдан авах боломж, зах зээл дээрх бодит эрэлт, нийлүүлэлт;
7.3.3.тухайн зар сурталчилгааг түгээх үед мөрдөж байгаа үнэ;
7.3.4.төлбөр тооцооны нэмэлт нөхцөл;
7.3.5.бүтээгдэхүүнийг нийлүүлэх, тээвэрлэх, суурилуулах, угсрах, тохируулга хийх, ашиглалтын явцад засварлах, үйлчилгээ үзүүлэх, солих нөхцөл;

7.3.6.баталгаат эдэлгээний болон ашиглах хугацаа;
7.3.7.оюуны үнэт зүйлийг ашиглах, захиран зарцуулах эрх;
7.3.8.зар сурталчилгаа захиалагч, түүний бүтээгдэхүүнд олгосон шагнал, үнэмлэх, гэрчилгээ болон бусад хэлбэрээр албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдал;
7.3.9.зар сурталчилгаа захиалагч, түүний бүтээгдэхүүний талаар бусдаас өгсөн үнэлэлт, дүгнэлт, зөвлөмжөөс татсан ишлэл;
7.3.10.судалгаа, шинжилгээ, туршилтын дүн, түүнчлэн шинжлэх ухааны нэр томъёо болон бусад бүтээлээс татсан ишлэл;
7.3.11.зар сурталчилгаа захиалагч, түүний хаяг, үйл ажиллагааны зорилго, чиглэл, туршлага, дадлага.

7.4.Дараахь зар сурталчилгааг ёс суртахуунд үл нийцсэнд тооцно:
7.4.1.бусдын бүтээгдэхүүнийг гутаан доромжилсон;
7.4.2.Монгол Улсын болон бусад улсын төрийн бэлгэ тэмдэг, түүхэн алдарт хүн, үндэсний мөнгөн тэмдэгт, шашин шүтлэгийг гутаан доромжилсон;
7.4.3.төрийн тусгай алба хаагчийн дүрэмт хувцас, билэгдлийг дүрмийн бус, гаж хэлбэрээр ашигласан;
7.4.4.үндэсний болон түүх, соёлын үнэт зүйлсийн бүртгэлд орсон урлагийн бүтээлийг гутаан доромжилсон;
7.4.5.үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нийгмийн гарал, байдал, нас, хүйс, мэргэжил боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлыг гутаан доромжилсон үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг ашигласан;
7.4.6.хүнлэг ёс, ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн.

7.5.Энэ хуулийн 6.1-д заасныг зөрчсөн, хэрэглэгчийн ухамсарт шууд бусаар нөлөөлөх зар сурталчилгааг далд зар сурталчилгаа гэж тооцно.
7.6.Шүүх энэ хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн энэ хуулийн 7 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр зар сурталчилгааг хууль бус гэж тооцож болно.
7.7.Хууль бус зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхийг хориглоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Зар сурталчилгаанд тавих тусгай шаардлага

8 дугаар зүйл. Тээврийн хэрэгслээр түгээх зар сурталчилгаа

8.1.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эсхүл түүний нэрийн өмнөөс эрх бүхий этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр автотээврийн хэрэгсэл ашиглан зар сурталчилгааг түгээж болно.
8.2.Нутгийн өөрөө удирдах байгууллага замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын албатай тохиролцсоны үндсэн дээр тээврийн хэрэгслээр зар сурталчилгаа түгээхэд тавих аюулгүйн ажиллагааны болон стандартын шаардлагыг тогтоож болно.

9 дүгээр зүйл. Гадна зар сурталчилгаа

9.1.Нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам, гудамж, талбайд самбар, гэрэл дохио, гэрэлтүүлэг болон хөдөлгөөнгүй бусад хэрэгслийн тусламжтайгаар зар сурталчилгаа байрлуулахад тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авна.
9.2.Нутгийн өөрөө удирдах байгууллага, холбогдох улсын хяналтын албаны саналыг үндэслэн гадна зар сурталчилгааг байрлуулахад тавих аюулгүй ажиллагааны болон стандартын шаардлагыг тогтоож болно.
9.3.Гадна зар сурталчилгаа нь замын хөдөлгөөн зохицуулах дохио, тэмдэг, тэмдэглэлтэй төстэй байх, тэдгээрийг халхлах, далдлах болон бусад хэлбэрээр замын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно.
9.4.Нийтийн эзэмшлийн газар, барилга, байгууламж дээр зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрөл олгох нийтлэг журмыг тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага тогтооно.
9.5.Нийтийн эзэмшлийн газар, барилга, байгууламж дээр байрлуулсан зар сурталчилгааны төлбөрийг тухайн засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн дэд бүтцийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах ажилд зарцуулна.
9.6.Хуулийн этгээдийг татан буулгах ажлыг гүйцэтгэх этгээд тухайн хуулийн этгээдийн гадна зар сурталчилгааг түгээсэн хэрэгслийг хураах ажлыг зохион байгуулна.

10 дугаар зүйл. Харилцуур утасны болон бусад лавлахаар түгээх зар сурталчилгаа

10.1.Харилцуур утасны лавлахаар үйлчлүүлэгчид зориулж мэдээ, лавлагаагаар үйлчилсний дараа зар сурталчилгаа нэвтрүүлж болно.
10.2.Төлбөртэй харилцуур утасны болон бусад лавлахаар зар сурталчилгааг гагцхүү үйлчлүүлэгч өөрөө зөвшөөрсөн тохиолдолд нэвтрүүлж болно.

11 дүгээр зүйл. Радио, телевизээр түгээх зар сурталчилгаа

11.1.Уран сайхны болон баримтат кино, радио жүжгийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхдээ зохиогч, эсхүл зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрлийг авсан байна.
11.2.Хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн дундуур зөвхөн хүүхдэд зориулсан зар сурталчилгаа нэвтрүүлж болно.
11.3.Улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаархи тогтмол мэдээллийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно.
11.4.Сургалтын нэвтрүүлгийн дундуур зөвхөн сургалттай холбоотой бөгөөд 5 минутаас илүүгүй хугацаанд 30 секундээс дээшгүй үргэлжлэх зар сурталчилгааг нэвтрүүлж болно.
11.5.Үргэлжлэх хугацаа нь 20 минутаас дээшгүй нэвтрүүлгийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно.

12 дугаар зүйл. Интернэтээр түгээх зар сурталчилгаа

12.1.Зар сурталчилгаа түгээгч нь бусдын эзэмшилд байгаа интернэтийн хуудсанд өөрийн зар сурталчилгаагаа зөвшөөрөлгүй байрлуулахыг хориглоно.
12.2.Интернэтээр түгээж байгаа зар сурталчилгаанд зар сурталчилгаа түгээгчийн нэр, хаяг, харилцах утас зэрэг хэрэглэгч холбоо тогтооход шаардлагатай бусад мэдээлэл байна.
12.3.Хэрэв тухайн зар сурталчилгааг байрлуулсан хаягаар ороход тусгай төлбөр авдаг бол энэ талаархи санамжийг тухайн хаягаар орохоос өмнө хэрэглэгчид харагдахуйцаар байрлуулсан байна.

13 дугаар зүйл. Эрүүл мэндийн салбар дахь зар сурталчилгаа

13.1.Олон нийтийн мэдээлэх хэрэгслээр зөвхөн жоргүй олгох эмийн тухай болон эмийг зохистой хэрэглэхтэй холбогдсон сурталчилгаа явуулж болно.
13.2.Жороор олгох, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, эмчилгээний зориулалт бүхий мансууруулах бодис, ургамал, түүнчлэн тусгай мэдлэг, мэргэжил шаардагдах эмнэлгийн хэрэгслийг зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан мэдээлэх хэрэгслээр сурталчилна.
13.3.Эмийг сурталчлахдаа тэдгээрийг хэрэглэх заавартай танилцахыг заавал сануулна.

13.4.Эм, эмийн зүйлс (цаашид “эм” гэх)-ийн зар сурталчилгаанд дараахь зүйлийг хориглоно:
13.4.1. улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийг сурталчлах;
13.4.2.зөвхөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эмийг эмийн сан, бусад нөхцөлд борлуулахаар сурталчлах;
13.4.3.тухайн эмийн гаж үйлчлэл, хориглох заалтыг нуун далдлах зорилгоор сурталчлах;
13.4.4.тухайн эмийн үйлчлэлийн талаар урьдчилсан баталгаа гаргах;
13.4.5.эмийн ерөнхий нэршилгүй, зөвхөн худалдааны нэршлээр сурталчлах;

13.5.Аймаг, нийслэлийн хүн, мал эмнэлгийн удирдах болон мэргэжлийн байгууллагаас тусгай зөвшөөрөл аваагүй эм хангамжийн байгууллага (эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан)-ыг сурталчлахыг хориглоно.
13.6.Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй эрүүл мэндийн байгууллага, эмчлэх эрхгүй мэргэжилтэн, эрх, зөвшөөрөл аваагүй буюу баталгаажаагүй эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээг сурталчлахыг хориглоно
13.7.Эмнэлгийн байгууллагын талаархи зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана.
13.8.Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно.

14 дүгээр зүйл. Байгаль орчны салбар дахь зар сурталчилгаа

14.1.Нэн ховор, ховор ургамал, амьтны жагсаалтад орсон болон тэдгээрийн үндэс, иш, мөчир, навч, бугын цусан эвэр, чив, засаа, согооны сүүл, сав, хүдрийн заар, баавгайн доньд зэрэг эрхтэнийг бэлтгэх, худалдах, худалдан авах тухай зар сурталчилгааг хориглоно.
14.2.Хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу тодорхой хугацаанд агнах, бэлтгэхийг хориглосон амьтан, ургамлын эд эрхтэн, түүхий эдийг худалдах, худалдан авах тухай зар сурталчилгаа явуулахыг хориглоно.

15 дугаар зүйл. Нийгмийн зар сурталчилгаа

15.1.Иргэн, хуулийн этгээдээс нийтийн болон улсын эрх ашигт нийцсэн ашиг тустай үйлсийг дэмжин тэтгэх зорилгоор зар сурталчилгааг бүтээх, түгээх, эсхүл өөрийн хөрөнгийг энэхүү зар сурталчилгааг бүтээх, түгээхэд зориулан бусдад хариу төлбөргүйгээр шилжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг нийгмийн зар сурталчилгаанд хамааруулж, хууль тогтоомжид заасны дагуу хөнгөлөлт үзүүлж болно.

16 дугаар зүйл. Зар сурталчилгаа бүтээх, байрлуулах, түгээхэд хүүхдийгн эрхийг хамгаалах

16.1.Зар сурталчилгаа бүтээх, байрлуулах, түгээхэд дараахь зүйлийг хориглоно:
16.1.1.эцэг, эх, асран хүмүүжүүлэгчийн нэр хүндийг бууруулах;
16.1.2.тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахыг эцэг, эх болон бусад этгээдээс шаардахыг хүүхдэд шууд зөвлөх, ухуулах, бусад хэлбэрээр нөлөөлөх;
16.1.3.тухайн бүтээгдэхүүнийг худалдан авсан, эсхүл аваагүйгээс бусад хүүхдээс давуутай буюу дор байдалд орно гэсэн ойлголтыг хүүхдэд бий болгох;
16.1.4.хүүхдийг аюултай орон зай, нөхцөл байдалд дүрсэлсэн дүрс, дуу авиа, эсхүл үг хэллэгийг зар сурталчилгаанд ашиглах;
16.1.5.тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд шаардагдах мэдлэг, дадлага, туршлагын төвшинг бууруулж буюу өсгөж сурталчлах:
16.1.6 бүтээгдэхүүний үнийн талаар буруу ойлголт хүүхдэд бий болгох.

17 дугаар зүйл. Банк, санхүү, хөрөнгө оруулалтын сан, даатгалын үйл ажиллагаа, үнэт цаасны зар сурталчилгаа

17.1. Банкны үйл ажиллагааны зар сурталчилгаа нь тухайн банкны төлбөрийн чадварын болон банкны хуулиар заагдсан бусад үзүүлэлтүүдэд үндэслэсэн, үнэн зөв байна. Банкны үйл ажиллагааны зар сурталчилгаанд мөнгөн хадгаламжийн гэрээний гол нөхцлүүдийн талаар заавал мэдээлнэ.

17.2.Хөрөнгө оруулалтын сан, банк, санхүү, даатгалын болон бусдын мөнгөн хөрөнгийг ашиглах, захиран зарцуулахтай холбоотой бусад үйлчилгээ, үйл ажиллагаа, түүнчлэн үнэт цаасны зар сурталчилгааг бүтээх, тоон мэдээ, үзүүлэлтийг ашиглах, түгээхэд дараахь зүйлийг хориглоно:
17.2.1.сурталчилж буй бүтээгдэхүүнд шууд хамаарахгүй тоон мэдээ, үзүүлэлтийг ашиглах;
17.2.2.нэрийн үнэт цаасны төрөлд хамаарах энгийн хувьцаанд төлөх ногдол ашгийн тодорхой хувь хэмжээг заах;
17.2.3.нийтэд санал болгох үнэт цаас гаргах зөвшөөрлийг Үнэт цаасны хорооноос авахаас өмнө сурталчлах;
17.2.4.үнэт цаасны үйл ажиллагааныхаа үр дүнд олох ашиг, амжилтын талаар таамаглал дэвшүүлэх, амлах.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Зар сурталчилгаа захиалагч, бүтээгч, түгээгчийн эрх, үүрэг

18 дугаар зүйл. Зар сурталчилгааны төлбөр

18.1.Мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл болон зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, түгээсний төлөө төлбөр авахыг хориглоно.

19 дүгээр зүйл. Ивээн тэтгэгчийн зар сурталчилгаа

19.1. Ивээн тэтгэгч нь гэрээний үндсэн дээр зар сурталчилгаа түгээгчид эд хөрөнгө шилжүүлэх, оюуны үнэт зүйл ашиглуулах, ажил гүйцэтгэх зэргээр үйл ажиллагаанд нь хандив өргөн (ивээн тэтгэж) өөрийгөө, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлуулж болно.
19.2. Энэ хуулийн 19.1- д заасны дагуу өргөсөн хандив нь зар сурталчилгааны төлбөрт тооцогдоно.
19.3. Ивээн тэтгэгч зар сурталчилгаа түгээгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.

20 дугаар зүйл. Зар сурталчилгаатай холбоотой баримтыг хадгалах

20.1.Зар сурталчилгаа захиалагч, бүтээгч, түгээгч зар сурталчилгаатай холбоотой баримт болон тэдгээрийн хуулбарыг тухайн зар сурталчилгааг сүүлчийн удаа түгээснээс хойш 6 сараас доошгүй хугацаагаар хадгална.

21 дүгээр зүйл. Зар сурталчилгаанд хамаарах мэдээллийг шаардах

21.1.Зар сурталчилгаа бүтээгч, түгээгч тухайн зар сурталчилгаа үнэн зөв болохыг нотлох баримтыг зар сурталчилгаа захиалагчаас шаардах эрхтэй.
21.2.Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааны хувьд зар сурталчилгаа захиалагч нь өөрийгөө, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлуулахдаа тусгай зөвшөөрлийн гэрчилгээ буюу түүний зохих ёсоор баталгаажсан хуулбарыг үзүүлэх үүрэгтэй.
21.3.Зар сурталчилгаа бүтээгч, түгээгч нь энэ хуулийн 21.2-т заасан тусгай зөвшөөрлийн гэрчилгээ буюу зохих ёсоор баталгаажсан баримт үзүүлэхийг шаардах эрхтэй.
21.4.Зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах нотлох баримт, тайлбар, видео болон аудио бичлэг, бусад мэдээллийг зар сурталчилгаа захиалагч, бүтээгч, түгээгчээс шаардан авах эрхтэй.
21.5.Энэ зүйлд заасны дагуу зар сурталчилгаа бүтээгч, түгээгчийн талаар мэдээлэлтэй болсон этгээд тэдгээрийн нууцыг хууль тогтоомжид заасны дагуу хадгалах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
21.6.Энэ хуулийн 21.1-д заасны дагуу шаардсан нотлох баримтыг гаргаж өгөөгүй бол зар сурталчилгаа бүтээгч, түгээгч холбогдох гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхийг захиалагчаас шаардах эрхтэй.

22 дугаар зүйл. Зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг зөрчиж болох нөхцөл байдлын талаар урьдчилан мэдэгдэх

22.1.Зар сурталчилгаа бүтээгч нь зар сурталчилгаа захиалагчаас өгсөн захиалга, даалгавар нь зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг зөрчиж байгааг түүнд урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.
22.2.Энэ хуулийн 22.1-д заасны дагуу урьдчилан мэдээлсэн боловч зар сурталчилгаа захиалагч өөрийн захиалга, даалгаврыг өөрчлөөгүй тохиолдолд зар сурталчилгаа бүтээгч зар сурталчилгаа бэлтгэхээс татгалзах үүрэгтэй.

23 дугаар зүйл. Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд хувь хүн, хуулийн этгээдийн оролцоо

23.1.Зар сурталчилгаанд хувь хүн, түүний нэр, алдар хүнд, амьдрал ахуй, эд хөрөнгө, уран бүтээлийг үзүүлэх, дүрслэх, хэлсэн үгнээс нь ишлэл татах болон бусад хэлбэрээр ашиглахдаа тухайн хүн, эсхүл өв залгамжлагч, эрх залгамжлагчийн зөвшөөрлийг урьдчилан авна.
23.2.Нийтэд танил, нэр хүнд бүхий хуулийн этгээдийн нэр, бэлгэдэл, бүтээгдэхүүн, барааны тэмдэг, нэрийн товчлолыг зар сурталчилгаанд ашиглахад энэ хуулийн 23.1-дэх хэсгийн заалт нэгэн адил хамаарна.

ТАВДУГААР БҮЛЭГ
Зар сурталчилгааг хянах, зохицуулах

24 дүгээр зүйл. Төрөөс зар сурталчилгаанд тавих хяналт

24.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгаанд тавих хяналтыг оюуны өмчийн улсын хяналтын алба хэрэгжүүлнэ.

24.2.Оюуны өмчийн улсын хяналтын алба нь зар сурталчилгаанд тавих хяналттай холбогдуулан дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:
24.2.1.зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;
24.2.2.зар сурталчилгааны тухай хууль тогтоомж зөрчигдсөн эсэхийг тогтоож, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
24.2.3.хууль бус зар сурталчилгаанаас хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах.

24.3.Оюуны өмчийн улсын хяналтын алба нь Төрийн хяналт шалгалтын тухай1 хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.3.1.өөрийн санаачилгаар, эсхүл бусад этгээдээс ирүүлсэн санал, хүсэлт, шаардлага, мэдээллийг судалсны үндсэн дээр зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээх ажилд шалгалт хийх;
24.3.2.тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд зар сурталчилгаанд хяналт тавих орон нутгийн байгууллага, албан тушаалтныг арга зүйн удирдлагаар хангаж;
24.3.3.зар сурталчилгаа бүтээх, байрлуулах, түгээхэд баримтлах зөвлөмж, гэрээний үлгэрчилсэн загварыг батлах;
24.3.4.зар сурталчилгааны тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эсхүл цуцлах саналыг уг зөвшөөрлийг олгосон эрх бүхий байгууллагад тавих;
24.3.5.зар сурталчилгааны тухай хууль тогтоомж зөрчсөнтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах;
24.3.6.тухайн зар сурталчилгаа хуульд заасан шаардлагыг зөрчсөн эсэхийг тогтоох, түүнийг бүтээх, түгээхийг түдгэлзүүлэх, зөрчлийг арилгахыг шаардах.
24.3.7.хуульд заасан бусад бүрэн эрх.

24.4.Оюуны өмчийн улсын хяналтын албаны байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаас гадна дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
24.4.1.зар сурталчилгааг хуульд заасан шаардлагад нийцүүлэхийг шаардах;
24.4.2.зар сурталчилгааны тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх;
24.4.3.илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээ авахдаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
24.4.4. хууль тогтоомж зөрчсөн зар сурталчилгааг түгээхийг зогсоох;
24.4.5. зар сурталчилгааны тухай хууль тогтоомж зөрчигчид энэ хуулийн дагуу хариуцлага ногдуулах;
24.4.6. хуульд заасан бусад эрх, үүрэг.

24.5.Тухайн орон нутгийн хэмжээнд мэдээлэл тараадаг мэдээлэх хэрэгслээр түгээсэн зар сурталчилгаанд аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний томилсон байцаагч хяналт тавих бөгөөд энэ хуулийн 24.4-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

24.6.Зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийн биелэлтэд эм, био бэлдмэл, эрүүл ахуй, байгаль орчин, чанар, стандартчилал, барилга, тээвэр, гааль, татвар, худалдаа, үйлчилгээ зэрэг мэргэжлийн хяналтын алба, нутгийн захиргааны байгууллага, түүнчлэн энэ хуулийн 6.2-т заасан тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага тус тусын чиг үүргийн дагуу хяналт тавих, бүрэн эрхийнхээ хүрээнд арга хэмжээ авах үүрэгтэй.
24.7.Энэ хуулийн 24.6-д заасан хяналтын алба, байгууллага нь зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн тухай мэдээллийг тодорхой үндэслэл, саналын хамт зар сурталчилгаанд хяналт тавих эрх бүхий байгууллагад шуурхай ирүүлэх үүрэгтэй.

25 дугаар зүйл. Зар сурталчилгаанд тавих олон нийтийн хяналт

25.1.Аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн болон түүнтэй холбоотой мэдээллийг тодорхой үндэслэл, саналын хамт эрх бүхий байгууллагад тавих, шаардлагатай бол мэдээлэх хэрэгслээр нийтийг сэрэмжлүүлж болно.

25.2.Хэрэглэгчийн эрх ашиг, түүнчлэн зар сурталчилгаа бүтээх, түгээх үйл ажиллагаанд оролцогчийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллага зар сурталчилгаанд хяналт тавих чиглэлээр дараахь эрх эдэлнэ:
25.2.1.хэрэглэгчийн нэрийн өмнөөс зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах;
25.2.2.тухайн зар сурталчилгаа хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж буй эсэх талаар зөвлөмж гаргах;
25.2.3.зар сурталчилгаа захиалагч, бүтээгч, түгээгчид зар сурталчилгаатай холбогдох санал тавих, зөвлөмж өгөх.

25.3.Зар сурталчилгааны хяналттай холбоотой тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн улсын төсвөөс санхүүжүүлж болно.

26 дугаар зүйл. Зар сурталчилгаанд тавих хамтын хяналт.

26.1.Оюуны өмчийн улсын хяналтын алба энэ хуулийн 24.6, 25 дугаар зүйлд заасан этгээдтэй харилцан мэдээлэл солилцох, шаардлагатай хяналт, шалгалт, судалгаа хамтран явуулах зэргээр ажиллаж болно.

27 дүгээр зүйл. Зар сурталчилгааны хяналтын байцаагчийн шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах

27.1.Оюуны өмчийн улсын хяналтын албаны байцаагчийн шийдвэр, үйл ажиллагааг зөвшөөрөөгүй этгээд зар сурталчилгаанд хяналт тавих эрх бүхий байгууллагын даргад гомдол гаргана.
27.2.Оюуны өмчийн улсын хяналтын албаны дарга гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 21 өдөрт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл өдрөөр сунгаж болно.
27.3.Гомдол гаргах, хүлээн авах, хянах, шийдвэрлэхэд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримтална.

28 дугаар зүйл. Зар сурталчилгааны хяналтын албаны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол, нэхэмжлэл гаргах

28.1.Энэ хуулийн 25.1, 27.1-д заасан этгээд Оюуны өмчийн улсын хяналтын албаны шийдвэр, үйл ажиллагааны талаар шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргаж болно.
28.2.Энэ хуулийн 27.1, 28.1-д заасны дагуу нэхэмжлэл, гомдол гаргасан нь хариуцлага хүлээлгэх болон захиргааны шийтгэл биелүүлэхийг хойшлуулах үндэслэл болохгүй.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

29 дүгээр зүйл. Захиргааны хариуцлага

29.1.Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай этгээдэд Оюуны өмчийн улсын хяналтын албаны байцаагч дараахь захиргааны шийтгэл ногдуулна:
29.1.1.зар сурталчилгаанд хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэр, шаардлагыг зөрчсөн, эсхүл үндэслэлгүйгээр биелүүлээгүй иргэнийг 10000-50000 хүртэл төгрөгөөр, албан тушаалтныг 25000-60000 хүртэл төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 хүртэл төгрөгөөр торгох;
29.1.2.энэ хуулийн 6.1, 6.3, 6.4 дэх хэсэгт, 6.5.1-6.5.8 дахь заалт, 7 дугаар зүйл, 9.3 дахь хэсэг, 10-14, 16, 17 дугаар зүйл, 19.3, 22.1 дэх хэсэг, 23 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн бол гэм буруутай иргэнийг 10000-50000 хүртэл төгрөгөөр, албан тушаалтныг 25000-60000 хүртэл төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 хүртэл төгрөгөөр торгох.

29.2.Энэ хуулийн 29.1-д заасан захиргааны хариуцлага нь хууль тогтоомжийн бусад актад заасан хариуцлага, зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааг таслан зогсоох шаардлагыг биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
29.3.Оюуны өмчийн улсын хяналтын албаны шийдвэр, үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг Иргэний хуульд3 заасан журмын дагуу арилгана.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот

НЭГДYГЭЭР БYЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тогтоож, тэдгээрийг тэмдэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль тогтоомж

2.1. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Үндэсний их баяр, наадмын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг;
3.1.2. “нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр” гэж түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдрийг.

ХОЁРДУГААР БYЛЭГ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд, тэдгээрийг тэмдэглэн өнгөрүүлэх

4 дүгээр зүйл. Нийтээр тэмдэглэх баярын өдөр

4.1. Нийтээр тэмдэглэх баярын өдөр:
4.1.1. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13;
4.1.2.Бүгд Найрамдах Улс тунхагласны баяр: 11 дүгээр сарын 26;
4.1.3.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2;
4.1.4. Шинэ жил: 1 дүгээр сарын 1;
4.1.5. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;
4.1.6. Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.

5 дугаар зүйл. Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр

5.1. Дор дурдсан тэмдэглэлт өдрийг Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэнэ:
5.1.1. Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр: 1 дүгээр сарын 13;
5.1.2. Зэвсэгт хүчний өдөр: 3 дугаар сарын 18;
5.1.3. Эрүүл мэндийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 7;
5.1.4. Оюуны өмчийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 26;
5.1.5. Гэр бүлийн өдөр: 5 дугаар сарын 15;
5.1.6. Залуучуудын өдөр: 8 дугаар сарын 25;
5.1.7. Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр: 9 дүгээр сарын 10;
5.1.8. Байгаль орчныг хамгаалах өдрүүд: 9 дүгээр сарын дөрөв дэх долоо хоног;
5.1.9. Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1;
5.1.10. Монгол Улсын Нийслэлийн өдөр: 10 дугаар сарын 29;
5.1.11. Хүний эрхийг хамгаалах өдөр: 12 дугаар сарын 10.

5.2. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдээс бусад ой, түүхэн үйл явдал, салбарын болон зарим ажил мэргэжлийн ажилтан, ажилчдын өдөр, энэ хуульд зааснаас бусад олон улсын байгууллагаас дэлхий нийтээр тэмдэглэхээр тогтсон тэмдэглэлт өдрийг Засгийн газар тогтооно.

6 дугаар зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх

6.1. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхэд төрийн ёслолын арга хэмжээг зохион байгуулж болно. Төрийн ёслолын журмыг Засгийн газар батална.
6.2. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг зардал багатай, хуульд өөрөөр заагаагүй бол нэг өдрөөс илүүгүй хугацаагаар тэмдэглэнэ.
6.3. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн үеэр улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх уралдаан, тэмцээний бай, шагнал нь Yндэсний их баяр наадмын бай шагналаас илүүгүй байна.

7 дугаар зүйл. Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх

7.1. Засгийн газар энэ хуулийн 5.2-т заасан баярын болон тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам баталж, төсөвт тусгагдсан зардлын гүйцэтгэлд хяналт тавина.
7.2. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 4, 5 дугаар зүйлд зааснаас бусад орон нутгийн хэмжээнд тэмдэглэх тэмдэглэлт өдрийг тогтоож, тэдгээрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам, зардлыг батална.
7.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсөвт зардлыг хэтрүүлэхгүйгээр баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулна.

ГУРАВДУГААР БYЛЭГ
Бусад зүйл

8 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

8.1. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч дараахь захиргааны шийтгэл ногдуулна:
8.1.1. энэ хуулийн 6.2, 6.3, 7.3-т заасныг зөрчсөн албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр торгох;
8.1.2. энэ хуулийн 6.2, 6.3-т заасныг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагыг 70000-250000 төгрөгөөр торгох.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Монгол улсын үндсэн хууль

2010 оны 04-р сарын 17 Нийтэлсэн Dagiimaa

1992 оны 1 дүгээр сарын 13 -ны өдөр Улаанбаатар хот

Монголын ард түмэн бид:
- улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
- хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,                               
- төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
- хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,                                                   
- эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.

Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ.

Нэгдүгээр зүйл.

1. Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн. 2. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

Хоёрдугаар зүйл

1. Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна.
2. Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана.

Гуравдугаар зүйл

1. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.
2. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.

Дөрөвдүгээр зүйл

1. Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна.
2. Монгол Улсын хилийг хуулиар бататгана.
3. Хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно.

Тавдугаар зүйл

1. Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна.
2. Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.
3. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.
4. Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.
5. Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна.

Зургадугаар зүйл

1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.
2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.
3. Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно.

4. Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно.
5. Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно.

Долдугаар зүйл

1. Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.
2. Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн.

Наймдугаар зүйл

1. Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөнө.

Есдүгээр зүйл

1. Монгол улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ.
2. Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй.
3. Төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна.

Аравдугаар зүйл

1. Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна.
2. Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.
3. Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.
4. Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй.

Арван нэгдүгээр зүйл

1. Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн.
2. Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна. Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, түүнд алба хаах журмыг хуулиар тогтооно.

Арван хоёрдугаар зүйл

1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.
2. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.
3. Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугараг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна.

4. Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн.
5. Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.

6. Төрийн тамга дөрвөлжин хэлбэртэй, голдоо төрийн сүлдтэй, сүлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичээстэй, арслангийн дүрс бүхий бариултай байна. Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барина.
7. Төрийн бэлгэ тэмдгийг дээдлэн хэрэглэх журам, төрийн дууллын үг, аяыг хуулиар бататгана.

Арван гуравдугаар зүйл

1. Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн.
2. Монгол Улсын нийслэлийн эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ

Арван дөрөвдүгээр зүйл

1. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.

Арван тавдугаар зүйл

1. Монгол Улсын иргэний харъяалал хийгээд харъяат болох, харъяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно.
2. Монгол Улсын иргэнийг харъяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно.

Арван зургадугаар зүйл

Монгол улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

1/ амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;
2/ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;
3/ хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;
4/ ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй;

5/ өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;
6/ эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно;
7/ сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно;
8/ соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална;

9/ шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;

10/ нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно;

11/ улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;

12/ төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;

13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;

14/ Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;

15/ шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй;

16/ итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;

17/ төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;

18/ улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.

Арван долдугаар зүйл

1. Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:

1/ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;

2/ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;

3/ хуулиар ногдуулсан албан татвар төлөх;

4/ эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах.

2. Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн.

Арван наймдугаар зүйл

1. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, үүргийг Монгол Улсын хууль, уул иргэнийг харъяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтооно.

2. Монгол Улс олон улсын гэрээгээр гадаадын иргэний эрх, үүргийг тодорхойлохдоо уул иргэнийг харъяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчим баримтална.

3. Монгол Улс нутаг дэвсгэртээ байгаа харъяалалгүй хүний эрх, үүргийг өөрийн хуулиар тогтооно.

4. Үзэл бодол, улс төрийн хийгээд шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харъяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргавал Монгол улсад орогнох эрх олгож болно.

5. Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харъяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлал тогтоож болно.

Арван есдүгээр зүйл

1. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.

2. Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө.

3. Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ

НЭГ. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ

Хорьдугаар зүйл

Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.

Хорин нэгдүгээр зүйл
1. Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна.

2. Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

3. Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.

4. Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.

Хорин хоёрдугаар зүйл
1. Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж, шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

2. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.

Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг  томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол  өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана. /2000 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар 2 дахь хэсэгт нэмэлт оруулсан./

Хорин гуравдугаар зүйл
1. Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.

2. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.

Хорин дөрөвдүгээр зүйл
1. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно. /2000 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2. Улсын Их Хурлын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно.

Хорин тавдугаар зүйл
1. Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:

1/ хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;

2/ төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох;

3/ Ерөнхийлөгчийн ба Улсын Их Хурал, түүний гишүүний сонгуулийг товлон зарлах;

4/ Улсын Их Хурлын Байнгын хороо, Засгийн газар, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх;

5/ Ерөнхийлөгчийг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах, чөлөөлөх, огцруулах;

6/ Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах;

7/ төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах;

8/ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;

9/ улсын хил тогтоох;

10/ Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрхийг тогтоох;

11/ Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг батлах, өөрчлөх;

12/ нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох;

13/ улсын цол, одон, медаль, цэргийн дээд цол бий болгох, төрийн албаны зарим тусгай салбарын албан тушаалын зэрэг дэвийг тогтоох;

14/ өршөөл үзүүлэх шийдвэр гаргах;

15/ Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах;

16/ ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ;

17/ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд бусад улсаас аюул занал учруулж, зэвсэглэн халдвал дайн бүхий байдал зарлах, цуцлах;

18/ энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөлд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, эсхүл энэ тухай гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг батлах, хүчингүй болгох;

2. Дараахь онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно:

1/ улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон;

2/ Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон.

3. Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно.

4. Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Хорин зургадугаар зүйл
1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ.

2. Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна.

3. Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

Хорин долдугаар зүйл
1. Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ.

2. Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна. /Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3. Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно.

4. Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг сонгууль явуулсан өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхийлөгч, бусад чуулганыг Улсын Их Хурлын дарга товлон зарлана.

5. Ерөнхийлөгч онц болон дайны байдал зарлавал түүнээс хойш далан хоёр цагийн дотор Улсын Их Хурал онцгой чуулганаа тусгайлан товлохгүйгээр чуулна.

6. Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн  олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Хорин наймдугаар зүйл
1. Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа зохих салбар, чиглэлээр Байнгын хороодтой байна.

2. Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно.

Хорин есдүгээр зүйл
1. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна.Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. /Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.

3. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.

ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

Гучдугаар зүйл

1. Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.

2. Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

Гучин нэгдүгээр зүйл
1. Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байна.

2. Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.

3. Анхан шатны сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхтэй оролцож, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар саналаа нууцаар гаргана.

4. Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.

5. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.

6. Хэрэв хоёр дахь санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй бол дахин сонгууль явуулна.

7. Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно.

8. Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй. Хэрэв Ерөнхийлөгч өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн уул үүргээс чөлөөлөгдөнө.

Гучин хоёрдугаар зүйл
1. Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.

2. Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая" хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө.

Гучин гуравдугаар зүйл
1. Ерөнхийлөгч дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ;

2/ Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг;  аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг;  хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах; /Энэ заалтыг 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3/ өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;

4/ гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;

5/ Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;

6/ Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;

7/ Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;

8/ уучлал үзүүлэх;

9/ Монгол Улсын харъяат болох, харъяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;

10/ Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;

11/ Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;

12/ Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулашгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.

2. Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.

3. Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно.

4. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно.

Гучин дөрөвдүгээр зүйл
1. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргана.

2. Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.

Гучин тавдугаар зүйл
1. Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна.

2. Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна.

Гучин зургадугаар зүйл
1. Ерөнхийлөгчийн бие, өргөө, унаа халдашгүй дархан байна

2. Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална.

Гучин долдугаар зүйл
1. Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ.

2. Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.

3. Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно.

ГУРАВ. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

Гучин наймдугаар зүйл

1. Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.

2. Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;

2/ шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэx;

3/ салбарын ба салбар хоорондын, түүнчлэн бүс нутгийн хөгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх;

4/ хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах;

5/ төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;

6/ улсыг батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах;

7/ хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

8/ төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх;

9/ Улсын Их Хуралтай зөвшилцөж дараа соёрхон батлуулахаар Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, түүнчлэн Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, цуцлах.

3. Засгийн газрын тодорхой бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Гучин есдүгээр зүйл
1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.

2. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ. /2000 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар 2 дахь хэсэгт нэмэлт оруулсан./

3. Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно.

Дөчдүгээр зүйл
1. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.

2. Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.

Дөчин нэгдүгээр зүйл
1. Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.

2. Засгийн газар үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана.

Дөчин хоёрдугаар зүйл
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.

Дөчин гуравдугаар зүйл
1. Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл хугацаа дуусахаас өмнө огцрох тухайгаа Ерөнхий сайд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.

2. Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

3. Улсын Их Хурал Засгийн газрыг огцруулах тухай өөрөө санаачилсан болон Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын мэдэгдлийг хүлээн авснаас хойш арван тав хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

4. Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавивал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.

Дөчин дөрөвдүгээр зүйл
Өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсч Засгийн газар тогтоолын төсөл оруулбал Улсын Их Хурал уул асуудлыг дөчин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шийдвэрлэнэ.

Дөчин тавдугаар зүйл
1. Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна.

2. Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.

Дөчин зургадугаар зүйл
1. Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна.

2. Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана.

3. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.

ДӨРӨВ. ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ

Дөчин долдугаар зүйл
1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

2. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.

3. Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна.

Дөчин наймдугаар зүйл
1. Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.

2. Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

3. Шүүх улсын төсвөөс санхүүжнэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.

Дөчин есдүгээр зүйл
1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

2. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.

3. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана.

4. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.

5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Тавьдугаар зүйл
1. Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ хуулиар харъяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

2/ давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;

3/ хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх;

4/ Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;

5/ хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх.

2. Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.

3. Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.

Тавин нэгдүгээр зүйл
1. Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.

2. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.

3. Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.

4. Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.

Тавин хоёрдугаар зүйл
1. Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.

2. Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна.

3. Хуульд тусгайлан зүйлчилж заасан зарим хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэж болно.

Тавин гуравдугаар зүйл
1. Шүүн таслах ажиллагааг монгол хэлээр явуулна.

2. Монгол хэл мэдэхгүй хүнд хэргийн баримт сэлтийг хэлмэрчлүүлэн бүрэн танилцуулах бөгөөд шүүх хуралдаан дээр эх хэлээр нь үг хэлэх эрх олгоно.

Тавин дөрөвдүгээр зүйл
Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүх хэргийг ил таслан шийдвэрлэнэ.

Тавин тавдугаар зүйл
1. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй.

2. Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.

Тавин зургадугаар зүйл
1. Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.

2. Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.

3. Монгол Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГА

Тавин долдугаар зүйл
1. Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.

2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

3. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

Тавин наймдугаар зүйл
1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн.

2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.

Тавин есдүгээр зүйл
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ.

2. Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хооронд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн.

3. Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Эдгээр Хурлын болон сум, дүүргийн хурлын төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно.

Жардугаар зүйл
1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ.

2. Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харъяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харъяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно.

3. Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална.

Жаран нэгдүгээр зүйл
1. Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харъяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харъяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна.

2. Засаг дарга тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлын шийдвэрт хориг тавих эрхтэй.

3. Тавьсан хоригийг нь Хурал өөрийн төлөөлөгчдийн олонхийн саналаар няцаасан нөхцөлд Засаг дарга уул шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзвэл огцрох хүсэлтээ зохих Хурал, Ерөнхий сайд буюу харьяалах дээд шатны Засаг даргад гаргаж болно.

4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар мөн. Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно.

Жаран хоёрдугаар зүйл
1. Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.

2. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.

3. Улсын Их Хурал, Засгийн газраас шаардлагатай хэмээн үзсэн тохиолдолд өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр аймаг, нийслэлийн Хурал, Засаг даргад шилжүүлж болно.

Жаран гуравдугаар зүйл
1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурал эрх хэмжээнийхээ дотор тогтоол, Засаг дарга захирамж гаргана.

2. Хурлын тогтоол, Засаг даргын захирамж нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, харъяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх бөгөөд түүнийг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.

3. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын эрх хэмжээ, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

ТАВДУГААР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

Жаран дөрөвдүгээр зүйл

1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.

2. Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.

3. Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.

Жаран тавдугаар зүйл
1. Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.

2. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно.

3. Үндсэн хуулийн цэцийн даргаар есөн гишүүний аль нэгийг гурван жилийн хугацаагаар гишүүдийн олонхийн саналаар сонгоно. Түүнийг нэг удаа улируулан сонгож болно.

4. Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно.

5. Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно.

Жаран зургадугаар зүйл
1. Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.

2. Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна:

1/ хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх.

2/ ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

3/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;

4/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх.

3. Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1,2-т заасны дагуу оруулсан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана.

4. Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно.

Жаран долдугаар зүйл
Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

Жаран наймдугаар зүйл

1. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн цэц, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.

2. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно. Санал асуулгыг Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16-д заасан үндэслэлийн дагуу явуулна.

Жаран есдүгээр зүйл
1. Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална.

2. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хуралд хоёр удаа авч хэлэлцэхэд ийнхүү нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй санал авч эс чадвал уул төслийг ээлжит сонгуулиар сонгогдсон Улсын Их Хурлын шинэ бүрэлдэхүүн ажлаа эхэлтэл дахин авч хэлэлцэхгүй.

3. Улсын Их Хурал ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно.

4. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна.

Далдугаар зүйл
1. Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.

2. Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө.

Мэдэгтүн, сахигтун!

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН АРДЫН ИХ ХУРАЛ

1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минут                                     Улаанбаатар хот

БНМАУ-ЫН АИХ-ЫН ДАРГА                           Ж.УРТНАСАН  
                                                                                Б.ЧИМИД
                                                                                С.ТӨМӨР
                                                                                Н.ЛУВСАНЖАВ
                                                                                Ж.АМАРСАНАА
                                                                                Д.БАТБААТАР
                                                                                Д.ГАНБОЛД
                                                                                Б.МАНДАХБИЛЭГ
                                                                                Ж.НАРАНТУЯА 
                                                                                Б.ОДОНЖИЛ  
                                                                                Ж.ЭЛБЭГСАЙХАН
                                                                                Б.ЭНЭБИШ 
/2000 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуулийн өөрчлөлтийг тусгав./ 

Монгол улсын үндсэн хууль

2010 оны 02-р сарын 09 Нийтэлсэн Dagiimaa

Жаран гуравдугаар зүйл1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурал эрх хэмжээнийхээ дотор тогтоол, Засаг дарга захирамж гаргана.